Монгол-Кубын харилцаа
Монгол-Кубын харилцаа -хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хэлнэ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээрт 1960 оны 12-р сарын 7-ны өдөр ГЯЯ-ны сайд Пунцагийн Шагдарсүрэн, Кубын ГЯЯ-ны орлогч сайд Р.Льомпард нар Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. Ийнхүү Куба нь Монгол улстай дипломат харилцаа тогтоосон нь Америк тивийн анхны орон болсон юм.
Улмаар 1962 онд хоёр тал Улаанбаатар болон Хавана хотуудад Элчин сайдын яамдаа харилцан нээсэн. Монгол Улсаас Кубад суух анхны Элчин сайд Г.Багаа 1963 оны 10-р сард Кубын Ерөнхийлөгч Освальдо Дортикос Торрадод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан бол Кубаас Монгол улсад суух анхны Элчин сайд Густаво Масорра Эрнандес БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга Жөмсрангийн Самбууд 1969 оны 11-р сард ИЖБ-ээ барьжээ.
Дипломат харилцаа тогтоосон цагаас хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалууд хэрэгжиж ирсэн нь хоёр талын харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой байв. Тухайлбал, Кубын Коммунист намын Төв хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Батлан хамгаалахын сайд Раул Кастро Рус 1970 оны 4 дүгээр сард Монголд айлчилсан. Айлчлалын үеэр МАХН-ын Төв хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал Р.Кастрод хандан “Манай хоёр орон алс хол орших боловч зүрх сэтгэлээрээ ойр байдаг, ямар ч үед, сайхан цагт ч, хэцүү бэрх үед ч бид, Монголын ард түмэн Кубын ард түмэнтэй ямагт хамт байна” хэмээн ярьж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. 1967-1969 оны хооронд Улаанбаатар дахь ЭСЯ-ны ажиллагаагаа түр зогсоогоод байсан Кубын төр засгийн шийдвэртэй холбогдуулан Р.Кастро “Кубаас Монголд ажиллах Элчин сайд олдохгүй байгаа бол би ирж энд Элчин сайдаар ажиллая” гэж ярьснаа айлчлалын үеэр дурссан байдаг.
МАХН-ын Төв хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1972 оны 11 дүгээр сард Кубад албан ёсны айлчлал хийсэн.
1970-1980-аад онд хоёр орны улс төрийн харилцаа идэвхэжсэнтэй зэрэгцэн худалдаа, соёл, боловсрол, шинжлэх ухаан, техникийн салбарт байгуулсан протокол, хэлэлцээрийн үндсэн дээр хоёр талын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байсан. Кубын талаас 1970 онд нам, засгийн удирдагч Раул Кастро, 1984 онд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга Жамбын Батмөнх тэргүүтэй төлөөлөгчдийн Кубад хийсэн айлчлал нь хоёр талын харилцаа бэхжин хөгжиж байсны илрэл бөгөөд энэ айлчлалын үеэр Монгол, Кубын хооронд Найрамдалт хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсан.
1990-ээд оны эхээр манай улс ардчилал, зах зээлийн тогтолцоог сонгосон шилжилтийн үед хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ харьцангуй буурч, зогсонги байдалд орсон хэдий ч талууд харилцан итгэлцэл, нөхөрлөл дээр хөгжиж ирсэн найрсаг харилцаагаа хадгалан үлдэж чадсан юм. 1995 онд Гадаад харилцааны сайд Цэрэнпилийн Гомбосүрэнгийн Кубад хийсэн айлчлал нь манай улсын зүгээс Кубатай явуулж ирсэн харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэйгээ нотолж, хамтын ажиллагааг сэргээхэд чухал ач холбогдолтой байв. 2000 оноос хойш хоёр талын харилцаа тогтмолжиж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэв. Тухайлбал, 2000 онд Кубын Төрийн Зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Фидель Кастрогийн бие төлөөлөгч А.Веласко, 2001 онд Кубын Гадаад хэргийн дэд сайд Г.Менчеро нар Монголд, 2006 онд Гадаад хэргийн дэд сайд Ц.Цолмон, 2015 онд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар Кубад тус тус айлчлал хэрэгжүүлэв.
2016 оны 9 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Раул Кастрогийн урилгаар Куба улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд Бүгд Найрамдах Куба Улсад хийсэн анхны айлчлал байснаараа онцлог төдийгүй манай улс Кубатай явуулж буй харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах, цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгийн илэрхийлэл байв.
2023 оны 9-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "77"-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцож Кубад албан ёсны айлчлал хийж тус улсын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудезтай уулзсан байна. Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа анагаах ухаан, биотехнологи, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, биеийн тамир, спорт зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар ярилцсан байна.
Засгийн газар хоорондын хамтарсан комисс
[засварлах | кодоор засварлах]Хоёр талын харилцааны гол механизм болсон Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын комисс 1998 онд байгуулагдаж, анхдугаар хуралдаанаа Улаанбаатар хотноо хийв. 2001 онд Хавана хотноо болсон Хамтарсан комиссын хоёрдугаар хуралдаанд Эрүүл мэндийн дэд сайд Н.Удвал тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр; Эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт тус тус гарын үсэг зурав. Хамтарсан комиссын гуравдугаар хуралдаан 2004 онд Улаанбаатарт болж, Кубын Гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Лоретта Бланко тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцсон бөгөөд хуралдааны протоколд 2004-2007 оны хооронд хөдөө аж ахуй, биотехнологи, эрүүл мэнд, боловсрол, соёл, байгаль орчин, биеийн тамир спортын чиглэлээр хамтран ажиллахаар тусгагдсан. 2007 онд Хавана хотноо болсон Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дөрөвдүгээр хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд С.Төмөр-Очир тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
2010 оноос хоёр талын харилцааны түвшин, зардал, санхүүгийн байдлаас үүдэн Засгийн газар хоорондын хамтарсан комиссыг Гадаад хэргийн яамд хооронд зохион байгуулахаар шийдвэрлэснээр хоёр улсын ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт 2010, 2014 онд Улаанбаатар хотноо, 2019 онд Хавана хотноо болов.
2020 онд харилцааны 60 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ГХЯ-наас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Кубад төгсөгчдийн холбоотой хамтран Улаанбаатарын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 60 жилийн ойн нэрэмжит “Найрамдлын төгөл” байгуулж, “Mongolia Тoday” сэтгүүлд тусгай дугаар гаргаж, “Монголын нууц товчоо”-г испани хэл дээр дахин хэвлүүлсэн байна.
Парламент хоорондын харилцаа
[засварлах | кодоор засварлах]Хоёр талын харилцаанд хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Парламентын найрамдлын бүлгүүд аль аль талдаа байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. 2001 онд Монгол Улсын Их Хурлын дарга Лхамсүрэнгийн Энэбиш, 2007 онд УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид БНКУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар Кубад ажлын айлчлал хэрэгжүүлж, мөн үеэр хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулагдсан байдаг. Өнөөгийн байдлаар Монгол, Кубын парламентын найрамдлын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллаж байв.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Кубын Засгийн газар манай оюутнуудад 1963 оноос тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд өдгөө нийт 120 гаруй монгол оюутан Кубад суралцаж төгсчээ. Эдгээр оюутны дийлэнх нь анагаах ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшиж, салбартаа манлайлагч эмч мэргэжилтнүүд болсон. 2023 оны байдлаар БНКУ-д 15 монгол иргэн ажиллаж, суралцаж байгаагийн 11 нь оюутнууд юм.
"Монгол-Кубын харилцаа өнгөрсөн, өнөө, ирээдүй" ном 2015 онд хэвлэгдэн гарсан юм.