Jump to content

Намудай сэцэн хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Намудай Чөрүхэ сэцэн хаан[1][2] (?-1607) бол Түмэдийн Алтан хааны ахмад хөвүүн Сэнгэдүүрэн хааны ахмад хөвүүн бөгөөд 1586-1607 оны хооронд Түмэдийн хаан сэнтийд заларч байсан. Түүнийг ач хүү Бошигт хунтайж нь залгамжлан баруун гурван түмний Түмэдийн хаан сууринд суусан.

Түүний нэрийг 1607-1610 оны орчимд бичигдсэн зохиогч тодорхойгүй "Чакраварди Алтан хааны тууж"-д "Намудай сэцэн хаан"[3], Гомбожав гүний 1725 онд бичсэн "Гангын урсгал"-д "Чөрүхэ сэцэн хаан"[4] зэргээр монголын түүхийн сурвалж бичигт байхад хятадын Мин улсын судрын 327-р дэвтэр-Татарын шастирт монгол сурвалж дахь Чөрүхэ гэх нэрийг Чэликэ (撦力克[5], Chě lì kè) гэж бичжээ.[6]

Чакраварди Алтан хааны тууж-д өгүүлснээр Гал нохой жилд[3] (1586 он) хаан ор суусан. Түүнийг Түмэдийн хаан болох үед 3-р Далай лам айлчлаж байсанд Цахарын Түмэн засагт хаан, Халхын Автай галзуу тайж нар Түмэдийн нутагт ирж, өргөл барьц өргөн нутагтаа шашин залах, шинэ цол авч, шашин төрийн хэргээр холбоо тогтоох зэрэг шалтгаанаар жил дараалан ирж байв. Шар хулгана жилийн (1588 он) өгөөлжин[7] сарын 26-наа 3-р Далай лам Түмэдийн Жирмэндэй гэх нутагт таалал төгсөж[8], 1589 онд Намудай сэцэн хааны дүү Сүмэр тайжийн Байханзул хатнаас төрсөн хөвүүнийг нялхад нь 4-р Далай ламаар тодруулсан нь Түмэд аймгийг монгол даяар төр, шашны хувьд давуу байр суурьтай болоход нөлөөлсөн.

Түүнийг хаан болсноос хойш баруун 3 түмний доторх улс төрийн бутрал дахин эхлэсний түрүүч нь ордосын Бошигт жонон тэргүүтэй ноёд Түмэдийн хааны зөвшөөрөлгүйгээр 1592, 1594 онд Мин улсын хилд цөмрөн дээрэм тонуул хийсэнд, Мин улсаас жил бүр олгодог цалин мөнгө, хилийн худалдааг хаасан байна.

Өмнөх
Сэнгэдүүрэн хан
Түмэдийн алтан хүрднийг эргүүлэгч Чакраварди сэцэн хаан
1586—1607 он
Дараах
Бошигт сэцэн хаан
  1. Чакраварди Алтан хааны тууж. УБ., 2006. т.76, 77, 82, 84
  2. III Далай лам Алтан хаантай анх уулзахдаа Хубилай хааны хойд дүр гэж нийтэд зарлан итгүүлснээс эхлэн Түмэдийн хаад Сэцэн хаан цолыг хэрэглэж ирсэн нь түүхэн баримттай тул Халхын Махасамади Гэгээн Сэцэн Хантай хамааралгүй зүйл учраас энэ хоёрыг хольж хутгахгүй байх хэрэгтэй.
  3. 3.0 3.1 Чакраварди Алтан хааны тууж. Улаанбаатар. 2006. pp. 72, 77.
  4. ., Гомбожав (2006). Гангын урсгал. Translated by Б, Баяртуяа нар. Улаанбаатар. p. 25.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  5. "明史/卷327 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-04-22.
  6. Чөрүхэ (撦力克/楚噜克) бол Зоригт ноён (卓哩克圖諾音) хэмээх хомофон юм.
  7. Билгийн тооллийн хаврын 3-р сарын эртний монгол нэр
  8. Саган сэцэн, ed. (2006). Эрдэнийн товч. Улаанбаатар: Соёмбо принтинг. pp. 162–163.