Насангийн Лувсанжумба

Насангийн Лувсанжумба
Төрсөн өдөр1912
Төрсөн газарОлноо Өргөгдсөн Монгол Улс Өнөөгийн Монгол Улс, Дундговь, Дэлгэрцогт сум
Яс үндэсмонгол үндэстэн
Улс оронМонгол улс
Өнгөрсөн өдөр1996
Өнгөрсөн газарУлаанбаатар хот
Ажил үйлЛовон лам, Буддын шашны зүтгэлтэн

"Жум" хэмээх Насангийн Лувсанжумба (1912-1996) нь Монголын сэхээтэн лам юм.

Тэрээр 1912 оны усан хулгана жил Түшээт Хан аймгийн Дайчин бэйсийн хошуунд аж төрж байсан Насан буюу нутгийнхандаа "Өндөр мээм" хэмээн алдаршиж хүндлэгдсэн эмэгтэйн анхны хүү болон мэндэлжээ. Сүүлд 1967 онд Монгол улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров Өндөр мээмийн амьдралаар Өндөр ээж хэмээх тууж зохиож, 1968 онд бид бүхний сайн мэдэх Өндөр ээж уран сайхны кино бүтсэн түүхтэй.

Тэрээр бага наснаасаа эхлэн Өндөр гэгээний Авай ээждээ зориулан байгуулсан Цахиуртын жас Дорждамба дацанд шавилан сууж, бурханы номд шамдан суралцаж Човомбо, Голч лам зэргээр хурж байгаад их хэлмэгдүүлэлтийн үед мөн бусад лам, мяндагтнуудын адил баривчлагдан байцаагдаж, тухайн үед тодорхой хугацаагаар хоригдож хэлмэгдэн, арга буюу энгийн амьдралаар замнаж Г.Догоосүрэнтэй гэр бүл болж Л.Юндэндорж, Л.Ишханд гэх хүү, охин хоёртой болсон билээ.

Ийнхүү 1950-иад оны сүүлээр одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын "Их зам" нэгдэлд малаа нийгэмчилж, Цахиуртын бригадад аж ахуйн эрхлэгчээр, гэргий Г.Догоосүрэн нь бригадын үйлчлэгч зэрэг хөдөлмөр эрхэлж байгаад 1980-аад оны сүүлээр тэтгэвэртээ гарсан. Энэ хугацаанд түүний хөдөлмөрийг үнэлж төр засгаас Ардын хувьсгалын 50, 60 болон 70 жилийн ойн медалиуд, Таван жилийн гавшгайч цол тэмдэг болон баярын бичиг дипломуудаар шагнагдаж байсан.

1980-аад оноос эхлэн бурхан шашныхаа үйл хэргийг үргэлжлүүлэн ном барлаж, эм барьж, одоогийн судлаач, эрдэмтэн мэргэд тухайн үед түүнтэй зөвлөлддөг, тэдэнд ном эрдмээ харамгүй зааж сургадаг байлаа. Мөн Цахиуртын жас, Дорждамба дацанг сэргээн шинээр дугана сүм байгуулах нөр их ажилдаа сэтгэл шулуудан нутгийн гучаад лам хуврагыг уриалан дуудаж мөн бага залуу лам нарт бурханы номыг заан сургаж, тус дацангийн ловон ламаар сууж, хурал номын дэг жаягаа сэргээн Майдар эргэж, Ганжуур залж, Шүтээнээ сэргээн тахиж нутгийн Номт овоо тахилгын уламжлалыг үргэлжлүүлэн, орон нутгийнхаа зон олондоо "Жум" хэмээн авгайлуулж хүндлэгдэн дээдлэгдэж байлаа.

Тэрээр шашин номын үйл хэргээ үргэлжлүүлэн сэргээсээр шинээр баригдах дуганыхаа шавыг тавьж хараахан барьж чадалгүй 1996 онд хүнд өвчны улмаас мөнх бусыг үзүүлж түүний үр хүүхдүүд нь өвөөгийнхөө зорьж сэргээн босгох гэж байсан Дорждамба дацанг шав тавьсан суурин дээр нь барьж алдар хүндийг нь мөнхлөн дээдэлж буяны үйл хэргийг нь үргэлжлүүлэн явуулсаар ирсэн билээ.