1912 он

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «1912» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Аргын жил дараалал
1907 · 1908 · 1909 · 1910
191119121913
1914 · 1915 · 1916 · 1917
Хамаарах арван
1910-д он
Хамаарах зуун
20-р зуун


(MCMXII) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун арванхоёрдугаар оны усан хулгана жил. Анно Домини гэж тоолдог болсноос хойш хоёр дахь мянганы 912-р он, 20-р зууны 12 дахь жил, 1910-аад он гэж тоолбол гурав дахь жил.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

Нэгдүгээр сар[засварлах | edit source]

  • Нэгдүгээр сарын 1 - Доктор Сүн Ят-Сен Нанжин мужид ерөнхийлөгчийн тангараг өргөж, "Баатрууд дахин төрөхүйд", "Бурхантай дахин уулзахуйд" зэрэг дууг эгшиглүүлжээ. Тухайн үед Хятадын өмнөд хэсэгт Сүн Ят-Сенийг дэмжигчид их байсан бол хойд хэсэгт Юань Шикайг дэмжигчид их байлаа.
    • Швейцарь улс 1907 онд батлагдсан Иргэний эрх зүйн кодексыг албан ёсоор мөрдөж эхлэв.
  • Нэгдүгээр сарын 2 - Хаант Оросын 4,000 цэрэг Персийн Табриз хотыг эзлэв. Хэдийгээр шашны удирдагчид хувьсгал хийсэн ч бүтэлгүйтэж, хотыг орхин гарчээ.
    • Германы мэдрэлийн эмч Эрнст Троммер өвчтөний хуруунууд мэдрэлийн эстэй холбогдсон байдгыг илрүүлж, улмаар судалгааны тайлангаа Хамбургын эрүүл мэндийн нийгэмлэгт танилцуулав. Үүнийг Троммерийн рефлекс гэж анагаах ухаанд мөнхөлжээ.
  • Нэгдүгээр сарын 4 - Манай гарагын дагуул сар дэлхийтэй хамгийн ойр буюу 356,375 км-т ойртов. Энэ нь 20-р зуунд хамгийн ойртсон тохиолдол болсон юм.
  • Нэгдүгээр сарын 5 - Доктор Сүн Ят-Сен "Бүгд найрамдах Хятад улс бүх улс үндэстнүүдтэй найрамдалт харилцаатай байх тунхаг"-ыг боловсруулжээ. Улмаар тэр өдрөө Лин Зонгсү гэх эмэгтэйтэй уулзаж шинэ бүгд найрамдах улс эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хангах талаар ярилцсан байна.
    • Прагын уулзалтаар Владимир Ленин Больщевик намыг бутаргаж, улмаар Социал Демократ хөдөлмөрийн намыг байгуулж байгаагаа зарлажээ.
  • Нэгдүгээр сарын 6 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Нью Мексико мужийг нэгдсэн улсын 47 дахь муж болгох зарлигт гарын үсэг зурав. Тэр өдрөө ерөнхийлөгч Тафт амбан захирагчийн суудалд Уиллиам МакДональдыг томилсон байна.
  • Нэгдүгээр сарын 8 - Өмнөд Африкын Блүмфонтейн хотод Африкийн үндэсний конгресс байгуулагдав. Тус байгууллагын анхны ерөнхийлөгчөөр Соломон Плаатье сонгогджээ. Мөн уг байгууллагын дэргэд Зулу хэл дээр сонин хэвлүүлэх болсон байна.
    • АНУ-ын Мөнгөний бодлогын зөвлөл Конгресст "Холбооны нөөцийн систем" бүрэлдэн бий болгох талаар баримт бичгийг өргөн барьжээ.
  • Нэгдүгээр сарын 10 - Францад 1911 онд явагдсан хүн амын тооллогын нэгдсэн дүн гарав. Тооллогоор тус улсын хүн ам 39,601,509-д хүрчээ.
  • Нэгдүгээр сарын 11 - Францын ерөнхий сайд Жозеф Кайлло албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч, засгийн газраа тараав.
  • Нэгдүгээр сарын 12 - Их Британийн төв шуудан үндэстэн даяарх телефон шугамыг хянаж эхэлжээ.
    • Германы сонгуулийн эхний шат явагдаж Социалистууд 64 суудал авчээ. Улмаар 11 хоногийн дараа болсон хоёр шатны санал хураалтаар Социалистууд 121 суудал авч олонх болсон юм.
  • Нэгдүгээр сарын 13 - Францын ерөнхий сайдаар Реймонд Пойнкейр тодорчээ.
  • Нэгдүгээр сарын 14 - Испанийн ерөнхий сайд Хосе Каналехас засгийн газраа тарааж, шинэ танхим бүрдүүлэх болсоноо зарлав.
  • Нэгдүгээр сарын 16 - Туркийн Төлөөлөгчдийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ татан буугдав. Үүнээс хоёр хоногийн дараа II Абдул Хамид парламентыг дайны цагийн байдалд шилжүүлжээ.
    • Хятадын ерөнхий сайд Юань Шикайн амь насанд халдахыг завдав. Золоор Юань гэмтээгүй ч, түүний 12 дагалдагч шархаджээ.
  • Нэгдүгээр сарын 18 - Экуадорын нийслэл Күйто хотод засгийн газар болон босогчдын хооронд хүчтэй тулаан болж 1,000 гаруй хүн амь насаа алдав. Уг тулаанд босогчид ялагдсан билээ.
    • Британийн уурхайчдын холбоо нэгдсэн дүгнэлтэд хүрч, цалин хөлс, хамгаалалтаа нэмэгдүүлэх шаардлагыг засгийн газарт хүргүүлэв. Хэрвээ шаардлагад хариу өгөхгүй бол гуравдугаар сарын 1-нд ажил хаялт зарлана гэж мэдэгджээ.
  • Нэгдүгээр сарын 20 - Мексикийн түүхэн дэх анхны ажил хаялт болов. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг компанийн захиралууд долоо хоногийн цалинг нэмэгдүүлэхийг шаардан 25 өдөр ажил хаялт зарласан юм.
  • Нэгдүгээр сарын 22 - Доктор Сүн Ят-Сен болон Юань Шикай нар хоёр хуваагдаад байсан үндэстнээ нэгтгэж, Бүгд найрамдах Хятад улсыг байгуулахаар тохиролцжээ. Улмаар Сүн Ят-Сен ерөнхийлөгчийн бүрэн эрхээсээ татгалзаж, Юаньд эрх мэдлээ шилжүүлсэн юм.
  • Нэгдүгээр сарын 25 - Экуадорын төрийн эрхийг авахаар завдсан гэх үндэслэлээр генерал Педро Монтерог 16 жил шоронд хорихоор болов.
    • Германы парламентын сонгуулийн нэгдсэн дүн гарав. Рейхстагын 397 суудлаас Социалистууд 100 суудал авч олонхи болсон бол Радикал болон Үндэсний Либерал намууд 44, 47 суудал авсан байна. Олонхи болсон Социалист намаас ерөнхий сайдын суудалд Теобалд фон Бетманн-Холлвегийг сонгосон юм.
    • Олон зорчигчтой хамгийн удаан ниссэн дэлхийн рекордыг Германы нисгэгч Карл Грулих эвдэж, 1 цаг 35 минут болгов.
  • Нэгдүгээр сарын 26 - Хятадын эзэн хааны армийн 47 генерал нэгдэж Юань Шикайг эзэн хаанд өргөмжлөн, Хятад улсыг хаант засаглалтай болгох баримт бичиг өргөн барьжээ.
  • Нэгдүгээр сарын 30 - Чикаго хотын нэгэн сонинд АНУ-ын экс ерөнхийлөгч Теодор Рүүзвельт ярилцлага өгч, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, "Цагаан ордон"-д эргэн ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Хоёрдугаар сар[засварлах | edit source]

  • Хоёрдугаар сарын 1 - Гондурас улсын ерөнхийлөгчөөр армийн генерал Мануэль Бонилла сонгогджээ.
  • Хоёрдугаар сарын 4 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Мексиктэй хиллэх хилийн шугамд хилчдийн тоог нэмэгдүүлэх шийд гаргав.
  • Хоёрдугаар сарын 8 - АНУ-ын нисгэгч Роберт Г.Фаулер Жексонвиллиэс Лос Анжелес хүрэх нислэгээ эхлүүлжээ. Тэрээр АНУ-ын баруун эргээс зүүн эрэгт хүрсэн анхны нисгэгч болсон билээ.
    • Австрали улсын Мельбурн хотод дэлхийн хамгий анхны утасгүй цахилгаан мэдээний станц ашиглалтад оржээ. Засгийн газрын шийдвэрээр Австрали даяар ийм төрлийн 19 станц нэмж ашиглалтад орсон юм.
  • Хоёрдугаар сарын 10 - Францын армийн удирдлагууд Нигер болон Чадын хилийн зурвасыг тогтоосон байна.
  • Хоёрдугаар сарын 12 - Хятад улсад 268 жил оршин тогтносон Манж Чин гүрэн нуран унав. Их Хатан Донюү, эзэн хаан Пу-И нар эрх мэдлээ шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар тус улс Бүгд найрамдах Хятад улс болсон түүхтэй.
  • Хоёрдугаар сарын 13 - Шинэ байгуулагдсан Хятад улсын ерөнхийлөгчийн суудлаас албан ёсоор татгалзаж байгаагаа Доктор Сүн Ят-Сен мэдэгджээ.
  • Хоёрдугаар сарын 14 - Аризона муж АНУ-ын 48 дахь муж болов. Улмаар энэ өдрийн үд дунд Жорж Хант амбан захирагч болжээ.
    • Британийн палеонтологич Артур Смит Вүүдвард болон сонирхогч Чарльз Доусон нар маш эрт үед хамаарах хүний араг яс олсоноо олон нийтэд зарлав. Гэвч энэ нь удалгүй хуудал хуурмаг зүйл байсан нь тогтоогдсон билээ.
  • Хоёрдугаар сарын 17 - Балтимор Охайогын төмөр замын компани бүх галт тэргэнд цагаан болон хар арьстныг ялгаж суулгах өрөөг билй болгожээ.
  • Хоёрдугаар сарын 18 - Төвдийн шашны тэргүүн 13-р Далай лам Төвдийг Хятадаас тусгаар улс гэдгийг зарлав.
  • Хоёрдугаар сарын 22 - Францын нисгэгч Жюль Ведрин цагт 100 миллиэс дээш хурдалсан дэлхийн анхны нисгэгч болжээ.
  • Хоёрдугаар сарын 25 - Хятад улсад хөвгүүдийн скаутын хөдөлгөөн үүсгэн байгуулагдав.
  • Хоёрдугаар сарын 27 - Доминикан улсын ерөнхийлөгчийн тангарагыг Эладио Викториа албан ёсоор өргөв. Гэвч удалгүй түүний засаглалын эсрэг жагсаал хаа сайгүй дэгдсэн юм.
    • Марсиал Рохасын хөдөлгөөн эрчээ авч Парагвайн ерөнхийлөгч Педро Пениаг суудлаас нь унагажээ.
  • Хоёрдугаар сарын 29 - Серби Болгарын өндөр аблан тушаалтнууд хамтран ажиллах нууц санамж бичигт гарын үсэг зурав. Улмаар тэд найман сарын дараа Оттоманы эзэнт гүрний эсрэг дайнд нэгдэн тулалдсан билээ.

Гуравдугаар сар[засварлах | edit source]

  • Гуравдугаар сарын 1 - Эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөө жагсаж байсан Эммелине Пенххөрст нарын 148 хүнийг Лондон хотын цагдаагийн газар баривчлав. Жагсаалын үеэр жагсагчид орчин тойрны барилга байгууламжийн цонхыг хагалах үйлдэл гаргасан тул ийнхүү баривчилсан байна. Хатагтай Пенххөрст хоёр сар шоронд хоригдсон юм.
  • Гуравдугаар сарын 5 - Сиамын хаан Важиравуд засгийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан цэргийн офицеруудыг баривчлав. Баривчлагдсан офицеруудын дийлэнх нь Эзэн хааны дэргэдэх цэргийн академийг 1909 төгсөгчид эзэлж байжээ.
  • Гуравдугаар сарын 6 - Үндэсний жигнэмэгийн компани бидний сайн мэдэх Орео жигнэмэгийн жорыг гаргажээ.
    • Итали-Туркийн дайн: Италийн арми анх удаагаа онгоц ашиглажээ. Италийн хоёр бөмбөгдөгч онгоц Жанзүр хотыг бөмбөгдсөн юм.
    • Хятадын үндэсний ассемблей ерөнхийлөгч Сүн Ят-Сений албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлтийг хүлээн зөвшөөрчээ.
    • Никарагуа улсын ерөнхий сайд Адольфо Диаз 100 гаруй сонины сэтгүүлч, редакторуудыг баривчлах шийд гаргав. Тэд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Филандер Ноксын албан айлчлалыг сурвалжилж, мэдээлсэн байна.
  • Гуравдугаар сарын 7 - Серби, Болгарын удирдлагууд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
    • Австри-Унгарын эзэнт гүрний ерөнхий сайд Кароли Хүен-Хедервари үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.
  • Гуравдугаар сарын 8 - Германы парламент Тэнгисийн цэргийн зэвсэглэлийг нэмэгдүүлэх хуулийн төслийг батлав. Үүний хүрээнд 60 том хэмжээний хөлөг онгоц, 40 хөлөг онгоц бүтээхээр тусгасан байна.
  • Гуравдугаар сарын 10 - Бүгд найрамдах Хятад улсын ерөнхийлөгч Юань Шикай ерөнхийлөгчийн тангараг өргөв. Тэрээр нийслэл хотыг Нанжинаас Бээжин рүү нүүлгэж, 1915 онд өөрийгөө шинэ эзэн хэмээн өргөмжилсөн билээ.
  • Гуравдугаар сарын 11 - Хонг Конгын их сургууль 70 оюутантайгаар байгуулагджээ.
    • Бүгд найрамдах Хятад улсын үндсэн хуулиар гүйцэтгэх засаглалд илүү эрх мэдэл оноожээ. Гэвч үүнээс хоёр жилийн дараа үндсэн хуульд өөрчлөлт орж бүх эрх мэдлийг Юань Шикай өөртөө авсан юм.
  • Гуравдугаар сарын 12 - АНУ-ын Жиоржиа мужийн Саванна хотод Жульет Гордон Лоу Охидын скаутыг 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.
  • Гуравдугаар сарын 14 - Италийн эзэн хаан III Эммануэль болон түүний хатан Элена нарын амь насанд халдахыг завджээ.
  • Гуравдугаар сарын 15 - Оросын Саратов мужийн Узовка хот дахь уурхай нурж, 45 уурхайчин амиа алджээ.
  • Гуравдугаар сарын 17 - Хятадын шинэ ерөнхийлөгч Юань Шикайн засаглалыг эсэргүүцсэн 200 босогч, Гуанжоу хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэв.
  • Гуравдугаар сарын 19 - Парагвайн Асунцион хотод босогчид хяналтаа тогтоожээ.
  • Гуравдугаар сарын 21 - Асунцион хотод хяналтаа тогтоосон босогчид хяналтаа бүрэн тогтоож, бослогыг удирдсан Эмилиан Гонзалез Наверог ерөнхийлөгчид өргөмжлөв. Амь нас нь аюулд учирсан өмнөх ерөнхийлөгч Пениа Уругвайн элчин сайдын яаман орогнол хүсч очжээ.
  • Гуравдугаар сарын 22 - Шинэ Зеландын парламентын сонгуульд ялалт байгуулсан Либерал хөдөлмөрийн намын гишүүд Томас МакКензиг ерөнхий сайдад дэмжив.
    • Эмэгтэйчүүдийн эрхи төлөө тэмцэгчид Хятадын үндэсний ассемблейн ордонг бүслэв.
  • Гуравдугаар сарын 23 - Австрийн Виенна хотын Шонбрунн ордонд Гермайн эзэн хаан II Вилгельм, Австри-Унгарын эзэнт гүрний хаан I Франз Йосеф нар уулзжээ.
  • Гуравдугаар сарын 24 - Оттоманы эзэнт гүрний хунтайж Копассис Эффенди Грекийн Самос хотод халдлагад өртөн амиа алдав.
  • Гуравдугаар сарын 25 - Хятад дахь АНУ, Их Британиа, Герман, Франц улсын элчин сайд нар шинээр байгуулагдсан Хятад улсад шаардлагатай мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ.
  • Гуравдугаар сарын 29 - Бүгд найрамдах Хятад улсын ерөнхий сайдаар Танг Шаоей сонгогдов.
    • АНУ-ын Нью-Йорк хотын парламент эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуулиар зөвшөөрчээ.
  • Гуравдугаар сарын 31 - Экуадорын босогчид хуучин ерөнхийлөгч Леонидас Плазаг ерөнхийлөгчийн суудалд нэрлэв.

Дөрөвдүгээр сар[засварлах | edit source]

  • Дөрөвдүгээр сарын 2 - АНУ-ын Сенатын танхимын гишүүд 92-оос 96 болж өсөв. Энэ нь шинээр АНУ-д нэгдсэн Аризона, Нью Мексико мужийн сенатор нэмэгдсэнтэй холбоотой юм.
    • Алдарт Титаник хөлөг аялалд гарахад бэлэн болов.
  • Дөрөвдүгээр сарын 7 - Аргентин улсад анх удаагаа парламентын сонгууль болов.
  • Дөрөвдүгээр сарын 9 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Хөдөлмөр, худалдааны яамны дэргэд АНУ-ын хүүхдийн хороог байгуулжээ.
    • Английн Саутхемптон хотоос тухайн цаг үеийнхээ дэлхийн хамгийн том хөлөг онгоц болох Титаник хөлөг онгоц аялалд гарав.
  • Дөрөвдүгээр сарын 11 - Титаник хөлөг Ирландын Күийнстаун хотод зангуугаа хаяж, зорчигчид нэмжээ.
  • Дөрөвдүгээр сарын 12 - Францын Ла Турейн хөлөг онгоц Титаник хөлгийн баг руу өмнө зүгийн 42 хэмд мөсөн уул байгааг анхааруулсан цахилгаан мэдээ явуулав.
  • Дөрөвдүгээр сарын 14 - Хойд Атлантын тэнгист хөвж явсан Титаник хөлөг орон нутгийн цагаар 23:40 минутад мөсөн уул мөргөв. Улмаар хамгийн ойр явсан Калифорниан хөлөг онгоц руу аврал хүссэн цахилгаан мэдээ илгээжээ.
    • Бразилийн үндэсний аварга цолыг найман удаа хүртсэн алдарт хөлбөмбөгийн клуб болон Сантос үүсгэн байгуулагдав.
    • Хятадын ерөнхийлөгч Юань Шикай Хятадын том таван үндэстэн хоорондоо гэр бүл болохыг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ.
  • Дөрөвдүгээр сарын 15 - Орон нутгийн цагаар 02:20 минутад Титаник хөлөг бүрэн живэв. Хөлгийн багаас дөнгөж 710 хүн аврагдсан бол 1,522 хүн амиа алджээ. Эхний аврах завийг 00:45 цагт буулгасан бол сүүлийн завийг 02:05 цагт буулгасан гэсэн мэдээ бий.
  • Дөрөвдүгээр сарын 16 - Английн нисгэгч Харриет Күймби Английн сувгийг анх удаа нисч туулсан эмэгтэй нисгэгч болов.
  • Дөрөвдүгээр сарын 17 - Сибирийн Лена хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн алтны уурхайчдын эсрэг Оросын арми хүч хэрэглэж 270 уурхайчин амиа алдаж, 250 уурхайчин хүнд шархаджээ.
    • АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт шинээр байгуулагдсан АНУ-ын Хүүхдийн хорооны даргаар Жулиа Летропыг томилов. Ингэснээр АНУ-ын төрийн албыг удирдсан анхны эмэгтэй хүн болжээ.
  • Дөрөвдүгээр сарын 19 - Оросын засгийн газар Ливийг улс хэмээн зөвшөөрч, Италийн дарангуйллаас гарах ёстой гэж мэдэгдэв.
  • Дөрөвдүгээр сарын 21 - Германы эрдэмтэн Вольтер Фридрих, Пауль Ниппинг, Макс фон Луйе нар рентген туяагаар нэгж атомын зургийг анх удаагаа буулгав. Тэд атомыг болор болон зэсийн сульфат агуулдаг болохыг олж тогтоосон билээ. Фон Луйе 1914 онд Физикийн салбарын Нобелийн шагнал хүртсэн юм.
    • Австри-Унгарын эзэнт гүрний ерөнхий сайд Лашло Лукашийн Засгийн газар бүрэлджээ.
  • Дөрөвдүгээр сарын 22 - ЗХУ-ын Коммунист намын төв хэвлэл "Правда" сонины анхны дугаар уншигчдын гарт очжээ.
  • Дөрөвдүгээр сарын 23 - Итали-Туркийн дайн: Италийн цэргийн хүч Стампалиа аралд хяналтаа тогтоов.
  • Дөрөвдүгээр сарын 26 - Оросын Больщевик хөдөлгөөнийг удирдаж байсан Сергей Миронович Костриков "Киров" гэдэг нэрээр нийтлэл бичиж эхэлжээ.
  • Дөрөвдүгээр сарын 27 - Хятадын засгийн газар Бельгийн компанитай байгуулсан 50 сая ам.долларын гэрээг цуцлав.

Тавдугаар сар[засварлах | edit source]

  • Тавдугаар сарын 3 - Титаник хөлгийн ослын газраас хэн болох нь мэдэгдэхгүй 59 цогцос илрүүлж, Халифакс хотын оршуулгийн газарт нутаглуулжээ.
  • Тавдугаар сарын 5 - Шведийн нийслэл Стокгольм хотод Олимпийн наадмын зарим төрлийн спортын тэмцээнүүд зохиогдож эхлэв. Гэхдээ албан ёсны нээлт хоёр сарын дараа болсон билээ.
  • Тавдугаар сарын 6 - Титаник хөлгийн ослоор амь насаа алдсан Жон Жейкоб Асторын 150 сая ам.долларын хөрөнгө түүний хүү болох 22 настай Винсент Асторт өвлөгдөв.
  • Тавдугаар сарын 7 - АНУ-ын арми анх удаагаа автомат шүршигч бууг туршиж үзжээ.
  • Тавдугаар сарын 9 - Британи улсын тэнгисийн цэрэг дэлхийд анх удаагаа явж байгаа хөлөг онгоцноос нисэх онгоц хөөргөв.
  • Тавдугаар сарын 10 - Парагвайн босогчид болон засгийн газрын цэргүүдийн дунд болсон тулааны үеэр экс ерөнхийлөгч Албино Хара хүнд шархаджээ.
  • Тавдугаар сарын 11 - Японы засгийн газар Көртисс нисэх онгоцны компанитай гэрээ байгуулж, байлдааны онгоц бүтээх ажилдаа оров.
  • Тавдугаар сарын 13 - Итали-Туркийн дайн: Италийн арми Туркийн Пископи, Нисеро, Калисмо, Лено, Патмос аралд ноёрхолоо тогтоожээ.
  • Тавдугаар сарын 14 - Титаник хөлөг онгоц осолдсоноос нэг сарын дараа "Титаникаас аврагдсан нь" кино дэлгэцэнд гарчээ. Ингэснээр ослыг дүрсэлсэн анхны кино болоод зогсохгүй тусгай эффект ашигласан анхны кино болсон юм. Тус кино тухайн үедээ дуулиан шуугиан тарьж чаджээ.
    • Хятадын засгийн газар гадны улсуудтай байгуулсан төмөр замын зургаан гэрээг хүчингүй болгов.
  • Тавдугаар сарын 15 - Данийн хаан ширээнд X Кристиан суужээ.
    • Австри-Унгарын эзэнт гүрний ерөнхий сайд Карл фон Струх эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Түүний орыг дотоод хэргийн сайд Барон фон Хайнойд залгажээ.
  • Тавдугаар сарын 17 - АНУ-ын Социалист нам ерөнхийлөгчийн сонгуульд Южин В.Дебсийг, дэд ерөнхийлөгчид Эмиль Сайдел нарыг дэвшүүлэв.
  • Тавдугаар сарын 19 - Их Британийн түүхэнд нисгэгчийн үнэмлэх авсан гурван эмэгтэйн нэг Жулиа Кларк нисгэгчийн үнэмлэхээ албан ёсоор гардан авчээ.
  • Тавдугаар сарын 20 - Албанийн үндсэрхэг үзэлтнүүд уулзаж, Оттоманы эзэнт гүрний эсрэг хийх бослогын төлөвлөгөөг боловсруулжээ.
  • Тавдугаар сарын 23 - Аравдугаар зуунаас хойш Скандинавын гурван улсын хаан анх удаагаа уулзжээ. Данийн хаан X Кристиан, Норвегийн хаан VII Хаакон, Шведийн хаан V Густаф нар Данийн хаан VIII Фредерикийн оршуулах ажиллагаанд хамт оролцжээ.

Зургаадугаар сар[засварлах | edit source]

  • Зургаадугаар сарын 1 - Алдарт Парамаунт компанийн үндэс суурийг Адольф Зюкор тавьжээ.
  • Зургаадугаар сарын 2 - Бельгийн парламентийн сонгуульд Католик нам ялалт байгуулж, Шарль де Брокевиль ерөнхий сайд болох нь тоодорхой болжээ. Гэвч сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал улс орны өнцөг булан бүрт гарсаар байлаа.
  • Зургаадугаар сарын 4 - АНУ-ын Массачусетс муж цалингийн доод хэмжээг зааж өгсөнөөр тус улсад ийм практик нэвтрүүлсэн анхны муж болжээ.
  • Зургаадугаар сарын 5 - Мексикийн ерөнхийлөгч Франциско Мадеро "Стандарт Ойл" компанитай газрын тос олборлох гэрээ байгуулав.
  • Зургаадугаар сарын 7 - Унгарын парламентын гишүүн Гиула Коваш ерөнхий сайд Тишагийн амь насанд халдах оролдлогр хийжээ. Удалгүй тэрээр өөрийгөө буудсан байна.
  • Зургаадугаар сарын 8 - Кино урлагийн томоохон компанийн нэг гэгдэх "Юниверсаль" студийг Карл Лемле байгуулжээ.
  • Зургаадугаар сарын 15 - Португаль улсын ерөнхий сайдаар Доктор Дуарте Лейте тодорчээ.
  • Зургаадугаар сарын 17 - Бүгд найрамдах Хятад улсын анхны ерөнхий сайд Танг Шаоей өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөхөөр шийдвэр гаргав.
  • Зургаадугаар сарын 19 - Монтенегро улсын ерөнхий сайд Лазар Томанович өөрийн хүсэлтээр суудлаа хүлээлгэн өгчээ. Түүний орыг генерал Митар Мартинович залгасан юм.
    • АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт улс орон даяар ажлын цагийг 8 болгох хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.
  • Зургаадугаар сарын 20 - Хаант Оросын засгийн газар ирэх таван жилд тэнгисийн цэргийн бие бүрэлдэхүүнийг сайжруулах, зэвсэглэл нэмэгдүүлэхэд 50 сая фунт стерлинг зарцуулах шийдвэр гаргав.
  • Зургаадугаар сарын 24 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт төрийн далбаанд өөрчлөлт оруулж, цэнхэр дэвсгэр дээрх одыг 48 болгож өөрчлөв.
    • АНУ-ын дээд шүүх АНУ-ын Хөдөлмөрчдийн холбооны ерөнхийлөгч Самуэль Гомперст нэг жилийн хорих ял оноожээ.
    • Эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийн төлөө жагсаалын үеэр баривчлагдсан Эммелин Пенкхөрс болон Эммелин Петик-Лоуренс нарыг суллажээ.
  • Зургаадугаар сарын 26 - Уэльсийн үндэсний музей Кардифф хотод байгуулагдав.
  • Зургаадугаар сарын 27 - Италийн арми Нисэх хүчний анги нэгтгэл байгуулах шийдвэр гаргажээ.
  • Зургаадугаар сарын 28 - Бүгд найрамдах Хятад улсын ерөнхийлөгч Юань Шикай ерөнхий сайдын огцрох хүсэлтийг хүлээн зөвшөөрөв.
  • Зургаадугаар сарын 29 - Бүгд найрамдах Хятад улсын гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Лу Ченг-Сианг ерөнхий сайд болов.
    • Тунис улсад эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулсан 35 араб иргэнд Францын шүүх цаазын ял оноожээ.

Долоодугаар сар[засварлах | edit source]

  • Долоодугаар сарын 1 - АНУ-ын Нью-Йорк хотод тухайн цаг үеийнхээ дэлхийн хамгийн өндөр барилга болох Вүүлуортын барилгыг барьж эхэлжээ. Уг барилга 241.4 м өндөр, 57 давхар барилга юм.
    • Их Британид "Зохиогчийн эрхийн хууль" албан ёсоор хэрэгжиж эхлэв.
    • Египет улс эртний олдворуудыг төрийн өмч хэмээн зарлажээ.
  • Долоодугаар сарын 3 - Хонг Конгын ерөнхийлөн захирагч Сир Френцис Мейд Хятадын үндсэрхэг үзэлтнүүд халдахыг завджээ.
    • Оттоманы эзэнт гүрэн Туркийн нисэх хүчний академийг байгуулах шийдвэр гаргав.
  • Долоодугаар сарын 4 - Олон улсын олимпийн хороо 1916 оны олимпийн наадмыг Германы Берлин хотод зохион байгуулахаар болжээ.
    • 48 од бүхий АНУ-ын шинэ төрийн далбаа албан ёсоор мандаж эхэлжээ.
  • Долоодугаар сарын 5 - Олон улсын цахилгаан мэдээний бага хурал Их Британийн нийслэл Лондон хотноо эхлэв.
  • Долоодугаар сарын 6 - Шведийн нийслэл Стокгольм хотноо орцчин цагийн дөрөв дэх олимпийн нээлтийн ажиллагаа болов. Олимпийн наадмыг Шведийн хаан V Густаф нээж үг хэлжээ.
    • Шинэ Зеландын ерөнхий сайд Томас МакКензигийн эсрэг түүний засгийн газрын дөрвөн гишүүн албан тушаалаасаа огцрох өргөдлийг өргөн барьжээ.
  • Долоодугаар сарын 7 - Алдарт илбэчин Харри Худини усан доор байрлуулсан хайрцагнаас гав гинжээ тайлж, олон нийтийг алмайруулжээ.
  • Долоодугаар сарын 8 - Өвөрмонголыг хуваан захирах нууц гэрээнд Орос болон Японы эзэнт гүрнүүд гарын үсэг зуржээ. Гэвч Оросын тухайд гадаад монголд анхаарлаа хандуулж байсан бөгөөд Японыг гадаад монголыг сонирхож байгаа явдалд ихэд дурамжхан хандаж байсан билээ.
  • Долоодугаар сарын 10 - Шинэ Зеландын 19 дэх ерөнхий сайдаар Уиллиам Масси тодорчээ.
    • Германы арми Шинэ Гвиней улсад хяналтаа тогтоох зорилгоор цэргийн хүчийг илгээв.
  • Долоодугаар сарын 12 - Персийн тусгаар тогтнолыг дэмжигчид Оросын эсрэг бяцхан бослого өрнүүлжээ.
  • Долоодугаар сарын 13 - Дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаагаа зүрхний ховдол засах мэс ажилбар амжилттай болов. Уг мэс ажилбарыг Францын эмч Доктор Теодор Туффье удирдан явуулжээ. Мэс засалд орсон өвчтөн 8 жилийн туршид эрүүл саруул аж төрсөн гэдэг.
  • Долоодугаар сарын 14 - Шведийн олимп: Олимпийн наадмын марафоны төрөлд Өмнөд Африк улсын Йоханнесбург хотын цагдаагийн газрын ажитан Кен МакАртур 2 цаг 36 минутын амжилтаар түрүүлжээ. Харин олимпийн наадмын түүхэнд тэмцээн уралдааны үеэр амиа алдсан харамсалтай тохиолдол болов. Марафоны төрөлд Португалийг төлөөлж оролцож байсан тамирчин Франциско Лазарогын зүрх хаагдаж амиа алджээ.
  • Долоодугаар сарын 17 - Оттоманы мэдэлд байсан Икариа хэмээх жижиг арал өөрсдийгөө улс хэмээн зарлан тунхаглав.
    • АНУ-ын төлөөлөгчдийн танхим Худалдаа хөдөлмөрийн яамыг чиг үүргийнх нь дагуу хоёр хуваах шийдвэр гаргажээ.
  • Долоодугаар сарын 23 - Их Британийн төв шуудан телефон утсанд анх удаа автомат хариулагч суурьлуулж эхлэв.
  • Долоодугаар сарын 26 - АНУ-ын нисэх хүчин радио холбоонд бүрэн холбогджээ.
  • Долоодугаар сарын 30 - Японы эзэн хаан Мейжи орон нутгийн цагаар 00:43 цагт амьсгал хурааж, 44 жилийн засаглал нь эцэслэжээ. Улмаар Тайшо хаан ширээнд сууж, Япон улсад нэгэн шинэ үе эхэлсэн юм.

Наймдугаар сар[засварлах | edit source]

  • Наймдугаар сарын 1 - АНУ-ын тэнгисийн цэрэг Альфред А.Каннингем 2 цаг 40 минут нисч АНУ-ын тэнгисийн цэргээс анх удаа нислэг үйлдсэн цэрэг болжээ.
    • Японы хөдөлмөрийн холбоог Бүнжи Сүзүки байгуулжээ.
  • Наймдугаар сарын 2 - АНУ-ын Сенат олонхийн саналаар гадны компаниудыг хамгаалахаар болов.
    • Төвдийн Лхас хотод Хятадын цэргүүд бүслэв.
  • Наймдугаар сарын 4 - Туркийн сенатын танхим парламентыг тараахаар болжээ.
  • Наймдугаар сарын 5 - АНУ-ын Бүгд найрамдах намын бэлгэдэл нь заан, Ардчилсан намын бэлгэдэл нь илжиг болж ҮЗХ-ны хуралдаан дээр ашиглаж эхлэв.
  • Наймдугаар сарын 6 -АНУ-ын Прогрессив намаас экс ерөнхийлөгч Теодор Рүүзвелтийг дэвшүүлэхээр болжээ.
  • Наймдугаар сарын 7 - Австри-Унгарын эзэнт гүрний физикч Виктор Хесс ради элементийг судалж байх явцдаа космик туяаг нээн илрүүлжээ.
  • Наймдугаар сарын 8 - Ромын пап Перу улсын Путумайо мужийн үндэстний цөөнхөд хэрхэн хандаж байгаа талаар Перу улсын засгийн газраас асуув.
  • Наймдугаар сарын 9 - АНУ-ын Сенатын танхим Панамын сувгийн төсвийг батлажээ.
  • Наймдугаар сарын 10 - Английн зохиолч Аделин Виржиниа Стифен зохиолч Леонард Вульфтай гэрлэж, бидний мэдэх Виржиниа Вульф нэртэй болов.
  • Наймдугаар сарын 12 - Морокко улсын султан Мулай Хафид Францын захиргаанд орох гэрээнд гарын үсэг зуржээ.
    • ЗХУ-ын нисэх хүчин байгуулагдав.
    • Кино бүээгч Мак Сеннетт Кистоун студийг байгуулжээ.
    • АНУ-ын Нью-Йорк мужийн Оссининг шоронд анх удаагаа цахилгаан сандал ашиглаж цаазын ял гүйцэтгэв.
  • Наймдугаар сарын 13 - АНУ-ын засгийн газар радиогын нэвтрүүлэг явуулахын тулд тусгай зөвшөөрөл авах хууль баталжээ.
  • Наймдугаар сарын 15 - Японы улсын нийслэл Токио хотын Гинза дүүрэгт анх удаа таксины үйлчилгээ нэвтэрчээ.
    • Парагвай улсын 26 дахь ерөнхийлөгч Эдуардо Шийрер албан ёсоор тангараг өргөв.
  • Наймдугаар сарын 16 - Вүчаны бослогыг дэгдээсэн гэсэн үндэслэлээр Хванг Хуй болон Чан Цен-Чү нарт цаазын ял оноожээ.
    • АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Теодор Рүүзвельт сурталчилгааны ажлаа эхлүүлэв.
  • Наймдугаар сарын 17 - Их Британийн засгийн газар Хятадын засгийн газарт Төвдийг хуваан захирах талаар анхны захидлаа явуулжээ.
  • Наймдугаар сарын 18 - Оттоманы эзэнт гүрнээс Албани улс автономит эрхтэй болж тусгаар тогтнов.
  • Наймдугаар сарын 19 - Перу улсын ерөнхийлөгчөөр Гуйллермо Биллингхөрст сонгогдов.
  • Наймдугаар сарын 20 - Хятадын 40 дээрэмчин Хонг Конгын ойролцоох Ченг Чау арлыг хяналтандаа авчээ.
  • Наймдугаар сарын 21 - Хятад болон Төвдийн талууд тохиролцоонд хүрч гал зогсоох гэрээ байгуулав.
  • Наймдугаар сарын 24 - АНУ-ын засгийн газар Аляска муж дахь байгалийн баялагыг олборлох, загасчлах, хамгаалах талаар хууль батлахаар болжээ.
    • Зүүн Тиморын уугуул оршин суугчид Португалийн эсрэг бослого дэгдээжээ.
  • Наймдугаар сарын 25 - Хятадын Гоминдан намыг үндэслэгч Сүн Ят-Сен Үндэсний намыг байгуулснаар Чиан Кай Ши Гоминдан намын дарга болов.
  • Наймдугаар сарын 27 - Хятадын шинэ ерөнхийлөгч Юань Шикай парламентыг шинэ бүтэц зохион байгуулалттайгаар байгуулахаар болов. Ингэснээр 596 суудалтай төлөөлөгчдийн танхим, 274 суудалтай сенатын танхим бүхий хоёр танхимтай парламенттай болжээ.
  • Наймдугаар сарын 29 - Америкийн бизнес эрхлэгч Кларенс Каннингем Аляска мужид нүүрс олборлох эрхийг засгийн газраас авчээ.
  • Наймдугаар сарын 31 - Экуадор улсын 24 дэх ерөнхийлөгч Леонидас Плаза Гутьеррез албан ёсоор тангараг өргөв.

Есдүгээр сар[засварлах | edit source]

  • Есдүгээр сарын 1 - Францын засгийн газрын эсрэг бослого өрнүүлсэн Морокко иргэдийн бослогыг хүчээр дарав.
  • Есдүгээр сарын 2 - АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Вүүдроу Вильсон сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлжээ.
    • Их Британийн худалдааны холбооны ерөнхийлөгчөөр Уилль Торн томилогдов.
  • Есдүгээр сарын 4 - Оттоманы эзэнт гүрэн Албанийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр Албанийн хувьсгал өндөрлөв.
  • Есдүгээр сарын 6 - Ахмед аль-Хибагийн удирдлаган дор цугларсан Морокко улсын босогчид Шарль Мангинаар удирдуулсан Францын цэргийн хүчтэй тулалдаж ялагдал хүлээв. Зэвсэг туйлийн муу байсан Мороккогын тал 2,000 хүнээ алдаж, мянга гаруй хүн гэмтэж бэртсэн бол Францын талаас ердөө дөрөвхөн цэрэг амиа алджээ.
  • Есдүгээр сарын 9 - Австралийн одон оронч Уольтер Ф.Гейл шинэ төрлийн сүүлт од илрүүлэв.
    • Грекийн Афин хотод Оттоманы эзэнт гүрний засаглалыг эсэргүүцсэн жагсаал болжээ.
  • Есдүгээр сарын 12 - Францын ерөнхий сайд Реймонд Пойнкейр Хаант Орос улстай холбоотон болох гэрээнд гарын үсэг зурав.
  • Есдүгээр сарын 13 - Японы эзэн хаан Мейжиг оршуулах ажиллагаа болжээ.
    • Санто Домингогын засгийн газар хувьсгал эхлүүлэв. Тэдэнд АНУ тусламж үзүүлж байжээ.
  • Есдүгээр сарын 14 - Бельфаст хотноо болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр эмх замбараагүй байдал үүсч 100 хүн гэмтэж, бэртэв.
  • Есдүгээр сарын 15 - Нью-Йорк хотын иргэн Жон Шранк ерөнхийлөгчид нэр дэвшигч Теодор Рүүзвельтийн амь насанд халдах төлөвлөгөөгөө боловсруулж эхэлжээ.
    • Экуадор улс одоогийн хэрэглэж байгаа төрийн далбааг соёрхон баталжээ.
  • Есдүгээр сарын 17 - Грекийн хаант улс бүх эрэгтэйчүүдийг цэргийн албанд зарлан дуудав.
    • Францын нисгэгч Жорж Леганье 18.7 фийтийн өндөрт гарсан дэлхийн анхны нисгэгч болжээ.
  • Есдүгээр сарын 19 - Австралийн ерөнхий сайд Эндрью Фишер Австралийн одоогийн төрийн сүлдийг соёрхон баталжээ.
  • Есдүгээр сарын 20 - Персийн угсаа залгамжлах хунтайж Салар-эд-Довлег Керманшах хотод гэрийн хорионд оруулав.
  • Есдүгээр сарын 22 - Колумбиа мужийн их сургуулийн оюутан 21 настай Эдвшин Ховард Армстронг радио дохио хүлээн авагчийг зохион бүтээжээ.
    • Грек болон Болгар улс хамтран ажиллахаар болов.
  • Есдүгээр сарын 28 - Их Британид үндэсний татварын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаялт зарлав.
    • Өмнөд Солонгосын Сөүл хотод Японы засаглалыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр 106 солонгос иргэнд тус бүрт нь 5-10 жилийн ял оноож, шоронд хорих шийдвэр гаргав. Эдний дунд Солонгосын засгийн газрын сайд асан Юн Чи Хо багтаж, 10 жилийн хорих ял авчээ.
  • Есдүгээр сарын 29 - Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны анхны рекорд амжилтыг жад шидэлтэйн төрөлд Эрик Лемминг тогтоов.
  • Есдүгээр сарын 30 - Колумбиа мужийн их сургууль 79 оюутантай сэтгүүл зүйн тэнхимээ нээжээ.

Аравдугаар сар[засварлах | edit source]

  • Аравдугаар сарын 1 - Британийн Энэтхэг нийслэл хотоо Делигээс Калькутта руу нүүлгэв.
  • Аравдугаар сарын 2 - Болгарийн цэргийн хүч Туркийн Жүм-и-Бала дүүрэгт хяналтаа тогтоожээ.
  • Аравдугаар сарын 3 - Христийн шашны тухай, шашны сэдэвтэй анхны кино болох "From the Manger to the Cross" кино Нью-Йорк хотноо нээлтээ хийв.
  • Аравдугаар сарын 5 - Францын ерөнхий сайд Пойнкейр Балканы орнуудад үүссэн дайны нөхцөл байдал анхаарлын төвд орсоныг хэлсэн үгэндээ онцолжээ.
  • Аравдугаар сарын 6 - АНУ-ын цэргүүд Никарагуа улсын Леон хотыг эзлэв.
  • Аравдугаар сарын 7 - Италийн ерөнхий сайд Жиованни Жиолитти Итали-Туркийн дайн эцэслэсэн талаар мэдэгдэв.
  • Аравдугаар сарын 8 - Балканын анхны дайн: Монтенегрогын хаант улс Оттоманы эзэнт гүрэнд дайн зарлав.
  • Аравдугаар сарын 9 - Монтенегрогийн эзэн хаан Николай Оттоманы эзэнт гүрний эсрэг дайныг "ариун дайн" хэмээн тодорхойлжээ.
  • Аравдугаар сарын 11 - Итали-Туркийн хооронд байгуулсан энхийн гэрээ Балканын эхний дайнтай холбоотойгоор цуцлагдав.
  • Аравдугаар сарын 12 - Балканы хойгийн анхдугаар дайнтай холбоотойгоор Лондон, Парис, Берлин, Виенна хотуудад хувьцааны ханш огцом унажээ.
  • Аравдугаар сарын 13 - Болгар, Серби, Грек улс Балканын анхдугаар дайнд нэгдэн оров.
  • Аравдугаар сарын 14 - АНУ-ын экс ерөнхийлөгч Теодор Рүүзвельт рүү Жон Шранк гэгч бууджээ. Рүүзвельтийг түүний нүдний шилний хайрцаг аварсан юм. Түүний амь насанд халдсан Жон Шранкыг сэтгэцийн өвчтэй болохыг тогтоох Висконсин мужийн Ваупуны сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн билээ.
    • Туркийн цэргүүд Сербийг булаан эзлэв.
  • Аравдугаар сарын 16 - Монтенегро улс Беране хотыг эзлэв.
  • Аравдугаар сарын 17 - Туркууд Болгар, Сербид дайн зарлав.
  • Аравдугаар сарын 18 - Оттоманы эзэнт гүрэн болон Итали улс энхийн гэрээнд гарын үсэг зурснаар Турк-Италийн дайн албан ёсоор эцэс болжээ.
  • Аравдугаар сарын 19 - Монтенегро, Серби, Грек, Болгар улсын цэргийн нэгдсэн хүчин Оттоманы эзэнт гүрний баруун хил дээр төвлөрөв.
  • Аравдугаар сарын 21 - Грекчүүд Тессали, Лемнос арлуудыг, Болгарчууд Чермений боомтыг, Сербичүүд Султаны нуруунд хяналтаа тогтоож эхэлжээ.
  • Аравдугаар сарын 22 - Хаант Оросын хунтайж Алексей цусны хүнд өвчтэй гэж оношлогдов.
    • Сербийн гуравдугаар арми Пристина хотод хяналтаа тогтоожээ.
  • Аравдугаар сарын 23 - Балканын анхны дайн: Кумановогийн тулаан эхлэв.
  • Аравдугаар сарын 26 - Грекчүүд Селаник хотыг эзлэн авснаар 1430 оноос хойш Оттоманы эзэнт гүрний мэдэлд байсан өөрсдийн хотыг эргүүлэн авчээ.
    • Мексикийн генерал Диазад цаазын ял оноов.
    • Сербийн арми Скопье хотыг эзлэн авав.
    • Румынь улсын ерөнхий сайд Титу Майореску засгийн газраа шинээр эмхлэн байгуулахаар болжээ.
  • Аравдугаар сарын 29 - Сербийн арми Македон улсад хяналтаа тогтоож эхлэв.
  • Аравдугаар сарын 30 - АНУ-ын дэд ерөнхийлөгч Жеймс С.Шерман албан үүргээ гүйцэтгэж байхдаа амьсгал хураав. Тэрээр Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчид дахин нэр дэвшээд байсан билээ.
  • Аравдугаар сарын 31 - Сербийн арми Призрен, Грекийн арми Гревена, Имброс, Тасос арлуудыг, Монтенегрогын арми Ипеъ хотуудыг тус тус эзлэв.

Арваннэгдүгээр сар[засварлах | edit source]

  • Арваннэгдүгээр сарын 1 - Кубын ерөнхийлөгчийн сонгуульд Консерватив намаас нэр дэвшсэн Марио Гарсиа Менокал ялалт байгуулав.
    • Болгарын арми Демотика хотыг эзлэв.
  • Арваннэгдүгээр сар 2 - Балканын эхний дайн: Сербийн хаан Петер Скопье хотыг эзлэжээ.
    • Оттоманы эзэнт гүрний экс султан II Абдул Хамидыг Салоника хотоос баривчлав.
    • Никарагуа улсын Үндэсний ассемблей тус улсын ерөнхийлөгчөөр Адольфо Диазыг томилжээ.
    • АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Вүүдроу Вильсон машинд зорчиж байгаад толгойндоо гэмтэл авчээ.
  • Арваннэгдүгээр сарын 3 - Монгол улсын нийслэл Өргөө хотод Хаант Орос улсын Хятад дахь элчин сайд Иван Коросцовец ирж, Гадаад хэргийн сайд Чин Ван М.Ханддоржтой уулзав. Хоёр тал Монголын тусгаар тогтнол, худалдаа, уул уурхай, хувны наймааны асуудлаар ярилцжээ.
    • Оттоманы засгийн газар Британи, Франц, Герман улсаас дайнд хамтран оролцох хариу хүсэв.
    • Грекийн арми Превеса хотыг эзлэв.
  • Арваннэгдүгээр сарын 4 - Францын одон оронч Альфонс Боррель шинэ сүүлт од илрүүлжээ.
  • Арваннэгдүгээр сар 5 - АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Вүүдроу Вильсон ялалт байгуулах нь тодорхой болов.
    • Аризона, Канзас, Мичиган, Орегон мужууд эмэгтэйчүүдийг сонгуульд оролцуулжээ.
  • Арваннэгдүгээр сарын 7 - Дэлхийн хүнд жингийн аварга хар арьст тулаанч Жек Жонсоныг хүчирхийллийн хэрэгт холбогдуулан нэг жилийн хорих ялыг Чикаго хотын шүүх оноожээ.
  • Арваннэгдүгээр сарын 8 - Балканы эхний дайн: Агены тэнгисийн боомт хот болох Салоника хотод Грек болон Болгарын арми хяналтаа тогтоожээ. Гэвч хоёр тал хуваан эзэмших биш дангаар эзэмших сонирхолтой тул үл ойлголцол үүсч эхлэв. Чухам үүнээс Балканы хоёрдугаар дайн эхэлсэн билээ.
  • Арваннэгдүгээр сарын 11 - 1910 онд дипломат харилцаагаа таслаад байсан Чили болон Перу улсууд харилцаагаа эргэн сэргээв.
  • Арваннэгдүгээр сарын 12 - Испанийн ерөнхий сайд Хосе Каналехас Мадрид хотод халдлагад өртөв. Түүнд анархист үзэлтэй Мануэль Пардиниас халдаж, дараа нь өөрийгөө хороожээ.
  • Арваннэгдүгээр сарын 13 - Монгол болон Хаант Оросын тал уулзаж гэрээ байгуулсантай холбогдуулан Хятадын гадаад хэргийн сайд Лианг Мен Тинг үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөхөөр болов.
  • Арваннэгдүгээр сарын 14 - Испанийн шинэ ерөнхий сайдаар гүн Альваро Фигуероа Торрес тодорчээ.
  • Арваннэгдүгээр сарын 15 - Туркийн их захирагч Киамил Паша, Болгарын хаан I Фердинандтай гал зогсоох хэлэлцээрээ эхлүүлэв.
  • Арваннэгдүгээр сарын 17 - Алдарт зохиолч Франц Кафка герман хэл дээрх алдартай бүтээл болох "Метаморфозис" өгүүллэгээ бичиж эхэлжээ.
  • Арваннэгдүгээр сарын 19 - Балканы орнууд Оттоманы эзэнт гүрэнтэй энхийн гэрээ байгуулсан тухай цахилгаан мэдээ түгээв.
  • Арваннэгдүгээр сарын 21 - Туркийн парламент энхийн гэрээг дэмжээгүйн улмаас Балканы орнууд бүх фронтод цэргээ байршуулж эхлэв.
  • Арваннэгдүгээр сарын 22 - Уиндсорын ордонд хоёр хуваагдаад байсан Нигери улс нэгдэх гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр Британичууд Нигерийг бүтнээр нь нэгтгэн захирах болсон юм.
    • АНУ-ын ерөнхийлөгч асан Теодор Рүүзвелтийн амь насанд халдахыг завдсан Жон Шранкыг сэтгэцийн өвчтэй гэдгийг зургаан сэтгэл зүйчийн хамтарсан үзлэгээр тогтоов.
  • Арваннэгдүгээр сарын 24 - Шинэ Зеландын Маори омгийн шинэ хаанаар Те Рата Махута өргөмжлөгджээ.
  • Арваннэгдүгээр сарын 28 - Албанийн хууль тогтоох байгууллага тус улсыг Оттоманы бүрэлдэхүүнээс салан тусгаарлагдаж, тусгаар улс болох шийдвэрийг гаргажээ. Ингэснээр 400 жил Турк улсын харьяанд байсан тус улс тусгаар улс болсон юм. Шинээр байгуулагдсан Албани улсыг Исмайл Кемал Бей удирдахаар болжээ.
  • Арваннэгдүгээр сарын 30 - Доминикан улсын ерөнхийлөгч Эладио Викториа албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөв. Орных нь хүнийг сонгогдох хүртэл шашны тэргүүн Адольфо Алехандро Нүел тус улсыг түр удирдаж байжээ.

Арванхоёрдугаар сар[засварлах | edit source]

  • Арванхоёрдугаар сарын 1 - Өмнөд Африк улсад алдарт тэмцэгч Мохандас К.Ганди, Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөний тэргүүн Гопал Кришна Гохал нар уулзжээ. Уг уулзалтын үеэр Ганди өөрийн үндэсний хувцсаа өмсч оролцсон юм.
    • Мачу Пикчуг илрүүлсэн Хирам Бингхем 100 эд өлгийн зүйлс, 700 гэрэл зургийг авсан байна.
  • Арванхоёрдугаар сарын 2 - Германы канцлер Теобальд фон Бетманн-Холлвег Герман улс ирээдүйд газар нутгаа хамгаалахын тулд бүх зүйлээ дайчлан зориулах хэрэгтэй гэж мэдэгджээ.
    • Санто Доминго буюу одоогийн Доминикан улсын ерөнхийлөгчөөр Адольфо Алехандро Нүелийг жинхлэв.
  • Арванхоёрдугаар сарын 3 - Орон нутгийн цагаар 19:00 цагт Оттоманы эзэнт гүрэн, Болгар, Серби, Монтенегро улсуудтай гал зогсоох гэрээ байгуулжээ. Харин уг гэрээнд Грек улс оролцоогүй юм.
  • Арванхоёрдугаар сарын 4 - Японы ерөнхий сайд Сайонжи Кинмочи үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр огцорчээ.
  • Арванхоёрдугаар сарын 5 - Венна хотод Герман, Австри-Унгарын эзэнт гүрэн, Италийн хооронд хамтын ажиллагааны гурван талт гэрээг шинэчлэн байгуулав.
  • Арванхоёрдугаар сарын 6 - Германы археологч Людвиг Боршардтаар удирдуулсан экспедиц Египетийн Амарна хотоос Нефертити хатаны толгойн баримлыг илрүүлжээ. Мөн түүнээс гадна Нефертитигийн мөр, хүзүүг дүрсэлсэн хөшөөний үлдэгдэлийг илрүүлжээ. Хамгийн гол нь Фараон Ахенатений бунханг илрүүлсэн юм.
    • Солонгосын ерөнхийлөн захирагч байсан Масатаке Тераучи Японы ерөнхий сайд болжээ.
  • Арванхоёрдугаар сарын 7 - Америкийн банкир Пол Уарбург Холбооны нөөцийн системний талаар Вүүдроу Вильсон болон Конгрессын танхимд тайлбарлав.
  • Арванхоёрдугаар сарын 9 - Грекийн хөлөг онгоц Туркийн Меджидие болон бусад таван хөлгийг 500 метрийн холоос усан доогуур бөмбөгджээ. Гэвч Туркийн хөлөг осолдоогүй юм.
  • Арванхоёрдугаар сарын 10 - Австри-Унгарын эзэнт гүрэн бүх эрэгтэйчүүдийг цэрэгт зарлан дуудав.
  • Арванхоёрдугаар сарын 12 - Швейцарийн холбооны улсын ерөнхийлөгчөөр Эдуард Мюллер сонгогдов.
  • Арванхоёрдугаар сарын 16 - Балканийн энхтайвны төлөөх бага хурал Их Британийн нийслэл Лондон хотын Гэгээн Жеймсийн ордонд эхэлжээ.
  • Арванхоёрдугаар сарын 17 - Төв Африкийн бүгд найрамдах улсын султан Дарь-аль-Кутигаар удирдуулсан арми Францын армид ялагдал хүлээв.
  • Арванхоёрдугаар сарын 18 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхим тус улсад цагаачилж ирэх хүний насыг 16-аас дээш болгож хуульчилжээ.
    • Францын алдарт нисгэгч Ролан Гаррос Газар дундын тэнгисийг нисч гаталсан анхны хүн болжээ. Тэрээр Тунисаас Сициль хүртэл ниссэн юм.
  • Арванхоёрдугаар сарын 19 - Японы армиын ахмад Токүгава Ёшитоши, Хино Күмазо нар байлдааны нисэх онгоц жолоодсон Японы анхны офицер болов.
    • АНУ-ын тал Доминикан улсын босогчдод шинэ засгийн газраа хүлээн зөвшөөрөх анхааруулга өгөв. Хэрэв хүлээж авахгүй бол АНУ цэргээ оруулна гэж тусгажээ.
  • Арванхоёрдугаар сарын 21 - Японы хунтайж Таро Кацүра Ерөнхий сайд болжээ.
  • Арванхоёрдугаар сарын 22 - АНУ-ын Нью-Йорк хотод 80 жүжигчин нэгдэж Америкийн жүжигчдийн холбоог байгуулжээ.
  • Арванхоёрдугаар сарын 23 - Египет улсад Асвамын далан байгуулагдаж, албан ёсоор нээлтээ хийв.
  • Арванхоёрдугаар сарын 24 - Японы ерөнхий сайд асан, хунтайж Аритомо Ямагатагын амь насанд халдахыг завдав.
  • Арванхоёрдугаар сарын 25 - Перу улсын парламент тус улсын ерөнхий сайдаар Элиас Мальпартидаг өргөмжилжээ.
  • Арванхоёрдугаар сарын 26 - Мексикийн хувьсгалын удирдагч Панчо Вилла Сантиаго Тлателолкогын шоронгоос оргов. Тэрээр хил давж АНУ-ын Техас мужийн Эль Пасо хотод бүгжээ.
    • Францын ерөнхий сайд Реймонд Пойнкейр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болов.
  • Арванхоёрдугаар сарын 30 - Балканын эхний дайн албан ёсоор өндөрлөжв, Болгар, Грек, Монтенегро, Серби улсууд Турк улсаас цэрэгээ татахаар болжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

Нэгээс Хоёрдугаар сар[засварлах | edit source]

  • Нэгдүгээр сарын 6 – Америкийн нэрт жүжигчин Денни Томас (1991 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 7 – ЗХУ-ын маршал Иван Якубовски (1976 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 19 – Нобелийн шагналт Оросын эдийн засагч Леонид Канторович (1986 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 21 – Нобелийн шагналт Германы биохимич Конрад Эмиль Блох (2000 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 6 – Адольф Гитлерийн гэргий Эва Браун (1945 онд нас барсан)

Гурваас Дөрөвдүгээр сар[засварлах | edit source]

  • Гуравдугаар сарын 1 – ЗХУ-ын пуужингийн инженер Борис Черток (2011 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 16 - АНУ-ын тэргүүн хатагтай Пет Никсон (1993 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 27 - Их Британийн ерөнхий сайд Жеймс Каллаган (2005 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 8 - Олимпийн 3, Дэлхийн 10, Европын 6 удаагийн аварга Норвегийн уран гулгагч Сонья Хение (1969 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 15 - Хойд Солонгосын анхны удирдагч Ким Ил Сунг /Ким Чен Ир/ (1994 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 19 - Нобелийн шагналт Америкийн химич Гленн Т.Сиборг (1999 онд нас барсан)

Таваас Зургаадугаар сар[засварлах | edit source]

  • Тавдугаар сарын 2 - Германы сэтгүүлч, "Аксел Шпрингер" компанийг үндэслэгч Аксел Шпрингер (1985 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 22 - Нобелийн шагналт Английн химич Херберт К.Браун (2004 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 28 - Нобелийн шагналт Австралийн зохиолч Патрик Уайт (1990 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 30 - Нобелийн шагналт Америкийн биохимич Жулиус Акселрод (2004 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 8 - NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны комиссар Уольтер Кеннеди (1977 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 23 - Тооцоолон бодох системийг үндэслэгч Алан Тюринг (1954 онд нас барсан)

Долоогоос Наймдугаар сар[засварлах | edit source]

  • Долоодугаар сарын 4 - Ливан хэлний дүрмийг шинэчлэгч Саид Аки (2014 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 31 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Мильтон Фрийдман (2006 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 3 - Европын шинжлэх ухаан, судалгааны зөвлөлийн тэргүүн Фритц Хеллвиг
  • Наймдугаар сарын 13 - Нобелийн шагналт Италийн биологич Сальвадор Луриа (1991 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 15 - Олимпийн алт, хүрэл медальт Японы хөнгөн атлетикч Тажима Наото (1990 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 29 - Олимпийн аварга Японы марафонч Сон Китей (2002 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 30 - Нобелийн шагналт Америкийн физикч Эдуард Миллс Пюрселл (1997 онд нас барсан)

Есөөс Аравдугаар сар[засварлах | edit source]

  • Есдүгээр сарын 22 - Транзисторыг зохион бүтээсэн Германы физикч Херберт Матаре (2011 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 7 - Перу улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон улстөрч Фернандо Белаунде Терри (2002 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 17 - Ромын пап I Йоан Павел (1978 онд нас барсан)

Арваннэгээс Арванхоёрдугаар сар[засварлах | edit source]

  • Арваннэгдүгээр сарын 3 - Парагвай улсын ерөнхийлөгч Альфредо Сроесснер (2006 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 19 - Нобелийн шагналт Румынь улсын микробиологич Гиорг Эмиль Паладе (2008 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 1 - Дэлхийн худалдааны төвийн барилгын архитекторч Ямасаки Минору (1986 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 22 - АНУ-ын тэргүүн хатагтай Леди Бөрд Жонсон (2007 онд нас барсан)

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

Нэгээс Зургаадугаар сар[засварлах | edit source]

  • Нэгдүгээр сарын 28 - Экуадор улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон улстөрч Элой Альфаро Делгадо Габриел (1842 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 25 - Люксембургийн их ван IV Гуйллайме (1852 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 19 - Парагвайн ес дэх ерөнхийлөгч Патрисио Эскобар (1843 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 14 - Дани улсын эзэн хаан VIII Фредерик (1843 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 30 - Нисэх онгоц зохион бүтээгч Вильбур Врайт (1867 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 12 - Нобелийн шагналт Францын эрдэмтэн Фредерик Пасси (1822 онд төрсөн)

Долоогоос Арванхоёрдугаар сар[засварлах | edit source]

  • Долоодугаар сарын 30 - Японы эзэн хаан Мейжи (1852 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 6 - Нобелийн Энхтайвны шагналт Бельгийн улстөрч Август Мари Франсуа Бернар (1829 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 12 - Испанийн ерөнхий сайд Хосе Каналехас (алагдсан) (1854 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 12 - Баварийн ханхүү Луйтпольд (1821 онд төрсөн)

Нобелийн шагналтнууд[засварлах | edit source]

Шведийн эзэн хааны дэргэдэх Нобелийн хорооноос дараах хүмүүст Нобелийн шагнал олгохоор болжээ. Гэрэлт цамхаг, шаазан шатаах үйлдвэрт автомат уурын хөдөлгүүрийг зохион бүтээснийх нь төлөө Шведийн зохион бүтээгч Густаф Даленд физикийн шагналыг олгохоор болжээ. Харин синтетик материалыг урвалаар гаргаж авсан Францын химич Виктор Гринярд, Гидрогенийн судалгаанд нь үндэслэн Францын химич Поль Сабатье нарт хуваан олгосон юм. Эрхтэн шилжүүлж суулгах суудалгаанд онцгой амжилт гаргасныг нь үнэлэн Францын биологич Алекси Каррельд эрүүл мэндийн салбарын шагналыг олгожээ. Герман хэл дээрх зохиол бүтээлийг дэлхий дахинд таниуцл, уран зохиолын салбарт гавьяа байгуулсныг нь үнэлэн Германы зохиолч Герхарт Хауптманнд уран зохиолын салбарын шагналыг олгосон байна. Нобелийн хамгийн нэр хүндтэй шагнал гэгдэх энхтайвны шагналыг Карнегигийн олон улсын энхтайвны хүрээлэнг үүсгэн байгуулсных нь төлөө Элиху Рүүтэд тус шагналыг олгожээ. Ингэснээр энэ удаагийн Нобелийн шагналын гурвыг нь Францчууд хүртэж Францын шинжлэх ухааны салбар хэрхэн өсөн дэвжиж байгааг дэлхий нийтэд таниулсан юм. Нобелийн шагналтнуудыг дор танилцуулъя.

  • Физикийн салбарын Нобелийн шагнал - Нильс Густаф Дален
  • Химийн салбарын Нобелийн шагнал - Виктор Гринярд, Поль Сабатье
  • Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагнал - Алекси Гаррел
  • Уран зохиолын салбарын Нобелийн шагнал - Герхарт Йоханн Роберт Хауптманн
  • Энхтайвны Нобелийн шагнал - Элиху Рүүт

Гадаад холбоос[засварлах | edit source]

 Commons: 1912 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан