Jump to content

Самур гүнж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Самар тайху хатан-с чиглүүлэгдэв)

Самур гүнж буюу Самар гүнж бол Хиад Боржигин овгийн Хубилай хааны удмын Элбэг нигүүлсэгч хааны Хөвгүүндэй хатнаас[1] төрсөн охин юм. Түүнийг Элбэг хаан, Хуухай даюуг андууран хороосноо хүүгээс нь уучлал гуйх журмаар өөрийн охин Самурыг 1398 юмуу 1399 онд Батулад өгсөн юм. Батула чинсан, Самур гүнж хоёрын дундаас Бахаму буюу Тогоон тайшийг төрүүлсэн. Монголын Адай хаан, Ойрадын Батула чинсаныг хороож Самар хатныг өөрийн гэргий болгожээ.

Түүний эцэг Элбэг нигүүлсэгч хаан, хаан суусныхаа дараа, "...Элбэг хаан ав авлаж, алсан туулайн цус цасанд туссаныг үзэж цас мэт цагаан өнгөт, цус мэт улаан хацарт гоо эхнэр буй болов уу гэж Элбэг хаан зарлиг болов. Ойрадын Хуухай Таюу өгүүлсэн нь: Энэ мэт өнгөт эм буй за хэмээв. Тэр хэн бэ гэж асуув. Үзэж үл болох, үзье гэхүл хэлье.

Чиний хөвгүүн Харучог Дүүрэн Төмөр хунтайжийн Өлзийт гоо хун бэхич (авхай) бэр чинь

энэ мэт үзэсгэлэнт буй гэв. Элбэг нигүүлсэгч хаан, бэрийнхээ өнгөнд хурьцаж, ойрадын

Хуухай Таюуд зарлиг болов. Үзээгүйг үзүүлэгч, холыг нийлүүлэгч, хүссэнийг хангагч Таюу

минь эч гэв. Хааны зарлигаар эчиж бэхичид үг хэлсэн нь: Чиний өнгө гэрлийг үзье гэж

намайг илгээв. Бэхич уурлан өгүүлсэн нь: Тэнгэр газар нийлэгч буюу. Дээд хаад бэр юүгээ

үзэгч буюу. Хөвгүүн чинь Дүүрэн Төмөр хунтайж нөгчив үү, хаан хар болзомуу гэж хэлэв.

Тэр үгэнд хаан эс болж, хөвгүүнээ хороогоод бэр юугээ авав. Түүний хойно Хуухай Таюу

тараг гуйхаар ирэв. Хаан үгүй гэж гэрийн өмнө суутал Хун бэхич элч илгээж хааныг хором

хүлээе. Биеэр урьд гэрт ир гэхэд Таюу ирж орсон хойно бэхич аяга барьж үг хэлэв. Муу

биеийг минь сайн болгов. Бага биеийг минь их болгов. Бэхич нэрийг минь тайху болгов чи

гэж нэг амсартай, хоёр хэвлийтэй хүхүүрт нэгэнд нь арз, нэгэнд нь ус хийж, өөрөө ус ууж,

Тайюуд арз өгч согтоож унагав. Тайж юугаа өс өслөн (хунтайжийнхаа өсийг авахаар) далд

хөшгөө татаж, олбог дэвсгэр дээрээ Таюуг хэвтүүлж, нүүрээ маажиж, үсээ тасалж, хаанд элч

илгээв.

Хаан сонсоод иртэл Таюу зугтав. Хаан хөөж алалдан атал хааны чигжий хуруугий нь тас

харвав. Хаан, Таюуг алж зооны арьсыг Сүнидийн Жашин Дайбу нэрт хүнээр сурлан авчирч

бэхичэд өгөв. Хааны цус, Таюугийн тосыг нийлүүлж долоогоод хөвгүүнээ алагч хаан цусан

өглөгт болж, эзнийхээ аминд хор хүргэгч Таюугийн тосыг уядарлан (хутган) нийлүүлж эм

хүний авах өшөө энэ буюу. Хэзээ үхвээс юун чам гэв. Бэхичийн хуурсныг хаан мэдэн, адал

буруугаа мэдэж, бэхичийг эс зэмлээд..."[2] "... Түүнээс хаан бээр таюу-гийн ахмад хөвгүүн Батула-д өөрийн Самар нэрт гүнжээ өгөөд чинсан болгож, дөрвөн Ойрадыг даалгавай..."[3]

Эцэг ба нөхрийнх нь тэмцэл

[засварлах | кодоор засварлах]

Гэвч Батула чинсан Элбэг нигүүлсэгч хаан эцгийг нь хилсээр хороосон явдалд нь өс санаж явдаг байсан учир өөрийн эцгийнхээ өшөөг Элбэг хаанаас авхаар бэлдэж эхэлсэн байна. Ийнхүү Батула чинсан Үгэчи хашихатай хамсан 1399 онд Зүүн Монголыг дайлан Элбэг хааныг хороож, түүний эхнэр хүүхэд, эд хөрөнгө албат ардыг олзлон авсан байна. Харин Ойрдын захирагч Үгэчи хашиха, Өлзийт гоог хатнаа түүнээс төрсөн Ажай тайжийг өөрийн хүү мэт асарчээ. Самар гүнжийн амьдралын дунд үеийн намтар ихээхэн бүрхэг байснаа 1415-1417 оны үед бага зэрэг тодрон гарсан байдаг. Шар туужид тэмдэглэснээр 1415 оны үед Үгэчи хашихаг үхэх үеэр Өлзийт гоо болон хүү Ажай тайж, Асудын тайш Аругтай нарыг дэргэдээ аваад тэд нарт хандан ийн хэлжээ:

"Эзэн хан нь үхэв

Эртний дөрвөн Ойрд

Эх сүүлээ алдав

Энэ үед хэрэв

Эртхэн дайлаар ирвэл

Эзэнгүй олон Ойрдыг

Эрхбиш дийлж чадна"

Ингээд тэднийг төрхөмдөө буцаар буцаахаар бэлдэж байхад, Самар хатны хүү Багаму нь тэдгээр үгсийг сонсоод:

“Учирсан газар муу боловч өөрийн гэр болно

Уг төрхөм сайн боловч хүний газар болно

Ижий та тэгж хэлбэл

Эцэг тэнгэр үл таалах буй за”

Гэхэд нь Самар тайху гүнж үгийг нь үл ойшоон тэднийг Зүүн Монгол руу нь буцаан явуулжээ.

Энэхүү болсон явдалыг Адай хаан Өлзийт гоо хатнаас сонсоод маш ихэд баярлан 1415 онд Асудын Аругтайг тайшаар өргөмжлөн, өөрийн арван түмэн шилдэг цэргийг авч, дөрвөн Ойрдыг дайлаар морджээ.[4]

Зүүн Монгол-Дөрвөн Ойрдын тэмцэл

[засварлах | кодоор засварлах]

Зүүн Монгол болон дөрвөн Ойрдын цэрэг Зэлмэн ханы дэргэдэх Бор нохойн зоо нэртэй газар учиран байлдаад Адай хаан илт давуу ялалт байгуулж, Батула чинсанг хороон түүний хүү Бахамуг олзлон өөриийн нутагтаа авч ирсэн байна.

Элбэг хааны хүү Ажай тайж

“Самар гүнж биднийг олзлогдоод байх үед бидэнд сайнаар хандаж тустай явдал хийснийг нь бодож түүний хөвүүнийг нь тавьж явуулбал зохистой”

гэхэд нь Аругтай тайш үл зөвшөөрч:

“ Араатны зулзагыг тэжээж үл болно. Атаатны үрийг үл өрөвдөж болно...”

хэмээгээд:

“Эрт өдөр чиний эцэг Батула чинсан намайг араг дор хөмрөн “Аругтай” хэмээн доромжлон байсан, эргэх нар ээлжлэн эдүгээ өдөр би эцгийн өшөөг хөвүүнээс нь авах цаг болов...”

гээд Богамыг тогоон дор хийн “Тогоон” /энэ нь хожмын Ойрадын Тогоон тайш аж/ гэж нэрлэн боолоо болгон зарцлах болжээ. Дараа нь Богамугийн эх Самар хатан, Адай хаанд биеэр золгон:

“... Амийг минь аварч хатан болгов чи, хөвгүүнийг минь юунд зарцлав чи, эх хөвгүүн бид хоёуланг алж хая, үгүй бол насны дураар амьдруулах буюу...”

гэхэд нь хаан зөвшөөрч, Самар Тайхуг хүүгийнх нь хамтаар түшмэдээр харуулан Ойрад аймагт хүргэсэн байна.[5]

Эргэн нутагтаа ирсэн үе

[засварлах | кодоор засварлах]

Тэр үед нь Ойрдын ноёдын чуулга болж байсан бөгөөд Тогооноос /Богаму/

“...Монголын хаан, тайш, эгэл даяар улсын зан ааль ямар вэ?”

гэсэнд Тогоон

“...Зүүн Монголын Аругтай тайш өтөлж, аливаа үйлс нь ус мэт санагднам. Саадаг нь хувилавч, санаа нь эс хувилж, төр мэдэх сайдаа гаднаа суулгаж, зэвийн морийг гэрт унанам, хүүхэн хүнээр төр явуулмуй, үрээ морийг зэвлэнэм, Босуул хүнээр төр мэдүүлж, Борви хөхүүрт сархад хийнэм, Буургүй тэмээ, бухгүй үхэр, азаргагүй адуу мэт байна...”

гэхэд нь Самар гүнж сандран:

“...Энэ өчүүхэн хүн биеийг нь зовоосныг өс бодон Монгол Ойрадыг дайтуулан, доройтуулахыг хичээж байна, түүний үгийг бүү сонс...”

гэж эв нэгдлийг эрхэмлэн хичээнгүйлэн хэлсэн ч Ойрадын ноёд Самар тайху хатаны үгийг үл сонсон Дөрвөн түмэн цэрэг дайчлан Зүүн Монголруу дайтан Монголчуудын хямрал тэмцэл дахин эхэлжээ...

Ийнхүү 1439 онд Тогоон тайшыг тэнгэрт хальсны дараа Тогоон тайшийн хүү Эсэн тайш Дөрвөн Ойрдыг аван, Алтан ургийн угсааны Тайсун хаан /1439-1452/, түүний дүү Агваржин жонон гэх мэт Монгол ноёдыг хороон өөрөө хаан ширээг өвлөн авчээ.

Эсэн тайш ингээд хамаг Монголын хаан болоод өөрийн биеэ Юань улсын их хаан хэмээн нэрийджээ. Энэ мөчид Монгол улсын хил нь зүүн талдаа Солонгос, баруун талдаа Дундад Ази, умар талдаа Сибирь, өмнө талдаа Мин улсын хил хүртэлх газар бүрхэн байдаг байсан байна.

Самар тайху бол нь Монголын эв нэгдэлт нэгэн түүхэн үеийг төвшитгөн байгуулалцаж, Тогоон тайш хааныг төрүүлэн эрийн цээнд хүргэсэн гавьяат эх билээ. Түүний ач хүү Эсэн нь өөрийн эцэг Тогоон тайшийн амьдралын замнал, төрийн хэргийг залгамжилсан бөгөөд 1455 онд ноёд язгууртнууд хуйвалдан түүнийг хөөнөөжээ. Эсэн тайшийг насан насан өөд болсны дараа Монгол улсын эв нэгдэлгүй тархай бутархай байдал нь хүчтэй илрэх болжээ.[6]

Боржигон овог, Алтан ургийг аварсан түүх

[засварлах | кодоор засварлах]

Монгол, Ойрадыг нэгтгэхийн тулд Ойрадын охин ургийг халхын ноёдуудад хатан болгон өгч байв. Түүний жишээ нь Мандуул хаанд Ойрадын Бэг арслангийн охин Их Хамарт Юнгэн хатанг хатан болгон өгч, мөн Ойрадын Эсэн тайшийн охин Цэцэг хатанг Агваржин жононгийн хүү Хархуцаг жононтой гэрлүүлсэн бөгөөд Цэцэг хатан 7 сартай жирэмсэн байж байгаад Ойрад нутагт нярайлсныг Боржигон овгийн хойч үр удам хэмээгээд эрхэмлэн Самар тайху /өндөр настай байжээ/ хувийн өргөөндөө авчиран “Баянмөнх” хэмээх нэрийг өгч Солонгудын Харагчингаар тойлуулан харуулж өсгүүлж,

“Чингисийн алтан ургийн хойч үеийг аварсан хүн тэр ч байтугай, үеийн үедээ монголчуудад дархан өргөмжлөгдөх болно”

Баянмөнхийг Зүүн зүгийн нутагт түүний хамаатан ахан дүүсийнх нь хажууд аваачжээ. Самар тайху хатан боржигон овгийн Алтан ургийн угсааг төдийгүй хожимын Монгол улсын их хаан Батмөнх даян хааны эцэг болох Баянмөнхийг авран, Монголын хойчийн эв нэгдэл, улс төрийн хувь заяаг нь аварч, хожмын Монгол улсын түүхэнд үлэмж их гавьяа байгуулсан Батмөнх, Баянмөнх, Мандухай зэрэг хүмүүсийг Монголын түүхэнд тод томруунаар тэмдэглэгдэн үлдэхэд нөөлөөлсөн их үйл хэргийг нь эхлэх эхийг нь тавьсан, эгэлгүй ухаалаг Монголын Хатан байжээ. Самар хатан бол цэцэн цэлмэг доодосд энэрэлтэй, хань ижилдээ халамжтай, Монголын эрэлхэг хатдын нэг байсан бөгөөд тэрбээр өөрийн амьдралаа Монгол орны төлөө Монгол үндэстний төлөө зориулж чадсан билээ. Самар Тайху хатны үед Монголын хаад ноёд эрх мэдэл, эд мөнгөний төлөө хоорондоо алалдан тэмцэлдэж байсан үе юм. Үеийн үед Монголын сайн сайхны төлөө тэмцэж явсан баатарлаг Монгол хатад их байдаг. Самар тайху хатан бол тэдний ухаалаг жишээ яах аргагүй мөн билээ. Хэдийгээр Монголын түүхэн сурвалж бичгүүдэд түүний алдар гавьяа, Монгол орны төлөө хийсэн бүхнийх нь мэдээлэл бага байдаг ч түүний Монгол үндэстний түүхэнд оруулсан хувь нэмэр тэр их эр зориг ухааныг бид олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зайлшгүй хэрэгтэй билээ. Самар тайху хатан бээр хөгшин настай байх үедээ хожмын Монголынхоо хаад ноёд, бичиг судрын хүмүүсийг бэлдэж өсгөж байжээ. Самар хатны аварсан Боржигон овог бол Монгол үндэстний хамгийн гол овог юм. Энэ овгоос алтан ургийн хүмүүс төрөн гарч Монгол орныг удирдан жолоодож явдаг түүхтэй билээ.[7]

  1. Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.106
  2. Лувсанданзан "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч хэмээн оршвой" УБ., Монгол бичгээс хөрвүүлж, крилл бичигт буулган тайлбар, зүүлт хийсэн Ц.Шагдар. УБ., 2011. т.159-160
  3. Раашпунцаг "Болор эрих" Монгол бичгээс харгуулан хөрвүүлсэн М.Баярсайхан, Ч.Нэргүй, Д.Будсүрэн нар. УБ., 2006. Дэд дэвтэр. т.529
  4. Archive copy (Memento 13. Долоодугаар сар 2017 цахим архивт), Монголын төлөө их гавьяа байгуулсан Самар гүнж
  5. Archive copy (Memento 13. Долоодугаар сар 2017 цахим архивт), Монголын төлөө их гавьяа байгуулсан Самар гүнж
  6. Archive copy (Memento 13. Долоодугаар сар 2017 цахим архивт), Монголын төлөө их гавьяа байгуулсан Самар гүнж
  7. Archive copy (Memento 13. Долоодугаар сар 2017 цахим архивт), Монголын төлөө их гавьяа байгуулсан Самар гүнж