Jump to content

Сионизм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Давидын од

Сионизм (еврей. צִיּוֹנוּ‏ת‏‎, цийону́т, англи. ZionismИерусалим хот дахь Сион уулын нэрээс авсан) — еврей ард түмнийг түүхэн эх орон болох Израилд (Eretz Israel) нэгтгэн сэргээх зорилготой үзэл баримтлал бөгөөд улс төрийн хөдөлгөөн юм.

Сионизмын үзэл баримтлал нь зүүний социалист үзлээс эхлээд ортодокс буюу хэт барууны үзэлтэй шашин хүртэл янз бүрийн чиглэлийн хөдөлгөөнүүдийг нэгтгэдэг байна. Сионизм хэзээ ч нэгдсэн нэг хөдөлгөөн байгаагүй. Түүний удирдагчид, намууд, үзэл сурталууд нь ихэвчлэн хоорондоо зөрчилддөг байв. Антисемитизм улам бүр нэмэгдэж, "эх орон" руугаа буцах хүслийн үр дүнд соёл, улс төрийн нийтлэг зорилгод хүрэхийн тулд нэг нэгэндээ буулт хийж ирсэн. Улс төрийн сионизм, либерал сионизм, хөдөлмөрийн сионизм, ревизионист сионизм, соёлын сионизм, шашны сионизм зэрэг олон төрлийн сионизм бий болсон. Дэлхийн 2-р дайны өмнө сионизм нь еврей хүмүүсийн нийгэм-улс төрийн хамгийн том хөдөлгөөнүүдийн нэг байсан бол дайны дараа сионизм еврейчүүдийн үндсэрхэг үзлийн цорын ганц хөдөлгөөн болсон байна.

1897-1948 онуудад сионист хөдөлгөөний гол зорилго нь Палестинд еврейчүүдийн эх орны үндэс суурийг тавьж, тэднийг нэгтгэх явдал байсан. Өөрийгөө тодорхойлох зарчмын өвөрмөц хувилбараар "Сионыг хайрлагчид" (Lovers of Zion) 1884 онд нэгдэж, 1897 оны 8-р сарын 26-29-нд анхны Дэлхийн сионист Бага хурлыг (англи. The Zionist Congress) Базель хотноо Теодор Херцль (герман.Theodor Herzl, 1860-1904) үүсгэн зохион байгуулжээ. 19-р зууны сүүл ба 20-р зууны эхэн үед олон тооны еврейчүүд эхлээд Османы, дараа нь мандаттай Палестин руу цагаачилж, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж, дэмжлэг авахын тулд дипломат аргаар олон оролдлого хийж байсан юм. 1948 онд Израил улс байгуулагдсан цагаас хойш сионизм нь Израилын ашиг сонирхлыг хамгаалж, түүний оршин тогтнол, аюулгүй байдалд заналхийлсэн аливаа аюулыг сөрж зогссоор ирсэн байна.

Нэрийн гарал үүсэл

[засварлах | кодоор засварлах]

«Сионизм» гэх үгийн гарал үүсэл бол Сион (еврей. ‏צִיּוֹן‏‎ — Цион) уулаас гаралтай ажээ. Мөн Израилын газар нутгийг "Сион уулын охин", еврей ард түмнийг "Сионы хүү" гэж нэрлэдэг байна.

Вавилоны боолчлолоос хойш Сион уул еврей хүмүүсийн хувьд алдагдсан эх орны бэлгэ тэмдэг болж ирсэн байна.

"Сионизм" гэсэн нэр томьёог сионизмын анхны онолчдын нэг, "Агудат Израил" болон Иддишизмийн шашны удирдагч Натан Бирнбаум 1890 онд сэтгүүлийн нийтлэлд хэрэглэж эргэлтэд оруулсан гэдэг байна.

Зарим эх сурвалжид "сионизм"-ыг XIX зууны Европын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний хүрээнд еврей ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж тодорхойлдог байсан.

Сионизмыг үндсэрхэг үзэлтэй аливаа еврей хөдөлгөөнүүдийг хамааруулж андуурдаг. Жишээлбэл, соёл-үндэсний автономит байдлын шаардлага, Крымд еврейчүүдийн автономит улсыг бий болгох яриа, Израилаас гадна бусад улс руу цагаачлах эрх, тэр ч байтугай еврейчүүдийн тэгш эрхийн төлөөх бүхий л тэмцэлүүдийг үүнд хамааруулдаг байна.

Үзэл бодол, зорилго

[засварлах | кодоор засварлах]

Сионист хөдөлгөөн нь үндэсний цөөнх, хүчин мөхөсдсөн ард түмний асуудал гэж үзэн "Еврейчүүдийн асуудлыг шийдвэрлэхийг зорьсоор ирсэн" бөгөөд тэдний хувь тавилан нь хаана ч байсан хавчлагад өртөж, өөрийн гэсэн орон нутаггүй, гадуурхагддаг гэдгийг хэлдэг байна. Сионизм нь еврейчүүдийг Израилын нутаг болох "түүхэн гэрт" буцаан авчирч, еврейчүүдийг дарангуйлал, дарамт шахалтаас хамгаалж чадах еврей ард түмний өөрийн улсыг байгуулах замаар энэ асуудлыг шийдэхийг оролдож ирсэн юм.

Сионист судлаачдын үзэж байгаагаар улс орноо хөгжүүлээд зогсохгүй, хамгаалах чадвартай "шинэ еврей"-чүүдийг бий болгох нь Израилын төрийг үүсгэн байгуулагчдын хамгийн чухал зорилтуудын нэг байж ирсэн байна.