Jump to content

Токио цамхаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Токио цамхаг

Токио цамхаг (Англи: Tokyo tower, Япон:, 東京タワー) нь Японы нийслэл Токио хотын бэлгэ тэмдэг болсон байгууламжуудын нэг бөгөөд дэлхий дээрх хамгийн өндөр цамхаг юм. Өндөр нь 333 м бөгөөд Францын Эйфелийн цамхгаас 9 метрээр өндөр ажээ. Тус цамхаг нь 1958 онд баригдсан юм.

Энэхүү цамхаг нь Аналог цацалт, Телевизийн дижитал цацалт, Телевизийн цацалт (VHF, UHF) болон радио, FM радио долгионы антены зориулалтаар ашиглагдахаас гадна, төмөр замын нийтийн зорчигч тээврийн утасгүй холбооны систем, цаг уур судлалын төхөөрөмжүүд суурилуулагдсан байдаг байна.

Мөн дотоод гадаадын олон хүн үзэхээр ирдэг аялал жуулчлалын цэг гэдгээрээ олонд алдартай.

Роппонгийн өндөрлөгөөс харагдах Токио цамхаг
  • 1957 оны 5 сар: Японы долгионы цамхаг ХК (日本電波塔株式会社) байгуулагдав.
  • 1957 оны 6 сарын 29: Барилгын ажлын нээлт.
  • 1958 оны 10 сарын 14: Барилгын ажил дуусав.
  • 1958 оны 12 сарын 7: Ашиглалтад оров.
  • 1958 оны 12 сарын 23: Нээлтийн ажиллагаа.
  • 1959 оны 1 сарын 10: NHK Боловсролын Суваг 1-р сувгаар нэвтрүүлгээ дамжуулж эхлэв. Хожим Эн Эйч Кэй үндсэн суваг нь 1-р сувгаар нэвтрүүлгээ цацаж, Боловсролын суваг нь 3-р сувгаар нэвтрүүлгээ цацахаар болов.
  • 1959 оны 2 сарын 1: Японы Боловсролын Телевиз (одоогийн Асахи ТВ) 10-р сувгаар нэвтрүүлгээ цацаж эхлэв.
  • 1959 оны 3 сарын 1: Фүжи ТВ 8-р сувгаар нэвтрүүлгээ цацаж эхлэв.
  • 1964 оны 4 сарын 12: Японы шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн (日本科学技術振興財団) телевизийн хэсэг (одоогийн Токиогийн ТВ テレビ東京) 12-р сувгийг нээв.
  • 1970 оны 4 сарын 26: Эф эм токио нээлтээ нэвтрүүлгээ цацаж эхлэв.
  • 1984 оны 11 сарын 1: Японы зайны сургалтын Хоосо ИС (放送大学) туршилтын нэвтрүүлэг цацаж эхлэв.

Цамхагийн онцлогууд

[засварлах | кодоор засварлах]
  • Тус цамхаг нь 1958 он буюу Японы тооллоор Шоовагийн 33 онд ашиглалтад орсон ажээ. Мөн өндөр нь 333 метр тул цээжлэхэд хялбар байдаг. Уг нь бол цамхгийн өндөр 380 метр байхаар яригдаж байсан ч, мэргэжилтэнүүд цамхгийн өндөр нь хүчтэй салхийг тэсвэрлэх боломжгүй хэмээн шаардлагат хамгийн бага өндрөөр хийхээр болсон нь энэ гэнэ.
  • Цамхгийн араг ясанд Солонгосын дайнд хэрэглэгдэж байсан танкны хаягдал тодорхой хэмжээгээр хэрэглэгдсэн юм байна.
  • "Токио цамхаг" гэдэг нэр нь ашиглалтад орсоны дараахан буюу 1958 онд хуралдсан хяналтын хуралдааны шийдвэр ажээ. Олон нийтээс цамхгийг хэрхэн нэрийдэх талаар захидлаар санал хүлээн авахад нийт 86,260 захидал иржээ. Эдгээрээс хамгийн нийтлэг байсан нэрсээс танилцуулбал, нэгдүгээрт "Шоова цамхаг", удаалан "Япон цамхаг", "Энх тайвны цамхаг" гэсэн нэрс иржээ. Мөн сонирхол татсан нэрнүүдээс гэвэл, тухайн үед АНУ, ЗХУ улсууд хиймэл дагуулаараа өрсөлдөж байсан учир "Сансрын цамхаг", мөн одоогийн эзэн хаан яг гэрлэх гэж байсан учир "Принц цамхаг" гэсэн санал хүртэл байсан аж. Гэсэн хэдий ч, "Токио цамхаг" гэдэг нь хамгийн зөв зүйтэй нэр хэмээн комисст зөвхөн 225 санал ирсэн энэ нэрээр нэрийджээ.