Фиянгу жанжин
Фиянгу жанжин (1645 1701) (манж хэл: ᡶᡳᠶᠠᠩᡤᡡ, галиг: Fiyanggū; хятад хэл: 费扬古, пиньинь: Fèi yáng gǔ) нь манжийн донго овгоос гаралтай Чин гүрний цэргийн жанжин, хааны ордны хиа захирах дотоод сайд байсан хүн юм. 1696 онд Зуунмодны тулалдаанд манжийн цэргийн баруун гарын цэргийг удирдаж Галдан бошигт хааны эсрэг байлдаж байсан.
Товч намтар
[засварлах | кодоор засварлах]Фиянгу нь 1645 онд дотоод амбан гуравдугаар зэргийн бо түшмэл Эшогийн хөвгүүн болж мэндэлсэн. Эгч нь Эеэр засагч хааны Донго бага хатан гэгч байсан. 14 насандаа эцгийн хэргэмийг залгамжилсан. 1674 онд ань чин ван Ёлогийн удирдлага доор цэрэг удирдаж Жяньши мужийн нутагт У Сангүйн цэрэгтэй байлдаж эхлэв. 1676 онд Хунань мужийн Чанша хотыг эзлэх тулаанд гавьяа байгуулав. 1679 онд хааны хиа захирах дотоод сайд, хуувийн амбангийн тушаалд томилогдов. 1690 онд манжийн төрөөс Галдангийн довтолгооноос сэргийлж, Фиянгу сайдыг Хорчины хошуудаас татсан цэргийг захиран, Фучуань чин ванд туслан Галдан бошигтыг даруулахаар илгээжээ. 1693 онд түүнийг Хөх хотод цэрэг захируулан сахиулав. 1695 онд хязгаарыг тохинуулагч их жанжинд (抚远大将军) өргөмжлөв.
1696 оны 2 сард Энх амгалан хааны зарлигаар Галдан бошигтийн эсрэг байлдахаар гурван замаар цэрэглэн мордохдоо зүүн гарын цэргийг хар мөрөний жанжин Сабусугаар захируулж, баруун гарын цэргийг Фиянгу жанжнаар захируулан, төв замын цэргийг Энх амгалан хаан өөрөө удирдан Өрөөсөн чулуут хаалгаар гарч ар монголыг гурван талаас нь бүслэн орсон. Тус жилийнхээ 5 сард Фиянгугийн удирдсан баруун замын цэргүүд Зуунмод, Тэрэлжийн орчимд Галдангийн удирдсан ойрад цэрэгтэй тулгарч байлдан, Галдангийн удирдсан Ойрадын цэргийг бут цохиж, ялалт байгуулсан. 1701 онд Энх амгалан хааныг дагаж анд явж байгаад зам зуурт бие нь муудсанд түүний биеийн байдлыг харзнаж хааны цуваа нэг өдөр саатаж байгаад Фиянгугийн өвчнийг илааршуулахаар сайд томилж Бээжин хот руу буцаахаар болсон. Ингэхдээ хааны сангаас гэр, тэрэг, морь, 5000 лан мөнгө соёрхож явуулжээ. Тус жилдээ Фиянгу жанжин нас барсны дараа оршуулах ёслолд нь тахил өргөж, тэргүүн зэргийн гүн, Сянжуан (襄壮) гэх цолыг нэхэн өргөмжлөн, оршуулсан нь одоогийн Бээжин хотын Чаоян дүүргийн Дунба цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд байсан. Түүний хойно хөвүүн Чэньтай нь тэргүүн зэргийн хөү, тувашара хафан (манжаар: ᡨᡠᠸᠠᡧᠠᡵᠠ
ᡥᠠᡶᠠᠨ; хятадаар: 云骑尉) буюу харгалзах түшмэл гэх сул орон тооны түшмэл болгожээ.