Jump to content

Франц Шурманн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хербэрт Франц Шурманн (англи. Herbert Franz Schurmann, 1926 оны 6-р сарын 21-нд төрсөн - 2010 оны 8-р сарын 20-нд нас барсан) - Хүйтэн дайны үеийн коммунист Хятадын тухай судалгаа, зохиол бүтээлээрээ алдартай Америкийн социологич, түүхч.

Шурманн Беркли дэх Калифорнийн их сургуулийн социологи, түүхийн тэнхимд 38 жил багшилсан. Тэрээр мөн Хятад судлалын төвийн даргаар хэсэг хугацаанд ажилласан. Тэрээр Вьетнамын дайны эхэн үед дайныг эсэргүүцэгч байсан бөгөөд Ханой хотыг бөмбөгдөх үеэр тэнд байсан анхны Америк профессор байсан юм. Тэрээр 1970 онд зохиолч Орвилл Шелл-тэй хамтран ашгий бус өөр өнцөгийн "Номхон далайн мэдээний үйлчилгээ"-г (англи. Pacific News Service, PNS) үүсгэн байгуулж, редактор, тайлбарлагчаар ажиллаж байсан бөгөөд долоо хоног тутмын "Урьдчилан таамаглал" (Predictions) гэдэг буланг хариуцан өгүүлэл бичдэг байжээ.

Шурманн 1926 оны 6-р сарын 21-нд Нью-Йорк мужийн Квинс мужийн Асториа хотод төрж, Коннектикут мужийн Блумфилд хотод өссөн. Тэрээр 12 хэлээр чөлөөтэй ярьдаг болсон бөгөөд үүнийг өөрөө таван хэлээр ярьдаг Словени эцэг, Германы цагаач эх, мөн өөрийн өссөн нутаг дэвсгэрийн хэлээр ярьдаг аялгуунуудаас сурчээ. Тэрээр Коннектикут мужийн ойролцоох Хартфорд дахь Тринити коллежид богино хугацаанд суралцжээ.

Тэрээр Дэлхийн 2-р дайны үед АНУ-ын армид цэрэгт татагдан, Япон улсыг эзэлсэн үед сонины хянагчаар ажиллаж байхдаа япон хэл сурахаар болжээ. Тэрээр армид алба хааж байхдаа Стефан Брехттэй найзалж түүний эцгийн Калифорни дахь гэрт Томас Манн болон бусад Германы цагаачидтай танилцсан байна. Шурманн цэргийн алба хаасны дараа Харвардын их сургуульд цэргийн алба хааж дайнд оролцогчийн тэтгэлэгээр суралцаж Ази судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна.

Шурман 1950-иад оны сүүлээр морь унаж Афганистаныг хоёр жил судлахдаа Чингис хааны үеэс үүдэлтэй цэнхэр нүдтэй шар үстэй овог аймгийг олж 1962 онд "Афганистан дахь монголчууд: угсаатны зүй" номондоо өгүүлж баримтжуулжээ.

Тэрээр Вьетнамын дайны эхэлсэн үеэс л эсэргүүцэгч нь байсан бөгөөд 1965 онд Беркли Их сургуулийн Энх тайвны хороог байгуулж, 1968 онд зохиолч, улс төрийн идэвхтэн Мэри МакКартитай хамт Хойд Вьетнамд очиж байжээ. 1967 онд Шурман Америкийн Нэгдсэн Улс Вьетнамын эсрэг дайн хийж буйг эсэргүүцэн татвар төлөхөөс татгалзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн захидалд гарын үсэг зурж бусдыг мөн ийм байр суурьтай байхыг уриалж байв.

"Коммунист Хятад дахь Үзэл суртал ба зохион байгуулалт" хэмээх гол бүтээл нь 1966 онд Мао Зэдуны "Соёлын хувьсгал" эхэлж байх үед хэвлэгдсэн бөгөөд 1968, 1971 онд өргөтгөн шинэчлэгдэж гарсан байна. Энэ номд Макс Веберийн социологийн ойлголтыг ашигласан бөгөөд Хонконгод дүрвэгсэдтэй хийсэн ярилцлага, Хятадын сонин хэвлэл, баримт бичгүүдийг өргөн уншсан ном юм. Энэхүү ном нь Мао Зэ Дуны "Хятадын нийгмийн тухай диалектик үзэл баримтлал" нь Хятадын Коммунист нам болон засгийн газарт хандах түүний зохион байгуулалтын арга барилыг хэрхэн зохион байгуулсныг харуулжээ. Энэхүү номонд "Тогтвортой боловч өөрчлөгдөж буй үзэл суртал" нь 1930-аад оноос хойш бий болсон Хятадын нийгмийн бүхий л талыг хамарсан зохион байгуулалтын сүлжээг бий болгосон гэж үздэг. Тэрээр өөрийн шавь Хятадын мэргэжилтэн болсон Орвилл Шеллтэй хамтран "Хятад уншигч" хэмээх гурван боть цувралыг найруулж, зохиолсон юм.

Түүний 1974 онд хэвлэгдсэн “Дэлхийн хүчний логик” (англи. The Logic of World Power) бүтээлдээ дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын харилцааг товч тоймлон харуулсан байна. Ерөнхийлөгчийн гадаад бодлогод гүйцэтгэх үүргийн тухай "Ричард Никсоны гадаад бодлого" (англи. The Foreign Politics of Richard Nixon) номыг 1970-аад онд бичиж сүүлд 1987 онд хэвлэгдсэн байна.

Тэрээр 2010 оны 8-р сарын 20-нд Сан-Франциско дахь гэртээ Альцгеймер болон Паркинсоны өвчний хүндрэлийн улмаас 84 насандаа таалал төгссөн байна. Тэр эхнэр, сэтгүүлч Сэнди Клоус-тай 42 жил ханилж хоёр хүүтэй болсон юм.