Френк Костелло

Френк Костелло

Фрэнк Костелло (англи. Frank Costello; жинхэн нэр нь— Франческо Кастилья; итали. Francesco Castiglia, 1891 оны 1-р сарын 26-нд Италийн Калабриа мужийн Кастилиад төрсөн — 1973 оны 2-р сарын 18-нд АНУ-ын Нью-Йорк хотод нас барсан) — итали гаралтай америкийн гэмт хэргийн "Ерөнхий сайд" хочийг ч хүртэж явсан зохион байгуулалттай гэмт хэргийн толгойлогч байсан юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Френк Костелло дөрвөн настайдаа эх, ах Эдвардын хамт хамтаар АНУ-д Нью-Йорк хотноо суурьшаад байсан эцэг дээрээ очиж гэр бүл нийлжээ. Өсвөр насны хүүг ах нь "Five Points" нэртэй гэмт хэргийн бүлэглэлтэй анх танилцсан бөгөөд дараагийн арван жилд хэд хэдэн удаа хүчирхийлэл, хулгай, галт зэвсэг хууль бусаар биедээ авч явсан зэргээр баривчлагдаж байжээ.

1915 онд тэрээр хууль бусаар зэвсэг авч явсан хэргээр 10 сар шоронд суужээ. Костелло шоронгоос гарсаны дараа гудамжны жижиг гэмт хэргээ орхиж томоохон ажилд шилжихээр шийджээ. Дараа нь тэрээр энэ цагаас хойш хэзээ ч зэвсэг авч яваагүй гэж мэдэгджээ. Энэ үеэр итали "Франческо" нэрээ сольж америк маягаар "Френк" гэх болсон.

1918 онд тэрээр еврей Лоретта Гигермантай гэр бүл зохиож, ахин галт зэвсэг гартаа барихгүй хэмээн гэргийдээ амлаж байсан бөгөөд энэ үеэр овогоо сольж Костелло болсон байна.

Тэрээр 1920-оод онд ах дүү Морелло, Бенжамин Сигель, "Лаки" хочтой Лучиано нартай хамтран америк даяар "хуурай хууль" үйлчилж байх үед согтууруулах ундааны далд бизнесийг цэцэглүүлж байсан түүхтэй. Үүгээр ч барахгүй тэрээр ром дарсны бизнес эрхэлдэг Ирланд бүлэглэлүүдтэй хамтран ажиллаж, нэг удаагийн тээврээр 20000 гаруй согтууруулах ундаа зөөвөрлөх чадамжтай хөлөг онгоцонд ч хяналтаа тогтоож байжээ. АНУ-ын эргийн хамгаалалтын ажилтнуудад хахууль өгөх замаар тэдний бизнес өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж байсан ч 1926 онд баривчлагдан, хамтрагч Билл Двир нь ял авсан байна.

1929 онд Нью-Йоркын мафиуд согтууруулах ундаа, мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлтийн бизнесийг бүрэн хяналтдаа оруулсан байв. Мөн үед Жо Массериагийн мафи Сицилийн мафийн толгойлогч Салватор Маранзаногийн эсрэг дайн зарласан нь хожим түүхэнд Кастелламмарсын дайн хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Френк Костеллогийн удирдаж байсан Америкийн мафийн бүлэглэлийн үйл ажиллагаа Кубын арал хүртэл тэлж, Луизиана мужийн амбан захирагч Хью Лонгтой хууль бус гэрээ хэлцэл байгуулж, слот машины үйл ажиллагаа ч эрхэлж байжээ.

1950 онд АНУ-ын Сенатын танхим улс даяарх гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг мөрдлөгийг сенатч Эстес Кефовероор ахлуулан хийж эхлэв. Гэмт хэргийн бүлэглэл болон улс төрийн хүрээнийхний дунд байгаа холбоо, хээл хахуулийн талаар мэдээлэл цуглуулах үүднээс тэрээр 600 гаруй гэмт хэрэгтэн, мафитай холбоотой байсан этгээдүүдээс мэдүүлэг авч, үр дүнгээ 1951 оны 3-р сард телевизээр шууд хүргэсэн нь тухайн үедээ хамгийн их буюу 30 сая хүн үзсэн гэх амжилтыг эвдэж байжээ.

Улмаар хэд хэдэн гэмт хэрэгт буруутгагдсан Френк дараагийн хэдэн жилийн туршид удаа дараа баривчлагдан хоригдож, байдал хүндэрсээр 1957 оны 5-р сард түүний амь насыг хөнөөх гэсэн оролдлого ч гарчээ.

Френк Костелло хожим 1973 оны 2-р сарын 18-ны өдөр зүрхний шигдээсээр нас барсан бөгөөд түүний амьдралын хэв маяг, зан төрхийг бид “Загалмайлсан эцэг” киноны Дон Вито Корлеонегийн дүрээс сайн мэдэх билээ. Тус дүрийг бүтээсэн жүжигчин Марлон Брандо дүрийнхээ ярианы хэв маягыг олохын тулд Кефоверын мэдүүлэгт өгч байсан Френк Костеллогийн яриаг сонсож, дасгал хийж байсан гэдэг.