Jump to content

Халхын сүмийн мөргөлдөөн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Халхын сүм-с чиглүүлэгдэв)
Халхын сүмийн мөргөлдөөн
Хамаарах дайн: Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөнүүд
Огноо 1935 оны 1-3 сар
Байрлал Монгол улс,Буйр нуур, Халхын гол
Үр дагавар
Газар нутгийн
өөрчлөлт
Халхын сүм орчмын нутгийг алдсан ба хожим Хятадын нутаг болсон
Байлдагч талууд
БНМАУ Японы эзэнт гүрэн
Манж-го
Удирдагчид
Д.Дондов, Г.Янжив
Цэргийн хүч
Хилийн цэрэг, Монголын ардын армийн ангиуд, цэргийн тоо тодорхойгүй 41 машин цэрэг, 53 морин цэрэг, их буу
Хохирол
тодорхой бус тодорхой бус

Халхын сүмийн мөргөлдөөн нь Монгол-Япон хилийн дайн буюу Япон/Манж-Го-Монгол/Зөвлөлтийн хооронд болсон хилийн мөргөлдөөны нэг юм.Халхын сүм гэж Буйр нуурын зүүн хойд талд орших Буддын шашны хийд ажээ.

Шалтгаан, нөхцөл

[засварлах | кодоор засварлах]

Халхын сүмийн хилийн мөргөлдөөн 1935 оны нэгдүгээр сараас эхэлсэн түүхтэй. Учир нь Монголын тал хуучин Цэцэн хан аймгийн хилийн зааг шугмаар улсын хилийг авч үзэж байхад Япон\Mанж-Гогийн тал Халхын голоор хилийн шугмыг тооцож байсантай холбоотой.

Хилийн мөргөлдөөний үйл явц

[засварлах | кодоор засварлах]

Халхын сүмийн орчимд болсон хилийн будилаантай холбоотой асуудлыг тодруулахаар VI морьт дивизийн 15 дугаар хорооны штабын дарга Д.Дондов 1935 оны 1 сарын 24-нд Халхын сүмийн харуул дээр очжээ. Гэтэл өдрийн 13.00 цагт Япон, Манж-Гогийн зэвсэглэсэн 17 этгээд БНМАУ-ын хилд 20 км нэвтрэн Халхын сүмийн орчимд ирсэн тухай мэдээ ирсэн байна. Байдлыг лавлахаар Д.Дондов, хилийн харуулын дарга Г.Янжив, дөрвөн цэргийн хамт очиход хил зөрчигчид эхлэн буудсанаас харилцан буудалцах үеэр Д.Дондов, Г.Янжив нар амь үрэгдсэн байна. Үүний дараа 1935 оны 1 сарын 31 өглөөний 08.00 цагт Япон, Манж-Гогийн 41 машин цэрэг, 53 морин цэрэг артиллерийн галаар дэмжүүлэн Халхын сүм рүү дайрчээ. Бүх цэргийн жанжны "Хил дээр буун дуу гаргаж болохгүй" гэсэн тушаалаар монголын хилийн харуул ухарч, Монгол Загасны харуул дээр ирсэн байна. Өдрийн 12.00 цагт Манж-Гогийн тал Халхын сүмийг эзлэн улмаар Монгол Загасны харуул руу довтолж 13.00 цагт эзэлсэн байна.

Монголын хилийн харуул мөн л буун дуу гаргалгүй ухарсаар Нарийн нуурт байрласан байна. Манж-Гогийн тал 2 сарын 1-нд ухарч, Халхын сүмд байрлал эзлэн хориглосон байна.

Мөргөлдөөны дараах байдал, хилийн хэлэлцээр

[засварлах | кодоор засварлах]

Хилийн будлианыг зохицуулахын тулд талууд БНМАУ ба Манж-Гогийн хооронд хилийн хэлэлцээр эхэлсэн байна.

Энэхүү хэлэлцээр нь 1935 оны 6 сарын 3-наас 1937 оны 9 сарын 13 хүртэл үргэлжилсэн түүхэнд "Манжуурын бага хурал" гэж нэрлэгджээ. Манжуурын бага хурал нь гурван удаа хуралдсан байна.

Тус хэлэлцээрийн анхдугаар бага хурлын төлөөлөгчдийн Монголын талын тэргүүнээр Бүх цэргийн жанжны орлогч Гончигийн Самбуу, МАХЦ-ийн II корпусын дарга Гомбожавын Дамба, нарийн бичгийн даргаар Онход Жамъяангийн Догсүрэн,комендантаар Цэргийн явдлын яамны ажилтан Чимэгийн Жагван, шуудан зөөгчөөр Дотоод явдлын яамны тасгийн дарга Нэрэндоогийн Чимэддорж, Самбуугийн хувийн нарийн бичгийн даргаар Жанлавын Лувсандэндэв,хятад хэлний орчуулагчаар Үйлдвэрчний төв зөвлөлийн орчуулагч Журамт, орос хэлний орчуулагч нэг, шифр утасны орчуулагч нэг, тэнд үйлчлэх жолооч хоёр, шуудангийн жолооч нэг, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч ажилласан байна.

Манж-Гогийн талаас Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй тус мужийн сэргийлэи хамгаалах цэргийн дарга, хошууч генерал Үржин Гармаоев, Манж-Го улсын Гадаад явдлын яамны Засгийн хэлстийн дарга Шинжи Жин И,Хайлаарын тагнуулын байгууллагын дарга Цай Тэн Жин Рүй болон Манж-Гогийн төлөөлөгчдийг дагалдан Манж-Го улсын Гадаад явдлын яамны зөвлөх, Японы Гадаад явдлын яамны хэрэг эрхлэх газрын ажилтан Канки, Цэргийн явдлын яамны зөвлөх Сайто,ажилтан Сакурай, орчуулагч Иногүчи, Монгол Засгийн яамны хэрэг эрхлэх тушаалтан Жүнжүүржав (япон хэлний орчуулагч, холбоо баригч), Хадаа, Хайлаарын цагдаагийн газрын салааны дарга Чүн Дэй болон нарийн бичгийн даргаар Хуа Минтай, Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны ажилтан Жү Кавсан Зан (монгол хэлний орчуулагч, холбоо баригч), Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны орчуулагч Эрхэмбаяр болон хурлын тэмдэглэгчид зэрэг арваад хүн оролцсон байна.

Манжуурын бага хурлаар Халхын сүм хэний нутаг болохыг шийдэх, хилийн шугамыг нягтлан тогтоох гэсэн хоёр үндсэн асуудал хэлэлцсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Хэлэлцээнд оролцсон Монголын талын төлөөлөгчдийг Зөвлөлтийн талаас хардаж улмаар Их Хэлмэгдүүлэлт (Монгол)ийн үед хилс хэргээр хэлмэгдүүлсэн байна

Мөн Манж-Гогийн талыг ахлан оролцсон Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй төлөөлөгчдийг япончууд хардаж буруутгаж буудан хороосон байна.

Урлагийн бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]