Хар малгайтнууд
Хар малгайтнууд (орос: Чёрные клобуки; укр.: Чорні клобуки; түрэг: Karakalpak, эсвэл Qaraqalpaq) гэдэг нь XI зууны сүүл үед Киев болон Переяславын вант улсуудын өмнөд хил дээр Рось голын хөндийн дагуу суурьшсан берендеи, торк, Черниговын ковуи, печенег болон бусад хагас нүүдэлчин түрэг овог аймгуудын бүлэглэлийн ерөнхий нэр юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Тэдний тухай 1146 онд Киевийн он тооллын бичигт анх дурдсан байдаг.
XII зууны үед эдгээр овог аймгуудын олонх хэсэг нь хот суурингуудад суурьшин амьдрах болжээ (Орчин үеийн Черкасск болон өмнөд Киев мужууд). Тэдний гол хот нь Торческ (Орчин үеийн Кагарлык хотын хажууд) байв. Тэднийг Оросын вангууд өмнөд хилээ кумануудаас хамгаалахад ашиглаж байсан ба Киевийн Оросын улс төрийн амьдралд өөрийн гэсэн оролцоотой байлаа. Монголчуудын довтолгооны дараа тэднийг хөрш ард түмэн нь хэсэгчлэн уусгаж байсан бөгөөд Узбек хаан зэрэг Алтан ордын эрх баригчид (1340-1390 оны хооронд) Төв Ази руу хэсэгчлэн цөлжээ.
Тэдний нэр нь "Хар малгайтнууд" юм уу "Хар юүдэнтнүүд" гэсэн утгатай агаад түрэг хэлээр бол "Каракалпак" гэдэг; энэ нэр нь тэдний үндэсний хувцастай холбоотой байж магадгүй. Хар малгайтнууд одоогийн каракалпакуудтай холбоотой эсэх нь тодорхойгүй байна.
1152 он хүртэлх үйл явдлыг хамарсан XV зууны үеийн Москвагийн он тооллын бичгүүдийн цуглуулгад бүх хар малгайтнуудыг черкасууд гэдэг байсан ба тэд Хойд Кавказаас ирсэн гэж тайлбарлажээ.
Клим Полищукийн (Klym Polishchuk) "Хар малгайтнуудын бурхан" ("God of Chorni Klobuky") хэмээх богино өгүүллэгийг Украины домогт үндэслэсэн. Энэ түүх "Эрин үеийн эрдэнэс: Украины домгууд"-ад ("Treasure of the Ages: Ukrainian Legends") ордог.