Jump to content

Хэшилэ Хушаху

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хэшилэ Хушаху (хятад: 紇石烈 胡沙虎, пиньинь: heshilie hushahu) (? - 1213 оны 11 сарын 28) болбоос Зүрчидийн Алтан улсын цэргийн жанжин. Түүний овгийг "Хэшилэ" (紇石烈, heshilie), зүрчид нэрийг "Хушаху" (胡沙虎, hushahu), хятад нэрийг "Жижун" (執中, zhizhong) гэдэг байсан. 1213 онд Алтан улсын хаан Юнжиг алж, хааны угсааны Удубуг хаан болгосон нэгэн.

Хушахугийн хэзээ төрсөн нь тодорхойгүй. 1168 онд хунтайжийн ордны харуул байснаа дараа нь харуулын дарга болж дэвшсэн. 1193 онд ажлын байрандаа архидаж байгаад баригдаж шийтгүүлэн, тушаал буурч Жаожоугийн сахигч түшмэл болсон. 1194 онд Синпин жюний зэдушигийн тушаалд томилогдсон ч, удалгүй Дамин фугийн захирагч түшмэл болсон. 1197 онд цэргийн явдлын хүрээлэнгийн дэд түшмэл (簽樞密院事) болж тушаал дэвшив. Мадагэ хааны зарлигаар чинсан Вангин Шяны хамтаар Татарыг дарах дайнд явуулав. Уг аянд явсны дараа шийтгүүлж, Юндин жюний зэдуши түшмэлээр томилсон ч, ажлын хариуцлага алдаж уг тушаалаас хөөгдөв. 1201 онд Дасин фугийн захирагч түшмэлээр томилсон ч, зарга шийтгэгч дундад түшмэл Мэн Жугийн айлтгалыг үндэслэн цэргийн хорооны дужихуйши түшмэлийн тушаалд шилжүүлэв. 1206 оны 10-р сард Сүн улстай хийсэн дайнд Хуайинийг эзлэн, Чүжоуг бүслэв. 1207 онд Сүн улс цэргээ татаж найрамдсны дараа дайны баатар болж, Алтан улсын Баруун нийслэлийн[1] захирагч түшмэлээр томилогдов. 1209 онд үе улирах моукэ болгон, Дасин фугийн захирагч (知大興府事) болсон ч, дараа нь Баруун нийслэлийн захирагч (西京留守) бөгөөд орон нутгийн цэргийн явдлын хүрээлэнгийн захирагч, аньфуши хэлтэсийн түшмэл (兼安撫使) зэрэг албан тушаалд нэгэн зэрэг томилов.

1211 онд Их Монгол Улсын Зэв жанжны удирдсан цэргүүд Алтан улсын Баруун нийслэл Сижин хотыг бүслэн байлдав. Долоо хоносны дараа захирагч Хушаху жанжин 7000 цэрэг дагуулж хотоос зугтаахад Зэв жанжин 3000 цэргээр нэхсээр Динань хотын хойно гүйцэгдэж Монголын цэрэгтэй байлдсан ч, ялагдав. Хушаху мөн тэндээс зугтаж Юйжоу хот руу орж тус хотын сан хөмрөгөөс таван мянган лан мөнгө, торго зэрэг зүйлийг авч, мөн хотыг сахисан түшмэд, ард иргэдийн гэрийг тонон дээрэмдэв. Юйжоу хотоос гарч Жунду орох замд Дашэндянь өртөөнд гүйцэгдэж байлдан ялагдаж, 100 гаруй хүнтэйгээр Жунду хотод ирэв.

1213 оны 8 сард Хушахуд гурван мянган цэрэг өгч Вэйчуань голын орчимд монголын цэрэгтэй байлдуулахаар илгээв. Гэтэл Хушаху жанжин өөрийн харьяат хүмүүсийн хамтаар найрлан цэнгэж байгаад 3000 цэргээ дагуулж Жунду хот руу нууцаар ороод төрийн эргэлт хийн Юнжи хаан, Тушань Наньпин чинсан тэргүүтэй ноёдыг алж төрийн эрхийг гартаа оруулав. Үүний дараа Монголтой байлдахаар зэхэж байсан Дасинфугийн жанжин Вангин Ганыг дуудан авчраад алав. Зүүн гарын чинсан Тушань Игийн гуйлтаар Мадагэ хааны дүү Удубу гэгчийг хааны сууринд залав. 1213 оны 9 сард тайш, шаншулин, дуюаньшуай, зэ ван зэрэг албан тушаал, цолоор шагнуулав.

1213 оны 11 сарын 28 нд цэргийн жанжин Жуху Гаоци нар бослого гаргаж Хушахуг алав. Энэ явдлын дараа Удубу хааны зарлигаар Хушахугийн үйлдсэн гэмт хэргийг зарлаж, өмнөх гавьяаг хүчингүй болгов.

  1. Одоогийн Датун хот