Эбилүнь
Эбилүнь (манж:ᡝᠪᡳᠯᡠᠨ, галиг: ebilun; хятад: 遏必隆; пиньинь: Èbìlóng) (?-1673) бол Манж Дайчин гүрний төрийн түшмэл, 1661-1667 оны хооронд төр баригч дөрвөн сайдын нэг. Манжийн Ниохуру овгийн хүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эбилүнь нь хөвөөт шар хошуунд багтдаг ниохуру овгоос гаралтай. Тэр бол Нурхач хааны жанжин Эйдугийн 16 хүүхдийн хамгийн отгон нь юм. Мөн Эбилүний ээж нь Нурхач хааны хоёр дахь охин Хошой гүнж Мукушэн юм. Тиймээс Эбилүнь нь манжийн хаад ноёдтой ойр төрлийн холбоотой нэгэн байсан.
1643 онд Абатай чин ванг дагаж Мин улсын хэд хэдэн хот руу дайрч эзлэв. 1644-1646 онд Чин гүрний арми Мин улсыг байлдан дагуулах үед Эбилүнь Лэкдэхүний удирдлаган доор Мин улсын жанжин Хэ Тэнжяогийн эсрэг байлдан устгаж, Хубэй мужийг түвшитгэв. 1643 оноос хойш Доргон Хоогэ чин ван хоёрын хаан ширээний төлөөх далд тэмцэл үргэлжилсээр 1648 онд Доргон болон түүний талын фракц Хоогэ чин ваныг хуйвалдаан хийхийг завдсан хэрэгт ял тулгаж шоронд хорьж, түүний талыг баримтласан ноёдын хамтаар цаазлан, зайлуулсны дотор Эбилүнийг баривчлан цаазлах гэж байсан ч, ялыг сулруулж, эд хөрөнгө, албан тушаалыг хурааж яллан шийтгэжээ. 1650 онд Доргон чин ван өөд болсны дараа Эбилүнийг цагаатгаж, эрх мэдлийг нь сэргээжээ. 1661 онд Эеэр засагч хаан таалал төгсөхийн өмнө Эбилүнь, Сонин, Суксаха, Обой нарын дөрвөн манж сайдыг Энх амгалан хааныг нас биед хүрэх хүртэл төр барих дөрвөн сайдаар томилжээ.
Төр баригч сайд нарын нэг Сонин сайд 1667 онд өөд болсны дараа Обой, Эбилүнь нар нийлж хуйвалдан Суксахад хэрэг тулгаж, цаазлуулжээ. 1667 онд Энх амгалан хааны зарлигаар түүнд тэргүүн дэсийн гүн цол, улсын тайшаар өргөмжлөв.
1669 онд Обой сайдыг баривчлан, цаазаар авсны дараа Кан чин ван Гиеэсү тэргүүтэй ноёд Эбилүньд 12 заалт бүхий ял тулгаж, цаазаар авахыг шаардсан ч түүний ялыг багасгаж, зэрэг хэргэмийг нь бууруулжээ. 1673 оны өвөл 12 сард өвчнөөр нас барсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эцэг эх:
- Эцэг: Эйду (額亦都) (1562 –1621)
- Эх: Хошой гүнж Мукушэн (和碩公主 穆庫什): Нурхачийн 4-р гэг
Хатад эхнэрүүд:
- Авааль эхнэр: Айсингиоро овгийн ахайтан (嫡妻 愛新覺羅氏)
- Хоёр дахь эхнэр: Айсингиоро овгийн ахайтан (继妻 愛新覺羅氏)
- Гутгаар ахайтан: Баяара овгийн ахайтан (三继妻 巴雅拉氏): 7-р агь, 4-р гэгийг төрүүлсэн.
- Татвар эм: Сусугиоро овгийн ахайтан (侧室 舒舒觉罗氏): 2-р гэг Шяожаорэнь хатан, 3-р гэг Вэньши гүйфэй, 3-р агь Фака нарыг төрүүлсэн.
- Татвар эм: Угсаа гарал тодорхойгүй.
Хөвгүүд
- 1-р агь Сайлинь (塞林): хааны ордны гутгаар дэсийн хиа
- 2-р агь. Нэр тодорхойгүй
- 3-р агь Фака (法喀) (1664 - 1713): тэргүүн дэсийн гүн
- 4-р агь Яньжу (颜珠) (?-1665): хааны ордны тэргүүн дэсийн хиа
- 5-р агь Фубао (富保) (?-1678): хааны ордны дэд дэсийн хиа
- 6-р агь Иньдэ (尹德): тэргүүн дэсийн гүн
- 7-р агь Алинга (阿靈阿) (1670–1716): тэргүүн дэсийн гүн
Охид
- 1-р гэг: Баарин хошууны Шажин вантай гэрлэсэн.
- 2-р гэг Шяожаорэнь хатан (孝昭仁皇后) (1653 – 1678): Энх амгалан хааны их хатан
- 3-р гэг Вэньши гүйфэй (溫僖貴妃) (? - 1694): Энх амгалан хааны татвар эм
- 4-р гэг (?-1725): Айсингиоро овгийн цюэхоу гүн Гаосайгийн хөвгүүн туслагч гүн Юньшэнтэй (辅国公云升) гэрлэсэн.
- 5-р гэг: тэргүүн дэсийн жинхэнэ түшмэл Аюуштай гэрлэсэн.