Эрдни Омбадыков
Эрдни Басан Омбадыков буюу Омбадгийн Эрдэнэ (халим. Омбадһа Эрдни; англи. Erdne Ombadykow, 1972 оны 10-р сарын 27-нд АНУ-ын Пеннсилвани мужийн Филадельфи хотод төрсөн) —XII Тэло Тулку Ринпоче (Дилов-хутагтын хойд дүр), 1992-2023 онд Халимагийн Шажин лам бөгөөд XIV Далай ламын Орос, Монгол болон ТУХН-ийн орнууд дахь албан ёсны төлөөлөгч. 2023 оны 1-р сарын 27-нд Оросын Украин руу хийсэн түрэмгийлэлийг шүүмжилсэн учраас Оросын Хууль зүйн яам "гадаадын төлөөлөгч" хэмээн зарласан бүх албан тушаалыг нь хураан авсан юм. Ингээд Э.Омбадыков 2023 онд Халимагийн Шажин ламын албан тушаалаа орхиж Монгол Улсад цагаачилж ирсэн байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эрдни Омбадыковын эх нь бузава, эцэг нь дөрбөд гаралтай хүмүүс байжээ. Омбадыковын эх талын өвөг эцэг Оросын Доны казакийн армид алба хааж байсан бөгөөд 1920-иод онд Оросоос Югослав руу цагаачилжээ. Эцэг Кержа Омбадыков Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Халимагийн хамтрагчдын ангид алба хааж байгаад ухарч буй германчуудын хамт тэрээр Германд ирж, тэндээсээ АНУ руу цагаачилсан ажээ. Тэнд тэрээр Омбадыковын эх Лижмаатай уулзаж, хоёр дахь гэрлэлтээ батлуулжээ. Эрдни Омбадыков 1972 оны 10-р сарын 27-нд АНУ-ын Филадельфи хотод төрсөн, эцэг нэгт таван ах, дөрвөн дүүтэй бөгөөд тэдний хамгийн отгон нь юм.
Эрдни Омбадыков хүү 4 настайдаа лам болох хүслээ эцэг эхдээ хэлсэн гэдэг. Түүнийг 6 настай байхад нь 14-р Далай ламтай уулзах завшаан тохиосон бөгөөд тэрээр хүүг Энэтхэг дахь "Брайбун" хэмээх Төвөд хийдэд сургахыг зөвлөжээ. Тэнд тэрээр 13 жил Төвдийн нэр хүндтэй багш нарын удирдлаган дор Буддын гүн ухааныг судалжээ. Гэвч Гэлүгийн сургуульд гэвшийн эрдмийн зэрэг авах зэрэг бүрэн боловсрол эзэмшсэнгүй. 1980-аад оны сүүлчээр тус хийдэд суралцаж байх хугацаандаа АНУ-д цөллөгт нас барсан Монголын XI Дилов хутагт Жамсранжавын хойд дүрээр тодорч шашны Тело-тулку Ринбүчи цол хүртжээ.
1991 онд Тело Тулку Ринбүүчи 14-р Далай ламын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд анх Халимагт ирж байжээ. 1992 онд Тело Тулку Ринбүчи Халимагийн Шажин ламаар (Дээд лам) сонгогджээ. Буддын шашны зохих боловсролтой цорын ганц халимаг байсан Эрдни удалгүй 22 настайдаа Халимагийн Шажин ламын үүрэг хариуцлага өөрт нь ахдаж байна гэж шийджээ. Түүгээр ч барахгүй, түүний албан ёсны сүм хийдийн боловсрол нь түүнийг томилогдсон үүрэгт нь бэлтгэдэггүй болохыг мэдсэн ажээ. Халимаг хэл мэдэхгүй, ард түмний сэтгэлгээ, төр засгийн үйл ажиллагааг сайн мэддэггүй байсан юм. Эдгээр саад бэрхшээл нь түүнийг 1994 оны сүүлээр АНУ-д буцаж, лам хуврагаас татгалзаж, 1995 онд гэрлэхэд хүргэсэн гэдэг. Гэвч сайн дураараа хоёр жил цөлөгдсөний эцэст Эрдни дахин номлолыг хүлээн авч, Халимаг руу буцаж иржээ.
Түүний удирдлаган дор ЗХУ-ын үед сүйрсэн 30 гаруй Буддын шашны сүм, мөргөлийн байрууд баригджээ. 2005 оноос хойш Тело Тулкугийн өргөө нь Орос, Европ дахь Буддын шашны хамгийн том сүм гэж үздэг Бурхан Багшийн алтан сүм (халим. Бурхн Багшин алтн сүм) бөгөөд Халимагийн төв сүмд байрладаг байжээ.
Тело Тулку Ринбүчи Халимагийн Шажин ламаар ажиллах хугацаандаа Оросын Буддын шашны уламжлалт бүс нутаг болон 14-р Далай ламаар удирдуулсан Төвдийн нийгэмлэгийн хооронд олон зууны турш оршин тогтнож ирсэн шашин, соёлын хэлхээ холбоог сэргээн бэхжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан байна. Тело Тулку Ринбүчи 1990-ээд оны эхээр 14-р Далай ламыг Халимагт хийсэн анхны айлчлалынхаа үеэр дагалдан очсон нь тус Бүгд найрамдах улсад буддын шашныг сэргээх эхлэл болсон юм. Түүний идэвхтэй оролцоотойгоор 2004 оны 11-р сард Далай ламын Орост удаан хүлээсэн шашны айлчлал хийгдсэн нь Халимаг болон Орос улсад Буддын шашны уламжлалт үнэт зүйлсийг сэргээх үйл явцад шинэ томоохон түлхэц өгсөн юм.
2007 онд Монгол дахь Бурханы шашны Наропа, Тилопа төвөөс Халимагийн Дээд лам Тело Тулкугийн өмнөх хувилгаан Дилова хутагта Жамсранжавын харьяат байсан бурханы шашны Нар Банчэн хийдийг сэргээн засварлах төслийг удирдан явуулах хүсэлт тавьжээ.
2023 оны 1-р сарын 28-нд Тело Тулку Ринбүчи Орос улсын эрх баригчид "гадаадын төлөөлөгч" гэж заралсаны дараа тэрээр Бүгд Найрамдах Халимаг Улсын Шажин ламын албан тушаалаасаа огцорч гэвш Тэнзин Чойдог (Мутул Овьянов), захиргааны асуудлыг гэлэг Ёндон Лодой (Сергей Киришов) нарт шилжүүлэв. Үүний дараа тэрээр Монголд ирэн амьдарч Наро Банчэн хутагтын Амарлихуй хийдэд сууж байгаа ажээ.