Jump to content

Үже хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Үже хаан (хятадаар:烏介可汗) бол Уйгурын хаант улсын 13 дахь хаан юм. Тэр бол Бао-и хааны хүү билээ. Киргиз аймгийн Арэ ханы довтолгооноор Уйгурын төрт улс мөхөж, Уйгур улсын баруун талд байсан Пан тегин тэргүүнтэй 15 овгийн хүн ард Карлукийн зүг нүүсэн бол, төв болон зүүн талд байсан 13 овгийн хүн ард, Онги голын орчимд нүүж очоод, Уйгур улсын Бао-и хааны хүү Үжег хаанд өргөмжилсөн.

Тэрбээр 841 онд Енисейн Киргизийн довтолгооны дараа 13 овог аймгийн дэмжлэгтэйгээр хаан цолыг хүртжээ. Хаан болсон даруйд Киргизэд олзлогдсон Чүндэ хааны хатан Тайхэ гүнжийг суллан авч, Тайхэ гүнжээр зуучлуулж, Тан улсад хаан болсноо хүлээн зөвшөөрүүлэхийг зорьжээ. Үже хаан болон уйгур ноёд Тан улсын Жөньү хотыг (одоогийн Өвөр Монголын Хөх хот орчмын нутаг) хүн ард, газар нутгийн хамтаар түр хугацаагаар өгч, хүчээ сэлбэх боломж олгохыг хүсэн, үүндээ Тайхэ гүнжийг татан оролцуулав. Харин Тан улсын Үзун хааны зарлиг буухад, Уйгурын хүн ард хилийн гадна үлдэж, Тайхэ гүнжийг Чанань хотод ирж, нөхцөл байдлыг тайлагнахыг шаарджээ. Үүний улмаас Уйгурын хаан, ноёд эсэргүүцэж, Тан улсын хилийн хот тосгод руу довтолж дээрэм тонуул хийж, Тан улсад шахалт үзүүлэхийг оролдон, Тяньдө хотыг (одоогийн Өвөр Монголын Баяннуур аймгийн нутаг) зээлүүлэхээр гуйж элч илгээв. Харин Тан улсын тал тэдний хийсэн үйлдлийг зэмлэн буруушааж, өмнөх шаардлагаа дахин тавив. Мөн Үзун хаан зарлигаар уйгуруудыг дайлах их цэргийг Ши Шюныг ерөнхий захирагчаар томилж, Шато түрэг аймгийн ноён Ли Гуочан дэд жанжин болгож хойд зүгт илгээв.

843 оны 2-р сард Үже хаан Жөньү хот руу довтлоход, Ши Шюн, Ли Гуочан нарын хятад, түрэг цэргийн хүч сөрөг довтолгоон хийв. 843 оны 2 сарын 13 нд Тан улсын цэргийн жанжин Хө Чинчао, Чиби Тун нарын удирдсан 6000 нүүдэлчин угсаатны цэргүүд шөнийн харанхуйг ашиглан Уйгурын цэргийн хуаранд довтолж, Тайхө гүнжийг олзлон, Уйгурын хааны их цэргийг бут ниргэв. Харин Үже хаан цөөн цэргийн хүчээ авч зугтаж чадсан ч 846 онд Алтайн нурууны орчимд Тан улсад дагаар орсон уйгур ноён Ли Сыжунд алуулсан. Ли Сыжун бол Уйгурын Чундэ хааны хүү Ормизд тегин юм. Үже хааныг түүний дүү Энянь залгамжилжээ.

Өмнөх
Касар хаан
Уйгур улсын хаан
841-846
Дараах
Энянь хаан