II Хенрих

II Хенрих (сүсэгтэн, шүншлэгт), (польш. Henryk II Pobożny; 1196/ 1208 хооронд төрж, 1241 оны 4-р сарын 9-нд Легницийн тулалдааны үеэр нас барсан), польшийн Ван "Сахалт" I Хенрихийн хүү. 1238-1241 онуудад Силези, Их Польш болон Краковын Ван, Католик сүмийн шашны зүтгэлтэн.

Легница дахь тулаан. 1630 оны уран зураг

1238-1239 онд тэрээр Ополе Вант улсыг захирч байсан бөгөөд Сандомиержийн регент (хааны бие төлөөлөгч) байв. 1238 онд тэрээр эцгээсээ Краковын Вант улсыг өвлөн авсан. 1241 оны 4-р сарын 9-ний Легница дахь монголчуудтай хийсэн тулалдааны үеэр тэрээр Польшийн олон вангуудын 10 мянган цэргийн эвслийг удирдаж байгаад нас баржээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

II Хенрих Сүсэгтэн нь "Сахалт" хэмээх I Хенрих Ван, Андехийн Гэгээн Ядвига нарын гурав дахь хүү байжээ (багадаа нас барсан Болеслав, Конрад нарын дараа). Түүний төрсөн он тодорхойгүй бөгөөд өнөөгийн байдлаар анхны тодорхой мэдээлэл 1208 он байх магадлалтай байна. Гэсэн хэдий ч таван жилийн дараа түүний дүү Конрад ан хийх үеэр нас барсны улмаас Хенрик Доод Силезийн цорын ганц өв залгамжлагч болжээ. Түүний бага насны багш нь Вроцлавын лам Павел, хожим Познань хотын бишоп (хамба лам) байв. Түүнийг Вроцлав хотод загалмайлсан ажээ.

Ах дүү Хенрих, Конрад нарын цэргүүдийн хооронд Студника дахь цуст тулалдаан болсон гэдэг боловч энэ тухай баталгаатай мэдээлэл байдаггүй.

Эцэг I Хенрих 1216 онд түүнийг Чехийн хаан I Пшемысл Оттакарын охин Анна Пшемышлидка хэмээх арван хоёр настай чех гүнжтэй гэрлүүлж олон улсын харилцаагаа идэвжүүлсэн. Залуу хосын хуримыг Прагийн бишоп Анжей бүртгэжээ. Хосууд арван нэгэн хүүхэдтэй байсан. Түүний бүх хөвгүүдийг ордны лам нар өсгөн хүмүүжүүлж, охидыг нь Тжебниц дахь Гэгээн Ядвигагийн сүмд сургаж байжээ.

Эцэг Сахалт I Хенрих 1222 оноос хойш амьд үлдсэн цорын ганц хүүгээ эрх барих мэдэлд оруулж баримтжуулжээ. Хоёр жилийн дараа тэрээр өөрийн тусдаа тамгатай, албатуудтай, нотариаттай болсон ажээ. 1227 онд Гонсава хотод болсон вангуудын цуглартаар эмгэнэлт явдал болж, Краковын хунтайж Цагаан Лешек алуулж, сахалт Хенрих хүнд шархадсан үед засгийн эрх мэдэл анх удаа II Хенрих рүү шилжив.

1238 оны 3-р сарын 19-нд эцэг сахалт I Хенрих нас барсны дараа тэрээр засгийн эрхийг бие даан захирах болжээ.

Эцгийгээ нас барах үед II Хенрих дөч орчим настай байсан ч өв залгамжлалыг хүлээн авах ажил амаргүй байжээ. Өвлөн авсан газар нутаг бүрд захирах эрх хэмжээ өөр өөр байжээ. Сүсэгтнүүд зөвхөн Доод Силезид хүчтэй байсан тул тэнд л маргаангүй засаглалыг хүлээн зөвшөөрч байв. Их Польш, Краков зэрэг нутагт язгууртнуудын сонгуулиар эрх мэдэл хэрэгжүүлдэг байсан нь зарим бэрхшээл үүсгэсэн байна.

Монголчуудын довтолгоо[засварлах | кодоор засварлах]

Эрх мэдэл авах хамгийн хэцүү үеэ Хенрих ван дөнгөж даван туулсны дараа дорно зүгээс шинэ аймшигт дайсан гарч ирэв: Бат хаан тэргүүтэй монголчууд оросын ноёдыг бут цохиж устгасны дараа Унгарын хаант улсыг дараагийн бай болгон сонгосон байв. Унгартай дайн болбол Польшоос тусламж ирнэ гэж Бат хаан зөв зөгнөн таамгалсан байв. Тиймээс тэрээр Польш руу 10 000 дайчнаа илгээжээ.

1241 оны 1-р сарын эхээр Люблин, Завичостын ойролцоо тагнуулын цэргүүд гарч ирсэн боловч сарын дараа жинхэнэ довтолгоо эхлэв. Бага Польшид монголчуудад эн тэнцүү өрсөлдөгч байгаагүй тул Краков, Сандомиержийн цэргүүдийг Турск Вилки, Шиелдек зэрэг газарт дараалан буулган авч, 1241 оны 3-р сарын 18-нд Краковын ван Влодимьеж вайводод шийдвэрлэх ялагдал хүлээв. Краковын Клеменс түшмэл Хмельникт алагдаж, Краков, Сандомиерц зэрэг мужийн гол хотууд болох Малопольск монголчуудын гарт оров. II Хенрих улсынхаа баруун нутгийн удирдагчдаас амласан тусламжийг хүлээж, Малопольскийн цэргүүдийн амьд үлдсэн үлдэгдэл, Силезийн болон Их Польшийн шинэ цэргүүдийг Легница мужид төвлөрүүлж эхлэв.

Гэсэн хэдий ч Европын удирдагчид эзэнт гүрэн ба папын хоорондох эрх мэдлийн тэмцэл илүү сонирхож байсан тул Хенрихийн гуйлтыг үл тоомсорлосон юм. Энд Темплиер ба Госпиталлеруудын цэргүүд ба Чехийн хаан I Вацлав байсан боловч эцэст нь Легницийн тулалдаанаас нэг өдрийн өмнө цэргүүдээ буцаажээ.

Тулалдаан 1241 оны 4-р сарын 9-нд болж, II Хенрихийн арми гутамшигтайгаар ялагдаж, ван дайны талбарт алуулсан юм. Ялагдлын шалтгааныг ихэвчлэн европчуудад үл мэдэгдэх тулалдааны арга барил, цэргийн тактик гэж үздэг. II Миешкогийн цэрэг тулааны талбараас гэнэт зугтсан гэж үздэг. Силезийн хунтайжийн үхлийн тухай Тартарорум эх сурвалж үйл явдалд илүү ойр эх сурвалж, шууд гэрчүүдийн (монголчуудын) мэдүүлэгт үндэслэн одоо илүү найдвартай гэж үзэж байна. Польшийн хувьд аз болоход монголчууд Польшийг эзлэх бодолгүй байсан, учир нь Легница дахь мөргөлдөөний дараахан (Легницагийн хананд үе үе ойртож, бэхлэлтийг хүчээр буулгах оролдлого хийсний дараа) тэд Моравигаар дамжин Унгар руу явж Бат хааны үндсэн цэрэгт нэгдэх ёстой байжээ.

Гэгээн II Хенрихийн толгойгүй нүцгэн цогцсыг эх нь биеийн зарим онцгой зүйлээр тодорхойлжээ. Хенрих зүүн хөлдөө зургаан хуруутай байсан нь 1832 онд түүний булшийг нээх үед батлагдсан юм. Хенрихийг өөрийн нь санхүүжүүлсэн Вроцлав дахь Францискан сүмд оршуулжээ.

Сүүлд 1944 онд Германы эрдэмтэд Гэгээн Сүсэгтэн Хенрихийн шарилыг булшнаас гаргаж, лабораторийн шинжилгээнд оруулж ари үндэстэн мөн эсэхийг нотлох оролдлого хийсэн. Үүний дараа түүний цогцос сураггүй алга болжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  • Materiały związane z Henrykiem Pobożnym w bibliotece Polona