Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-10

Бодоо
Бодоо

Догсомын Бодоо (1885 - 1922) нь Монгол улсын дөрөв дэх ерөнхий сайд, Консулын дэнжийн нууц бүлгийн үндэслэн байгуулагч, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монголын төрийн нэрт зүтгэлтэн хүн байв. 1922 оны 8-р сарын 31-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цаазаар авахуулсан.

Догсомын Бодоо нь 1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отогт (одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум) төржээ. Их Хүрээн дэх Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, Шавийн яаманд бичээч хийж байсан. Хаант орос улсын консулын дэргэдэх орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллаж оросын залуу дипломатуудтай ойр холбоотой байсан байна. Бодоо Монгол, түвд, манж, хятад хэл бичгийн боловсролтой тэргүүний сэхээтэн хүн байжээ.

Харбины Монголын сонин бичиг сонины Их хүрээн дэх төлөөлөгч, 1912 оноос гаргаж байсан Шинэ толь, Нийслэл Хүрээний сонин бичиг сонинуудын сурвалжлагч, хянан найруулагчаар ажиллаж, "Болд илд, Бо" гэсэн уран бүтээлийн нэртэй байжээ. Уран зохиол сонирхон оролдож Үзэмжит өгүүлэл, Уянгат шүлэглэл зэрэг зохиол бичиж хойч үедээ үлдээжээ. (бүрэн эхээр унших)