Jump to content

Гомбодорж Түшээт хан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гомбодорж бол Халхын зүүнгарын хошууны тэргүүн, түшээт хан. Тэрээр 1594 онд Эрээхий мэргэн ханы Бинт хатнаас төрсөн.

1550-1630-аад оны үед Ар Халхыг Гэрсэнз жалайр хунтайжийн 7 хөвгүүдийн үр удам баруун гарын 4 хошуу, зүүн гарын 3 хошуунд хуваан тус бүрт эзэгнэн захирч байжээ. Халхын зүүнгарын нэгэн хошууг захирч байсан Гэрсэнзийн 3-р хүү Онохуй Үйзэн ноёны хүү Абтай тайж Халхын хан болж, улмаар 1577 онд 3-р Далай ламаар цолоо аравнайлуулжээ. Үүнийг Далай ламаас Автайд хан цол өгсөн мэт хожмын шашинлаг сурвалжуудад гуйвуулан бичсэн нь үндэсгүй бөгөөд Цахарын хан байсаар атал монгол тайж хүн ийм алдаа хийх ёсгүйг ойлгоогүй бололтой. Абтай сайн ханы хөвгүүн Эрээхий нь Мэргэн хан цолтойгоор угсаа залгамжлан, 1610-аад оны үед Гомбодорж эцгийн хан цолыг залгамжлан, Халхын зүүнгарыг Сэцэн хан Шолойгийн хамтаар тэргүүлж байлаа.

1635 онд Манжийн түрэмгийлэл өмнөд Монголыг эзлэн, Халхын Мин улстай хийж байсан гадаад худалдааг зогсоож, бүрэн хяналтандаа авч, Халхыг Чин улсад дагаар оруулахыг хичээж эхэлсэн. Гомбодорж 1637 оны үеэс Манж улстай харилцах болсон ч, Манжийн талаас жил бүр Есөн цагааны алба өргөх зарлиг буулгаж, Халхын хаад ноёдын элчийг хүлээн авалгүй буцааж байсан нь Халхын ноёдыг бусад монгол аймгуудтай эв холбоо тогтоох, манжийн эсрэг хамтаар тэмцэх, шашин сүсэгээр нэгдэх бодлого хэрэгжүүлж байв. Өвөр Монголын ноёдыг өөртөө урвуулах, Монголоос салан тусгаарлагч Дөрвөн Ойрадтай хүчээ нэгтгэн тэднийг татаж Халхаас урвасан Цогтыг цохих ба Манжийн түрэмгийллээс сэргийлэх арга замыг эрж хайх болжээ.

Халхыг шашны тугийн доор нэгтгэх зорилгоор 1639 онд Халхын зүүн гарын хан ноёд Ширээт цагаан нуур хэмээх газар чуулган хийж, Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг Жибзун дарнатын хувилгаанаар өргөмжилсөн нь хожим түүнийг Халхын улмаар Монголын бурхны шашны тэргүүн болохын эхлэл байв.

Халхаас урвасан Цогт тайжийг 1637 онд Ойрадын цэргээр нэхэж даруулж, цэргийнн ажиллагааг Халх дэмжсэнээр Ойрадтай ойлголцох боломж байв. Тиймээс 1640 онд Халхын Засагт ханы нутагт Монгол-Ойрадын чуулган хуралдуулж, “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг батлахад Гомбодорж оролцжээ. Энэ цаазаар анх удаа Халхаас Ойрадын тусгай статусыг зөвшөөрч тэдэнд Алтайн өвөрт ирж тайван суух, Төвдийг эрхшээх боломж олгожээ. Гэвч энэ нь эцэстээ, Төвд-Ойрадын холбоо нь аажимдаа Монголын эсрэг хандах, Ойрад хүчирхэгжих нөхцөл болжээ. Гомбодоржийн стратегийн алдаа энэ байв. 1646 онд Өвөр Монголын Сөнөд аймгийн ноён Тэнгис мэргэн ван Манжийн эсрэг бослого гарган, Халхад дутаан ирэхэд Гомбодорж өөрийн төрлийн Рахули далай ноёны хамт 2 түмэн цэргээр Зажибулаг гэдэг газарт угтан тулалдсан боловч ялагджээ. Түүний дараахан Гомбодоржийн харьяат Эрх Цөхүр гэгч ноён Баарин аймгийг уулгалж, хүн малыг олзолсноос үүдэн Манж Чин улстай таарамжгүй харилцаатай болжээ. 1655 онд нас баржээ.


Өмнөх
Эрээхий мэргэн хан
Халхын Түшээт хан
?-1655
Дараах
Чахундорж хан
  1. Шамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.73
  2. Шамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.73
  3. Шамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.73
  4. Шамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.73
  5. Шамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.73