Jump to content

Курилийн арлууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Курилын арлууд-с чиглүүлэгдэв)
Номхон далай дахь Курилийн арлуудын байршил
Райкокегээс харагдах Матуа арал

Курилийн арлууд (Орос: Кури́льские острова́) нь ОХУ-ын Сахалин мужид багтдаг галт уулын бүтэцтэй, Японы Хоккайдо арлаас Камчаткын хойг хүртэл 1300 км сунан тогтсон цувраа арлууд юм. Агнуурын тэнгис болон Номхон далайг зааглах тус арлууд нь 56 арал, олон жижиг хадан цохионоос бүрдэнэ. Курилийн арлуудыг ОХУ бүхэлд нь хяналтдаа байлгадаг ч өмнөд үзүүрийн 4 арал нь Японтой маргаантай байдаг.

Курилийн арлуудыг япончууд Чишима олтриг (千島列島) буюу Мянган арлын олтриг гэж нэрлэдэг. Куриль гэдэг нэр нь Айнү хэлний кур буюу хүн гэдэг үгнээс гаралтай. Ер нь Айнү үндэстний суурьшиж байсан арлуудыг ийнхүү ижил төстэйгээр нэрлэж байв. Жишээлбэл, Сахалиныг Куе буюу Куйи, Хоккайдог Кай гэж нэрлэдэг байсан.

Айнү хүмүүс бол арлын жинхэнэ уугуул оршин суугчид юм. Японы булаан эзлэлтийн үр дүнд тэд хүн амын цөөнх хэсэг болсон байна. Курилийн арлууд нь Эдо эрин үед Мацүмаэ овгийнхны удирдлагад 370 гаруй жил оршин байжээ. Токүгава шоогүний үед (1644 он) “Шоохо Онкүко Эзү” гэж газрын зураг дээр тэмдэглэгдэж байжээ.

Оросууд Курилийн арлууд руу 18-р зуунд анх хүрсэн. Тэд олон удаа судалгаа шинжилгээний баг явуулж байсан бөгөөд харин хэзээ ч Уруп арлын өмнөд хэсэгт очиж байгаагүй ажээ. 18-р зуунд Оросууд Итуруп арал дээр ирэхэд Токүгава шоогүний захиргаа эргийн хамгаалалтыг чангатгах шийдвэр гаргаж байжээ. 1811 онд Оросын ахмад Василий Головнины баг Кунаширт гидрографикийн судалгаа шинжилгээ хийх үедээ Намбү овгийнхонд баривчлагдаж, Мацүмаэ овгийн захирагч нарт хүргэгдсэн байна. Мөн Японы худалдаачин Такадаяа Кахэй Кунаширт худалдаа хийж байгаад Оросуудад баригдсан нь Япон-Оросын тал хил тогтоох хэлэлцээр хийх эхлэл болжээ.

1855 оны Шимодагийн гэрээгээр Орос, Японы хоорондох усан замын хил хязгаарыг Итуруп ба Уруп аралын хоорондуур тогтоосон байна. Уг гэрээгээр Сахалин нь хоёр улсын иргэд суурьшиж болохоор үлджээ. 1875 онд Санкт-Петербургийн гэрээ Оросын Хаант Улс, Японы эзэнт гүрэн хоёрын хооронд байгуулагдсан. Энэхүү гэрээ ёсоор Япон Сахалиныг эзэмших эрхийг Курилийн арлуудын Уруп арлаас хойших хэсгийг Орос улс эзэмших эрхээр сольжээ. 1904 – 1905 оны Орос–Японы дайны үеэр Японы чөлөөнд гарсан цэргийн хүн болох Шүмшү өөрийн бүлэг хүмүүсийн хамт Камчаткын эрэгт халдсан байна. Орос улс өөрийн тусгай цэргийг илгээн тэдгээр бүлэг хүмүүсийг барьсан байна. Уг дайны үр дүнд Японы тал Оросын мэдлийн усанд загас агнуур хийх эрхтэй болсон нь 1945 он хүртэл хүчинтэй байв.

1918-1925 он хүртэл Япон улс нь Сибирийн интервенцийг явуулсан АНУ ба Европын зэвсэгт хүчинд багтаж байсан Японы арми өмнөд Камчаткад Курилийн арлуудын хойд хэсэг болон өмнөд Камчаткыг эзлэн, бүр Петропавловск-Камчатскийд цохилт өгч байсан байна.

Дэлхийн хоёрдугаар дайнд Япон бууж өгснөөс 3 хоногийн дараа ЗХУ-ын цэргүүд Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай арлуудыг эзэлж авсан ба 17000 гаруй нутгийн иргэд дүрвэн гарсан байна. Эдгээр арал нь одоог хүртэл ОХУ-ын мэдэлд байна.

Өнөөгийн байдал

[засварлах | кодоор засварлах]
Шикотан арал дээрх гол суурин

Өнөөдөр ойролцоогоор 16,800 хүн Курилийн арал дээр оршин сууж байна. Хүн амын тал хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс бага орлоготой, ядуу амьдарч байгаа бөгөөд загас агнуур гол амжиргааны эх үүсвэр нь юм. Загас агнуураас гадна өнгөт металл, рашаан ус, төмрийн хүдэр олборлоно.

Харилцаанд гарсан өөрчлөлтүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Япон, Орос нь 1885 онд анх дипломат харилцаа тогтоосноос хойш ямагт дайны байдалтай байсаар ирсэн ба олон улсын харилцааны хоёр туйлт тогтолцоо задран унасан 1990-ээд оны эхээр Япон, Оросын харилцаа шинэ шатанд гарч ирсэн.
  • Япон, Орос нь бүс нутгийн их гүрнүүд “Их 8”-ын гишүүн орнууд болохын хувьд олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүндрэлтэй асуудлуудад хамтдаа хариуцлага хүлээдэг, шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг зэрэгтэй холбоотойгоор Японы гадаад улс төрийн бодлого дахь Оросын чиглэл улам бүр чухал үүрэгтэй болж ирж байна.
  • Орос, Японы харилцааны гол чухал асуудал бол дэлхийн 2-р дайныг албан ёсоор дуусгах энх тайваны гэрээнд гарын үсэг зурахаас татгалзахад хүргэж буй 4 аралтай холбоотой газар нутгийн маргаантай асуудал юм.
  • Гэхдээ олон орны судлаач, ажиглагч нар газар нутгийн маргаантай асуудал дээр хоёр талын байр суурь ямар нэгэн онцгой зөвшилцөлд хүрнэ гэхэд хэт хол байна гэж үзэж байгаа юм. Учир нь ОХУ-ын ерөнхийлөгч асан В.Путин 2005 оны 9 сарын 27-нд “Москва нь Оросын хяналтанд байгаа арлуудыг Японы талд найр тавин өгөх асуудлыг хэлэлцэхэд бэлэн биш байна” гэж мэдэгдсэн, мөн Оросын телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож байхдаа “Курилийн эдгээр 4 арал бол Оросын мэдэлд оршиж байгаа бөгөөд энэ нь олон улсын эрх зүйгээр зохицуулагдсан асуудал юм. Энэ нь дэлхийн 2-р дайны шууд үр дүн мөн бөгөөд бид энэ талаар ямар нэгэн гэрээ, хэлэлцээр хийх төлөвлөгөөгүй байна” гэж мэдэгдэж байсан. Мөн тухайн үеийн В.Путины шадар туслахын хэлснээр “Хоёр улсын тэргүүлэгчдийн баталсан бүх хуучин бичиг, баримтуудын хүчинтэйг хүлээн зөвшөөрч байна. Иймд хуучин гэрээ, зөвшилцлүүдийг зохицуулах шинэ баримт бий болгох шаардлага алга” гэсэн тайлбар зэргээс үзвэл Оросын тал газар нутгийн маргаантай асуудалд ямар ч гэсэн буулт хийх сонирхолгүй нь харагдаж байгаа бөгөөд Японы тал ч үүнийг ойлгосон болов уу.
  • Энхтайвны түр гэрээнд гарын үсэг зурсны дараа Шикотан, Хамбомай арлуудыг буцааж өгөхөөр тохирсон заалт ЗХУ-Японы 1956 оны гэрээнд байгаа, ОХУ үүний дагуу дээрх маргаанаа шийдвэрлэхийг зорьж байгаа ч Японы тал татгалзсаар байгаа юм. 4 аралыг бүтнээр нь авах зорилго Японы тал тавиад байгаа юм.
  • Үүнээс гадна Японы талаас тавьж буй нэг санаачлага бол маргаантай арлуудын нэг Итруп болон маргааны субъект биш Оросын арал Уруппугийн хооронд хилийн шугам татах явдал бөгөөд ингэж чадвал үр дүнд нь маргаантай 4 арал Японы газар нутагт багтах юм.
  • Японы зүгээс асуудлыг нааштай шийдвэрлэхэд дөхөм болно гэж үзэж байсан нэг зүйл нь Орост үзүүлэх эдийн засгийн тусламж, зээл, хөрөнгө оруулалт байсан бөгөөд анх Япон нь 4 арлаа буцааж авахаас нааш ОХУ-тай эдийн засгийн харилцаа, холбоо хөгжүүлэхгүй гэсэн байр суурьтай байсан ч 1996 оноос уг байр сууриа өөрчилсөн юм. Учир нь сүүлийн жилүүдийн нефтийн үнийн огцом өсөлтөөс болж ОХУ-ын эдийн засаг тодорхой хэмжээгээр өсөх болсоноор Японы тал энэ байр сууриа өөрчлөхөд хүрсэн юм.
  • 2005 оны 11 сарын 21 нд болсон дээд хэмжээний уулзалтаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Японы ерөнхий сайд Ж.Коизүми нар Оросын мэдэлд байгаа арлуудын талаари удаан үргэлжилж буй асуудал дээр ямарч ахиц, дэвшилд хүрч чадаагүй бөгөөд харин терроризмтэй тэмцэх, худалдаа, эдийн засаг, аюулгүй байдлын тал дээр хамтран ажиллана гэсэн тохиролцоонд хүрчээ.
  • 2006 оны сүүлээр ОХУ-ын В.Путины засаг захиргаа Шикотан, Хабомай арлуудыг Японы талд өгөх санал гаргасан боловч Японы тал өөр хоёр арал нэмж өгвөл энх тайвны гэрээнд гарын үсэг зурна гэж мэдэгдсэн.
  • 2008 оны 2 сарын 6 нд “Japan Today” сонин Оросын ерөнхийлөгч Японы ерөнхий сайд Фүкүда Ясүод Курилийн арлуудын маргааныг нэг мөсөн дуусгах тухай захиа явуулсан гэж мэдээлжээ.

Япон нь хөрш улсуудтайгаа зөвхөн усаар хиллэдэг боловч энэхүү усан хилийн орчимд орших арлуудтай холбоотойгоор хөрш Орос, Хятад болон бусад улсуудтай газар нутгийн маргаантай байдаг.

  • Агнуурын тэнгис дэх Курилийн бүлэг арлуудын хамгийн урд хэсгийн 4 арлыг Япон нь өөрийн нутаг гэж үздэг бөгөөд Орос улстай энэ газар нутгийн хувьд маргаантай байдаг.Энэ газар нутгийн маргааны түүх нь тухай үеийн олон жилийн угшилтай асуудал юм. Орос-Японы 1905 оны дайны үр дүнд Портсмутын найрамдлын гэрээгээр дайнд ялагдсан Хаант Орос улс нь Курилийн бүлэг арал болон Сахалины арлын өмнөд хэсгийг Японы эзэнт гүрний нутаг дэвсгэр гэж үзэн хүлээн зөвшөөрсөн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Холбоотон 3 гүрний удирдагч нарын Ялта болон Подстамын бага хурал, уулзалтуудаар АНУ, Англи нь Курилын арлууд болон Сахалины арлын өмнөд хэсгийг Японы эзэнт гүрнээс таслан ЗХУ-д шилжүүлэхээр тохиролцон зөвшөөрч баталгаажуулжээ. Дайнд Япон ялагдаж ялагч холбоотон гүрнүүдэд үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан ба ЗХУ нь Ялта, Подстамын бага хурлуудын шийдвэрийн дагуу дээрх арлуудыг ЗХУ-ын мэдэлд авч өөрийн нутаг дэвсгэр болгосон байна. Дайны дараа Хүйтэн дайн эхэлж холбоотон гүрнүүдийн хооронд сөргөлөөн эхэлсэний дараа АНУ-ын ерөнхийлөгч Эйзенхаур Подстамын уулзалтаар тохиролцсон тохироогоо хүчингүй хэмээн зарлажээ. Энэ үеэс эхлэн Япон нь Курилын бүлэг арлуудын өмнөд хэсгийн 4 арлыг өөрийн газар нутаг хэмээн зарлан шилжүүлэн өгөхийг ЗХУ-аас шаардах болсон байна. Энэхүү маргаантай асуудлаас уламжлан ЗХУ ба Японы хооронд дайны галыг зогсоох энх тайваны гэрээг өнөөдрийг хүртэл байгуулагдаагүй байна.
  • Япон нь Номхон далайн Шар тэнгис дэх зарим жижиг арлуудыг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд эдгээр арлуудтай холбоотойгоор Хятад улстай газар нутгийн маргаантай байдаг.