Теодор Херцль
Теодор Герцль (герман. Theodor Herzl, унгар. Herzl Tivadar; еврей. בנימין זאב הרצל, 1860 оны 5-р сарын 2-нд Будапешт хотод төрсөн — 1904 оны 7-р сарын 3-нд Австри-Унгарын Эдлах хотод нас барсан сүүлд Иерусалимд шилжүүлэн оршууулсан) —Унгар гаралтай еврей хууль зүйн доктор, сэтгүүлч, зохиолч. Еврейчүүдийн нийгмийн болон улс төрийн зүтгэлтэн. Дэлхийн сионист бага хурлын үндэслэн зохион байгуулсан, Еврей улсыг байгуулах санааг тавьсан, улс төрийн сионизмын үзэл бодлын суурийг тавьсан хүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Будапешт хотод унгар-еврей холимог гэр бүлд өссөн боловч еврей уламжлалаас татгалзаагүй байв. Эцгийн удам угсаа нь еврей ламтан Рабби Йосеф Тайтацактай холбоотой байсан. Түүний эх Жанетт Херцль (төрлөх овог- Диамант) хүүгээ Герман хэл соёлд ойр өсгөн хүмүүжүүлсэн байна. Бага наснаасаа эхлэн Теодор хүү уран зохиолд дуртай байсан бөгөөд шүлэг зохиодог байжээ. Тэрээр Евангелийн гимназид байхдаа Будапештийн нэгэн сонинд ном, жүжгийн тойм шүүмжлэл нийтэлдэг байсан байна. Гимнази дахь нэгэн багшийн еврейчүүдийн эсрэг хэлсэн тайлбарт гомдсон Херцль сургуулиа орхисон байна.
1878 онд тэдний гэр бүл Будапештээс Вена руу нүүж, Херцль Венийн их сургуулийн хуулийн ангид элсэн оржээ. Оюутан байхдаа Герцл еврейчүүдийн асуудлыг төдийлөн сонирхдоггүй байсан ч Э.Дюрингийн "Еврейчүүдийн асуултын тухай" (1881) хэмээх антисемит ном түүнд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. 1881 онд тэрээр Германы Альбиа (Albia) оюутны нийгэмлэгийн гишүүн болсон боловч 1883 онд зарим гишүүдийн еврейн эсрэг мэдэгдлийг эсэргүүцэж нийгэмлэгийг орхисон юм.
1884 онд Херцль хуулийн ухааны докторын зэрэг хамгаалж, Вена, Зальцбургийн шүүхэд хэсэг хугацаанд ажиллаад, еврей хүн учраас хэзээ ч шүүгч болж чадахгүй гэдгээ ойлгож энэ ажлаа мөн орхисон байна.
1885 оноос хойш тэрээр өөрийгөө утга зохиолын ажилд бүрэн зориулж хэд хэдэн жүжиг, богино шог зохиол, гүн ухааны өгүүллэг зэргийг бичсэн. Түүний зарим жүжгүүд Австрийн театруудын тайзнаа гайхалтай амжилт олсон бөгөөд нэгэн цагт Херцлийг Австрийн жүжгийн тэргүүлэх зохиолчдын нэг гэж үздэг байв.
Түүний бичсэн жүжгүүдийг Вена, Берлин, Праг болон Европын бусад нийслэлүүдийн театрын тайзнаа тоглож байжээ.
1891 оны 10-р сараас 1895 оны 7-р сар хүртэл Херцль Венийн нөлөө бүхий либерал "Neue Freie Presse" сонины Парис дахь сурвалжлагчаар ажилласан. Энэ үеэр тэр Францын парламентын амьдралын тухай тэмдэглэлүүдийг нийтлүүлж байсан. "Бурбоны ордон" (Францын Төлөөлөгчдийн танхим байрладаг барилга) хэмээх жижиг номондоо өөрийн улс төрийн үзэл бодлоо тодорхойлсон байдаг.
1894 онд Дрейфусын шүүх хэргийн нөлөөгөөр Херцлийн үзэл бодол, амьдралд огцом эргэлт гарчээ. Парисын гудамжинд "Еврейчүүдэд ал!" гэсэн уриа хашгираан тэрээр сонсоны үр дүнд еврейчүүдийн асуудлыг шийдэх цорын ганц гарц бол тусгаар тогтносон еврей улс байгуулах явдал гэдэгт бүрэн ойлгосон байдаг.
Герцл 1896 оны 2-р сарын 14-нд Вена хотод хэвлэгдсэн "Еврей улс" (Der Judenstaat) нэртэй номондоо Еврей улс байгуулах өөрийн хөтөлбөрөө тодорхойлсон юм. Мөн онд энэ ном герман хэлнээс еврей, англи, франц, орос, румын хэл дээрх орчуулгууд хэвлэгджээ. Тэрээр номондоо еврейчүүдийн асуудлыг еврейчүүд нэг улсаас нөгөөд цагаачлах, уусгах замаар шийдэх биш, харин тусгаар тогтносон еврей улс байгуулах замаар шийдэх ёстой гэж онцолсон байдаг. Түүний бодлоор еврейчүүдийн асуудлыг улс төрийн замаар том гүрнүүдтэй тохиролцох ёстой. Еврейчүүдийг Еврей улсад бөөнөөр нь нүүлгэн шилжүүлэх нь тэдний суурьших эрх, олон улсын баталгааг ил тод хүлээн зөвшөөрсөн дүрмийн дагуу явагдана гэж үзэж байжээ. Херцл ийм улсыг бий болгох нь урьдчилан бодож боловсруулсан төлөвлөгөөний дагуу явагдах ёстой гэж үзэж байсан. Еврейн төр нийгмийн дэвшилт үзэл шингэсэн байх ёстой (жишээлбэл, долоон цагийн ажлын өдөр бий болгох), эрх чөлөө (хүн бүр шашины итгэл үнэмшилтэй байх эсвэл үл итгэгч хэвээр үлдэж болно) болон тэгш эрх (бусад үндэстэн еврейчүүдтэй адил эрхтэй) байх ёстой гэж тэмдэглэсэн байна.
Оскар Марморек, Макс Нордау нартай хамт Херцль Швейцарийн Базель хотод 1897 оны 8-р сарын 26-29-нд "Дэлхийн Сионистуудын бага хурал" ыг зохион байгуулж, Дэлхийн Сионист Байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Энэ үеэр баталсан "Базелийн хөтөлбөр" нь Палестинд "Еврей ард түмний гэр-улс" бий болгох зорилготой олон тооны хэлэлцээр (Германы эзэн хаан II Вильгельм, Туркийн Султан II Абдул Хамид нартай) хийх үндэс суурь болсон. Хэдийгээр Херцлийн хүчин чармайлт тухайн үед амжилтад хүрээгүй ч энэ хүчин чармайлт нь 1948 онд Израил улсыг байгуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлсэн байна.
1899 онд Херцль тухайн үед Османы эзэнт гүрний нэг хэсэг байсан Палестинд газар худалдаж авах зорилготой "Еврейн колоничлолын нийгэмлэг"-ийг байгуулжээ. Их Британи Дэлхийн Сионист Байгууллагын төлөөлөгчийн хувьд түүнд Британийн Зүүн Африк дахь (орчин үеийн Кенийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг) газар нутагт Еврейн улс байгуулахыг санал болгосон байна. Херцль энэ саналыг хүлээн авахад бэлэн байсан ч хөдөлгөөний бусад идэвхтнүүд, тэр дундаа Херцлийн ойр дотны хүмүүс үүнийг эсэргүүцэж байжээ. Учир нь ихэнх сионистууд зөвхөн Палестиныг еврей улс байгуулах боломжтой газар нутаг гэж үзэж байсан тул эдгээр төлөвлөгөө бүтэлгүйтсэн байна. Үүнээс гадна Дэлхийн сионист бага хурлын төлөөлөгчид Их Британийн колонийн нарийн бичгийн дарга Жозеф Чемберлэний санал болгосон газар нутарт суурьшихад байгалийн хувьд тохиромжгүй газар нутаг гэж үзжээ.
1904 оны 7-р сарын 3-нд Теодор Херцль нас барав. Тэрээр үлдээсэн гэрээслэлдээ еврейчүүд шарилыг нь Израилийн нутаг руу шилжүүлэх хүртэл Вена хотод эцгийнхээ дэргэд оршуулахыг хүссэн байна. Түүний гэрээслэлийн дагуу Херцлийн шарилыг Израил улс байгуулагдсаны дараа удалгүй 1949 оны 8-р сарын 14-нд Австрын Венагаас Иерусалимд авчирч дахин оршуулсан байна.