Лхамсүрэнгийн Чойжилсүрэн

Барнууд Л.Чойжилсүрэн
Л.Чойжилсүрэн 40 эргэм насандаа
Үргэлжилсэн үгийн зохиолч
Төрсөн1932 оны 8 сарын 18 (82 наслав)
ӨссөнГалт сум
Нас барсан2014 оны 9 сарын 5
ХарьяалалМонгол
Мэргэжил
  • Зохиолч
  • Яруу найрагч
  • Жүжигчин
БайгууллагаМонголын Зохиолчдын Эвлэл
ХаньГ.Оюун
ХүүхэдЧ.Алтанзул, Ч.Мөнгөнзул, Ч.Хонгорзул, Ч.Мөнхзул, Ч.Баярсайхан, Ч.Гэрэлзул

Лхамсүрэнгийн Чойжилсүрэн нь (1932 оны 8-р сарын 18-нд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрсөн- 2014 оны 9-р сарын 5-нд Улаанбаатарт нас барсан) Монгол улсын зохиолч, МЗЭ-ийн болоод МҮЭ-ийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн.

Монголын уран зохиолын түүхэнд 1950-иад оны эхээр орж ирсэн ахмад үеийн зохиолч. Л.Чойжилсүрэн бол Монголын шинэ үеийн уран зохиолын нэрд гарсан томоохон төлөөлөгчдийн нэг бөгөөд монгол хүүрнэл зохиол, тэр дундаа том хэлбэр - романы төрлийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм. Түүний романууд ази европын хэд хэдэн орны хэлээр орчуулагдан хэвлэгдэж Монголын уран зохиолын хөгжлийн нэгэн гэрч болж, эх орныхоо нэр алдрыг дэлхийд дуурсгасан билээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1967 он. Л.Чойжилсүрэнгийн ээж болон аав түүний охин Ч.Хонгорзулын хамт

Зохиолч Чойжилсүрэн нь Лхамсүрэнгийн ууган хүү болон төрөөд тун удалгүй ээжийнхээ хамт Гүртийн булуу буюу Хангайн нурууны өвөр талаас ар тал уруу нүүн ирж, одоогийн Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг олондоо алдартай Халуун усны рашааны хөл дэх Мараат булан хэмээх уул ус, ой мод тэгш сайхан газарт аав, ээж болон 3 дүүгийн хамт нялх балчир бага насаа өнгөрөөсөн байна.

Бага залуу нас[засварлах | кодоор засварлах]

Зохиолч Л.Чойжилсүрэн залуу үеийн зураг.

1940 онд Л.Чойжилсүрэн Идэр (одоогийн Галт сумын нэр) суманд байгуулагдсан анхны бага сургуулийн анхны сурагчдын нэг болон эрдэм номын гараагаа эхэлжээ. Зохиолч маань өөрийн сумандаа бага сургуулиа дүүргээд 1944 онд Мөрөн хотод ирж үргэлжлэн суралцаж 6-р ангиа төгсөөд ажил амьдралын гарагаа эхлүүлж байсан түүхтэй. Эхлээд сум дундын шүүхэд бичээч хийж, дараа нь тэр цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагыг дагаж бага сургуулийн багш болон Шинэ Чандмань (одоогийн Шинэ-Идэр), Зүрх, Их Жаргал (одоогийн Жаргалант) сумдад ажиллажээ. Түүний амьдралын их сургууль багшийн ажлаар эхэлсэн нь хожим “Хүн судлалын ухааны мэргэжилтэн” - Зохиолч болоход нь нөлөөлсөн хэрэг. Зохиолчийн гараагаа шүлгээр эхэлсний дотор багачууд хүүхдүүдэд зориулсан шүлэг найраглал нэлээд олныг бичсэн нь багшийн ажилтай нь холбоотой биз ээ.

Идэр нас[засварлах | кодоор засварлах]

1948 оноос ийнхүү өөрийн нутаг орондоо багшилж байсаар 1954 онд тэр үеийн Улсын багшийн институт (одоогийн МУБИС)-ийн орос хэл утга зохиолын ангид орж суралцсан нь зохиол бичих, зохиолчидтой танилцан утга зохиолын амьдралын их зам руу шуудруулж өгсөн хэрэг.

Л.Чойжилсүрэнгийн анхны шүлэг 1952 онд “Залуучуудын үнэн” сонинд “Сурагч пионерүүд ээ!” нэртэйгээр хэвлэгдсэн байна.

Л.Чойжилсүрэн гэргий Г.Оюуны хамт Булган аймагт

1957 онд дээд сургуулиа дүүргэн, багшийн мэргэжил эзэмшин өөрийн нутаг Хөвсгөл аймагтаа очин, 1960 он хүртэл Тариалан сум, Мөрөн хотын 10 жилийн дунд сургуульд багшилсан байна. Уг онд улс орон даяар өрнөж байгаа их үйлсийг судлан сурвалжлан бичих, хөдөө нутгийн хөгжил хувьслыг уран зохиолын хүрээнд оруулж цаг үеийн баатруудын дүрийг мөнхжүүлэх тухай нам засгийн тэр үеийн шийдвэр заалтыг биелүүлэх зорилгоор Уран Бүтээлчдийн Холбооноос аймаг хариуан ажиллах мэргэжлийн зохиолчдыг томилон хэд хэдэн аймагт илгээсэн шийдвэр гарсан бөгөөд Л.Чойжилсүрэнг Хөвсгөл, Булган хоёрыг хариуцсан мэргэжлийн зохиолчоор томилжээ.

Л.Чойжилсүрэн Б.Ринчен гуайн хамт
Зохиолчдын эвлэлийн хурлын үеэр Л.Чойжилсүрэн, Л.Түдэв нар

1960-63 онуудад Л.Чойжилсүрэн залуухан зохиолч хэдий ч амьдрал судлах уран зохиол бичихэд хэрэгтэй баримт цуглуулах талаар үнэхээр ихийг хийж, олныг бодож, хожмын цуврал романуудынх нь дүр болох олон сонирхолтой хүмүүстэй уулзан учирчээ. Л.Чойжилсүрэн мэргэжлийн зохиолчийн энэ үр ашигтай томилолтынхоо гурван жилийг Хөвсгөл, Булганд өнгөрөөж амьдралынхаа итгэлт хань Г.Оюунтайгаа танилцан ханилж 1963 онд Улаанбаатар хотод орж ирэн Монголын Зохиолчдын Эвлэлийн төв штабт 1990 оныг хүртэл буюу тэтгэвэрт гартлаа ажилласан байна. МЗЭ-ийн хороонд “Утга зохиол урлаг” сонины ажилтан, хариуцлагатай нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн зохиолын секцийн эрхлэгч зэрэг ажлуудыг сүүлийн гуч шахам жилд хийжээ.

Л.Чойжилсүрэн Монголын зарим зохиолчидтой хамт

1965-67 онуудад Москва хотод М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курст хоёр жил суралцан төгссөн.

Бүтээлийн мөр[засварлах | кодоор засварлах]

Өөрийн туулсан бүх амьдралаа бурхан шашныг хараан зүхэж байсан тийм нөхцөлд өнгөрөөсөн жар шахам настай социализмын сонгодог сэхээтэн шашны нэгэн том зүтгэлтэн хутагт хувилгаан тэр тусмаа эх орноосоо хөөгдөх шахам гарч сүүлдээ капиталист Америкт очин амьдарсан хүний тухай зохиол бичнэ гэж эрс шийдэмгий хөөцөлдөн, нэр төр, хөрөнгө санхүүгийн болоод сэтгэл санааны их бэрхшээл саадыг зоримог шийдэмгийгээр давж, Америк тивд зөвхөн уран бүтээлийн зорилгоор хөл тавьсан анхны монгол зохиолч бол Л.Чойжилсүрэн байсан юм. Зөвхөн энэ ганц баримт л түүний сэтгэлийн тэнхээ, цаг үетэйгээ зохицох чадварыг гэрчлэх биз ээ! 1989 он гэдэг ерэн хэдэн онтой зүйрлэх аргагүй юм юм бүрхэг, хэрэг явдал хаашаа, яаж эргэх нь тодорхойгүй байсан үе. Л.Чойжилсүрэн Америкт очиж Дилав хутагтыг амьдарч байсан Нью Жерси болон Америкийн бусад хотуудаар явж баримт түүхийг уйгагүй цуглуулж ирснээр “Дилав хутагт” хэмээх түүхэн эссэ-роман төрсөн билээ.

Монгол улсын гавьяат багш, Утга зохиол судлаач, шинжлэх ухааны доктор профессор Ч.Билэгсайханы хамт

1990-ээд онд “С.Зоригийн инээвхийлэл” номын анхны эхийг С.Зориг өөрөө уншсан байдаг. Нэг жил хэртэй түүний сейфэнд хадгалагдсан. “Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан, өөрийнхөө тухай ном гарахаас болгоомжилж буйг ойлгоод асууж ярилцахаа хойшлуулсан байсан хэрэг. Харин түүнийг амь насаа харамсалтайгаар алдсны дараа ном хэвлэгдсэн.” хэмээн ярьж байсан.

“Хот сэрж байна. Монгол орон ч сэрж байна. Дэлхий нийтийн хөгжлийн гольдролд орох гэж Эх орон минь сэрж  байна. Далан жил бид “Хувийн өмчгүй” нийгэм байгуулах гэж зүтгэлээ. Хийж босгосон нь их ч гэлээ дэлхий ертөнцөөс таслагдаж, хязгаартай орчинд, хязгаартай амьдарч байлаа. Уг нь бид нэгэн цагт дэлхийн талыг байлдан дагуулсан эзэн Богд Чингисийн гал голомтыг зуун зууны туршид алдалгүй авч үлдсэн баатарлаг удмын улс... Хэн ч биднийг тэжээхгүй. Өөрийн диваажин гэж байдаг бол өөрснөө байгуулна. Үүнийг бүү март! Баабарын хэлснээр “Мартвал сөнөнө.” Энэ үг цагтаа хүмүүсийг бас л сэрээж билээ. За ингээд би ч хичээх цаг боллоо. Надаас л шалтгаална. Аян замдаа гаръя...” (Зоригийн инээвхийлэл – УБ 1998 он 5-6 дугаар тал)

Нийгмийн нөлөөлөл[засварлах | кодоор засварлах]

Л.Чойжилсүрэн кино найруулагч Д.Жигжидийн хамт "Ард Аюуш" киног бүтээж байх үеэр

Л.Чойжилсүрэн зохиолчдын хороонд ажилласан сүүлийн  хорь шахам жилээ залуу зохиолчидтой ажиллах, тэдний бүтээл туурвилыг засаж зөвлөхөд зориулсан. Л.Чойжилсүрэн нь үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгчийн хувиар “Үргэлжилсэн үгийн залуу зохиолчдын танхим”-ыг байгуулан ажиллаж хожим утга зохиолд хэн болохоо таниулж чадсан хэсэг залуу зохиолчдын багш нь болсон юм.

Л.Чойжилсүрэн Алдаржавын Аюушын дүрд

Л.Чойжилсүрэн нь зохиолч гэдгээсээ гадна кино найруулагч Д.Жигжид гуайн найруулсан “Ард Аюуш” киноны гол дүр болох “Ард Аюуш”-ын дүрд тоглож хэдий жүжигчин мэргэжилтэй биш ч гэлээ маш чадварлагаар тоглон олонд танигдсан билээ.  Суут найруулагч маань гол дүрийн Ард Аюушаа “эрж явахдаа” гэнэт Чойжгоо нүдэнд нь харагдсан гэдэг. Уг киноноос хойш Чойжгоог “Ард Аюуш” хэмээн нэрлэх хүмүүс цөөнгүй гарсан.

Уран бүтээлийн тойм[засварлах | кодоор засварлах]

Зохиолч Л.Чойжилсүрэн Монголын шинэ үеийн уран зохиолын түүхэнд цуврал, түүхийн сэдэвтэй эссэ романуудаараа өөрийн гэхээр зам мөрийг гаргасан том зохиолч. Монгол хүн хорьдугаар зуунд ямархуу түүхэн цаг үе, хэрэг явдлыг туулаад хэн болж, ямархан байдлаар үлдэж шинэ зуунтай золгов гэдгийг өөрийн бичсэн том хэлбэрийн хүүрнэл баримтат эссэ романууддаа үзүүлжээ.

Уран бүтээлийн товчоон[засварлах | кодоор засварлах]

Хэвлүүлсэн бие даасан ном Төрөл Он
1 Нэгдлийн өдөр Шүлгүүд 1956
2 Эрийн гурван наадам (орос, англи хэлээр) Найруулал 1957
3 Уулын суурины оддын доор Хүүхдийн найраглал 1960
4 Улаан залаат болжмор Хүүхдийн найраглал 1960
5 Хаврын урь Найраглал 1961
6 Далай ээж Хүүхдийн найраглал 1962
7 Өвсний шүүдэр Роман 1963
8 Гэнэн залуу нас Тууж 1964
9 Шинийн гуравны саран Тууж, өгүүллэг 1965
10 Алсын оддын гэгээ Шүлгүүд 1967
11 Фронтоос би саяхан ирлээ 1969
12 Дааганы шогшоо Хүүхдийн өгүүллэг 1969
13 Морин төвөргөөн Роман 1970
14 Хялганатын гармаар Найруулал, тууж 1973
15 Стук копыт (Морин төвөргөөн - орос хэлээр) Роман 1973
16 Яндангийн цуурай Роман 1974
17 Оргил хангайн буга Хүүхдийн найраглал 1975
18 Өглөөний жавар Өгүүллэгүүд 1976
19 Стукiт копит (Морин төвөргөөн- Украйн хэлээр) Роман 1976
20 Kanopu dundesys (Морин төвөргөөн - литва) Роман 1976
21 Эhriмелер (Морин төвөргөөн - казак хэлээр) Роман 1977
22 Шөнийн онгоцоор Шүлэг, найраглал 1978
23 Хаврын жавар Роман 1979
24 Унтрашгүй гэрэл Өгүүллэг, тууж 1980
25 Өвсний шүүдэр (1, 2-р дэвтэр) Роман 1981
26 Амьдралын хавар Өгүүллэг, тууж 1983
27 Нартай бороо Роман 1985
28 Ялалтын намар Роман 1988
29 Токио-48 Тууж 1990
30 Далай ээж Хүүхдийн найраглал 1991
31 Түгшүүрт хорвоогийн наран доор Роман, тууж 1991
32 Дилав хутагт Роман 1994
33 С.Зоригийн инээвхийлэл 1998
34 Морин төвөргөөн Роман 1999
35 Ариун сэтгэл авралын үндэс (Дилав хутагтын бүтээлүүд) 2000
36 Нью-Йорк 61 Роман 2001
37 Ард Аюуш Дүртгал, уран сайхны бүтээлүүд, баримт  судалгаа 2002
38 Данийск орос ба Булган тал (монгол,англи хэлээр) 2003
39 Дилав хутагт Баримтат роман эссэ 2004
40 Нью-Йорк 61 Баримтат роман эссэ 2008
Амьдралын хавар Өгүүллэгүүд