Хажи Мухаммед

Хажи Мухаммед (перс: حاجی محمد; татар: Xaci Möxämmäd) бол 1419-1423/1427 онд Алтан Ордыг зарим нутгийг захирсан хаан юм. Түүний хаанчлалын жилүүд нь эрх мэдэлтэй ноёдын эрх ашгийн төлөө хөдөлдөг хаад хоорондын дайнд автсан үе байсан. Түүнийг хаан байсан болон ойролцоо цаг үед Үлүг Мухаммед, Күчүк Мухаммед гэдэг нэртэй 2 хүн хааны төлөөх тэмцэлд оролцож байсан учраас түүхчид тус бүрийг хочоор нь нэрлэж заншсан улбаа нь Хажи Мухаммед гэх нэр юм. Түүнийг Сибирийн хант улсыг үндэслэгч бөгөөд тус улсын хаадын дээдэс гэж үздэг.

Удам судар[засварлах | кодоор засварлах]

Хажи Мухаммедийн удам угсааг "Муизз ал-ансаб", "Таварих-и гузидах-и нусрат-нама" гэх хоёр сурвалжид Зүчи ханы хөвүүн Шибаны удмын Али ноёны хөвүүн гэж тэмдэглэснийг доор зураглан үзүүлэв.

Товч тойм[засварлах | кодоор засварлах]

1419 онд Эдигу ноён өргөмжилсөн Дервиш хааныг Тохтамышийн хөвүүн Кадыр берди хаан ялж, Сарай хотыг эзлэсний дараа Эдигу ноён Крымд очиж Бег Суфи гэх Зүчийн удмын эрийг хаанд өргөмжлөн Кадыр бердийг эсэргүүцэн байлдаж ялагдсны дараа Бег Суфи нь крымд үлдэж, Эдигу ноён Урал мөрний орчим дахь эх нутаг руугаа зугтан, Шибаны удмын Хажи Мухаммед гэх залууг хаан болгохоор сонгожээ. 1419 оны сүүлээр Урал мөрний орчимд болсон тулаанд Кадыр берди, Эдигу хоёул амь үрэгдсний дараа Эдигугийн хөвүүн Мансур ноён эцгийнхээ ажлыг гүйцээн Хажи Мухаммедийг Сарайчик хотод Алтан Ордын хаанд өргөмжлөн, өөрөө беглярбег болсон.

Энэ үетэй зэрэгцэн Сарай Бэрх хотод Тугатөмөрийн удмын Үлүг Мухаммед, Жаббар бердийн хөвүүн Давлат берди нар нэгэн зэрэг хаан болж Сарай хотыг булаалдан байлдаж; Хорезм мужд Төмөрийн улсын эзэн Үлүгбегийн дэмжлэгтэй Барак гэгч хаан болж Хажи Мухаммедийг буулгаж авахаар тэмцэж; крымд Бег Суфи, Гият ад-Дин ибн Шади бег, Худайдад гэсэн гурван хүн хаан болохын тулд газар бүрт цуст дайн гарч байв. Уг ширүүн тэмцэл дунд Хажи Мухаммед хаан 1423 эсвэл 1427 онд өөрийг нь хаан болгоход нөлөөлсөн Мансур беглярбегийн гарт амь үрэгдсэн. Учир нь Мансур ноён "өөрийн эхийн талын садан Барак хааны талд оржээ."[1]

Тэрээр Махмудек, Сайидек, Шиба Гази гэсэн гурван хөвүүнтэй байсан. Махмудекийн хөвүүн Ибак нь Сибирийн ханлигийг байгуулж, Мамук нь Тюмений ханлигийг байгуулсан.

Өмнөх
Кадыр берди
Алтан Ордын Хаан
1419-1423/1427
Дараах
Барак (Алтан Орд)

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Зүчийн Улс (Монголын Эзэнт Гүрний Түүх). Улаанбаатар: Мөнхийн Үсэг ХХК. 2019. p. 137.