Хаан

Чингис хаан

Хаан (монгол хэл: ᠬᠠᠭᠠᠨ Khagan, Khaan; түрэг хэл: 𐰴𐰍𐰣 Kaɣan) нь түрэг, монгол болон зарим өөр хэлэнд эзэн хаан ба хаант улсыг (khaganate - эзэнт гүрэн) захирдаг хүний байр суурьтай тэнцэх эзэнт гүрний дээд зиндааны цол байв. Эмэгтэй хүнд дүйх нь Хатан (Khatun) болой.

Үүнийг бас Хаадын Хаантай (King of Kings) дүйх "Хангуудын Хан" ("Khan of Khans") гэж хөрвүүлж болох юм. Болгар хэлэнд цол нь Хан (Khan) гэгддэг болсон, орчин цагийн монгол хэлэнд g авиа нь бараг дуудагддаггүй болсон тул уг цол Хаан (Khaan) гэх болсон байхад орчин үеийн турк хэлний Kağanğ нь бас дуудагддаггүй. Монголын эзэнт гүрэн хуваагдсанаас хойш Юань улс болон Умард Юань улсын эзэд хаан (Khagan) цолыг хэрэглэж байсан. Турк хэлэнд уг цолтой дүйх нь Kağan, Hakan, Kaan хэмээх Турк дахь нийтлэг турк нэрс болно.

Great Khan (өөрөөр Grand Khan) гэсэн барууны олонд түгсэн томъёолол нь нэн ялангуяа Монголын эзэнт гүрний тохиолдолд Yekhe Khagan-ы (Great Emperor буюу Их Хаан) орчуулга юм.

Нэрний үүсэл[засварлах | кодоор засварлах]

Уг цол нь нэршилийн хувьд Монгол болон Түрэг угсаатанд адил төстэй дуудагддаг нь хаяа залган сууж, хэл соёлоор харилцан нөлөөлдөг учраас адил дуудах тал байдаг. Dybo (2007) Хаган гэдэг үгийн эцсийн угсаатны язгуур нь дундад иран хэлний *hva-kama- 'өөрийгөө захирагч, эзэн хаан' гэсэн үгнээс гаралтай гэж үздэг бөгөөд 1966 онд Бенвенистийн үзлийг дагаж мөрддөг. Савельев, Жон 2020 нар Хаган гэдэг үгийн угсаатны язгуур аль аль нь болохыг тэмдэглэжээ. ба түүний эмэгтэйтэй дүйцэх Хатун гэдэг нь зүүн иран хэлнээс, ялангуяа "Эрт үеийн Сака *hvatuñ, гэрчилсэн согд хэлний xwt'w 'захирагч' (< *hva-tāvya-) болон xwt'yn "захирагчийн эхнэр" гэсэн үгсээс гаралтай байж болно. ' (< *hva-tāvyani)".[1]

Монголын түүхэн дэх Хаан цолны хэрэглээ[засварлах | кодоор засварлах]

Оргил үе[засварлах | кодоор засварлах]

Их Монгол Улсын 15 хааны 8 нь

Монголын Эзэнт Улсын үед уг цолны эрх мэдэл нь маш өргөн газар нутгийг захирах хүндэт цол болоод зогсохгүй бүх ертөнцийг захирах Мөнхтэнгэрээс заяат Далай Их Хаган гэж ойлгогдоход хүрсэн нь хаан цолны оргил үе нь байжээ. 1206-1259 оныг хүртэл бүх улс орон даяар орших нутгийг эзэмшиж байсан бол 1260 оноос эхлээд түүний мэдлийн хүрээ нь Монгол, Уйгур, Зүрчид, Хятан, Тангуд, Төвөд, Солонгос, Нанхиад Сүн улсын нутаг зэрэг Зүүн Өмнөд Ази, Зүүн Хойд Азиийн нутгуудыг шууд захирч, Зүчийн улс, Чагадайн улс, Хүлэгүгийн улсуудын ёс төдий эзэн нь байх хэмжээнд хүрч эрх мэдэл, хүч чадал нь бууран доройтоход хүрсэн явдал нь тухайн цагийн Хубилай-Аригбөх нарын хаан ширээний төлөө тэмцэл, Их Монгол улсын задрал зэрэг нь нөлөөлжээ. Гэсэн хэдий ч бүх Хятадын газар нутгийг эзэлж, тэдний эзэн хаан буюу Хуанди болсон нь эдийн засгийн хүрээнд том дэмжлэг бааз суурьтай болсон нь Юань улс мөхөх хүртэл их хааны сүр хүч хэвээр байхад нөлөөлсөн юм.

Доройтлын үе[засварлах | кодоор засварлах]

Юань улс мөхсөний сүүлээр Монголын их хаад нь хятадын том эдийн засаг, тэр нутагт суурьшсан монгол, түрэг уйгур цэргийн томоохон хүч бүхий чухал газар нутгийг алдсанаар хүч чадал, эд баялаг буурай болсоноор Хархорум төвтэй Монголд нутаглаж байсан овог аймгийн хүчирхэг эздээс үл ялгарах болжээ. Ингээд хөрөнгө мөнгө, хүчирхэг цэргийн дэмжлэггүй болсон нь том ноёдын тоглоомон хүүхэлдэй болох явдал их байсан. 1370-1480 он хүртэл "их хаан" цолыг хүртсэн Билэгт хаанаас эхлээд Даян хаан хүртлэх бүх хаад цөм цаг бусаар тэнгэрт хальж, хүчирхэг тайш ноёдын улс төрийн золиос болсон. Энэ үед Хаан гэдэг цолтой язгууртан бол аль нэг сурвалжит ноёны өмнөөс улсыг захирах эрх мэдэлд хүрэх хэрэгсэл болжээ. Энэ үед монголыг "Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн Ойрад" гэх болж, хаан эзэн зургаан түмнийг ерөнхийлөн захирдагаас, зүүн түмэн болох Халх, Урианхай, Цахар зэрэг нь шууд захирагдаж, баруун түмний Ордос, Түмэд, Юншээбүү нар нь их хааны угсааны жинонд захирагдаж, нөгөө дөрвөн Ойрад нь биеэ даасан байдалтай байв. Энэ үеийг чухамдаа Хятадын Мин улсын түүх сударт Бага хаадын үе гэж нэрлэх болсон.

1480-1547 оныг хүртэл их хаан цолыг хүртсэн 3 хүний үед нийт улсыг хураамжилан захирч, эртний Их хаадын сүр хүчийг санагдуулам дөхөж очсон ч, говийн өмнүүр нутаглаж, аймаг, овог бүрийг Хиад Боржигин овгийн хөвүүдээр захируулж эхэлсэн нь салан тусгаарлах, хаанд үл захирагдах эхлэлийг тавьжээ. Мөн Алтайн нуруугаар нутагтай Дөрвөн Ойрад түмэн, Байгаль нуур хавийн овог аймгууд их хааны захиргаанаас аажимдаа салангид байх нөхцөл бүрдсэн.

Бодь алаг хааны үед Урианхайн бослогыг дарахад гавьяа байгуулсан Түмэдийн Алтан тайжид Түшээт хан цол, Дарайсүн гүдэн хааны үед Шидау хан цол тус тус олгосон. Бас 1542 онд Ордосын Гүнбилэг мэргэн жинон тэнгэрт хальсны дараа баруун гурван түмнийг дүү Алтан хан нь захирах болсноор жинон цолтны эрх мэдэл хумигдаж эхэлснээр Монголын улс төрд их хаан, жинон хоёрын сүр хүч, эрх мэдлийг хан цолтой язгууртан орлох эхлэл тавигдсан. 1547-1548 онд Алтан ханы цэргийн түрэмгийлэлээр их хаанд захирагдаж байсан нутаг, Чингис хааны 8 цагаан гэр, сүлд тугууд, зарим аймаг, отгуудыг эзлэн авч, цэргийн хүч чадал өссөн нь их хааны сүр хүч, эрх мэдлийн хил хязгаар нь зөвхөн Хянганы нуруу хавийн нутаг, Хорчин аймгийн нутгаар хэмжигдэх хэмжээнд хүрсэн.

1578 оноос Түвэдийн Далай ламын лүндэнгээр Монголын бусад томоохон аймгийн хүчирхэг хунтайж, тайж нарт хан цол шагнасан явдал нь олон бага хаад ээлж дараалан тодрох явдал ихэссэн. XVII зууны эхээр Жанжүү Зүрчидийн Нурхачи баатар бусад овог аймгаа нэгтгэн хүчирхэгжих үеэс Хорчин, Өвөр Халхын тайж нарт харилцан хан цол шагнаж эхэлсэн. Мөн түүх сударт тэдгээр олон бага хангуудыг хаган буюу хаан гэж бичих, хэлэлцэх, их хаантай адилтган үзэх явдал өргөн хэрэглэж байснаар Түмэн засагт хаанаас хойшх цэргийн хүч нөлөө сул Буян сэцэн хаан, Лигдэн хутагт хаан нарын Монгол улусын их хаган гэх цол нь ердөө Цахар аймгийн эзэн гэж ойлгогдохоор болсон байна.

1630 он болох үест Өмнөд Монголын 16 аймгийн эздийн ихэнх нь хан цол хэрэглэж, Ар Халхын нутагт 4 язгууртан, ойрадад 2 язгууртан нийт 10 гаруй хүн хан цол хэрэглэж байжээ. Жишээ нь: Халхын Сэцэн хан, Хорчины Түшээт хан Ууба, Түмэдийн Алтан гэгээн сайн хан, Харчины Хөндлөн хан, Хотогойдын Алтан хан Шолой, Ордосын Бошигт жинон хан, Халхын Засагт хан, Чоросын Хархул хан, Хошуудын Байбагас хан... гэх мэт.

Монголын түүхээс арчигдсан үе[засварлах | кодоор засварлах]

Богд хааны тамга

Үүнээс улбаалж тэдгээр хангууд тус бүртээ нутаг хуваан сууж, бага улстай болсон нь үүний араас их бага ноёд үл захирагдах болсон нь аажимдаа Манжид эзлэгдэхэд дөхөм болж, 1635 онд Манжийн Абахай сэцэн хаан Бүх Монголын их хаан болсноор, Монголын их хаан цол хэрэглэхээ больсон. Гэхдээ энэ цол бол зөвхөн Манж Чин улсын хаадад л хамаарах болсоныг санах хэрэгтэй.

1911 онд Халхын дөрвөн аймаг Манж Чин улсаас салж, тусгаар Монгол улсыг байгуулснаар уг улсын хаанд 8 дугаар богд Жавзандамба заларчээ. Оны цолыг Олноо өргөгдсөн хэмээгээд 1911-1919, 1921-1924 онд тус тус Монголын хаан сууринд суусан сүүлчийн хүн юм.

Холбоотой өгүүлэл[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]