Аюушийн Загдсүрэн
Аюушийн Загдсүрэн | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | дуучин |
Аюушийн Загдсүрэн (1933 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Наран гозгор” хэмээх газар төрсөн— 2007 онд Вашингтонд нас барсан)- Монгол Улсын Ардын Жүжигчин, дэд профессор, дуурийн дуучин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ард түмэндээ “Алтан гургалдай” хэмээн алдаршсан Загдсүрэн нутгийн уугуул Аюушийн ууган охин болж мэндэлжээ.
Түүний хөгжмийн цагаан толгой анх заасан багш нь МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав гуай юм.
Түүнийг 1953 онд БНХАУ-д айлчлан тоглох урлагийн бүрэлдэхүүнд сонгож ”Шаргын шаргын жороо”, “Дөрвөн настай халиун” ардын 2 дуугаар,мөн хятад ардын дуугаар Хятадын үзэгч сонсогчдод ая бариулж явсан гэдэг. Румынд болсон Дэлхийн залуучууд Оюутны Их Наадамд торгууд ардын “Шаргын шаргын жороо” дуугаа найрал дуучдын түрлэг дор дуулж анхны Хүрэл медалийг 1953 онд эх орондоо авчирсан юм. Их наадмаас ирэхэд нь түүнийг Улсын Төв Театрт дуучнаар авчээ.
Тэрээр 1954 онд Москва хотын Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Их Сургуулийн оюутан болж 1959 онд мэргэжлээ онц дүнтэй төгсч, Монголын анхны мэргэжлийн эмэгтэй дуурийн дуучин болжээ. Уран бүтээлийнхээ алтан дөрөө болсон “Шаргын шаргын жороо”, ”Сүнжидмаа”, ”Аргагүй амраг”, “Шар хад” зэрэг ардын дуунууд, Д.Лувсаншарав багшийнхаа “Би чамд хайртай”, ”Хурдан зээрд” АЖ хөгжмийн зохиолч Д.Мяасүрэнгийн ”Алтан намар”, УГЗ, ТШ хөгжмийн зохиолч Г.Бирваагийн ”Гоёхон чимэг ч юмуу даа”, АЖ, дуучин Д.Жаргалсайханы “Ганцхан туулах насных”, Г.Дарамзагдын “Орчлонд би азтай төржээ” хөгжмийн зохиолч Нацагийн Мэндбаярын өөрт нь зориулж зохиосон ”Дуучин чамдаа” зэрэг дуунууддаа тэрээр их л хайртай байсан бөгөөд, сонгодог урлагийг бишрэн хүндэтгэдэг үзэгч, сонсогч олон маань түүний дуулсан Б.Дамдинсүрэн ”Жаргалын зам” дуурийн Халиуны ари, П.И.Чайковский ” Евгений Онегин” дуурийн Татъяана, А.Бородин ”Игор ван” дуурийн Ярославна, А.Даргомыжский ”Лусын дагина” дуурийн Наташагийн ари, С.Рахманинов “Алеко” дуурийн Земпирагийн ари, С.Гончигсумлаа ”Үнэн” дуурийн Ядмаагийн ари романсыг одоо болтол шимтэн сонсох дуртай билээ.
1967-оноос эхлэн дуулахын хажуугаар багшилж,1982 оноос СУИС-д Дуулаачийн тэнхимд Вокалын багшаар 2001 он хуртэл ажиллаж, олон арван авъяаслаг залуусыг их урлагийн замд оруулсан нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн байлаа.
2007 онд өвчний учир АНУ-ын нийслэл Вашингтон хотноо таалал төгсчээ.
Уран бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Ховдын аймгийн хөгжимт драмын театрт
[засварлах | кодоор засварлах]- Д.Нацагдоржийн зохиол, Б.Дамдинсүрэнгийн хөгжим ”Учиртай 3 толгой” дуурийн Хоролмаад 1952 оны 5 сард, удирдаач Яасай.
- Ч.Ойдовын зохиол”Залуу үе” жүжгийн Сүрэнгийн дүрд-1950 он
- ”Америкийн дуу хоолой” жүжгийн Марилагийн дүрд-1952 он
- Ч.Ойдовын зохиол”Далан худалч” жүжгийн Тунгалагийн дүрд-1953 он
- ”Арвижихын гэр бүл” жүжгийн Ханд-д 1952 он
УДБЭТеатрт
[засварлах | кодоор засварлах]- Б.Дамдинсүрэн “Учиртай 3 толгой”дуурийн Нансалмаад-1959 он. Удирдаач. Ж.Чулуун МУАЖ
- Д.Сэнгээгийн зохиол, С.Гончигсумлаа ”Үнэн” Дуурийн Ядмаа-д 1959 он Удирдаач. Ж.Чулуун МУАЖ
- Ч.Чимэдийн зохиол, Б.Дамдинсүрэн ”Жаргалын зам” дуурийн Халиуны дүрд-1960 онд, Ж.Чулуун МУАЖ
- А.С.Пушкины зохиол, П.И.Чайковский ”Евгений Онегин” дуурийн Татяьана-д 1963-6-8 нд удирдаач Ж.Чулуун МУАЖ
- Д.Намдагийн зохиол, Б.Дамдинсүрэн ”Шарай голын 3 хаан” дуурийн Оргомгуагийн дүрд 1963-8-10 нд удирдаач Ж.Чулуун МУАЖ
- А.Даргомыжский “Лусын дагина” дуурийн Наташа-д 1964-7 удирдаач. Ж.Чулуун МУАЖ
- В.Мурадель ”Октябрь” дуурийн Марина-д 1967-10 удирдаач, Ж.Чулуун МУАЖ
- С.Рахманинов ”Алеко” дуурийн Земпира-д 1968-9-15 удирдаач, Ж.Чулуун МУАЖ
- Б.Дамдинсүрэн ” Амарсанаа” дуурийн Гэрэлгуа-д 1970-7-20 удирдаач Ж.Чулуун МУАЖ
- Дж.Пуччини “Чио-Чио-сан” дуурийн Мадам Баттерфлей-д 1970-8-10 удирдаач Ж.Чулуун МУАЖ
- Дж.Верди “Травиатта” дуурийн Анина-д 1976 он, удирдаач. Ч.Жамсранжав УГЗ
- Б.Сметан ”Худалдагдсан бэр” дуурийн Людмила-д 1980 он удирдаач Ч.Жамсранжав УГЗ
- А.Бородины ” Игорь ван” дуурийн Ярославна-д 1967 он удирдаач, Ж.Чулуун МУАЖ
- П.И.Чайковский ”Евгений Онегин” дуурийн Ларина-д 1981 он удирдаач Ч.Жамсранжав УГЗ
Бусад
[засварлах | кодоор засварлах]- 1959-1974 онуудад 40 гаруй удаагийн Төрийн болон ойн баярын концертод,
- 1982-1983 онуудад Улсын Филармонитой хамтран 20 гаруй удаа концертод оролцсон.
- Монгол улсынхаа бүхий л аймаг, сумд, үйлдвэр, малчны сууриудад тоглолт хийжээ.
- Хятад, Орос, Румын, Польш, Герман, Югослав, Франц, Энэтхэг, Шриланк, Солонгос, Болгар, Америк зэрэг орнуудад айлчлан тоглолт хийсэн.
- Ереван, Баку, Улаан-Үдэ зэрэг хотуудад П.И.Чайковский ”Евгений Онегин”, А.Даргомыжский “Лусын дагина” дууриудад тоглосон.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1961-07-03.№151/,
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, /1979/
- Монгол Улсын Ардын Жүжигчин /1999-02-10. №22/,
- ЗХУ-ын Лениний шагнал /1978/,
- Ардын хувьсгалын ялалтын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн болон бусад медалиудаар шагнагджээ.
Цол хэргэм
[засварлах | кодоор засварлах]- СТА тэмдгээр 1983 он
- Доцент багш цолоор 1991 он
- Боловсролын тэргүүний ажилтан цолоор 1993 он
- Дэд профессор цолоор 1997 он