Бэгзийн Балжинням
Бэгзийн Балжинням | |
---|---|
Төрсөн | 1943 он |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Алма матер | БХКУДС |
Мэргэжил | Найруулагч, зураглаач, кино зохиолч |
Идэвхтэй | 1969 |
Бэгзийн Балжинням (1943 оны намар Ховд аймгийн Чандмань суманд төрсөн) Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, кино найруулагч юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Бэгзийн Балжинням 1943 онд Ховд аймгийн Чандмань суманд Аюурын Дэрэмийн отгон хүү болж мэндэлсэн байна.
Улаанбаатар хотын 2 дугаар 10 жилийн сургуулийг 1962 онд төгсөөд ЗХУ-ын Москва хотын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд 1964 онд кино зураглаачийн ангид элсээд 1969 онд төгссөн байна. Түүнийг 1951 онд аймгийн төвийн сургуульд орж нэгдүгээр ангиа ”онц” дүнтэй дүүргэж, хоёрдугаар ангид суралцаж байхад нь эсэргүүн байна гэж зарлаад хүүхдүүдээр алга ташуулан хөөлгөсөн тухайгаа “Холын зэрэглээн дунд” номондоо бичсэн байдаг. Сургуулиас хөөгдсөн Дэрэмийн Балжиннямыг дагуулан дараа жил нь ах Бэгз нь гэрээрээ нүүж Говь-Алтай аймагт очсон бөгөөд Балжиннямыг сургуульд оруулахын тулд өөрөөрөө овоглуулснаас хойш “Бэгзийн Балжинням” болжээ Б.Балжинням Говь-Алтай аймагт суралцаж байгаад Өвөрхангай аймагт 9 дүгээр анги төгсөөд Улаанбаатар хотод шилжин ирсэн.
1969 оноос Монгол кино үйлдвэрт оператор, 1976 оноос ерөнхий оператор, 1981 оноос ерөнхий найруулагч,
1990 оноос Соёлын Яамны сайд, 1993 оноос “Чингисфильм” ХХК-ний ерөнхий захирлаар ажиллаж байсан.[1]
Монголын кино урлагт тодорхой байр суурь эзэлсэн нэртэй уран бүтээлч тэрээр мөн нийгэм, олон нийтийн амьдралд идэвхтэй оролцдог байжээ. Б.Балжинням нь 1990 онд Соёлын яамны сайдын албан тушаалыг хашиж байхдаа Соёл Урлагийн Их Сургуулийг үндэслэн байгуулагчдын нэг байсан бөгөөд олон уран бүтээлчдийг кино оператор, найруулагчийн мэргэжилд дагалдуулан сургаж, халамжлан хүмүүжүүлэхээс гадна дээрх сургууль болон Радио, телевизийн дээд сургууль, “Зохиомж” дээд сургуулийн кино найруулагч, операторын ангид хичээл зааж, дадлага удирдаж, мэргэжлийн зөвлөгөө өгдөг байжээ.
Кино найруулагч, кино оператор Б.Балжинням нь Монголын кино урлагийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, найруулж зурагласан олон киногоороо дотоод гадаадын үзэгчдээс зүй ёсны талархал хүлээж, давтагдашгүй өвөрмөц арга барилаараа дотоод гадаадын мэргэжлийн байгууллага, хүмүүсээс ур чадварын өндөр үнэлгээ авдаг байсан Монголын цөөн хэдхэн уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор ордог билээ.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]"Мандухай цэцэн хатан" киног бүтээсний учир 1989 онд түүнд Төрийн шагнал хүртээсэн бөгөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн юм.[2]
Б.Балжиннямын бүтээсэн уран сайхны болон баримтат кинонууд Токио, Москва, Ташкент, Карловы-Вары, Монреаль, Тегеран хотуудын Олон улсын кино наадмуудад оролцож Тэргүүн байр болон тусгай шагналуудыг удаа дараа хүртэж байсан байна.
1990 онд Токиогийн олон улсын кино наадамд “Мандухай цэцэн хатан” киногоороо оролцож, уг кино нь Азийн шилдэг 10 киноны нэг болсон билээ.
1982 онд “Гарын таван хуруу” кино нь Москвагийн Олон Улсын Кино Фестивалийн Тусгай Шагнал хүртсэн бол 1986 онд Карловы Варын Олон Улсын Кино Наадмаас “Би чамд хайртай” бүтээл нь Чехийн Залуучуудын байгууллагын Шагналыг хүртжээ.
Б.Балжинням 1993-2007 оны хооронд Солонгос, Англи, Хонг-Конг, Япон, Итали, Австри зэрэг улс орны кино компаниудтай хамтран бүтээсэн уран сайхны болон баримтат уран сайхны 10-аад кинонд Монгол талын найруулагч, зөвлөхөөр тус тус ажилласан байна.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Нийт 80 гаруй баримтат кино, 15 уран сайхны киноны зургийг авч, есөн уран сайхны киног найруулан, долоо кино зохиолыг дангаараа болон бусадтай бичжээ.[3]
Уран сайхны киноны:
[засварлах | кодоор засварлах]- 1971 он - Улаан дарцаг - Зураглаач
- 1972 он - Ичээнд нь - Зураглаач
- 1973 он - Моторын дуу - Зураглаач
- 1974 он - Хань - Зураглаач
- 1975 он - Эх бүрдийн домог - Зураглаач
- 1975 он - Сүхболдын яриа - Зохиолч
- 1977 он - Дэгдээхэй нас - Зохиолч, зураглаач
- 1979 он - Тойрох хуудас - Зураглаач
- 1980 он - Говийн зэрэглээ - Зохиолч, зураглаач
- 1981 он - Гэрлэж амжаагүй явна - Зураглаач
- 1982 он - Жаргал даахгүйн зовлон - Зураглаач
- 1983 он - Гарын таван хуруу - Ерөнхий найруулагч, зураглаач
- 1984 он - Саруул талын ерөөл - Зураглаач
- 1984 он - Тань руу нүүж явна - Ерөнхий найруулагч, зураглаач
- 1985 он - Би чамд хайртай - Зохиолч, Ерөнхий найруулагч, зураглаач
- 1985 он - Ацаг шүдний зөрөө - Ерөнхий найруулагч
- 1986 он - Сүүдэр - Зохиолч, Ерөнхий найруулагч, зураглаач
- 1992 он - Шүтээн - Зураглаач
- 1987 он - Илүү сартай зун - Зохиолч
- 1988 он - Мандухай сэцэн хатан - Ерөнхий найруулагч
- 1989 он - Эргүүлэг - Зохиолч
- 1989 он - Хачин хүн - Ерөнхий найруулагч
- 1992 он - Мөнх тэнгэрийн хүчин дор - Ерөнхий найруулагч
Баримтат кино
[засварлах | кодоор засварлах]“Монгол оронд айлчилна уу”, “Хайгуулчид”, “Шинэ амьдрал”, “Монгол-Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэг”, “Хээрийн сургууль”, “Халгай”, “Амарбаясгалант хийд” зэрэг маш олон баримтат кино, кино мэдээ-сэтгүүлийн оператор, найруулагчаар ажиллаж байжээ.
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ http://mongol-kino.mn// – [1]
- ↑ http://mongol-kino.mn// – [2]
- ↑ http://art.news.mn// – Archive copy (Memento 6. Гуравдугаар сар 2016 цахим архивт)