Jump to content

Бүрни ван

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бүрни (? - 1675) бол Монголын хиад боржигин овогт цахарын Лигдэн хааны хүү Абунай вангийн хүү бөгөөд 1669-1675 онд Цахар хошууны засаг ноён, хошой чин ван байсан. 1675 онд Чин улсын ноёрхолыг эсэргүүцэн бослого гаргаад ялагдаж, алуулсан.

1659 онд Абунайн харъяат иргэн зөрчил гаргасанд Чин улсын төрөөс 1000 адуугаар торгож, энэ явдлын дараа Абунай ван, Бээжин хотод очиж, хаан төрд бараалхалгүй 10 жил болсон учир 1669 онд түүний аливаа зэрэг хэргэмийг нь эвдэж Мүгдэнгийн шоронд хорьж, ахмад хөвгүүн Бүрнид чин вангийн хэргэмийг залгамжлуулан, манж гүнжтэй хуримласан.

1673 оны 11 дүгээр сард Хятадын Юньнань мужид У Саньгүй нарын удирдсан Чин улсыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн өрнөж, Энх-Амгалан хаан Бээжинд байсан бүх цэргээ дайчлан бослогыг дарахаар өмнөд оронд томилсон тул Бээжин хотын харуул хамгаалалт ихэд суларсан үеийг ашиглаж Бүрни чин ван, Ажари лам нар Чин улсыг эсэргүүцэх сайхан боломж гэж үзээд Цахар хошууны үндсэн цэргийг дайчлан 1675 оны 3 сараас бослогын бэлтгэл хийж эхэлсэн. Тэрээр эхлээд Мүгдэнд байх эцгээ аварч дараа нь Бээжин хотыг бүслэн байлдахаар төлөвлөж байгааг түүний манж хатан дээш мэдээлснээр бослогын үйл ажиллагааг нарийн боловсруулж амжилгүй 1675 оны 3-р сарын 25-ны өдөр бослого гаргахдаа Сюаньфу хавиар шилжин суусан цахарчуудтайгаа нийлэх зорилгоор Чуулалт хаалгыг довтлов. Үүнийг сонссон Чин улсын засгийн газар цэрэг морио яаран зохион байгуулж төрийн итгэлт жүн ван Ужа болон бичгийн эрхэм сайд Туухай нарт цэрэг өгч Бүрни ванг дайлуулжээ. 1675 оны 4-р сарын 22-ны өдөр хоёр талын цэрэг Дал гэдэг газар байлдаж Бүрни вангийн цэрэг ялагдаж дүү Лувсаны хамт 30-аад морьтныг дагуулан бүслэлтийг шувтлан гарч Жаруудын хилд оржээ. 5 дугаар сарын эхээр Хорчины эфү Шажин Хорчин таван хошууны цэргийг дайчилж, Бүрни ван болон Лувсан тайжийг харван хөнөөж, Лувсан тайжийн гэргий Шажин вангийн охин дүүг[1] олзлон авсан. Бослого дарагдсаны дараа Чин улсын засгийн газраас зарлиг буулгаж Абунай чин ванг боомилон алж, Бүрнигийн бусад хүүхэд, ач, зээ нарыг хүйс тэмтрэн устгав. Энэ явдлын дараа Цахарыг манж уламжлалаар найм болгон хувааж, Манжийн хаанаас томилсон амбанд шууд захируулж, зарим өрхийг нь Шинжаан, Халх, Өвөр Монголын олон хошуунд тараан суулгажээ.

Өмнөх
Абунай
Цахарын засаг ноён, хошой чин ван
1669-1675
Дараах
Татан буулгасан
  1. Ц, Цэрэндорж нар (2006). Зарлигаар тогтоосон Гадаад Монгол, Хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир. Улаанбаатар. pp. 144–146.