Jump to content

Энх амгалан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Энх Амгалан хаан-с чиглүүлэгдэв)
Энх Амгалан
Чин улсын хаан
Хаанчлал1661.02.05-1722.12.20
(61 жил, 4-р хаан)
Төрсөн огноо1654 оны 5 сарын 4 (1654-05-04)
Төрсөн газарБээжин, Бор хот
Өнгөрсөн огноо1722 оны 12 сарын 20
(68 насалсан)
Өнгөрсөн газарБээжин, Бор хот
ОршуулсанЧингийн зүүн бунхан
ӨмнөхЭеэр засагч
УдаахНайралт төв
Их хатан19 хатан, 35 татвар
Хүүхэд24 хүү, 12 охин
ЭцэгЭеэр засагч
ЭхШяоканжан
Ургийн овогАйсингиоро
Оны цолманж: Элхэ тайфин
          ᡝᠯᡥᡝ ᡨᠠᡳ᠌ᡶᡳᠨ
монгол: Энх амгалан
           ᠡᠩᠬᠡ ᠠᠮᠣᠭᠣᠯᠠᠩ
хятад: Канши / 康熙

Энх амгалан (1654-1722; 68 насласан) — 1661-1722 онд төр барьсан Чин улсын дөрөвдүгээр хаан, манж хүн байв.

Залуу хаан

Шуани 1654 оны 5 сарын 4-нд Бээжингийн Бор хотод Эеэр засагч хааны (1638–1661 онд амьдарсан) гуравдугаар хүү болон төржээ. Шяоканжан хатан эх (1640–1663) нь зөрчин гарвалтай хятаджисан Тун овогтон байсан ба энэ овог сүүлд манжийн тунгия овог болсон.

Эцгээ өөд болсоноос 2 хоногийн дараа 1661 оны 2 сарын 7-нд 7 насандаа Энх амгалан хаан өргөмжлөгдөв. Түүний оны цолыг манжаар Элхэ тайфин, хятадаар Канши (Kāngxī), хааны сүмийн цолыг хятадаар Чин Шөнзү гэдэг. 1662 оноос Энх амгалангийн оныг тоолж эхэлсэн.

Хаан балчир тул Амарлингуй хатан эмэг нь Сонин, Суксаха, Обой гэх гурван сайдаар төр бариулах болсон. Сонин сайд охин нь их хатан (Шяочөнрэнь их хатан) болсны дараа нас барж, Обой Суксаха хоёр тэмцэлдэн Обой ялжээ. 1669 онд 15 настай Энх Амгалан хаан Амарлингуй хатан эмгийн тусламжтай Обойг баривчилж төрөө гартаа авав.[[ ]]

Энх амгалан хааны үед манжийн найман тугийн цэргийн зохион байгуулалттай манж, монгол морьт цэргээс гадна хятад ногоон тугийн явган цэргээр хүчээ зузаатгажээ. Түүний засаглалын үед Тухай, Фиянгу, Жан Юн, Жоу Пэйгун, Ши Лан зэрэг олон жанжид гарч ирсэн нь олон удаагийн дайн байлдаанд ялалт байгуулахад чухал үүрэг байгуулсан.

Морь унаж, шадар хамгаалагчдаар хамгаалуулан яваа

1662 оны хавар төр баригч гурван сайдын тушааснаар өмнөд нутагт хятадын Минг сэргээхийг оролдогсдыг мөшгиж эхэлснээр Кошинга нар Тайвань руу зугтан гарсан. 1673 онд өмнөд нутагт бий болсон Ү Сангуйн урвалгыг Жоу Пэйгун, Тухай хоёр жанжин очиж дарсан.

1683 онд Тайвань дахь Туннингийн вант улсыг Кошингагийн ач Жөн Көшуан удирдаж байхад Ши Лангаар удирдуулсан тэнгисийн цэрэг очин мөхөөж газар нутаг хүн ардыг Чин улсад дагуур оруулжээ. 1672 онд Вьетнамтай муудан 1727 оныг хүртэл 45 жил шийдвэргүй сөргөлдсөн.

1650-аад оноос Чин улс Оростой нутаг булаацалдах болж Хар мөрнийг гатлан Албазиныг бүсэлж байв. 1680-аад онд идэвхтэй байлдсаны эцэст 1689 онд Нэрчүүд уулзан хоёр улс хилээ тогтоож, баталгаажуулсан нь Нерчийн гэрээ юм.

1699 он. 45 настай

Монголчуудын нэгдсэн улс 1634 онд унаж, хожмын өвөр монгол бүрнээр Дээд эрдэмт хааны үед Чин улсад дагаар орсон юм. Хааны аймаг байсан цахар монгол 1675 онд бослого дэгдээж цөлөгдсөн. Тусгаар байсан халх монгол 1688 онд Зүүнгарын Галдангийн дайралтанд дийлдэн Өндөр гэгээн нар Говийг гатлан ухарч Чин улсад дагаар оров. 1690 онд Зүүнгарын ойрад монголчуудтай манж Чингийн цэрэг Улаан бутанд тулалдаад 1696 онд Энх амгалан хаан өөрийн биеэр 8 түмэн цэрэг авч мордон Зуун модноо Галданг дийлж дутаалгажээ.

1700 онд шибэ манжийг нүүлгэн шилжүүлэхэд тэд эсэргүүцэн бослого гаргаж байв. 1701 онд төвөдийн нутгийн зах одоогийн Сычуань дахь Дарцэдог эзлэж авсан. Зүүнгар-Төвөд холбоолж Чин улсыг сөрж байсан ба Төвөдийн Санжжамцыг 1705 онд хошуудын Лавзан хан хорооход Энх амгалан хаан хүндээр шагнасан байна. Харин Лавзан ханыг Лхаст байхад 1717 онд Зүүнгараас дайлан ирж дуусгажээ.

Ер нь Манж Чин улсын Энх-Амгалан хаан л улам хүчирхэгжиж байсан хаант оросын цэргүүдийг манж монголын хойд хил дээр тогтоож, орос казак цэргүүд монголын Хиагт, манжийн Амур мөрнөөс нааш дотогш дайрч орохыг нь зогсоож чадсан юм. Ингэж чадаагүй бол Ар Монгол бүхэлдээ, Манжууур бүхэлдээ хаант Оросын түрэмгийлэлд өртөж хаант Оросын харьяанд орох байжээ.

1689 он. Бор хот

Энх амгалангийн үеийн Чин улсын орлого:[1]

1668 (Энх амгалангийн 7-р он): 14,930,000 лан
1692: 27,385,631 лан
1702–1709: 50,000,000 орчим лан
1710: 45,880,000 лан
1718: 44,319,033 лан
1721 (Энх амгалангийн 60-р он): 32,622,421 лан

Энх амгалангийн сүүлийн жилүүдэд цэргийн зардал өсч, авлига ихэсч улсын сан буурчээ.

Ваар

Чин улсад зүтгэх хятад сайд түшмэдэд зориулж 1710 онд зарлиг болгон хятад толь бичиг хийлгүүлсэн нь 47,000 ханзийг багтаасан байв. 1705 онд Тан улсын шүлэг найргийг бүрэн багтаасан боть хэвлүүлжээ. Энх амгалан хаан католик шашны номлогч Фердинанд Вербист нартай уулзан нөхөрлөж байв. Энх Амгалан Хятад орны түүхэн дэх Өрнөдийн хөгжмийн зэмсгийг тоглож сурсан анхны хаан байв. Хятадын цэнхэр ваар энэ үед их алдаршсан.

Өрнөдөөс ирэгсэд католик шашин номлохын хажуугаар одон орон, цэрэг зэвсгийн шинэ технологи их бууг танилцуулж, шинжлэх ухааны хичээл зааж байв.

Шяочөнрэнь
Иньрөн
Найралт төв

Энх - Амгалан хаан монголын алтан урагтай худ ураг бололцож байв. Энх - Амгалан хаан 4 их хатан,68 татвартай байсан. 20 агь хөвгүүн, 20 гүнж охинтой байсан. Энх- Амгалан хааны зургадугаар гүнж охин Көжүн нь Халхын алтан ургийн Түшээт хан, Чин ван Дондовдоржийн хатан байсан. Энх Амгалан хааны 4 гүнж охин монголын ноёдтой ураг барилдаж хатан нь болж байжээ.

Нийт хатан, татварын тоо 72. Үүнд: Их хатан (皇后)-4, хуан гүйфэй (皇貴妃)-3, гүйфэй (貴妃)-1, фэй (妃)-11, пин (嬪)-10, гүйрэн (貴人)-16, шүфэй (庶妃)-4, чанзай (常在)-13, да-ин (答應)-10.

  • Шяочөнрэнь их хатан (1653-1674) — Хэсэри овогт Габулагийн охин
  • Шяожаорэнь их хатан (1653-1678) — Ниохуру овогт Эбилүний охин
  • Шяоирэнь их хатан (?-1689)— Тунгия овогт Тун Гүовэй(佟國維)гийн охин
  • Шяогунрэнь их хатан (1660-1723) — Уяа овогт Вэйвү(威武)гийн охин
  • Чюй Хуй эрхэм хатан — Тунгия овогт Тун Гүовэй(佟國維)гийн охин, Шяоирэнь их хатны дүү
  • Дун И эрхэм хатан — Гувалгия овогт Юманий охин
  • Шун Ими хатан — Сүжоугийн захирагч Ван Гүожэний (王國正) охин
  • Рун хатан — Магия овогт Гайшангийн охин
Агь

Энх амгалан хааны хатад татвар эмсээ нийт 34 агь төрснөөс 24 агийг албан бичигт хааны агь хэмээн тооцжээ. Үүнд:

  • 1-р агь Иньжи (1672-1735) — Хуй хатны хүү, 1698 онд Жи жүн ван, 1708 онд цолоо хураалгуулсан, оршуулахад бэйс гэж байсан.
  • 2-р агь Иньрөн (1674-1725) — Шяочөнрэнь их хатны хүү, 1675 онд ханхүү, 1708 онд цуцлагдсан, 1709 онд дахин ханхүү, 1712 онд дахин цуцлагдсан, хожим Ли чин ван гэсэн.
  • 3-р агь Иньжи (1677-1732) — Рун хатны хүү, 1698 онд Чөн жүн ван, 1699 онд бэйл, 1709 онд чин ван, 1730 онд жүн ван.
  • 4-р агь Иньжэнь (1678-1735) — Шяогунрэнь их хатны хүү, 1698 онд бэйл, 1709 онд Юн чин ван, 1722 онд Найралт төв хаан.
  • 5-р агь Иньчи (1678-1735) — И хатны хүү, 1698 онд Хөн чин ван.
  • 8-р агь Иньси (1681-1726) — Лян хатны хүү, 1698 онд бэйл, 1723 онд Лян чин ван, 1726 онд шоронд хоригдож нас барсан, 1778 онд нэрийг сэргээсэн.
  • 9-р агь Иньтан (1683-1726) — 1709 онд бэйс, 1725 онд шоронд, 1726 онд нас барсан, 1778 онд нэр сэргэсэн.
  • 10-р агь Инье (1683-1741), 1709 онд Дунь жүн ван, 1724 онд цолоо хураалгаж, 1737 онд фу гүо гүн цол хүртэж, нас барсны дараа бэйс цолоор өргөмжлсөн.
  • 11-р агь Иньзи (1685-1696), багадаа нас барсан.
  • 12-р агь Иньтао (1686-1763), 1709 онд бэйс, 1722 онд жүн ван цол хүртэж, 1724 онд цолоо хураалгаж, 1730 онд дахин жүн ван болсон. 1736 онд Лү-и чин ван болсон.
  • 13- р агь Иньшян (1686-1730), 1709 онд бэйс, 1712 онд цолоо хураалгаж, 1722 онд Ишянь чин ван болсон.
  • 14-р агь Иньти (1688-1756) — 1709 онд бэйс, 1723 онд Шюнь жүн ван, хэдэн удаа цолоо хураалгаж сэргээлгэж байсан.
  • 15-р агь Иньшу (1693-1731), 1726 онд бэйл, 1730 онд Юкө жүн ван цол хүртсэн.
  • 16-р агь Иньлү (1695-1767), 1723 онд Жуанкө чин ван цол хүртсэн.
  • 17-р агь Иньли (1697-1738), 1723 онд жүн ван, 1728 онд Гүо-и чин ван болсон.
  • 18-р агь Иньшиэ (1701-1708), Чөндө ууланд нас барсан.
  • 19-р агь Иньжи (1702-1704), багадаа нас барсан.
  • 20-р агь Иньи (1706-1755), 1726 онд Жянжин бэйл цол хүртсэн.
  • 21-р агь Иньши (1711-1758), 1730 онд бэйс цол хүртсэн. Удалгүй бэйл болж, 1735 оны 12 сард Шөнжян жүн ван цолтой болжээ.
  • 22-р агь Иньху (1712-1744), 1730 онд Гүнчин бэйл цол хүртсэн.
  • 23-р агь Иньчи (1714-1785), 1730 онд Чэн бэйл цол хүртсэн.
  • 24-р агь Иньми (1716-1773), 1733 онд Шянкө чин ван болсон.
Гүнж

Энх амгалан хааны олон хатдаас нийт 20 охин төрсөн боловч, найман гүнж нас биед хүрч гэр бүлтэй болсон. Үүнд:

  1. Руншянь гүрүн гүнж — Магия овгийн сул хатнаас төрсөн. Баарин хошууны засаг төрийн жүн ван Өргөнтэй гэрлэсэн
  2. Дуаньжинь хошой гүнж — Жаогия овгийн гүйрэнээс төрсөн. Зостын чуулганы харчин баруун хошууны засаг дүүрэн жүн ван Галсантай гэрлэсэн
  3. Көжин гүрүн гүнж — Гороло овгийн гүйрэнээс төрсөн. Халхын Түшээт хан Галдандоржийн хөвүүн чин ван Дондовдоржтой гэрлэсэн.
  4. Вэньшян гүрүн гүнж: Уяа овгий дэфэй татвар эмээс төрсөн. 1700 онд Тунгиа овгийн Шүньанянтай гэрлэж, 1702 онд нас барсан.
  5. Чүньцюэ гүрүн гүнж: Нара овгийн татвар эмээс төрсөн. 1706 онд халхын түшээт хан аймгийн ноён Цэрэнтэй гэрлэж, 1710 онд нас барсан.
  6. Вэнькө хошой гүнж: Жангия овгийн Минхуй хуан гүйфэйгээс төрсөн. 1706 онд Онниуд хошууны засаг төрийн жүн ван Цанжинтай гэрлэсэн.
  7. Чюэжин хошой гүнж: Юань овогт гүйрэнээс төрсөн. 1706 онд хятад жанжин Сүнь Сикэгийн хөвүүн туслагч түшмэл Сүн чэнюньтэй хуримлсан..
  8. Дүнькө хошой гүнж: Жангия овгийн Минхуй хуан гүйфэйгээс төрсөн. 1708 онд Хорчины боржигин овгийн Дорж тайжтай хуримлаж, 1709 онд нас барсан.

Урлагт дүрслэгдсэн нь

[засварлах | кодоор засварлах]
  1. "Kangxi Emperor". Татаж авсан: 21 March 2013.
Өмнөх
Эеэр засагч
Чин улсын хаан
1661—1722 он
Дараах
Найралт төв