Хичээнгүй Амарлингуй Гүнж
| Хичээнгүй Амарлингуй Улсын Гүнж Хичээнгүй Амарлингуй Гүнж | |
|---|---|
| Төрсөн | Айсин Гиоро овогт 1679 он Бээжин, Хориотой хот |
| Нас барсан | 1735 он Хөх хот, Көжин гүнжийн ордон |
| Оршуулагдсан газар | Одоогийн Төв аймаг, Тэрэлж, Гүнжийн сүм |
| Хөшөө дурсгал | Гүнжийн сүмийн "Гүнжийн Гэрэлт Хөшөө" Хөх хот дахь Көжин гүрний гүнжийн ордон |
| Яс үндэс | Айсингиоро |
| Үндэстэн | Манж |
| Хэргэм | Хошой гүнж (1697-1723); Гүрний гүнж (1723-1735) |
| Эхнэр (нөхөр) | Дархан чин ван Дондовдорж |
| Хүүхэд | Ринчендорж, Гэжэйдорж, Хаявдорж |
| Эцэг эх | Энх Амгалан хаан |
Хичээнгүй Амарлингуй Гүнж буюу Гүрний Кө жин Гүнж (хятадаар: 固伦恪靖公主, пининь:Gù Lún Kè Jìng Gōngzhǔ) нь Энх Амгалангийн 18-р оны (1679) 5-р сарын 27-ний өдөр Манж Чин Гүрний Энх Амгалан хааны зургаадугаар охин болон мэндэлсэн байна. Эх нь Манж Гороло овгийн гүйрэнь (贵人) цолтой татвар эм байсан ажээ. Энх Амгалангийн 36-р онд (1697 он) Энх Амгалан хаан зарлиг буулган "Гинггүн Элхэ Хошой Гүнжү" буюу "Хичээнгүй Амарлингуй Хошой Гүнж" хэмээх цол олгож, Халх Монголын Түшээт хан аймгийн Дархан чин ван Дондовдоржид их хатан болгон соёрхжээ. 1723 онд Найралт төв хааны зарлигаар "Гүрний гүнж" хэргэмээр шагнуулсан.
Тэрээр Дондовдорж ноёнд Хаявдорж, Ринчиндорж, Гэжээдорж гэх гурван хүү төрүүлж өгсөн. Халхын улс төрийн байдал тогтворгүй, Зүүнгартай дайны байдалтай байсан тул Энх-Амгалан хааны зарлигаар 1703 оноос гүнжид зориулан Хөх хотод орд өргөө бариулж эхлэн, 1705 оноос эхлэн баригдаж дуусахад Хориотой хотоос нүүж очин амьдрах болсон. Тэрээр Гүнжийн ордонд амьдарч байгаад, 1735 онд Хөх хотод байдаг өөрийн ордондоо 56 насандаа нас барсан. 1736 онд нөхөр Дондовдорж нь шарилыг нь өөрийн нутаг руу авч явж, одоогийн Тэрэлжид орших "Гүнжийн сүм"-ийг бариулан Гүнж хатны шарлийг оршуулсан нь 1938 онд хүртэл хадгалагдан байв.