Виктория Нуланд
Виктория Жэйн Нуланд (англи. Victoria Jane Nuland; 1961 оны 7-р сарын 1-нд АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн) - америкийн дипломат, улс төрч, 2005-2008 онд НАТО-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Нуланд нь 1961 онд Зүүн Европын Бессарабиас ирсэн еврей цагаач мэс засалч Шервин Б.Нуланд болон Британийн христийн шашинтай эх Рона МакКанн нарын гэр бүлд төржээ. Тэрээр 1979 онд Choate Rosemary Hall дунд сургуулийг төгссөн бөгөөд Амелиа, Уильям гэсэн хоёр дүүтэй. Нуланд 1983 онд хувийн судалгааны Брауны их сургуульд /Brown University / урлагийн бакалаврын зэрэг хамгаалж, Оросын уран зохиол, улс төр судлал, түүхийн чиглэлээр суралцжээ. Энэ үеэр Одесса хотод орос хэлний дадлага хийж байсан байна.
1985-1986 онд Хятадын Гуанжоу хотод АНУ-ын Консулын газар ажилласан.
1987 онд тэрээр АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн товчоонд ажиллаж байсан.
1988-1990 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод АНУ-ын ЭСЯ-нд ажилласан.
1991-1993 онд тэрээр Москва дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж, Борис Ельциний Засгийн газартай харилцах ажлыг хариуцаж байв.
1993-1996 онд тэрээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Строб Талботтын албанд ажиллаж, сенатор Ричард Лугарын удирдлага дор Орос, түүний хөршүүд, НАТО-гийн өргөжилтийн асуудлаар ажиллаж байв. Тэрээр Украин, Казахстан, Беларусийн цөмийн зэвсгээс ангижрах асуудал, Босни, Косово, Хаити зэрэг улсуудад чиглэсэн бодлого дээр ажиллаж байсан.
1997-1999 онд тэрээр Төрийн департаментын хуучин ЗХУ-ын асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж, Орос, Кавказын талаарх АНУ-ын бодлогыг хариуцаж байжээ. Энэ албан тушаалд тэрээр Югославын эсрэг НАТО-гийн дайны үед ажилласан тул Батлан хамгаалахын сайдын одон медалиар шагнагдаж байжээ.
2000-2003 онд АНУ-аас НАТО-д суугаа суурин төлөөлөгчийн орлогчоор ажиллаж байсан.
2003 оны 7-р сараас 2005 оны 5-р сар хүртэл АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн ажлын албанд ажилласан. Нуланд нь Дик Чейнигийн үндэсний аюулгүй байдлын нэгдүгээр орлогч зөвлөх байсан бөгөөд Ирак, Афганистан, Ливан, Ойрхи Дорнод зэрэг дэлхийн асуудлуудыг бүхэлд нь зохицуулдаг байв.
2005-2008 онд НАТО-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгчөөр ажилласан. Энэ албан тушаалд тэрээр Афганистан дахь дайнд холбоотнуудын дэмжлэгийг бэхжүүлэх, Орос-НАТО-ын харилцаа, Эвслийн дэлхийн хамтын ажиллагаа, түүнийг өргөжүүлэх асуудлыг хариуцаж байсан.
2008-2009 онд АНУ-ын Үндэсний цэргийн коллежийн факультетэд алба хаасан.
2010 оны 2-р сараас - АНУ-ын Төрийн департаментын Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээний тусгай төлөөлөгч.
2011 оны зун Нуланд АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга болсон.
2011-2013 он Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн асуудал эрхэлсэн туслах.
2021 оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөсний дараа тэрээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогчийн албан тушаалд томилогдсон.