Jump to content

Лодонгийн Дандар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Дандар-с чиглүүлэгдэв)
Лодонгийн Дандар

Бүтэн нэр Лодонгийн Дандар
Төрсөн газар Булган аймаг, Бүрэгхангай сум, Рашаант
Нас барсан газар БНМАУ, Улаанбаатар хот,
Ажиллагаа/салбар морьт цэрэг
Тулалдаанууд/дайнууд Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн
Шагналууд БНМАУ-ын Гарамгай баатар, Сүхбаатрын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон
Дандар баатар өөрийн алаг морьтойгоо хамт. Халхын гол. 1939 он

Дандар баатар заримдаа Алаг морьт баатар гэж алдаршсан Лодонгийн Дандар (1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төрсөн- 1986 оны 12-р сард нас барсан) Монголын Ардын армийн захирагч бөгөөд монголын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө тэмцэгч, монголын ард түмний дунд Алаг морьт Дандар баатар гэх нэрээрээ алдаршсан монголын цэргийн зүтгэлтэн байсан юм.

Лодонгийн Дандар нь 1914 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг "Рашаант" гэдэг газар ядуу эмэгтэй Чойдогийн Аюушийн ууган хүү болон мэндэлжээ. Найман нас хүртлээ төрсөн эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад Лодонгийн Лувсан гэгчид үрчлэгджээ. Лувсан бол эхнэр хүүхэдтэй байхыг эгнэгт цээрлэн үздэг, угийн гэлэн санваартан тул Дандарыг өөрийнхөө эцэг Лодонгоороо овоглуулсан байна.[1]

1935 онд цэрэгт татагдсан ба улмаар ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн дунд сургуульд суралцахаар томилогджээ. 1935-1938 онд энэхүү сургуульд суралцан төгсгөөд эх орондоо ирэхэд нь дэслэгч цол олгон Монголын Ардын армийн 6 дугаар морь дивизийн 17 дугаар морьт хорооны захирагчаар томилсон. Дандар баатар нь энэ хорооны захирагч байхад 1939 оны 5 сараас Япончуудын өдөөсөн Халхын голын байлдаан эхэлжээ. Л.Дандар нь 5 сард болсон тулалдаануудад өөрийн хороог онцгой сайн командлан олон удаагийн тулалдаанд ялалт байгуулж байсан.

1939 оны 5 сарын нэгэн тулалдаанд 6 дугаар дивизийн захирагч Шаарийбуу баатарлагаар амь үрэгдсэний дараа энэ дивизийн захирагчаар Дандарыг томилсон байна. Халхын голын тулалдаануудад Дандар олон удаагийн морин дайралтыг биечлэн удирдаж байсан бөгөөд сэлмээр гарамгай цавчдаг байсан нь монгол-зөвлөлтийн цэргүүдийн дунд төдийгүй япончуудын дунд ихэд алдаршуулсан ба түүнийг унасан мориор нь Алаг морьт баатар гэж нэрлэдэг байжээ.

Олон удаагийн тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсныг нь үнэлэн 1939 оны 5 дугаар сарын 29-нд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасны дээр 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан 60 дугаар тогтоолоор БНМАУ-ын Гарамгай баатар цолыг олгосон байна. Гарамгай гэсэн чимгийг Маршал Х.Чойбалсангийн биечлэн оролцсоноор тусгайлан тодотгон олгожээ.

1941 онд ЗХУ-д цэргийн академид суралцахаар очсон боловч фашистын герман довтолж Аугаа их Эх орны дайн эхэлсэнтэй холбогдуулан буцаан татаж ирүүлсэн.

1945 оны Чөлөөлөх дайнд дэд хурандаа цолтойгоор морьт хороо командлан оролцож хятадын цагаан хэрэм тултал тулалдсан. Дайны сүүлээр ЗХУ-ын цэргийн даргатай цэргийн бэлтгэлийн мал булаалдсан хэрэг үүсгэсэн байна.

1946 онд түүнд олгосон БНМАУ-ын Гарамгай баатар цол бусад шагналыг нь хурааж ял эдлүүлж эхэлсэн байдаг. Чухам ямар учир шалтгаанаар түүнийг ингэж хорьсон нь тодорхой бус зөвхөн хүмүүсийн ам дамжсан яриа байдаг. Хоригдол байхад нь тусгайлан 3 удаа Баруун хязгаарт томилон хасгийн дээрэмчдийн толгойлогч Оспан батырын эсрэг явуулсан тусгай үйл ажиллагаануудад оролцсон байна.

Хоригдол байхдаа сал бэлтгэх, хот хоорондын тээврийн жолооч зэрэг ажил хийж, хөдөлмөрийн өндөр амжилтуудыг тогтоож байсан. БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд Хурлын 1964 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Л.Дандарыг урьд шийтгүүлсэн эрүүгийн гэмт хэрэгт нь холбогдолгүй болгон цагаатгасан. Үүний дараа БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1964 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 172-р зарлигаар Л.Дандарт БНМАУ-ын гарамгай баатар цол, бүх одон медалиудыг буцаан олгожээ.

БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандар 1986 оны 12 дугаар сард өвчний улмаас таалан төгссөн.

Л.Дандар баатар, маршал Чойбалсан, хорооны комиссар Пэлжээ нар. Халхын гол. 1939 он

Сонирхолтой баримтууд

[засварлах | кодоор засварлах]

Л.Дандар баатрын унаж байсан Алаг морь нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ард Дамдинжавын адуу бөгөөд цэргийн агтнаас Дандар баатар өөрөө сонгож авч унажээ. Алаг морь нь 1945 оны Чөлөөлөх дайны үед цэргийн ачаа хөсөг чирэн Хянганы нурууг давах үед хавцал уруу унаж осолдсон байна.

  • 1968 онд Г.Сэрсмаа. Уулын бүргэд салхи сөрөн ниснэ. баримтат тууж, УБ хот
  • 2009 онд Сүхийн Орсоо "Гарамгай баатар Лодонгийн Дандар" ном,
  • 2019 оны 5 дугаар сарын 28-нд Г.Гангамөрөн “Домогт баатар Дандар” номын нээлт
  1. "todmagnai.mn: Алаг морьт Л.Дандар баатар". Archived from the original on 2015-04-17. Татаж авсан: 2015-01-14.