Оспан батыр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Osman batur.jpg

1940-1950 оны хооронд Монгол, Орос, Хятад түүгээр ч барахгүй Америк улсуудын хооронд Шинжааны газар нутгийн төлөөх тэмцэл өрнөх болов. Учир юу хэмээвээс Шинжаан дахь Хятадын засгийн газраас ард иргэдийн буу зэвсэг, эд хөрөнгийг хурааж эхэлснээс Алтайн хасагууд бослого тэмцэл өрнүүлэх болжээ. Хятадын нутагт өрнөсөн бослогыг ашиглан Орос, Америк, Монгол улс нь Шинжааны газар нутгийг авахыг эрмэлзэж байв.Энэхүү санааг гүйцэлдүүлэхэд Хятад хэмээх нохойд барих мод нь Алтайн хасагуудын бослого, түүний улирдагч И.Оспан байв.

Намтар[засварлах]

Оспан нь Ислам хэмээх хасаг малчин ардын гэрт 1899 онд айлын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр 40 нас хүртлээ мал маллах, жин тээх, худалдаа наймаа хийх зэргээр амьдарч байжээ. Түүний улс төрийн тэмцэл нь 40 насандаа, 1940 оноос эхэлсэн байна. Оспан Хятадуудыг Шинжааны нутгаас хөөн гаргаж, хасаг үндэстний улсыг байгуулах санааг өвөртлөн байв. 1941 онд Шинжааны Засгийн Газраас босогчдод хандан “Байлдахгүйгээр бууж өг. Та нарын шаардаж байгаа зүйлд бүрэн арга хэмжээ авна. Бууж өгсөн хүмүүсийг суллана” хэмээн ухуулга хийхэд Калт нарын хүмүүс бууж өгчээ. Гэвч Шинжааны Засгийн Газар хэлсэн үгэндээ хүрэлгүй бууж өгсөн хүмүүсийг баривчилжээ. Ийнхүү элдэв зүйлээс болж Шинжааныг чөлөөлөх санааг гүйцэлдүүлэхэд хасагийн тэмцэл сульдаж байв. Энэ байдлыг ашиглан Монголын Засгийн Газраас түүнд буу, зэвсгийн туслалцаа үзүүлж, И.Оспанаар Шинжааныг чөлөөлүүлэн, дараа нь Шинжаан дахь Монголчуудыг чөлөөлөх бодлогыг гүйцэлдүүлэхээр зорьсон юм. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Монголын удирдагч Х.Чойбалсанд Сталины зөвшөөрөл, дэмжлэг хэрэгтэй байв. Х.Чойбалсан Баруун хилийн талаар ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.Молотовт уламжилсан байна. Харин В.Молотов Х.Чойбалсанг Оросын элчин сайд Ивановын хамт Москвад яаралтай ир хэмээжээ.

Х.Чойбалсан 1944 оны 01 сарын 15-нд Сталинтай уулзаж ярилцахдаа баруун хилийн тухай хэлсэнд, Сталин “Оспанд туслах хэрэгтэй юм байна. Харин та нар яагаад туслахгүй байгаа юм бэ? Буу сум байдаггүй юм уу?” гэж ихэд гайхсан шинжтэй асуусан байна. Тухайн үед Оросын элчин сайд Иванов И.Оспаны талаарх Монголын бодлогыг мэдсэн байв. Түүгээр ч барахгүй Сталинд баруун хилийн талаар Х.Чойбалсангаас удаа дараа явуулсан мэдээллүүдийг хав дарсан нь илэрчээ. Сталин Х.Чойбалсантай уулзаад армийн генерал А.Антонов, Байгалийн чанад дахь тойргийн командлагч М.Ковалов нарыг дуудаж, И.Оспанаар удирдуулсан босогчдод Монголоор дамжуулан 400 винтов, 200 ширхэг “ППШ” автомат, пулемёт 6, гар пулемёт 30, гранат 2000, винтовын сум 400000, дуран 5 ширхгийг шилжүүлэн өгөхийг даалгасан байна. Үүнээс өмнө Монголын Засгийн газар баруун хилийн талаар тодорхой арга хэмжээг аваад эхэлсэн байна. Энэхүү арга хэмжээ нь нэг талаар Орос ахад ярих зүйлтэй байх, нөгөөтэйгүүр өөрийн зорилгодоо нэг алхам дөхсөн хэрэг байв. 1943 оны 06 сарын 30-нд маршал Х.Чойбалсан ба ДЯЯ-ны сайд Шагдаржав нар И.Оспантай холбоо тогтоохоор Б.Дүйнхоржав, Пахомов нарыг баруун хилд томилжээ. Уул тушаалын дагуу 1943 оны 08 сараас 9 сарын 01-ний өдөр хүртэл И.Оспаны байрлалыг тогтоох, холбоо бариулахаар хэд хэдэн групп явуулсан байна. 1943 оны 09 сарын 15-ны өдөр тусгай группийнхэн И.Оспаны төлөөлөгчидтэй уулзжээ.

Монголчууд ба Оспаны уулзалт[засварлах]

Choibalsan and Ospan1.jpg

И.Оспантай уулзах саналыг Монголын талаас хэд хэдэн удаа тавьснаар 1944 оны 10 сарын 05-ны өдөр Монголын хилийн нэгэн заставт уулзжээ. Энэхүү газар нь Ховд аймгийн Булган сумын нутагт өбайдаг. И.Оспан уулзалтаас татгалзаж байсны шалтгаан нь 1940 онд И.Оспаны босогчид Хятадтай байлдан ухарч Монголын хил Булган голд очиход Монголын хилчид босогчдын эсрэг буудаж Хятадын цэргийн гарт өгсөн явдал ба Монгол улсын хилийг зэвсэглэн халдаж дээрэм тонуул хийж байсантай холбоотой байв. И.Оспантай хийсэн хэлэлцээрээр зөвшөөрөгдсөн асуудал нь:

1. Манай хил хамгаалагч нар ба хасагийн босогчдын хоорондын эв найрамдалтай байх

2.Хэрэв хэрэгтэй цаг тохиолдвоос хасагийн босогчдын гэр бүлийг ба өөрсдийг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр багтаан суулгахыг зөвшөөрсөн

3.Бослогын байгууллагад буу зэвсэг, бараа таваараар хангаж туслах тухай байв.

Уг хэлэлцээр дээр бослогын байгууллагад бэлэг болгон винтов буу 27, мөн сум 2600, И.Оспанд өөрт нь Англи автомат буу 1-ийг 1000 сумтай хамт, 10 маузер бууг тус тус өгчээ. Уул хэлэлцээрийн дараа И.Оспаны босогчид Алтайгаас Хятадыг бүрмөсөн хөөнө хэмээж байв. И.Оспан нь Монголд сайнаар хандаж байсан нь тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө хэмээх халхавчийн цаадах хавхыг олж хараагүй явдал байв. Гэвч Монгол, Оросын бодлогыг эцэстээ мэдсэн нь дамжиггүй.

Монгол, оросын зүгээс Оспаны бослогыг Алтай дахь бослого хөдөлгөөн хэмээж цэрэг хөдөлгөх болжээ. 1944 оны 06 сарын 16-ны өдөр Х.Чойбалсангаас генерал моёор Дорж, генерал моёор Попов нарт өгсөн үүрэгт: Монголын ба Хятадын талаас эзэлж авсан нутаг дээр Хятадтай тэмцэх зорилгын доор 6-аас 7 мянга, чадваас түүнээс дээш цэргийг шинээр байгуулсугай хэмээсэн байна. Мөн Монгол Улсаас Алтай дахь бослого хөдөлгөөн хэмээх арга хэмжээг өргөжүүлэх үүднээс Булган голд радио станц байгуулжээ. Оросын талаас 1946 оны 06 сарын 30-ны өдөр зүүн Туркестан Улсын Засгийн толгойлогч маршал Илханы зөвшөөрлөөр 20 машин бүхий 160 хүнийг Оспаны нутаг болох Хөхтохойд буй алт, мөнгө ба ган чулуу элдэв зүйлүүдийг малтаж ашиглуулахаар оруулсан байна. Оспаны зүгээс “Алт, баялгийг ашиглуулахгүй, одоо буцах хэрэгтэй, үгүй бол та нарт буу зэвсгийн хүчээр байлдаж гаргана.” хэмээн өдөр бүр бие хүнийг явуулж байв. Улмаар өөрийн дэргэд 100 тооны цэргийг байлгаж, 15 зэвсэг бүхий цэргүүдээр инженерүүдийг мануулжээ.

И.Оспан Оросын энэхүү бодлогыг няцаах үүднээс Хятадын талаас тусламж гуйлгахаар Хөхтохойн хошууны дотоодыг хамгаалахын дарга Конудбай, Жинтай нарыг 1946 оны 08 сарын 02-ны өдөр Хятадын Үрэмч хотноо төлөөлөгчөөр томилж, Шинжаан мужийн их ерөнхийлөгч ноён У Жу Ши лугаа уулзуулсан байна. Мөн Хятадаас бараа таваар татаж авах, түүнийг аюулгүй тээвэрлүүлэхийн тулд Цэнгэл хошуунаас 300 цэрэг гаргахыг шаарджээ. Энэ үед Шинжаанд Америкийн дэд консул байсан Маккираны тагнуулын ажил И.Оспаны бослоготой холбоотой хэмээх мэдээг Синьхуа агентлагаас цацжээ. Энэ нь Хятад, Орос, Монгол гурван улсад хэзээ мөдгүй тасдуулах шахам болсон хасаг эрийн дөрөвдөгч орны тусламжийг авах гэсэн үйлдэл байсан нь гарцаагүй биз ээ.

Монголын хилийн байдал хурцадсан нь[засварлах]

Улмаар энэхүү И.Оспаны олон талт бодлого нь Монгол улсын хилийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хасагийн дээрэмчид Монголын хилийг зөрчин дээрэм тонуул, аллага хийх үйлдэл нь олон давтагдах болжээ. Иймээс Монгол улсын зүгээс И.Оспан болон хасагийн дээрэмчидийг устгах, баруун хилд тайван байдлыг тогтоох арга хэмжээ авахад хүргэсэн юм. Түүнийг устгуулахаар 1949 онд Л.Дандар баатрыг шоронгоос түр гаргаж тусгай групп байгуулан хэд хэдэн удаа явуулсан байна. Л.Дандар баатар И.Оспаны нутаглан буй газрыг олж, түүний гэр рүү хөнгөн пулемётоор шүршээд хүн гарч зугтахгүй болохоор нь үхсэн хэмээн үзэж 1949 оны 04-02-нд Монголдоо ирсэн байна. Гэвч энэ үед Оспан Хятадын эсрэг тэмцлээ өрнүүлэн гэртээ орох завгүй явжээ. Л.Дандар баатар гурван удаа групп толгойлон И.Оспаныг устгахаар яваад цаг үеийн байдлаас шалтгаалан үүргээ биелүүлээгүй буцсан байна. Оспан нь 1946 оноос эхлэн Баруун туркестаны бүгд найрамдах улсын талд үйлчлэхээс татгалзан Хятадын Гоминдааны талд хамтран ажиллаж үйлчлэх болсон байна. Тэрээр гоминдаанаас авсан даалгаврын дагуу БНМАУ-ын хилийн байнга зөрчин зэвсэгт халдлага хийж байсан нь Монгол улсын хилийг тайван бус болгосон. Монголын хилийн түүхэнд 1946-1950 онуудад Оспанаар толгойлуулсан хасагийн дээрэмчид дангаараа болон гоминдааны цэргүүдтэй хавсран олон удаагийн хилийн зэвсэгт зөрчлийг үйлдсэн нь Байтаг Богдын хилийн мөргөлдөөн, Бага хавтагийн хилийн тулгаралт, Мэргэн уулын байлдаан зэрэг томоохон зэвсэгт мөргөлдөөнүүд юм.

Дүгнэлт[засварлах]

Оспаныг цаазалж байгаа нь Оспан нь монгол улсын хилийн амгалан тайван байдлыг зэвсэглэн халдаж дээрэм хийж, аллага үйлдэж байсан хасагийн дээрэмчдийн толгойлогч этгээд юм. И.Оспаны олон талт урвасан бодлого нь түүнийг 1946 оноос гоминдааны хөлсний этгээд болгоход түлхсэн ба урвагч байдлаасаа болоод 1949 оноос түүний нөхцөл ихэд муудаж, түүнийг устгах үйлдэл Орос, Монгол, Хятадын зүгээс байнга явагдаж байв. 1949 оны 9 сард Шинжааны засгийн газар Хятадын Коммунист Нам, ХАЧА-д бууж өгөхөө албан ёсоор зарлав. Энэ үеэс эхлэн Шинжаан, Ган-су мужид гоминдаан, америкийн даалгавраар ажиллаж байсан бүлэглэлүүд Шинжааны төв, Урүмчид сууж байсан америкийн дэд консул Дуглас Маккараны заавраар Оспаныг тойрон нэгдсэн байна. Дараахан нь Маккаран ч өөрөө Оспан дээр хасгийн нөлөө бүхий том эздийн хамт ирж нийлжээ.

Д.Маккаран тэнд 1 сар гаруй хугацаанд байж байгаад Түвдээр дамжин Энэтхэг явсан байна. Оспан 1950 оны 4 сараас эхлэн ХАЧА, Дорнод Туркистаны цэргийн ангиудын цохилтод хэд хэдэн удаа өртөж, сарнин бутрав. Оспан 1951 оны 2 сарын сүүлчээр Энэтхэг рүү оргон гарах гэж яваад Хөх нуурын орчим Хайцай гэдэг газар ХАЧА-ийн ангид баригдаж, Үрэмч хотноо цаазлагдсанаар дуусгавар болжээ

Урлагийн бүтээлүүд[засварлах]

  • Босго тотго олон ангит уран сайхны түүхэн кино. МНВ телевизийн бүтээл.2013 он
  • Хил дээр Монголын уран сайхны кино.
  • Ц.Уламбаяр. Дархан хилийн манаа. тууж

Мөн үзэх[засварлах]