Монгол-Вьетнамын харилцаа
Монгол, Вьетнам улсууд 1954 оны 11-р сарын 17-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Монгол улсаас анхны Элчин сайд Баянбаатарын Очирбат томилогдож Вьетнамын удирдагч Хо Шиминд Итгэмжлэх жуух бичгээ барьж байжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Монгол, Вьетнамын харилцаа дундад эртний үеэс эхлэлтэй бөгөөд энэ харилцаа хоёр орны ард түмний хоорондын чин сэтгэлийн найрсаг харилцаа болж чадсанаараа онцлогтой юм. Энэхүү түүхэн уламжлалт, найрсаг харилцааг хөгжлийн хувьд нь дараах 4 үед ангилж байна.
Эртний харилцаа
[засварлах | кодоор засварлах]Монгол-Вьетнамын харилцаа их эртний уламжлалтай, бүр XIII зууны үеэс эхлэлтэй гэж үзэж болно. Монголын Эзэнт гүрэн Зүүн Өмнөд Азийн орнуудаас хамгийн түрүүнд Аннамтай цэрэг, улс төрийн талаар харилцаж эхэлжээ. 1251-1259 онд Монголын Эзэнт гүрний хаан ширээнд суусан Мөнх хаан (Чингис хааны ач хүү) өмнөх хаадын баримталж байсан гадаад бодлогыг үргэлжлүүлэн Эзэнт гүрний эргэн тойронд байсан улс гүрнүүдийг эрхшээн нэгтгэх аян дайныг үргэлжлүүлжээ. Энэ дагуу Мөнх хааны зарлиг болгосноор Сүн улсыг буулган авахаар 4 замаар довтолгооноо эхлүүлсэн ба өмнө зүгээс нь эзлэн довтлохын тулд тэр үеийн Их Вьет улсын нутаг дэвсгэрийг ашиглах буюу дайрч өнгөрөх шаардлагатай байв. Иймд Мөнх хаан 3 удаа элч илгээсэн боловч Их Вьет улс буцааж явуулаагүй учир 1258 оны эхээр Монголын Эзэнт гүрний 3 түмэн цэрэг анх удаа довтолжээ. Энэ удаагийн довтолгооноор Монголын Эзэнт гүрний цэрэг Их Вьет улсыг эзэлж авч чадалгүй буцсан байна. Харин Их Вьет улсын хаан элч илгээж Монголын Эзэнт гүрэнд 3 жилд 1 удаа алба, өргөл барьц барьж байхаар тохиролцов. Их Вьет улс Мөнх хааны дараа төр барьсан Хубилай хааны хаанчлалын жилүүдэд Их Монгол Улсад өргөл барьцаа үргэлжлүүлэн барьсаар байсан хэдий ч далдуур өөрийн улсын цэргийн хүчээ зузаатгахад ихээхэн анхаарал хандуулж байжээ. Өөрийн орны дотоод дахь асуудлыг хэвийн болгож чадсан Хубилай хаан өмнөх хаадын нэгэн адилаар Сүн улс руу довтлохоор бэлтгэж эхэлсэн ба ингэхийн тулд Их Вьет улсын талаар хатуу бодлого явуулах, өөрийн гүрэнд сайн дураар нэгдэн орохыг шаардаж эхэлсэн байна. Үүнийг Их Вьет улсын хаан хүлээж авалгүй, харилцан мэтгэлцэх байдлаар 10 гаруй жил болсон ба 1279 онд Хубилай хаан Сүн улсыг буулган авснаар Монголын Эзэнт гүрэн Их Вьет улстай шууд хил залгах болж, энэ нь Зүүн Өмнөд Азийг өөрийн эрхэнд оруулахад чухал байршил болов.
Юань улсын бодлого, үйл ажиллагааг Зүүн Өмнөд Азийн орнууд янз янзаар хүлээн авч байв. Мэдээж Их гүрний сүр хүчээр далайлгасан, тэгш биш тэрхүү бодлогод ихэнх улс орнууд дургүйцэн эсэргүүцэж байв. Гэвч улс орон бүрийн дотоод, гадаад нөхцөл байдал өөр өөр байснаас зарим нь хүчтэй эсэргүүцэж, зарим нь төдийлөн их тэмцэхгүй Юань улсын эзэн эрхийг хүлээн зөвшөөрч байв. Үүний дараа 1285 онд Хубилай хааны зарлигаар Монголын Эзэнт гүрний цэрэг 2 дахь удаагаа Их Вьет улс руу довтолжээ. Энэ удаагийн довтолгоон амжилттай болж нийслэл хотыг нь эзлэн авсан боловч Их Вьет улсын хаан өмнөд зүгт зугтааж ширэнгэн ойд нуугдсан учир буулган авч чадалгүй нутаг буцсан байна.
1288 онд хоёр талын цэрэг нүсэр тулаан хийсэн боловч хэн нь ч ялсангүй. Аннамын усан цэрэг Монголын усан цэргийг ялж Омарыг олзлон авч үлдсэн цэргийг нь элдэн хөөсөн боловч хуурай газрын ширэнгэн ой дахь тулалдаанд цохигджээ. Тиймээс тамирдаж сульдсан хоёр талын цэрэг тулалдааны талбарыг орхин хоёр тийш ухарчээ. Үүний дараа монгол цэрэг Аннамыг орхиж гарсан боловч дайн хэзээ хэзээгүй дахин эхэлж болохоор байв. Гэтэл Аннамын цэрэг эдийн засгийн чадавх шавхагдаж дахин том дайны хөлийг давахааргүй доройтож өлсгөлөн эхэлсэн явдал Аннамын эрх баригчдыг сүрхий зовоох болсонд 1288 оны сүүлээр Ханбалиг өөд элч томилон найрамдал гуйжээ. Ханбалигт болсон хэлэлцээний явцад Аннам улс Монголын түшмэг болсоноо хүлээн зөвшөөрч жил бүр Юань гүрэнд алба хүргүүлж байх болов. Ийнхүү цэрэг зэвсгийн шахалтыг дипломат аргатай хослуулан санасандаа хүрэх гэсэн Хубилай хааны бодлого хэрэгжиж чаджээ.
Энэ үеийн дайн байлдааны талаар Вьетнамын болон Юань гүрний түүхэн сурвалж бичгүүдэд тодорхой тэмдэглэгдэн үлдсэн байдаг гэх бөгөөд бараг бүгдэд нь Монголын Эзэнт гүрний цэрэг Их Вьет улсын цэрэгт ялагдсан хэмээн бичсэн байдаг ажээ. 1257-1288 онд Монголын Эзэнт гүрний цэрэг Их Вьет улс руу 3 удаа довтолж ялагдав. Гэхдээ Монголын судлаачдын үзэж байгаагаар Монголын Эзэнт гүрний цэрэг ялагдаагүй, нутаг буцахад дараах 3 хүчин зүйл нөлөөлсөн. Эдгээр нь халуун цаг агаарын байдал, чийг, намаг, ширэнгэн ой, хоол хүнсний хомсдол болон халуун орны өвчин гэх мэт шалтгаанууд байсан байна.
Монголын Эзэнт гүрэн, Их Вьет улсын хоорондох харилцааны агуулгыг зөвхөн дайн байлдаан, улс төрийн харилцаагаар хязгаарлаж болохгүй бөгөөд хоёр талаас харилцан солилцож байсан элч төлөөлөгчид нь бие биеийнхээ түүх, соёл, ёс заншил, хүчээ аван хөгжиж байсан Бурханы шашныг судалж, тэр тухайгаа тэмдэглэн үлдээсэн байдаг аж.
Үүнээс хойш 19 дүгээр зуун хүртэл хоёр улсын харилцаа үндсэндээ зогсонги байдалд байжээ.
Вьетнамын дайны үеийн хоёр улсын харилцаа
[засварлах | кодоор засварлах]Монгол, Вьетнамын ард түмний түүхэн, уламжлалт, найрсаг харилцаа улам дотно болж байлаа. 1960-аад оноос Энэтхэг-Хятадын хойгт өрнөсөн дайн нь нэг талаас АНУ тэргүүтэй улс орнууд, нөгөө талаас ЗСБНХУ тэргүүтэй коммунистуудын ашиг сонирхлын мөргөлдөөний талбар болж хувирчээ. Энэ үед социалист нөхөрлөлийн орнууд дуу нэгтэйгээр Вьетнамыг дэмжсэн үйл ажиллагаа, бодлого явуулж "Вьетнамаас савраа тат" гэсэн уриа гаргаж цэргийн болон хүмүүнлэгийн тусламжийн аян өрнүүлж байв. БНМАУ мөн адил, социалист нөхөрлөлийн гишүүн орнуудын нэгний хувьд Вьетнамын талд байж, БНСВУ-тай улс төр, соёл, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ эх орныхоо төлөө тэмцэж байгаа вьетнам анд нөхдөдөө туслах хөдөлгөөнийг өөрийн орны өнцөг булан бүрт өрнүүлж байжээ.
Вьетнам-Америкийн дайны үед Монголын ард түмэн эртний түүхэн уламжлалт найрсаг харилцаатай Вьетнамын ард түмэнд сэтгэл санаа, эд материалын тусламж дэмжлэгийг харамгүй үзүүлсэн билээ. Үүнийг Вьетнамын төр засаг, ард түмэн одоо ч үргэлж санаж дурсан, “Вьетнамын ард түмэн биднийг зовлон зүдгүүр үзэж, дайны хөлд нэрвэгдэж байхад Монголын төр засаг, ард түмний чин сэтгэлийн үнэлж баршгүй их тусламж дэмжлэгийг бид мартаагүй, мартахгүй, үр хойчдоо таниулан мэдүүлж, үргэлж бахархаж явах болно” гэдгээ байнга илэрхийлж байдаг билээ. Вьетнам-Америкийн дайны үед улс орнуудын үзүүлсэн тусламж дэмжлэгийг тухайн улсын хүн амд харьцуулсан байдлаар Монгол улс нэгдүгээрт ордог гэсэн тоон үзүүлэлт байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн материаллаг тусламжийг тооцсон үзүүлэлт. Үүнээс гадна дайны хөлд нэрвэгдэн зовж зүдэрч байсан вьетнам анд нөхдөдөө үзүүлсэн Монголын ард түмний сэтгэл санааны тусламж дэмжлэгийг үнэлж баршгүй. 1950 онд Вьетнамын Засгийн газар санаачлан социалист орнуудын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд дипломат харилцаа тогтоох саналыг тавьж байжээ. 1954 онд Монголын тал санаачлан дипломат харилцаа тогтоох саналыг Хятадын Бээжин хотноо суугаа ЭСЯ-аараа (Элчин сайд Баянбаатарын Очирбат) дамжуулан тавьсан бөгөөд хоёр талд зэрэг нэг өдөр буюу 1954 оны 11-р сарын 17-нд энэ тухай албан ёсоор зарласан түүхтэй.
1954 оны 11-р сард дипломат харилцаа тогтоосны дараа 1955 оны 7-р сард БНАВУ-ын Ерөнхийлөгч Хо Ши Мин БНМАУ-д, 1959 оны 12 дугаар сард МАХН-ын Намын Төв Хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал БНАВУ-д албан ёсны айлчлал хийж хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны эх суурийг тавьсан байна ( энэ үеэр 100 мянган толгой мал бэлэглэхээ мэдэгдсэн). Вьетнамын Засгийн газрын төлөөлөгчид 1955, 1959, 1961, 1973 oнд, Үндэсний Ассамблейн төлөөлөгчид 1958, 1973 oнд Монгол улсад, Монголын Засгийн газрын төлөөлөгчид 1959, 1967 oнд тус тус Вьетнамд айлчилж байсан байна.
Вьетнамын дайны дараах социализмын үеийн харилцаа
[засварлах | кодоор засварлах]Вьетнамын дайны дараа ч хоёр орны харилцаа сайн хэвээр байсан. 1975 онд Вьетнамын ард түмэн Америкийн цэргийн түрэмгийллээс бүрэн ангижирч, хоёр хуваагдаад байсан улс үндэстнээ нэгтгэж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс бий болсон. Энэ нөхцөл байдалд хоёр орны аль аль нь улс төр, эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байжээ. Монголын ард түмэн, төр засаг Вьетнамын ард түмэн, төр засагтай найрсаг харилцааг хэвээр хадгалж, тэдний явуулж буй бодлого, үйл ажиллагааг дэмжиж байв. Вьетнамыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх, энэ асуудлыг шударга зөвөөр шийдвэрлүүлэхийг хүссэн тогтоолын төслийг Аюулгүйн Зөвлөлд оруулсан санаачлагчдын нэг нь БНМАУ байсан юм. БНСВУ НҮБ-д гишүүнээр элссэн явдал олон улсын байгууллагын гишүүн улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх таатай боломж болжээ. Бүс нутгийн болон олон улсын байдалд гарч буй зарим өөрчлөлтүүд, мөн 1961 онд батлагдаж, 1979 онд дахин шинэчлэгдсэн хоёр улсын Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнүүдэд тулгуурлан хоёр орны харилцаа хөгжиж ирлээ.
“Хүйтэн дайн”-ы үед буюу 1956-1990 онд Монгол улсын Засгийн Газраас Вьетнамын Засгийн газарт хуучин ханшаар 200 сая гаруй төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгожээ. Тэр үеийн хоёр орны харилцааг “Хүйтэн дайн”-ы улбаагаар социалист эвслийн хүрээнд тодорхойлон авч үздэг. Хэдийгээр ихэнх судлаачид хоёр оны харилцааг 1990-ээд оны үед улс төрөөс бусад салбарт зогсонги байдалд ороод байсан гэж дүгнэдэг ч түүхэн баримтыг эргэн харахад хараахан ийм дүгнэлт хийж боломгүй юм. Тухайн үед хоёр улсын хоорондын барааны эргэлт буурсан боловч нэг нь нөгөөгөө дэмжиж ирсэн уламжлалт найрсаг харилцаа байсаар байсныг зарим нэг баримтаар нотолж болно. Тухайлбал, 1993 онд Монгол улс картын системд шилжээд байхад Вьетнамын талаас шилжилтийн хүнд бэрх үед хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд зориулж 200 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.
БНМАУ-ын Засгийн газар Вьетнамд 1956–1990 oнд нийтдээ 200 сая гаруй төгрөгийн (хуучин ханшаар) буцалтгүй тусламж үзүүлжээ. Үүний зэрэгцээ Монголын oлoн нийтийн байгууллагуудын шугамаар 904.8 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Мөн 1959 oнд бэлэг бoлгoн өгсөн 100 мянган тoлгoй малаас үлдсэн 85 мянган тoлгoй малын oрoнд гуравдагч oрнooс үржлийн үхэр худалдан авахад нь зoриулж 1,5 сая ам.дoллар өгчээ.
Дайны дараах хүнд нөхцөлд байсан Вьетнамын ард түмний амьдрал, төр засгийн үйл ажиллагаанд Монголын ард түмэн, төр засаг тусламж дэмжлэг үзүүлж, вьетнам оюутан сурагчдыг нь өөрийн оронд сургаж, дээд боловсрол олгоход ихээхэн анхаарч ажилласан бол Вьетнамын ард түмэн, төр засаг Монголын шилжилтийн хүнд бэрх жилүүдэд Монголын оюутан залуусыг өөрийн оронд боловсрол эзэмшүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж байжээ. Энэ нь хүнд бэрх үед бие биесээ дэмжин, түүхэн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлсэн чухал ажлууд болжээ гэж дүгнэж болохоор байна.
1990 оноос хойших харилцаа
[засварлах | кодоор засварлах]1990-ээд оны үед зогсонги байдалд ороод байсан хоёр орны харилцаа сүүлийн үед бүх салбарт маш эрчимтэй өрнөж байна. 1991 оныг хүртэл хоёр орны харилцаа социалист хамтын нөхөрлөлийн хүрээнд явагдаж, хоёр талаас өндөр, дээд хэмжээний айлчлалууд харилцан хэрэгжиж хэвшсэн байв. 1961 онд байгуулж, 1979 онд шинэчлэн баталсан Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээг 2000 онд дахин шинэчилжээ.
Хоёр орон олон улс, бүс нутаг, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын хүрээнд хамтран ажиллаж ирэв. Вьетнамыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлд болон ДХБ-д гишүүнээр элсэхэд болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход Монгол Улс, Монгол Улсыг АСЕМ болон АСЕАН-ы бүсийн чуулганд элсэхэд Вьетнам улс дэмжсэн. Хоёр орны хооронд төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалууд тогтмол хийгдсээр ирсэн.
1994 оны 3-р сард Ерөнхийлөгч П.Очирбат Вьетнамд айлчилж хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах зорилго бүхий хамтарсан тунхаглалд хоёр тал гарын үсэг зурсан.
2000 онд Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дык Лыөнг-ийг 2000 онд Монголд хийсэн албан ёсны айлчлалын үеэр ач холбогдол бүхий найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гурав дахь удаагаа гарын үсэг зурж, шинэчлэн баталсан.
2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн айлчлалаар Төрийн тэргүүнүүд хоёр орны ард түмэн, энх тайван, тогтвортой байдлыг бий болгохын тулд бүхий л салбарт харилцаагаа улам өргөжүүлэх, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарна гэдгээ харилцан илэрхийлсэн.
2019 оны 11 сард Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам, Вьетнам, Монголын Найрамдлын Нийгэмлэг (ВМНН)-тэй хамтран Монгол, Вьетнам улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн ёслолыг энэ сарын 18-нд Ханой хотноо зохион байгуулав. Ёслолд Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд То Ань Зунг, Үндэсний Ассамблей дахь Вьетнам, Монголын Парламентын бүлгийн дэд дарга Чан Данг Нинь, Вьетнамын найрамдлын байгууллагуудын холбооны Дэд ерөнхийлөгч Бакь Нгок Чиен, ВМНН-ийн Ерөнхийлөгч Хо Суан Хунг болон бусад холбогдох албаныхан оролцсон байна.
Засгийн газар хоорондын комисс
[засварлах | кодоор засварлах]Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол-Вьетнамын Засгийн газар хоорондын комисс 1979 онд байгуулагдсан. 15-р хуралдаан нь 2012 оны 3 сард Ханой хотноо болсон ба хуралдааны хүрээнд яригдсан ажлуудаас хамтын ажиллагааны тодорхой төслүүдэд голлон анхаарч байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдааны эргэлт жилд дунджаар 10 сая ам.доллар байсан. 2013 оны 9 дүгээр сарын байдлаар худалдаа 19.7 сая ам.долларт хүрсэн нь 2012 оны мөн үетэй харьцуулахад 28.7 %-иар нэмэгдсэн байна.
2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо ЗГХК-ийн 16 дугаар хурал болж, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Кыонг нар даргалсан байна. 2016 оны байдлаар Монгол-Вьетнамын хоорондын худалдааны нийт бараа эргэлт 43.0 сая ам.доллар (2010 онд 10 сая ам.доллар), үүнээс экспорт 2,9 сая ам.доллар, импорт 40,1 сая ам.доллар байгааг дурдав. Экспорт 2,9 сая ам.доллар (гянт болдын хүдэр, үхэр, адууны шир, шевро, гэх мэт), Импорт 40,1 сая ам.доллар (цагаан будаа, угаалгын бодис, кофе, ургамлын тос, лаазалсан ногоо, жимс, самар, чихэр, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл эм, химийн бүтээгдэхүүн (будаг, угаалгын бодис, угаалгын нунтаг), телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппаратууд гэх мэт) байв.
2019 оны 12 дугаар сард Ханой хотноо ЗГХК-ийн 17 дугаар хурал болж Хуралдааныг Bонголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, >ьетнамын талаас тус улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг нар ахалж оролцов.
Хоёр орны хоорондох худалдааны эргэлтийг сайжруулах сонирхол хоёр талд адилхан байгаа боловч гагцхүү тээврийн зардал хэт өндөр байгаа ба энэ асуудлаар буюу тээврийн зардлыг багасгах талаар Монгол Улс, БНСВУ, БНХАУ-ын хооронд гурван талын хамтарсан уулзалт хийхээр Монгол, Вьетнамын талууд ажиллаж байна. Өнгөрсөн хугацааны худалдааны тэнцлийн зөрүүгээс үүссэн Вьетнамд төлөх 400 орчим мянган шилжих рублийн өрийг Вьетнамын тал Монголын хүсэлтээр хүчингүй болгосноо 1995 онд нотолсон бөгөөд хэвлэлд албан ёсоор зарлахаас Вьетнамын тал татгалзсан байна. БНСВУ ДХБ-д гишүүнээр элссэн нь Монгол, Вьетнам хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулах зам нээгдсэн гэж үзэх бүрэн боломжтой.
2017 оны 5 дугаар сард Вьетнамын дэд Ерөнхийлөгч хатагтай Данг Тхи Нгок Тинх Монгол улсад албан ёсоор айлчлав.
2019 оны 11 дүгээр сарын 29-нд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Вьетнамд албан ёсоор айлчлав.
Сүүлийн үед манай хоёр орны төрийн ба хувийн байгууллагуудын хооронд харилцаа бүх салбарт эрчимтэй хөгжиж байна. Энд хоёр улсын Шинжлэх ухааны байгууллагуудын идэвхтэй харилцааг дурдаж болно. Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 ойгоор манай хоёр орны эрдэмтэн судлаачдын баг харилцааны бүх хүрээг хамарсан хамтын бүтээлийг монгол, вьетнам хоёр хэлээр гаргасан.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Д.Т.Хыөнгийг 2020 оны 7 дугаарын 31-нд хүлээн авч уулзаж Монголоос Вьетнамд гүн хөлдөөсөн мах экспортлоход шаардлагатай хүнсний эрүүл ахуйн гэрчилгээг эцэслэн тохирох хэрэгтэй байгааг сайд Н.Энхтайван онцлов. Мөн тэрбээр Вьетнам, Энэтхэг Улсад саатаад буй монгол иргэдээ эх оронд нь авч ирэх зорилгоор Улаанбаатар-Ханой-Шинэ Дели чиглэлийн нислэгийг ойрын хугацаанд үйлдэхээр төлөвлөж байгаагаа мэдээлж, дэмжлэг үзүүлэхийг хүсч байжээ.
2020 оны 12 дугаар сард Монгол улсын Дотоод хэргийн яам, Вьетнамын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын тохиролцооны дагуу Вьетнамын цагдаагийн газар морин эргүүл явуулах зорилгоор Монголоос 100 адуу онгоцоор тээвэрлэн авчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктэй уулзав. Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тээврийн нөхцөлийг сайжруулах болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтрах боломжийн талаар талууд санал солилцсон байна.
Парламент хоорондын харилцаа
[засварлах | кодоор засварлах]Монгол улсын УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн А.Сүхбат 2016-2020 онд ажиллаж байв.
Вьетнам судлалын төв
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин тэргуүтэй төлөөлөгчид БНСВУ-ийн Нийгмийн ШУА-д айлчлах үеэр хоёр академийн удирдлага Монгол Улсад "Вьетнам судлалын төв", БНСВУ-д "Монгол судлалын төв"-ийг харилцан байгуулахаар тохиролцсон. Энэхүү тохиролцоог ажил хэрэг болгох, мөн Вьетнам судлалыг бүх талаар хөгжүүлэх, Монгол-Вьетнамын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор Олон улс судлалын хүрээлэнгийн дэргэд "Вьетнам судлалын төв” Төрийн бус байгууллага 2012 оны 12-р сарын 28-ны өдөр байгуулагдав.
1958 оноос хойш 2020 оныг хүртэл 155 оюутан Вьетнам улсаас ирж, Монголын их, дээд сургуульд суралцаж байжээ.
Элчин сайдын яам
[засварлах | кодоор засварлах]Монгол улсаас Вьетнам улсад суугаа элчин сайдын яам
[засварлах | кодоор засварлах]Элчин сайд нар
[засварлах | кодоор засварлах]- Баянбаатарын ОЧИРБАТ 1955.02.10 - 1957.08.03
- Сономын ЛУВСАН 1957.08.31 - 1959.08.27
- Дэндэвийн ШАРАВ 1959.08.27 - 1960.07.02
- Оюуны ХОСБАЯР 1960.07.02 - 1962.02.12
- Дэндэвийн ЦЭРЭНДОРЖ 1962.02.12 - 1966.08.25
- Дамдиннэрэнгийн БАТАА 1966.08.25 - 1969.04.16
- Түнжингийн МАШЛАЙ 1969.04.16 - 1970.06.26
- Очирын ЦЭНД 1970.06.26 - 1973.01.06
- Дэндэвийн ШАРАВ 1973.01.06 - 1976.03.04
- Дэндэвийн ЦЭРЭНДОРЖ 1976.03.04 - 1979.09.22
- Лэгдэнгийн ДАМДИНЖАВ 1979.09.22 - 1982.02.23
- Генерал Равдангийн ГҮНСЭН 1982.02.23 - 1985.02.23
- Гэлэгийн АДЪЯА 1985.02.23 - 1989.04.30
- Нямжавын БААСАНЖАВ 1989.07.03 - 1991.05.01
- Готовдоржийн ЛУУЗАН 1991.12.10 - 1995.07.01
- Чимэддоржийн АГВААНДАМДИН 1995.10.20 - 1998.10.16
- Агваандоржийн ЦОЛМОН 1998.12.10 - 2004.03.19
- Баасанжавын ГАНБОЛД 2004.05.06 - 2008.05.30
- Генерал Паламын СҮНДЭВ 2008.10.01 - 2012.05.12
- Доржийн ЭНХБАТ 2012.08.24 - 2017.01.12
- Дашийн БИЛЭГДОРЖ 2017.03.08 - 2021.09.01
- Жигжээгийн СЭРЭЭЖАВ 2021.10.14 -
Вьетнам улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам
[засварлах | кодоор засварлах]Өдгөө Вьетнам улсын Элчин сайдын яам байрлаж буй хоёр давхар байшинг 1930-аад оны сүүлч үед маршал Г.Дэмид жанжинд зориулан барьсан боловч тэрбээр энэ байрандаа орж амжилгүй цаг бусаар нас баржээ. Дараа нь энэ байшинд Ж.Лхагвасүрэн жанжин нэг үе амьдарч байсан.
Элчин сайд нар
[засварлах | кодоор засварлах]- Хоанг Туан Тхинь (2010-2014) монгол хэлтэй
- Фан Данг Дыөнг (2014-2016) монгол хэлтэй 1984-1989 онд Монгол Улсын Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурч төгссөн.
- хатагтай Доан Тхи Хыөнг (2016-2020.12 сар)
- Зоан Хань Дам (2021-)