Нууруудын хөндий
Нууруудын хөндий нь Монгол Улсын бараг төв хэсэгт оршдог, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутагт байдаг ба Бөөнцагаан, Адгийн цагаан, Орог, Таацын цагаан, Улаан нууруудын оршиж буй хөндийг ерөнхийлөн хэлдэг. Хамгийн баруун талд орших Бөөн цагаан, Адгийн цагаан нууранд Байдрагийн, Орог нууранд Түйн, Таацын цагаан нууранд Таацын, Улаан нууранд Онгийн гол тус тус цутгана. Нууруудын хөндий зүүн талаараа Говьтой шууд хиллэдэг ба өмнөд хэсгээрээ Говь-Алтайн нуруугаар, хойд талаараа Хангайн нуруугаар тус тус хүрээлэгддэг. Говь-Алтайн нурууны Баянцагаан (3452), Их Богд (3957), Бага Богд (3590), Арц Богд (2477) уулнууд урд талаар нь дүнхийнэ. Мөн Монгол Алтайн нуруу Говь Алтайн нуруунаас зааглагдсан хэсгийн хойхно талаас Нууруудын хөндийн баруун зах эхэлдэг. Алтайн өвөр говь, Хатан суудлын тал, Ингэн хөөврийн хоолойгоос Говь-Алтайн нуруугаар тусгаарлагдана. Говийн хуурай уур амьсгалтай ба жилд орох хур тунадасны хэмжээ нь ч гэсэн бага юм. Мөн уул уурхайн уршгаар Нууруудын хөндийн голуудын урсацын хэмжээ жилээс жилд багасаж байна. Улаан, Адгийн цагаан, Таацын цагаан нуурууд бараг үгүй болсон ба Бөөн цагаан болон Орог нуурууд бас эрсдэлд орчихоод байгаа билээ. Нууруудын хөндий нь аялал жуулчлал болон стратегийн чухал ач холбогдолтой газар юм.
Нууруудын хөндийг 1998 оны 7 сарын 6-нд Рамсарын ус, намгархаг газрын жагсаалтад бүртгэн авчээ.