Пётр Капица
Пётр Леонидович Капица (1894 оны 6-р сарын 26-д Оросын Кронштадт хотод төрж, 1984 оны 4-р сарын 8-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) - Орос, Зөвлөлтийн физикч, инженер. 1978 оны физикийн Нобелийн шагналтан. 1945, 1974 онд ЗХУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан.
Намтар[засварлах | кодоор засварлах]
Түүний эцэг польш гаралтай Леонид Петрович Капица, цэргийн инженер, Кронштадт цайз барьсан хүмүүсийн нэг. Эх нь Ольга Иеронимовна, хэл зүйч, хүүхдийн уран зохиолын мэргэжилтэн.
1912 онд Петр Капица Кронштадт дахь дунд сургуулийг төгсөөд Санкт-Петербургийн Политехникийн дээд сургуулийн цахилгаан механикийн факультетэд элсэн орсон. Политехникийн сургуульд физикийн хичээл зааж байсан Абраам Иоффе түүнийг эхний курсээс анхаарч эхэлжээ. Тэрээр Капицаг лабораторид судалгаа хийх ажилд татаж оруулсан байна. 1914 онд Капица англи хэл сурахаар зуны амралтаараа Шотланд руу явахад дэлхийн нэгдүгээр дайн эхэлж тэрээр харьж чадахгүй байж байгаад Петроград руу 1914 оны арваннэгдүгээр сард л буцаж ирж чадсан байна. 1915 онд тэрээр сайн дураараа Баруун фронт руу түргэн тусламжийн жолоочоор очиж ажилласан.
Тэрээр 1916 онд Надежда Кирилловна Черносвитоватай гэрлэв. 1919-1920 оны өвөл тархсан испани ханиадын цар тахлаар Капица эцэг, хүү, эхнэр, дөнгөж төрсөн охиноо алджээ.
1921 онд түүнийг Англи руу илгээснээр Кавендишийн лабораторт Эрнест Резерфордын удирдлага дор ажиллах болов. 1922 онд Кембрижид докторын зэрэг хамгаалжээ.
1925 оны 1-р сараас Капица Кавендишийн лабораторийн соронзон судалгааны дэд захирал болсон. Улмаар 1929 онд Капица Лондоны хааны нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр сонгогджээ.
1927 онд тэрээр хоёр дахь удаагаа, Анна Алексеевна Крылова (1903—1996)-тай гэрлэсэн юм.
1934 он хүртэл тэрээр Лондонд амьдарч хааяа ЗХУ-д ирж гэр бүл, найз нөхөдтэйгээ уулздаг байв. Гэвч ЗХУ-ын удирдлага түүнийг буцахыг хориглож, эх орондоо үлдэхийг санал болгосон байна. ЗХУ-ын эхний сарууд хэцүү байсан - ажил байхгүй, ирээдүйд итгэлгүй байж эхтэйгээ хамт нийтийн байранд давчуу нөхцөлд амьдрах шаардлагатай болсон гэдэг.
1934 оны 12-р сарын 23-нд Вячеслав Молотов ЗХУ-ын ШУА-ийн бүрэлдэхүүнд Физикийн асуудлын хүрээлэнг байгуулах тухай зарлигт гарын үсэг зурав. 1935 оны 1-р сарын 3-нд "Правда", "Известия" сонинууд Капицаг шинэ хүрээлэнгийн захирлаар томилсон тухай зарласан ажээ. 1935 оны эхээр Капица Ленинградаас Москва руу нүүж, түүнд үйлчлэх машин гаргаж өгчээ. 1935 оны 5-р сард Физикийн хүрээлэнгийн лабораторийн барилгыг барьж эхлэв. Рутерфорд, Коккрофт нартай нэлээд хэцүү хэлэлцээ хийсний дараа (Капица тэдэнд оролцоогүй) лабораторийг ЗХУ-д шилжүүлэх нөхцөлийн талаар тохиролцоонд хүрэв. 1935-1937 оны хооронд Англиас Капицагийн шаардсан бүх тоног төхөөрмжийг авч ирж чадсан байна.
Дайны жилүүдэд Физикийн хүрээлэнг Казань хот руу шилжүүлжээ. Дайны үед агаараас шингэн хүчилтөрөгч үйлдвэрлэх хэрэгцээ (ялангуяа тэсрэх бодис үйлдвэрлэхэд) эрс нэмэгдэж, Капица өөрийн бүтээсэн хүчилтөрөгчийн криоген үйлдвэрийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажилласан байна.
Дайны дараа түүнийг ажлаас нь халсан бөөөд 1953 онд Иосиф Сталиныг нас барсны дараа ажилд эргүүлэн томилжээ.