Савх
Савх (англи. Chopsticks, япон.箸-хаши) Зүүн Азийн орнуудын уламжлалт хоол идэх хэрэгсэл юм. Савхыг Хятад, Япон, Солонгос, Монгол, Вьетнам зэрэг оронд голлон хэрэглэдэг.
19-р зуунд Тайландын V Рама хаан Европын хоол ундны хэрэгслийг эргэлтэд оруулснаар савхаар зөвхөн гоймон эсвэл шөл иддэг болсон байна. Савхыг ихэвчлэн мод, металл, яс, зааны яс, орчин үед хуванцраар мөн хийдэг болсон. Мөнгөн савхыг Хятадын эзэн хааны ордонд өгч буй хүнс хортой эсэхийг илрүүлэх зорилгоор ашигладаг байсан гэдэг (хор нь мөнгөтэй урвалд орохоор өнгө нь өөрчлөгддөг).
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хятадад савхыг куайзы (хятад: 筷子, пиньинь: kuàizi) гэж нэрлэгддэг бөгөөд археологийн судалгаагаар МЭӨ XVII–XI Шангийн эрин үед (3 мянга орчим жилийн өмнө) гарч, зааны ясан савхаар хаад, хатад зоогоо савхаддаг байсан нь хамгийн үнэтэй, дээд зэрэглэлийнхэд тооцогддог байв. Домогт өгүүлснээр бол нэг эр халуун буцалж буй шөлнөөс мах гаргаж авахдаа түлэгдэхгүйн тулд модноос хоёр жижиг мөчрийг тасдаж авч хэрэглэсэн гэдэг. Баруун Жоу улсын үед хүрэл савх, хожим Тан улсад мөнгө савх үнэ цэнтэйд орох болов.
Савхны музей
[засварлах | кодоор засварлах]Дэлхийд цор ганц гэгдэж буй савхны музейн эзэн Лань Сян ярьж буйгаар, хулс мод, яс, хаш чулуу, хуванцар, металл гэсэн таван төрлийн эдээр савхыг хийдэг аж. Соёлын хувьсгалын он жилүүдэд (1966–1976 он) эртний түүхт, үнэтэй, чамин савх, эд хэрэгслийг олноор сүйтгэжээ. Тэр үеэс Лань Сян Хятад даяар явж, дээр үеэс хэрэглэж ирсэн, өвөрмөц хийц, түүхтэй савхнуудыг цуглуулан 2000 орчим үзмэртэйгээр музейгээ нээсэн байна. Үзмэрүүдийнх нь 600 орчим нь Тан (618–907 он), Сүн (960–1279 он), Юань (1271–1368 он), Мин (1368–1644 он) болон Чин (1644–1912 он) гүрний үед хамаарах эдлэлүүд аж. Тэрээр 1988 онд Шанхай хот дахь гэрээ музей болгон тохижуулж, үзмэрүүдээ олонд толилуулсан тэрбээр савхны хийц, загвар, үүх түүхийг өгүүлсэн ном бичиж хэвлүүлсэн ажээ.
Баримтууд
[засварлах | кодоор засварлах]Дэлхий дээрх хүн амын 30 гаруй хувь хоол идэхдээ савх хэрэглэдэг, 30 хувь нь халбага, сэрээ хэрэглэдэг бөгөөд үлдсэн 30-аад хувь гараараа хоол иддэг байна.
Савхыг ширээн дээр тавихад өнхрөхгүй байхын тулд хавчиж иддэг доод хэсгийг нь дугуй хэлбэртэй, доод хэсгийг нь дөрвөлжин хэлбэртэй хийдэг байна. Савхны урт нь ойролцоогоор 24 см байдаг бөгөөд хулсаар хийсэн савх арай урт байдаг ажээ.
Монголд
[засварлах | кодоор засварлах]Эртнээс Монголчууд савх хэрэглэж ирсэн бөгөөд хүн бүр өөрийн аяга, хутга, савх, арчих алчууртай байсан бөгөөд түүнийгээ биедээ байнга авч явдаг байжээ. Эр хүний хуйтай хутганы хажууд хос савх хатгаастай байдаг байжээ.
1930-аад оны дунд үеэс социализмын соёлжих хөдөлгөөн нэрийн дор Оросын нөлөөгөөр халбага, сэрээ хэрэглэх болжээ. Сүүлд 1990 оноос монголчууд халбага сэрээний сацуу, эргээд савхыг өргөн хэрэглэж байна.