Доржийн Сүхбаатар

09:42, 21 Нэгдүгээр сар 2019-ий байдлаарх Zorigt (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга

Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, шашин судлаач Боржигин овогт Доржийн Сүхбаатар 1957 онд Монгол улс, Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн.

Файл:Su Photo.jpg

Хуульч, Сэтгүүлч, Нийтлэлч Доржийн Сүхбаатар

Эцэг: Сономын Дорж
Эх: Дунжаагийн Сэрж
Төрсөн газар: Хэнтий аймаг, Өндөрхаан хот
Гарал угсаа: Өвөг Соном, Тайж язгууртан
Яс үндэс: Халх
Шашин шүтлэг: Бурханы шашин
Төгссөн сургууль: Азербайжан улсын их сургууль, Удирдлагын Академи
Мэргэжил: Хуульч, Төрийн удирдлагын менежер

Намтар

Эцэг С.Дорж нь хуучнаар Сайн ноён хан аймаг, Үйзэн вангийн хошуу буюу одооны Өвөрхангай аймаг, Дэлгэрэх булаг нутгийн уугуул, тайж язгууртай, эх Д.Сэрж нь хуучнаар Сэцэн хан аймаг, Сэцэн ханы хошуу буюу одооны Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул ард.

Д.Сүхбаатар нь 1974 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын арван жилийн дунд сургуулийг онц төгссөн. Тэрбээр 1974 онд 17 настайдаа Азербайжан Улсын Их Сургуулийн Хуулийн факультетад элсэн орж оюутан болсон. 1979 онд Азербайжан Улсын Их сургуулийг Баку хотод төгсөж, “Хуульч” мэргэжил эзэмшсэн. 2005 онд Удирдлагын академийг “Төрийн удирдлагын менежер”-ээр төгссөн.

Д.Сүхбаатар өсвөр залуу наснаасаа эхлэн монголын түүх, өрнө, дорно дахины түүх, гүн ухаан, уран зохиолыг ихэд сонирхож судалдаг байсан.

Наяад оноос эхлэн тэрбээр дэлхийн томоохон шашин: христианизм, ислам, индуйзм, буддизмыг сонирхож бие даан судалж байв. Дараа нь удалгүй Буддын шашныг сонгож, Бурхны шашинтан болсон.

Д.Сүхбаатар 22 настайдаа төрийн мэргэшсэн албан хаагч болж, 1979-1991 онд Хэнтий аймгийн гүйцэтгэх захиргааны Зохион байгуулагч, 1992-2005 онд Улаанбаатар хотын Багануур дүүрэг, 2006-2007 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газрын ахлах зохион байгуулагч, хуулийн зөвлөхөөр ажилласан. 1991-1992 онд төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сэтгүүлчээр ажиллаж байв. 2007 онд БНСУ-ын “Сонжингрупп” ХХКомпанийн хуулийн зөвлөхөөр ажилласан.

2008-2017 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын хуулийн зөвлөх, мэргэжилтнээр ажилласан.

Д.Сүхбаатар нь хууль зүйн магистр, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн гишүүн. Орос, англи хэл эзэмшсэн.

Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, шашин судлаач Д.Сүхбаатар нь 1980-аад оноос эхлэн өдгөө хүртэл орон нутаг болон төвийн сонин хэвлэл, сайтуудад олон нийтийн анхаарлыг татсан олон арван өгүүлэл, нийтлэл, тэмдэглэл бичиж байв. 1988 онд Монголын тэр үеийн хамгийн олон хувиар хэвлэгддэг “Үнэн” сонинд түүний Хэнтий аймагт ажиллаж байхдаа бичсэн нэг үзэл сурталт дарангуйллын нийгмийн ном хэвлэлийн бодлогыг хэрхэн өөрчилж шинэчлэх тухай “Хэвлэлийн бодлогоо шинэчлэн өөрчлөе” хэмээх нийтлэл нь ихээхэн шуугиан тарьж, “Үнэн” сонины оны тэргүүн шагналыг авч байлаа. Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, ”Үндэстэн.мн /”http://undesten.mn/ сайтад нийтлэгдэж байсан түүний бичсэн нийгэм улс төр, ёс суртахуун, шашны хурц асуудлыг хөндсөн олон өгүүлэл, нийтлэлүүд нь уншигчдын сонирхлыг татаж байв. Тэрбээр Оросын Холбооны Улсын зарим сайтад http://savetibet.ru/2011/04/18/mongolia.html орос хэлээр http://savetibet.ru/2011/07/10/mother-dakini-of-mongolia.html монголын буддизмын тухай сонирхолтой өгүүлэл бичиж, оросын уншигчдын анхаарлыг татаж байв.

Д.Сүхбаатарын бичсэн номууд нь хүн төрөлхтний түүх, соёл, шашин, урлаг, шинжлэх ухаан, бясалгал, гэгээрэл, гүн ухаан, нийгэм улс төр, хувь хүний хөгжлийн тухай өргөн сэдвийг хамарч баримт дүгнэлттэй, логик уялдаатай, далайцтай, сонирхолтой, гүн утгатай, энгийн хэллэгтэй байдгаараа уншигчдын талархлыг хүлээсэн байдаг. Түүний бичсэн “Дагаар орсон монголчууд” хэмээх анхны ном нь 1999 онд хэвлэгдэж, өвөр монгол, халимаг, буриад түмний түүхийг өгүүлсэн нийтлэл нь уншигчдын анхаарлыг татаж байв. 2006 онд “Лам багшийн айлдвар” хэмээх номоо бичиж хэвлүүлэв. 2013 онд "Эзэн Богд Чингис хааны алдар гавьяа, алтан сургаал", "Хубилай сэцэн хаан","Төр", "Цөвүүн цагийн Монгол", "Монголын Бурхны шашны сэргэн мандалт, алдаа оноо" - https://www.news.mn/?id=56456 "Бурхны сургаал", "Түвд оронд зорчихуй", "Мэргэн жаал" http://prnews.mn/news/1270 зэрэг олон нийтлэл, тэмдэглэлийг багтаасан “Гэгээрэл” хэмээх номоо бичиж хэвлүүлсэн. Энэ ном хэвлэгдэж гарсан даруйдаа уншигчдын анхаарлыг татаж, талархал хүлээж байв. 2015 онд “Авралын сургаал” хэмээх номоо бичиж хэвлүүлэв.

Д.Сүхбаатар нь "Ээж минь миний Бурхан", "Аав минь миний Бурхан", "Бурхан багш дор мөргөмүү", "Есөн гэгээнтний магтаал", "Дурсамж", "Хэрлэн гол минь", "Монголчууд", "Амар амгалан", "Ерөөл тавин золгоё" зэрэг шүлэг бичиж туурвисан. 2018 онд "Буянтай ээж минь" хэмээх дуу зохиож, видео клип бүтээж, олны хүртээл болгосон, мөн "Замбуулин" хэмээн дууны ая, шүлгийг зохиосон.

Д.Сүхбаатарын хамгийн том бүтээл бол түүний 20 жилийн турш хуримтлуулсан судалгаан дээрээ тулгуурлаж 2 жил бичсэн, 2005 онд хэвлэгдсэн “Бурхан - Хүмүүн ертөнц” хэмээх 711 хуудас бүхий ном юм. Энэ бүтээл нь 8 бүлэг, 72 хэсэгтэй, монгол, орос, англи хэлээрх 79 ном, эх сурвалжийг ашиглаж бичсэн ном юм. Зохиогч энэхүү номдоо дэлхийн өрнө, дорно дахины хүчирхэг үндэстнүүдийн түүхэн хөгжил, өрнө, дорны их хаадын түүх, дэлхийн томоохон шашнууд, түүний дотор буддын шашны сургаал, дэлхийн соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өргөн сэдвийг хамруулж чаджээ. Монголд анх удаа дэлхийн том шашнуудын гол судар "Дхаммапада", "Библи" / Хуучин ба Шинэ гэрээ/, "Коран", "Бхавадгита"-гийн харьцуулсан нарийн судалгаа хийж, энэхүү номдоо тусгажээ.

Д.Сүхбаатар нь Монгол улс болон Төвөд, Хонконг, Оросын Холбооны улсын Буриад, Хятад улс, Япон улс зэрэг гадаадад буй Бурхны хутагт хувилгаадын ариун дагшин газрууд болон Бурхны сэрэг дүр заларсан газруудаар хувиараа ганцаарчилсан аялал хийж, аян замын тэмдэглэл бичжээ. Д.Сүхбаатар нь 2011 онд “Номын гэрэл - Ногоон дэлхий” төрийн бус байгууллагыг санаачлан үүүсгэн байгуулсан, эдүгээ тус байгууллагын тэргүүнээр ажиллаж байна. Тэрбээр өөрийн хандиваар хэвлүүлсэн “Лам багшийн айлдвар”, “Авралын сургаал” номоо сүсэгтэн олонд номын өглөг болгон үнэ төлбөргүй түгээж байжээ.

Бүтээл ном

  • “Дагаар орсон монголчууд” ном , 91 хуудас, УБ хот, 1999 он
  • “Бурхан-Хүмүүн ертөнц” ном , 711 хуудас, УБ хот, 2005 он
  • “Лам багшийн айлдвар” ном, 80 хуудас, УБ хот, 2008 он,
  • “Гэгээрэл” ном , http://savetibet.ru/2013/07/09/mongolia.html 364 хуудас, УБ хот, 2013 он
  • “Авралын сургаал” ном , 96 хуудас, УБ хот, 2015 он

Шүүмжлэл

Хорьдугаар зууны наяад оны сүүлчээр анх бичсэн, дараа нь түүний “Дагаар орсон монголчууд” номд нь хэвлэгдсэн буриад, халимаг, өвөр монголын тухай түүний "Дагаар орсон монголчууд" хэмээх түүхэн нийтлэлийг нь панмонголизмын үзэлтэй хэмээн шүүмжилж байсан.

Шагнал

Монгол улсын төр засгаас хуульч, сэтгүүлч, нийтлэлч Д.Сүхбаатарын хөдөлмөр, бүтээлийг үнэлж 2016 онд Алтан гадас одон, 2000 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан. Монголын Нүүдлийн Соёл Иргэншлийн Академиас 2005 онд “Бурхан-Хүмүүн ертөнц” ном бүтээснийг нь үнэлж, "Чингис хааны алдар"-ын одонгоор шагнажээ. Төрөөс Д.Сүхбаатарыг "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан", "Төрийн албаны тэргүүний ажилтан" тэмдгээр шагнажээ.

Цахим холбоос

Доржийн Сүхбаатар - Фэйсбүүк