Хайлуур жонш
Хайлуур жонш буюу Флюорит - (CaF2), галидын бүлэгт багтдаг эрдэс. Флюорит нь газрын металл болох кальцийн давс. Химийн найрлага нь нэлээд тогтвортой: Са - 51,1% ; F - 48,8%. Изоморф хольцийн агууламж их биш, ховор тохиолдолд 1%-с дээш гардаг. Флюоритийн хатуулаг чанар Моосын шаталбараар 4, нягт нь 3,180 + 0,001 г/см3 (изоморф хольцийн нөлөөллөөр нягт нь бага зэрэг нэмэгддэг). Флюорит нь цайвар ягаанаас өтгөн ягаан хүртэл, хар, цагаан, саарал, шар, ногоон, цэнхэр, ховор тохиолдолд хүрэн ба улаан туяатай тохиолдог. Оптикийн флюорит нь өнгөгүй, онцгой тунгалаг, гэрлийн маш өргөн хүрээтэй давтамжийг (хэт ягаанаас хэт улаан хүртэлх) нэвтрүүлж чаддаг. Стехиометрийн бус бүтэц ба изоморф хольцуудын нөлөөгөөр үүссэн байгуулалтын дефект нь, флюоритийг янз бүрийн өнгө, туяатай болгодог гэж үздэг. Хольцгүй флюорит нь цайвар цэнхэр, цэнхэр, сарнайн ягаан, бэхийн ягаан туяатай тохиолддог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хайлуур жоншийг хүн төрөлхтөн анх 100 гаруй жилийн өмнөөс мөнгө хайлуулахад ашиглаж эхэлсэн тухай баримт байдаг. Хожим түүнийг металлургт өргөн ашиглах болсон.
Флюорит Монголд
[засварлах | кодоор засварлах]Манай орон хайлуур жоншны олборлолтоор БНХАУ, Мексикийн дараа гуравдугаарт, экспортын хэмжээгээр Мексикийн дараа хоѐрдугаарт ордог. Ашигт малтмалын голлох ордууд, манай орны төв болон дорнод хэсэгт орших ба тэдгээрийг нийтэд нь Дорнод Монголын флюоритийн бүслүүр гэж нэрлэдэг. Энэ бүслүүр нь уртаараа 1000 км, өргөнөөрөө 200 км үргэлжлэх, галт уулын мезозоид бүслүүртэй давхацдаг. Бүслүүрийн бүтэц гүйцэд судлагдаагүй ч, одоогийн байдлаар флюоритийн хүдрийн 300 гаруй орд болон илэрц тогтоогдсон.
Дийлэнх ордууд зурвасын ба брекчийн бүс агуулсан хүдрийн биетүүд юм. Ховор тохиолдолд карбонатын чулуулагт байрлах метасоматик гаралтай линз хэлбэртэй оршино.
Химийн бүтцийн хувьд хүдрүүд нь кварц-флюоритийн үүслүүд ба түүнд голлох флюорит, флюориттэй хослох кварцаас тогтдог ба адуляр, карбонатууд, барит, шаварлаг эдсүүд, пирит, ховор тохиолдолд галенит ба киноварь зэрэг дагалдах хольцуудыг агуулдаг.
Тогтоцын хувьд хүдрүүд ихэнх тохиолдолд цул, зурвасалсан ба брекчийн, ховор тохиолдолд судал ба үүр хэлбэртэй. Цул хүдрүүдийн CaF2 агууламж 65%-с дээш гардаг бол бусад тохиолдол түүнээс бага байдаг. Хүдрийн биетийн эргэн тойронд орших вулканитуудад хүдэр орчмын өөрчлөлтүүд (кварцжилт ба аргиллизаци) илэрдэг.
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Хайлуур жонш фторын эх үүсвэр бөгөөд зах зээлд эрэлт хэрэгцээ нь байнга өсөж байгаа, чухал ач холбогдолтой эрдэс. Флюоритийн баяжмалыг өнгөт металлын, металлургийн, химийн (фторт устөрөгчийн хүчил, фторын давсууд), эмалийн, тусгай зориулалттай шилний, гагнуурын материалын үйлдвэрлэл зэрэг олон салбарт ашигладаг. Түүний өнгөгүй, том талстууд (кристаллууд) нь янз бүрийн урттай долгионуудад ижил хугарал үзүүлдэг. Энэ өвөрмөц чанарт үндэслэн флюоритийг линз, призм,хагас дамжуулагч чипний үйлдвэрлэл г.м. онцлог бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашигладаг. ФК-75 маркийн хайлуур жоншны баяжмалыг металлургид ашигладаг бол илүү ядмаг ФР-65, ФР-43 и ФР-30 баяжмалыг гэрлийн квантын генераторыг үйлдвэрлэхэд г.м. шинжлэх ухааны нарийн салбарт ашиглаж болдог.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- Хайлуур жоншны судалгааны тайлан, Даянбүүвэй. 2010 он.
- Шинжлэх ухаан, техникийн үг хэллэгийн тайлбар толь, Даянбүүвэй. 2012 он.