Jump to content

Цээрлэх ёсон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монголын уламжлалт цээрлэх ёсон.

  • Айл нохойгоо хорихгүй, гэрээс хүн гарч угтаагүй бол заавал буух, орох гэж зүтгэхийг цээрлэнэ.
  • Айлд эд юм, эс бөгөөс бэлэг хүргэж яваа хүн түүнийгээ доод талдаа тавихыг цээрлэнэ. Заавал дээд талдаа тавьдаг нь хүндэлж буйн тэмдэг.
  • Айлд өвдгөө салаавчлах, хөлөө ачиж суухыг тавьтаргүй, хүндлэх ёс үл мэдэгч хэмээх тул цээрлэнэ.
  • Айлд нөмгөн (бүсээ бүслээгүй) орохыг цээрлэнэ. Бэлбэсэн, уй гашуу тайлаагүй үед нөмгөн орж болно.
  • Айлчилж хонох хүн гэрийн эздээс ор дэвсгэр засаж өгөөгүй байхад бүхлээр буюу хувцсаа тайчин хэвтэхийг цээрлэнэ. Зөрчвөөс ёс алдана, жудаггүй гэгдэнэ.
  • Айлын тулга, зуухыг өшиглөхийг цээрлэнэ. Зөрчвөөс гал голомтод халдав, доромжлов, муу ёр удлаа хэмээн сэжиглэнэ.
  • Алах ялтныг эгцлэн харахыг цээрлэнэ. Гай барцад нь харсан хүнд тусаж, дагана хэмээн цээрлэдэг учир тэр бөлгөө.
  • Ална гэдэг үгийг хамаа бус хэлэхийг цээрлэнэ. Хонь мал муулах, гаргах, махлах, төхөөрөх гэхчлэн орлуулан хэлдэг ёсон буй.
  • Алга ташихыг цээрлэнэ. Алив муу юмыг зайлуулах, үргээхэд довогдох (алга таших) ёс буй учир алга ташихад хишиг буян зайлдаг хэмээн цээрлэдэг бөлгөө.
  • Алгаа дэлгэж хамаа бус хүнд үзүүлэхийг цээрлэнэ. Учир нь гарын алганы зураас хээ тухайн хүний заяа тавилангийн толь мөн хэмээн үздэг учир нуудаг бөлгөө.
  • Алхаж гишгэхдээ таахалзах, алцаганахыг цээрлэнэ. Хэрэв тийн явбаас ёргио сагсуу, аальгүй, эс бөгөөс өвчин согогтой гэнэ.
  • Алтан гадас одны зүг харж гадаалах (морь харах)-ыг цээрлэнэ. Одот тэнгэрийг хүндлэхийн учир тэр болой.
  • Алт, мөнгө, эрдэнэсийг хамаа бус эдэлж хэрэглэхийг цээрлэнэ. Буян барагдана, хүндэднэ, атаач, жөтөөч, авилга шунахайн хорхойг асаана гэх буюу "Эрдмээр биеэ чимэхийн өмнө эдээр биеэ чимэх донтон" гэгдэнэ.
  • Билүүг гараар өгөх авахыг цээрлэнэ. Заавал юман дээр тавьж өгөх буюу тавьсны дараа авна эсвэл боож өгнө.
  • Буурь сэлгэн нүүж буй айл гэрийн бууриа цэвэрлэлгүй орхихыг цээрлэнэ. Хог хаягдлыг оргүй болгон цэвэрлэж, цэмцгэр болгоод нүүнэ. Зөрчвөөс газар нутгийн сахиулсан тэнгэр хилэгнэнэ, шинэ нутаг ээлгүй болно гэнэ.
  • Буурин дээрээ яс үлдээхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс мал сүрэг ховордож, хишиг буян дундарна, хот харлаж ядуурна.
  • Бууны амыг дээш харуулан үүрхийг цээрлэнэ. Дайн байлдаанд ялагдсан цэрэг бууны амыг дээш харуулан үүрдэг учраас тийнхүү цээрлэдэг ёс бий болжээ. Мөн тэнгэр рүү харуулахыг цээрэлж буй хэрэг.
  • Бэлэг сэлт хүргэхдээ сондгой тоотой эд юм өгөх (3,9-өөс бусад) өргөхийг цээрлэнэ. Тэгш буюу хос эд юм бэлэглэвэл эд арвижихийн бэлэгдэл гэнэ.
  • Галд сүү тусаахыг цээрлэнэ. Үнээ малын хөх гэмтэнэ, сүү татрана гэж үздэг.
  • Галд ам гарахыг цээрлэнэ. Ам гарваас галын аюулд өртөнө.
  • Гэр барьж байгаатай таараад унь өлгөлцөлгүй, дээвэр тавихад туслалгүй явахыг цээрлэнэ. Учир нь айл гэрийг хүндэлсэнгүй, эв эе эвдэрсэний шинж.
  • Давс гуйхад харамлавал цавь нь цоорхой, эвэрхийтэй хүүхэд гарна.
  • Дал идэхдээ шүд амаараа зулгаахыг цээрлэнэ. Заавал хутга хэрэглэнэ. Эс тэгвээс бөөлжнө. Нагацын талд муу юм тохионо гэдэг.
  • Дуутай бороо орох үед айраг бүлэхийг цээрлэнэ. Аянга бууна.
  • Дээл, малгай хувцасан дээгүүр алхаж гарахыг цээрлэнэ. Эзэн дээгүүр нь гарсантай адил гэж үзнэ.

Байгаль хамгаалахтай холбоотой цээр

[засварлах | кодоор засварлах]

Гал түлштэй холбоотой цээр

[засварлах | кодоор засварлах]

Аянчин хүн гал цогтой үнс нурмыг шороогоор булж чулуугаар дарах, халуун үнс нурманд базаж мушгирсан өвс хийж булах, айлын буурин дээр гал түлэх, асгаж дэлгэсэн ба эсвэл өөр бусдын түүж бэлтгэсэн аргалаар гал түлэхийг цээрлэнэ. Ой хээрийн түймэр гарвал ойр орчмын хүн зартай заргүй ирж унтраалцана. Хээр гал түлэх бол элсэрхэг сайр, цулгай газар, хавтгай чулуун дээр түлнэ. Сонгины хальс галд хийхийг цээрлэнэ, мал сохроно гэж үздэг.

Мод ургамалтай холбоотой цээр

[засварлах | кодоор засварлах]

Гол ус ширгэх учраас голын сав газрын модыг огтлох, зулзаган мод, хэсэг төглөөс нэгийг ч огтолж болохгүй. Нойтон модны мөчир хугалах, нялх ногоо цэцэг зулгаах, өнчин мод ба унаган мод мэтийн онцгой модыг тайрах, зэрлэг сонгиныг үр нь боловсроогүй үед үндэстэй нь түүх, жимс, эмийн ургамлыг мөчиртэй нь түүх, ургамал ба жимсийг боловсрохоос нь өмнө түүх, мөөгний хүрээг хоосортол нь түүх, хавар мод бут ногоорох үед огтлохыг хориглоно. Газрын чийгийг алдахгүйн тулд модыг тайрсны дараа хожуул дээр нь шороо асгана.

Ус голтой холбоотой цээр

[засварлах | кодоор засварлах]

Рашаан, булаг шанднаас ус авахдаа сайтар цэвэрлэсэн шанага сав ашиглана. Булаг шанд гол горхины усанд цус, сүү цагаа асгах, хиртэй юм угаах, ойролцоо газар нь бие засах, усан дахь загас жараахай, усны шавьжийг хөнөөхийг ихэд цээрлэнэ. Усны эхийн дээд талд саахалт айлаас дотогш гэр буулгах, усыг бохирдуулах, булингартуулах, хаврын урсгал усыг түүхий ус гэдэг учраас биеэ угаах, хөөтэй тогоогоор худаг уснаас ус авахыг хатуу цээрлэдэг.

Мал амьтантай холбоотой цээр

[засварлах | кодоор засварлах]

Амьтан цуглардаг хужир шороонд цус хүргэх, амьтан агнаад ноос, яс, өвдөл цөвдөлийг хамаагүй хаях, ангийн амьтны цусаар байгаль дэлхийг будах, ган зудад нэрвэгдэж нутаг ус эрж яваа амьтдыг агнах, зул сарын 25-нд мал нядлах, ан хийх, ичээндээ байгаа амьтныг агнах, өндгөө дарсан шувууг цочоож үргээх, өнчин ганц амьтан агнах, хөхүүл нялх зулзагатай амьтныг агнах, сүргийн магнай амьтанг агнах, амьтны үүр ичээг эвдэх, нүхэнд ус цутгах, утах, ханш нээснээс хойш үслэг амьтдыг агнахыг хатуу цээрлэдэг. Чонын бэлтрэгийг алах бол заавал нэгийг үлдээнэ.

Биеэ авч явах, ахуй байдалтай холбоотой цээр

[засварлах | кодоор засварлах]

Алтан гадас од, нарыг харж бие засах, малын хэвтэр, хот хороо, зэлний орчим бие засахыг цээрлэнэ. Аянганд цохиулж үхсэн мал, хүний цогцсыг тухайн газарт булна. Бэлчээр бууцыг элдэв сэг зэмээр бохирдуулах, голын эрэг, гуу жалга эвдэх, нурамтай үнс асгах, өвлийн бууцыг олон малаар гишгүүлэх, тэнгэр огторгуйг хараах, хутга мэс, хурц үзүүртэй юмаар газар сэндийлэх, газрын хөрсөнд шалзлам халуун ус, халуун шөл асгах, газрын чулууг ховхолж хөндөх, нэг газар удаан хугацаагаар нутаглахыг цээрлэнэ. Гутлаа хаях үед улыг нь ханзалж хаяна. Нүүж суухдаа гэрийн буйрыг сайтар цэвэрлэнэ. Овоонд чулуу өргөхдөө бэлийн чулуу авчирч овоонд өргөнө. Үнсийг ариун, хогийг бузар гэж үздэг учраас хоёр өөр газарт хаяна. Чулуугаар чулууг цохиж болдоггүй бөгөөд адуунд муу гэж үздэг. Шон гадасны нүхийг булж, битүүлж үлдээдэг.

Хоол ундны цээр

[засварлах | кодоор засварлах]

Амсар нь эмтэрхий аяганд цай хийж хүнд барих, аяга шаазанг хөмөрч тавих, аягатай цай идээ барихдаа амсрыг нь хуруугаараа дарах, аяга шаазанг харшуулан дуугаргах, аяга шаазанг зориуд хагалах, аяганы үлдэгдлийг гэр дотроос гадагш цацах, аягалж өгсөн цайг амсахгүй тавих, аягандаа шавхруу үлдээх, аяганд савх хатгаж тавих, аяганд цай хийхдээ бялхаах, аягатай хоолоо зайлж уух, давсгүй хоол цай аягалах, зочинд цай аягалахдаа асгаж цутгахыг цээрлэнэ.

Богино хавирга, хүзүүг дангаар зочин гийчинд таваглан тавих, босгон дээр чөмөг таших, далыг шүдээрээ зулгаах, хуудсыг ганцаараа идэх, мөгөөрс идэх, дэлүүг хазаж идэх, дэлүүг махтай нь хаях, далны ясыг буурин дээр ил орхих, мах идэхдээ ясыг мөлжүүртэй үлдээх, ясыг үеэр нь нугалахгүй мөлжих, мах эвдэх идэхдээ ясыг гараар хугалах, сархинагны ам идэх, сүүжийг мөлжөөд гэрт хонуулах, хүүхдэд өрөөсөн бөөр, нугас самалдаг, чөмөг, баатар хуйх, хамар, аймхай мөгөөрс, эргүү малын тархи идүүлэх, их өлссөн хүнд бууз, хуушуур, банш гэх мэт битүү хоол идүүлэх, жигнэсэн битүү хоол идчихээд шууд гарч явах, өөх мах, ямааны мах идсэний дараа хүйтэн ус уух, амаржсан эмэгтэй сарын дотор өөх тос, давс, сэрүүн идээ идэх, хөөрүүлсэн сүү уух, бие давхар эмэгтэй тэмээний мах идэх, архи дарс уух, үхсэн малын мах, өвчтэй малын мах, хүйтэн нойтон идээ, гашуун исгэлэн үнэр амт нь хувирсан идээ идэх, хэтэрхий цадтал идэх, хэтэрхий өлсөж байгаад нэг дор идэх, хоол шөл идэхдээ хүчтэй сорох, их чимээ гаргах, асгаж цутгах, рашаан усыг зоргоороо уух, самрын идээг шар хальстай нь идэх, хөлдөж осгосон, хэтэрхий даарч бээрсэн хүнд халуун хоол цай өгөх, өлөн элгэн дээрээ архи уух, тамхи татах, хүнд хоол идэх, өлссөн хүн гэнэт их хоол идэх, өөх тостой буюу царцуу хоол идэх, хусман дээр цай хийж уух, махны шөлийг буцламгай халуунаар уух, хэлд ороогүй хүүхдэд өндөг идүүлэхийг цээрлэнэ.

Дуутай борооны үеэр айраг бүлэх, дээж идээ таваглан засах, амсахдаа толгой нүцгэн байх, малд явахдаа мах авч явах, идээ будаагаар тоглож наадах, идэж уухын хооронд гиншиж, ёолох, эвшээх суниах, найтаах, мах шүүс тавихдаа эх толгой талыг буруу харуулах, тогоотой махыг хутгаар сүлбэн гаргах, боорцог боов хийх гурилыг хүйтэн усаар зуурах, галд сүү дусаах, давс харамлах, давс галд хийх, задгай давсыг гараар авах ба өгөх, гуйлгачин хүнд өглөг өгөхдөө гараас гарт атгуулах, хоол ундыг голох, ямаа болон тэмээний махыг тахил шүүс өргөхөд хэрэглэх, үлдээсэн хоолыг ил задгай тавьж хонуулах, хэвтээгээрээ юм идэх, цагаан идээ идэхдээ савх хэрэглэх, цагаан идээг ядам хуруунаас бусад хуруугаар амсах, цацал өргөх, цагаан идээг зогсоогоор явуут амсах, идэх, цай нүдэхдээ тоолох, чөмөг ташихдаа тэг дундуур нь таших, чөмгийг хувааж идэх, яаруу сандруу идэж уухыг хориглоно. Хоол цайны үеэр чонын тухай ярьж болдоггүй бөгөөд чонын шүд хурц болж мал хорогдоно гэж үздэг.

Айлаас савтай юм аваад савыг хоосон буцааж өгөх, амандаа юм зажилж гадагш гарах, сав суулга, аяга тавган дээгүүр харайн гарах, билүүг гараар өгөх ба авах, савхаар, халбага сэрээгээр аяга таваг тогших, савхыг аяга тавагны амсар давуулан тавих, таваг долоох, хавтгай ёроолтой саванд цай хийж уух, тогоон дотор шанага хөмөрч тавих, хутга дүрэх, өрөөсөн савх хүнд өгөх, ганц савхаар хоол идэх, хоол идээд аяга шаазан тогоо шанагыг хэлхэлдүүлэн орхих, хоолны аягыг долоохгүй тавих, хүний дэргэд аяга тагш, сав суулгаа чанга тавих, цай хоол барихдаа ганц гараар өгөх авах, үүдэндээ хоосон сав суулга дээш харуулан тавих, шанагыг газарт тавих, тогооны ирмэг, тагны ирмэг дээр ташуу тавихыг цээрлэнэ.

-Хүнд юм өгөхдөө шидэх, чулуудах, хаяхыг цээрлэнэ. Заавал хоёр гараар барих буюу баруун гартаа барин зүүн гараараа тохой дороос нь түшиж өргөн барина

-Хүнд юм өгөх, хүнээс юм авахдаа хуруундаа өлгөх, гарын салаагаар авах, өгөхийг цээрлэнэ. Зөрчвөөс хишиг буянд муу гэх буюу ичгүүргүй, Ёс мэдэхгүй гэгдэнэ.

-Хүний (хар элгийн хүн) хажууд хүүхэд багачуудаа загнан зандрах, зэмлэхийг цээрлэнэ. Гаднын хүн байхад зайлшгүй анхааруулах болон зөөлөн дуугаар сануулах, тун болохгуй бол нүднийхээ харцаар зэмлэнэ. Үл хэрэгсвээс хүүхдийн зан эвдэрнэ, үг үнэгүй болно гэнэ.

-Хүний дэргэд хэхрэх, унгахыг цээрлэнэ. Зөрчвөөс болхи толхи, заваан гэгдэнэ. Басхүү жигшигдэнэ.

-Хүний дэргэд хамар амаа ухахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс бүдүүлэг гэгдэнэ. Дургүйг хүргэнэ.

-Хүний дэргэд амаа халхлахгүй эвшээх, биеэ маажих, гутлаа тайлахыг цээрлэнэ. Тийн үйлдвээс бусдын ойг гутаана, өөрөө үнэ хүндээ барна.

-Хүний дэргэд өмдөө тайлах, өмнөх мөн өмдний тэлээ, товчоо тайлах , товчлох, тэлээлэхийг цээрлэнэ. Галзуу солиотой, эргүү мунхаг, эрээ цээр мэдэхгүй. бүдүүлэг хүн л тийн үйлдэх бөлгөө.

-Хүний дэргэд болон орон гэр, олны хөлийн газар нус цэрээ хаях, нусаа нийхийг цээрлэнэ. Зөрчвөөс нэр нүүр гутна, бохир балиар гэгдэнэ.

-Хүний дэргэд эр, эм хүмүүн үнсэлдэх, бие биеэ сэртэндэх, хурьцал үйлдэхийг цээрлэнэ. Зөрчвөөс адгуус малаас дор хэмээн жигшигдэнэ.

-Хүний дэргэд эм хүн хүүхдээ хөхүүлэхээс бус цагт дэлэн хөхөө ил гаргахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс ёс журамгүй, эрээ цээргүй, савсаг шалиг хэмээгдэнэ.

-Хүний дэргэд айл гэрийн эр эм хоёр хэрэлдэх, муу муухайгаа дуудах, өвөр хоорондоо нууцыг дэлгэхийг цээрлэнэ. Тийн үйлдвээс нэр хүндээ барна, дорд үзэгдэнэ.

-Хүний дэргэд гуя хасаа ил гаргах, хүнд хөнгөнөөр гадаалахыг цээрлэнэ. Зөрчвөөс нэр нүүргүй болно.

-Хүний дэргэд хүүхэд багачууд, нохой, малаа зодохыг цээрлэнэ. Зодвоос зочин айлчиндаа дургүйцлээ, төвөгшөөлөө, ад үзлээ гэх санаа төрүүлнэ.

-Хүний дэргэд аяга тагш, сав суулгаа чанга тавих, дуугарахыг цээрлэнэ. Хэрэв тийн үйлдвээс айлчин, зочин, андын холбоотон, ахан дүүсийн хэн аль нь гэрийн эздийг уурлаж, дургүйцэж байна хэмээн ухаарна, Санаандгүй үйлдвээс заавал өршөөл уучлал гуйн цагаашруулна.

-Хүний (айлын) ширээ өрийг алгадах, дэлдэх, хумслах, хутга мэсээр сэвтээхийг цээрлэнэ. Ширээ өрийг гэрийн эзний нүүр царайтай адилтган үздэг тул тийн үйлдвээс алгадсан, зодсон, сэвтээж гэмтээснээс өөрцгүй үзэн жигшинэ.

-Хүний бие, толгой хөлд дураараа гар хүрэх, цохихыг цээрлэнэ. Хүнээс эрхэм эрдэнэ хорвоод үгүй хэмээн дээдлэх учир тийнхүү цээрлэнэ.

-Хүний амар мэндийг асуухдаа хугаслах, тоочлохыг цээрлэнэ. Заавал бүтэн үгээр «Сайн байна уу?», «Амархан сайн байна уу?», «Амар амгалан уу?» гэх мэтээр асуух нь хүндлэх, мэндлэх ёсоо мэддэг журамтанд тооцогдоно.

-Хүний өөд болсны дараа дөчин ес хоногийн дотор мал хөнгөлөхийг цээрлэнэ. Хөнгөлвөөс нүгэл нь зузаарна гэх буюу төрөл олоход нь саадтай, төрөл олж хүн амьтан болбол сувай судар, үр төлгүй, эр эм нь мэдэгдэхгүй манин болно гэнэ.

-Хүнийг өөд (төрөл садны) болсны дараа 49 хоног дотор мал нядлах, амьтны амь бүрэлгэхийг цээрлэнэ. Зөрчвөөс нүгэл аривжина.

-Хүнтэй уулзахдаа хомхой (долоовор) хуруугаа гозойлгох, заахыг цээрлэнэ. Зөрчвөөс нүдэнд нь хуруугаа хийлээ гэх буюу харааж зүхсэнтэй адилтган үзнэ.

-Хүнтэй ярилцахдаа гараа савчих, дохиж зангах, дал мөрөө хавчихыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс хөнгөмсөг, ёргио, ёс мэдэхгүй гэгдэнэ.

-Хүнтэй ярилцахдаа өөдөөс нь шүлсээ үсэргэх, ханиах, найтаах, хялайх, ярвайх, тамшаалах, хөмхийгөө зуух зэргийг цээрлэнэ. Зөрчвөөс заваан бүдүүлэг, ихэрхэг сагсуу гэгдэнэ.

-Хүнд зүүн гараар юм өгөх, авахыг цээрлэнэ, Монголчууд зүүн гарыг буян хишгийн, баруун гарыг өглөгийн гар гэх тул баруун гараар өгөх, авахыг хүндлэх ёсонд нийцнэ хэмээн үздэг.

-Хүний адуунд дураараа уурга барихыг цээрлэнэ. Эзэн нь гуйсан, зөвшөөрсөн бол сая уурга барих бөгөөд эзэн нь байхгүй байхад уурга бариваас хэн алиныхаа хишиг буянд муу гэнэ.

-Хүнийг «үхлээ» хэмээн хэлэхийг цээрлэнэ. Өөд болов, нас барав, бие барав, бурхан болов, нөгчлөө, бүрлээч, талийгаач боллоо гэх мэтчилэн хэлдэг заншил буй. Үүнд хаан хүнийг халив, тэнгэр болов гэх буюу ихэс дээдэс, хутагт ламыг өөд боллоо, таалал төгслөө гэнэ.

-Хүнийг ганц хуруугаараа заах, чичлэхийг цээрлэнэ. Зөрчвөөс үл хүндэлсэн, малаас дор хэмээн хараасантай адилтган үзнэ.

-Хүнээс зээлж авсан, эс бөгөөс юмтай ирсэн савыг хоосон буцаахыг цээрлэнэ. Заавал идээ будааны зүйл хийж буцаана. «Бэлгийн савыг хоосон буцаадаггүй» нь өгсөн, авсандаа өлзийтэй, хишиг буяны даллагатай гэхийн учир тийн бөлгөө.

Таван тансагийн идээ бөгөөд мах, сүү, айраг, тараг, тос бүгдийг хамтатгасан байдаг. Хабул хааны үеэс архийг хэрэглэх хатуу хэмжээ байжээ. “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тааруулж балга, жар хүрээд жаргаж хүрт” гэсэн байдаг. Их засаг хуулинд ажил албандаа анхны удаа согтуу ирвэл тэр өдрийн барьсан зэвсгээр торго, хоёр дахь удаагаа согтуу ирвэл унасан мориор нь торго, гурав дахь удаагаа болвол мөчий нь огтол, дөрөв дэх удаагаа бол уул нутгаас зайлуул гэсэн байдаг.

XVIII зууны үед бол гэлэн хүн архи уувал 3 мориор, гэцэл хүн архи уувал 2 мориор, банди хүн архи уувал 1 мориор, хиа лам нар, хаалгач ууваас 2 мориор тус тус баалан торго.

XIX зууны дунд үеэс гэлэн хүнд 9 соёолон морь, гэцэл хүн бол 5 соёолон мориор, банди хүнийг 3 соёолон мориор торго гэж зааж байжээ. Архи дарс өргөн барих, хүртэхдээ хэн хэн нь ханцуй шамлах, хормой шуух, энгэр заам сул задгай байх, архи анхлан барихдаа зочны өмнө шууд тавих, зогсоогоороо уух амсах, архи дарсыг амсаж уусны дараа гашуун нясуун, хатуу догшин гэж хэлэх, архи дарсыг зоргоороо шунан уух, ухаан санаагаа баларттал уух, архиар хүн шахах, албадан уулгах, ахмад настан, аав ээжийн дэргэд уух, ахмад хүмүүс уугаагүй байхад тэднээс урьтан уухыг цээрлэнэ.