Эрдэнэбатхаан
Батxааны Эрдэнэ ᠪᠠᠲᠤᠬᠠᠭᠠᠨ ᠣᠨ ᠡᠷᠳᠡᠨᠢ | |
---|---|
Монголын Ардыг гэгээрүүлэх хоёрдох яамны сайд | |
Албан тушаал хашсан 1924 оны 12 сараас – 1928 оны11 сарын 16 хүртэл | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1888 Оросын Хаант Улс Эрхүү губерний Балаган дүүрэг, Тарас-Бахан хошуу |
Нас барсан | 1942оны 1 сарын 05 ЗХУ Киров мужийн Дээд Камын Вят дахь хөдөлмөр засан хүмүүжүүлэх лагерь |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Эхнэр, Нөхөр | Цэцэг Тугут Трубачеева |
Хүүхэд | Э. Оюун (том оxин) |
Алма матер | Эрхүүгийн багшийн семинар |
Мэргэжил | Эрдэмтэн, төрийн зүтгэлтэн, жүжигчин |
Эрдэнэбатхаан (ᠪᠠᠲᠤᠬᠠᠭᠠᠨ ᠣᠨ ᠡᠷᠳᠡᠨᠢ)(1888-1942 оны 1-р сарын 5) буюу Никита Фёдорович Батуханов, Батын Эрдэнэ нь Монголын эрдэмтэн, төрийн зүтгэлтэн хүн байв.
1888 онд Хаант Орос Улсын Эрхүү губерний Балаган дүүрэг, Тарас-Бахан хошуу, Доод улст төрж өссөн, Усть-Ордын буриад тэрбээр 1908 онд Эрхүүгийн гимнази төгсөөд тэндээ хэдэн жил багшилсан боловч найдваргүй этгээд гэгдэн Галуут нуурт цөлөгдөв. Тэнд байхдаа Жамсрангийн Цэвээнтэй танилцаж, түүний ятгалгаар 1914 онд Нийслэл хүрээнд нүүн ирээд багшилж байгаад Ардын хувьсгал ялсны дараа 1921 оны 3 сарын 24-нд Монгол Улсын Засгийн газрын анхны нарийн бичгийн даргаар томилогджээ. Тэр үедээ 1921 оны 11 сард Монгол-Зөвлөлтийн найрамдлын гэрээ байгуулах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан, орчуулагчаар ажилласан. Улмаар 1924 оны 12 сард Улсын Бага Хурлын гишүүн, Ардыг Гэгээрүүлэх Яамны сайд болж, 1928 оны 11 сарын 16-ныг хүртэл ажиллаж байв. Тэр үедээ 1926 онд Д. Нацагдорж тэргүүтэй залуучуудыг Европт сургахаар хүргэж өгч байсан.
1929 онд Баруунтан гэгдэн хилс хэрэгт холбогдсоныхоо дараа 1930 онд Ленинград хотноо Дорно Дахины дээд сургуульд монгол хэл соёл заахын хажуугаар философийн ухааны докторын зэрэг горилж суралцаж байв. Харамсалтай нь 1937 оны 9 сарын 22-нд Японы тагнуул, Нармай Монгол үзэлтэн хэмээн баригдаж, эрүү шүүлтэд орсны эцэст 1940 оны 2-р сард 8 жилийн ял шийтгүүлжээ. Эрдэнэбатхаан 1942 оны 1-р сард ЗСБНХОУ-ын Киров мужийн Дээд Камын Вят дахь хөдөлмөр засан хүмүүжүүлэх лагерьт нас барсан. Түүнийг 1956 онд цагаатгасан юм.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эрдэнэбатхааны гэргий, Цэцэг Тугут Трубачеева мөн өндөр боловсрол эзэмшсэн байсан бөгөөд нөхрийнхээ мэдлэг, боловсрол руу чиглэсэн чин хүсэл тэмүүллийг таван хүүхдэдээ залгамж болгон өвлүүлсэн юм. Эрдэнэбатхааны гэр бүлийн Герман оронтой холбогдсон түүхийг түүний ач охин, доктор Агваандоржийн Саруул үргэлжлүүлж байна. Агваандоржийн Саруул Герман Улсад улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд улс орноо хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хүчин зүтгэж буй нэр хүндтэй олны танил юм.
Эрдэнэбатхаан 5 хүүхэдтэй. Том охин Ардын жүжигчин Э. Оюун, мөн Карма, Зандармаа, Раднаа, Агваандорж гуай нар бүгд л салбар салбартаа тэргүүлж явсан. Түүнийг "баруунтан" хэмээн буруутгагдан хавчигдаж явсан ч эxнэр Цэцэг нь хөөцөлдөж байж хүүхдүүдээ сургууль соёлоор явуулсны ач тус юм. Э.Агваандорж гуай ч ялгаагүй. Тэднийх одоогийн Гадаад хэргийн яамны ард байсан бөгөөд Б. Элдэв-Очир, Д. Догсом, Д. Лосол гуайнхтай айл байж хүүхдүүдтэй нь цуг тоглож өсчээ. Бага xүү Э.Агваандорж гуай Орост цахилгааны инженер мэргэжлээр сурч ирээд тухай үеийн Гэрлийн хороонд ажилд орж насаараа энэ салбарт ажилласан. III цахилгаан станцын даргаар олон жил ажилласан буурлын зээ охин нь нэрт загвар өмсөгч С.Төгс юм. Том охин Э. Оюун гуайн зээнцэр хүү Б.Анар нь Skin Entertainment студийн найруулагч бөгөөд дууны клип, тоглолтын найруулга хийдэг. Б.Анар нь 2023 оны Улсын Баяр Наадам-ын ерөнхий найруулагчаар ажилласан билээ.[1]
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]Тэрээр гадаад ертөнцөд нээлттэй хүн байв. Эрдэнэбатхаан энэхүү үзэл санаагаа Ардын Гэгээрлийн сайд байх хугацаандаа тууштай баримтлан, “Шинэ Монгол Улсын орчин үеийн соёл, боловсролын 10 жилийн төлөвлөгөөг” боловсруулсан. Баруун Европ руу, тэр дундаа ялангуяа Германы соёл, шинжлэх ухаанаас суралцахын төлөө тэрээр чин сэтгээлээсээ тэмүүлж байв. Түүний энэхүү хүсэл эрмэлзэл нь монгол хүүхэд, залуучуудыг Германд сургах шалтгаан нь байв. Ийнхүү 1926-1927 онуудад Монголын 40 гаруй оюутан, сурагч Герман улсад хүрэлцэн ирсэн. Эдгээр хүүхэд, залуус Германд суралцсан мэдлэг, чадвараа эх орондоо түгээж, үеийнхэндээ үлгэр дуурайл нь болсон байдаг. Гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан монгол залуусыг суралцуулах талаар Германы боловсролын байгууллагуудад биечлэн уулзалт, яриа хийж, тохирох сургуулиудыг сонгосон байна. Суралцах газраа зорин урт, удаан аян замд гарахад нь ч тэрбээр мөн тэдний хамт байв.
Монголд Шинжлэх ухааны академи үүсгэн байгуулах үйлсэд Эрдэнэбатхаан сайд мөн Германаас дэмжлэг хүсэж байв. Тэрээр Монгол судлаач Херманн Констентай уулзан, энэхүү хүсэлтээ тавьсан байдаг.
Мөн тэрбээр Зөвлөлтийн зоxиолч Миxаила Розенфельдын 1935 онд бичсэн "Алмасын хавцал (1937)" романаар найруулсан Владимир Шнейдеровын адал явдалт уран сайxны кинод профессор Джамбонын дүрд тоглож гэгээн дүрээ мөнxлөжээ.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Сураx бичиг
[засварлах | кодоор засварлах]- Сургуулийн хүүхэд сонирхон унших сургал бичиг 1-р дэвтэр гэсэн 1 төгрөг 50 мөнгөний үнэтэй ном бичин 5000 хувь хэвлүүлсэн. 1920он
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Эрдэнэбатхааны удам
- ErdeneBatHaan
- Союздетфильм: Ущелье Аламасов (1937)
- «Ущелье Аламасов» — приключенческий художественный фильм о борьбе научной экспедиции с диверсантами. Экранизация одноимённого романа Михаила Розенфельда (1935).
- ↑ А.Цээсүрэн (2023-05-05). "Наадмын найруулагч Б.Анар гэж хэн бэ? | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Татаж авсан: 2024-05-11.