Jump to content

Өлзийсайханы Эрдэнэ-Очир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өлзийсайханы Эрдэнэ-Очир
Төрсөн он1936 оны 4 сарын 1 (1936-04-01)
Төрсөн газарМонгол улсын Төв
аймгийн Баянзүрх сум
Нас барсан он2017 оны 11 сарын 16
(60 настай насалсан)
Алдар цол
Бөхийн цолУлсын арслан
Цол ахисан он жил
Улсын арслан1976 — 40 настайдаа
Улсын заан1961 — 25-тайдаа
Улсын начин1957 — 21 насандаа
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн15 (1957, 1962, 1963, 1964, 1965,
1966, 1967, 1968, 1969, 1970,
1972, 1973, 1974, 1975, 1976)

Өлзийсайханы Эрдэнэ-Очир (1936 оны 4 сарын 1 - 2017 оны 11 сарын 16) нь Төв аймгийн Баянзүрх сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан, чөлөөт бөхийн спортын гавьяат тамирчин (1968) юм. Аав нь мөн Монгол улсын арслан Хасын Өлзийсайхан.

Өлзийсайхан овогтой Эрдэнэ-Очир нь 1936 оны 4 сарын 1-нд Төв аймгийн Баянзүрх сум (одоогийн Эрдэнэ сум)-ын нутаг Төрхурах хэмээх газарт Монгол улсын арслан Өлзийсайханы хоёр дахь хүү болон төрсөн.

Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн. 1947 онд Баянзүрх сумын бага сургуульд орж суралцаж төгсгөөд улмаар Улаанбаатар хотын 28-р дунд сургуулийн 7-р ангийг 1954 онд төгссөн.

1964 онд Төмөр замын техникумд элсэн суралцаад 1968 онд авто механикийн мэргэжлээр төгссөн.

1957 онд ардын цэргийн албанд мордож НАХЯ-ны харьяа тусгай хороонд алба хаажээ. Цэргийн албанаас халагдаад 1960-1974 онд Монгол улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт тамирчин, 1974-1985 онд авто тээврийн 22-р баазад жолооч, 1988-1995 он хүртэл Техник туслалцааны угсармал орон сууцны барилга трестийн авто машин механизмын 4-р баазад жолоочоор ажиллаж байсан.

1995 оноос гавьяаныхаа амралтанд гарсан тэрбээр 2017 оны 11 сарын 16-нд хүнд өвчний улмаас таалал төгссөн.

Идэр залуугаасаа үндэсний бөх, чөлөөт бөхийн спортоор хичээллэж дараахь амжилтуудыг гаргажээ. 1950 онд Төв аймгийн Баянзүрх сумын наадамд түрүүлж барилдааныхаа гарааг эхэлсэн. Цэргийн алба хаах хугацаандаа “Цэргийн арслан” цол хүртэж байжээ.

Үндэсний бөхөөр улсын их баяр наадамд 15 удаа шөвгөрч, 1957 онд 21 настайдаа начин, 1961 онд 25 настайдаа заан, 1976 онд 40 настайдаа улсын арслан цол хүртсэн юм. Саруул сайхан, үнэн хүчит, хурц шаламгай, бат хүчит, саруул сайжрах, гарамгай хүчит, бат орших, чин зоригт, үлэмж бадрах, хуурнин шуугигч, хичээнгүй нягт чимэгүүдийг хүртэж байлаа.

1964 оны Токиогийн олимп, 1968 оны Мехикогийн олимпын наадамд оролцон шагналт 6-р байранд орж байсан.

Мөн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 5 удаа оролцохдоо “Эдмонтон-1966”, “Мар-дель-Плата-1969”-д тав, “Дели-1967”-д зургадугаар байрыг тус тус эзэлж байсан.

1973 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болсон Азийн АШТ-ээс алт, 1968 онд Найрамдалт армиудын СКДА тэмцээний хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр алт, дөрвөн мөнгөн медаль хүртэж байв.

Ө.Эрдэнэ-Очир нь Монгол улсаас олимп, ДАШТ-д V-VI байр эзэлж, багтаа шагналын оноо тогтмол авчирдаг хүнд жингийн ховорхон хүчтэний нэг байлаа. Эрдэнэ-Очир 1964 онд спортын мастер, 1968 онд гавьяат тамирчин, 1981 онд олон улсын хэмжээний мастер цол тус тус хүртсэн.

  • 1957 онд 5 давж улсын начин болсон
  • 1961 онд Монголын Бүх ард түмний анхдугаар спартакиадад 28 бөхийн тойргийн барилдаанд 25 давж, улсын заан цол хүртэв
  • 1962 онд 6 давсан
  • 1963 онд 6 давсан
  • 1964 онд 5 давсан
  • 1965 онд 5 давсан
  • 1966 онд 6 давсан
  • 1967 онд 5 давсан
  • 1968 онд 7 давсан
  • 1969 онд 6 давсан
  • 1970 онд 7 давсан
  • 1972 онд 6 давсан
  • 1973 онд 6 давсан
  • 1974 онд 6 давсан
  • 1975 онд 6 давсан
  • 1976 онд 7 давж дөрөвт үлдэн улсын арслан цолтой болжээ.

Тэрээр чөлөөт бөхийн Монгол улсын шигшээ багийн анхны гишүүдийн нэг байв. 2 удаа олимпын наадамд оролцож, 1968 оны Мехикогийн олимпын наадамд 6-7-р байрыг хуваан эзэлжээ. Мөн 4 удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байв (1966, 1969 онд 5-р байр, 1967 онд 6-р байр).

Төр засгаас ажил хөдөлмөр, спортын замналыг нь хүндэтгэн “Сүхбаатарын одон”, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 2 удаа, V, VI,VII 5 жилийн гавшгайч болон бусад ойн медалиудаар шагнаж байжээ.

1961 онд Б.Хорлоожавтай гэр бүл болон 7 хүүхэд төрүүлэн өсгөсөн.