12-р Луи
12-р Луи | |
---|---|
Францын ван | |
Хаанчлал | 1498.04.07-1515.01.01 (17 жил) |
Төрсөн огноо | 1462 оны 6 сарын 27 |
Төрсөн газар | Блуа, Блуа шилтгээн |
Өнгөрсөн огноо | 1515 оны 1 сарын 1 (
|
Өнгөрсөн газар | Парис |
Оршуулсан | Сен-Дени сүм |
Өмнөх | 8-р Чарльз |
Удаах | I Фонсуа |
Их хатан | 3 хатан |
Хүүхэд | 3 хүү, 2 охин |
Эцэг | Орлеаны Чарльз |
Эх | Клевийн Мария |
Ургийн овог | валуа |
12-р Луи (Франц: Louis XII) буюу 12-р Людовик (1462-1515; 52 насалсан) — Францын төрийг 1498-1515 онд барьсан ван, валуа овогтон байв. Мөн хугацаанд 1501-1512 онд Миланы бэйс, 1501-1504 онд Наполийн ван байсан.
Орлеаны Луи
[засварлах | кодоор засварлах]12-р Луи ван нь 1462 онд Орлеаны бэйс Чарльз болон түүний хатан Клевийн Мария нарын хүү болж Блуа шилтгээнд төрсөн. Түүнийг төрөхөд эцэг нь 70 гаруй настай байсан ба 3 настайдаа эцгээ залгаж Орлеаны бэйс болсон. Орлеаны Луи нь Францын ван 11-р Луигийн хувьд хаяал дүү нь болох юм.
11-р Луи ван нь 1461 онд Францын эзэн ван болсон бөгөөд 12-р Луигийн хувьд «загалмайлсан эцэг» нь байв. Мөн чиг Орлеаны валуа овогтны нэр нөлөө ихсэхээс сэргийлж Орлеаны Луиг 14 настайд нь 1476 онд үргүйдэл бүхий охин Жоантайгаа гэрлүүлжээ.[1]
11-р Луи нас барахад 13 настай 8-р Чарльз эцгээ залгамжилж 1483 онд Францын ван болоход түүний өмнөөс өмнөх хааны бэлэвсэн хатан төр барьжээ. Үүнийг зарим ноёд эсэргүүцэж 1484-1488 онд Галзуу дайныг өдөөхөд тэрхүү эсэргүүцэгчдийн талд Орлеаны Луи байжээ. Луи 1488 онд тулалдаанд олзлогдсон ба 8-р Чарльз өршөөл үзүүлж суллажээ.
Түүний дараа Орлеаны Луи 1494-1498 онд Италийн дайнд нэг жанжнаар оролцсон.
Францын Луи
[засварлах | кодоор засварлах]8-р Чарльз ван 1498 онд нас барахад эрэгтэй хүүхэдгүй байсан тул ойр төрлийн ноёдоос Орлеаны Луи сонгогдож Францын ван болжээ. Тэрээр 6-р папын тохируулснаар Жоанаас гэрлэлтээ цуцлуулж Чарльз вангийн бэлэвсэн хатан Бриттанийн Аннтай гэрлэжээ. Анн 12-р Луитай гэрлээд 3 хүү төрүүлсэн ч багадаа нас барсан. Энэ гэрлэлт Британнийг үндсэндээ Францад нэгтгэх гол нөлөө болсон.
12-р Луи Италийн дайныг үргэлжлүүлж, байлдан дагууулаад 1500 онд Миланы бэйст улс, 1501 онд Наполийн вант улсыг эрхэндээ оруулсан. Харин 1504 онд Арагонтой эвссэн Испанид Наполийг шилжүүлж өгчээ.
12-р Луи нь төр барих хугацаанд үнэмлэхүй хаант засаг хүсэлгүй, орон нутагт эрх өгөх, ноёдод эрх өгөх зэрэг байснаараа Францын бусад вангаас ялгаатай байв. Энэхүү татварын хэмжээ бууралт, хуулийн шинэчлэл, иргэний эрх чөлөөг үндэслэн Ерөнхий алба хэмээх хаанд зөвлөх улсын хурлаас 12-р Луи ванг сайшааж «Ард түмний эцэг» гэж өргөмжилж байв.
Луи 1508-1516 онд Итали руу дахин дайтсан ба 1513 он хүртэл Миланыг эзэн мэдэж байгаад Швейцарт алджээ.
Анн хатан 1514 онд нас барахад 12-р Луи Английн 8-р Хенрийн дүү Мэри Тудортой гэрлэсэн. Удам залгах хүүтэй болох сүүлийн оролдлого бүтэлгүйтэж 3 сарын дараа 1515 оны 1 сарын 1-нд 12-р Луи өвчнөөр таалал төгссөн.
Вангийн суурь түүний том охинтой гэрлэсэн хүргэн, мөн хамаатан 1-р Фонсуад шилжсэн.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ André Vauchez, Michael Lapidge, "Encyclopedia of the Middle Ages: A-J", pp. 776, 2000: "Infirm from birth, she was obliged by her father, Louis XI, to marry her cousin, Louis of Orleans. The king wished, by a union considered sterile, to extinguish this rival collateral dynasty."
Өмнөх 8-р Чарльз |
Францын ван 1498-1515 он |
Дараах 1-р Фонсуа |
Өмнөх Лодовико Сфорца |
Миланы бэйс 1500-1512 он |
Дараах Массимилиано Сфорца |
Өмнөх Фредерик |
Наполийн ван 1501-1504 он |
Дараах 3-р Фердинанд |