II Мухаммед (Хорезм)

Ала ад-Дин Мухаммед II (Перс: علاءالدين محمد; бүтэн нэр: Ала ад-Дунийа ва-д-Дин Абу-л-Фатх Мухаммад ибн Текеш; 1169 онд төрсөн; 1220 онд Каспийн тэнгисийн хавьцаа нас барсан) нь Ануштегинид овгоос гаралтай, 1200 оноос эхлэн Хорезмын шахын суудалд суун, Хорезм болон Төв Азийн ихэнх хэсгийг захирч байв.

Монголчууд түүний ноёрхлыг 1220 онд дуусгавар болгожээ.

Хан суусан нь[засварлах | кодоор засварлах]

Тэрбээр 1200 онд өөрийн эцгээс шахын суудлыг өвлөн авчээ. Шах болсон даруйдаа тэр Гуридчуудын ах дүү Гияс ад-Дин Гори, Мухаммад Гури нарын довтолгооноос хамгаалах ёстой болов. Тэд Хорасаныг довтлон, Нишапурыг эзлэн, Рей рүү довтолсон боловч энэ удаа тэд Горган л хүртэл явжээ. 1202 онд Гияс Хератад нас нөгчсөнийг сонсоод, Мухаммед энэ боломжийг ашиглан өөрөө Хератыг бүслэв. Гэвч Мухаммад Гури түүний довтолгоог эсэргүүцэн цохиж чадсан тул II Мухаммед зугтан, өөрийн нийслэл Гурганчад орогножээ. Мухаммад Гури түүнийг хөөсөөр Гурганчийг бүслэхэд, аргаа барсан II Мухаммед Хар Киданаас тусламж гуйсан, тэд түүнд цэрэг илгээсэн байна. Мухаммад Гури цэргээ татахаас аргагүйд хүрсэн ба 1206 онд тэр хорлогдон үхжээ.

Мухаммад Гурийг залгамжлагч Гият ад-Дин Махмуд нь бослого гаргаад байгаа нэгэн генералаа дарахад туслаач хэмээн сүүлд II Мухаммедыг дуудав. Гэтэл Мухаммед Газнид байгаа нөгөө генералыг дайлахын оронд Гият ад-Дин Махмуд руу довтлон Балх, Термизийг эзлэв.[1]

II Мухаммедын довтолгоо үргэлжилсээр, 1207 онд Самаркандыг эзлэн, 1210 онд Табаристаны Бавандийг, Трансоксанийн Хар ханы улсыг эзлэв. Түүний газар нутгаа өргөтгөх бодлого нь Мухаммедыг Ташкент, Фергана, Мекран, Белужистаны эзэн болгов. 1211 онд Ильдегизидийг өөрийн дагуул улс болгожээ.

Монголчуудтай дайтсан ба түүний үхэл[засварлах | кодоор засварлах]

Рашид ад-Дины Судрын чуулганд Мухаммедын үхлийг дүрсэлсэн нь

Хорезмын зүүн талд байсан Их Монгол Улс Хар Кидан Улсыг даран, 1218 онд Хорезмтой хиллэх болсон учир Чингис хаан хоёр улсын хооронд худалдааны харилцаа бий болгох үүднээс элчээ илгээв. Гэтэл Хорезмын шахад монголчуудын явуулсан элч дунд түүний улсыг эзлэх санаа агуулсан тагнуулууд байгаа тухай мэдээг Отрар хотын захирагч түүнд мэдээлсэн учир тэрбээр Отрар хотын захирагчийн үгээр Монголын элч нарыг тус хотод саатуулан хорив. Үүнийг сонсоод их хаан Отрар хотын захирагч Инальчикийг барьж явуулна уу хэмээн дахин элчийг довтолгов. Гэтэл Мухаммед сүүлд нэмэгдэн ирсэн элч нарыг, өмнө нь ирээд хорионд байсан элч нарын хамтаар бүгдийг нь хороосон ба энд нь нийтдээ 450 гаран хүн байсан аж. Чингис хаан энэ явдалд ихэд хилэгнэн, 1219 онд арван түмэн цэрэгтэйгээр Хорезм руу довтлон, Самарканд, Бухар зэргийн хотыг бүрэн сүйтгэсэн байна. Хорезмын эзэнт гүрний маш олон хотууд сүйрч, бүх нутаг дэсвгэр нь Монголын мэдэлд шилжин, маш олон түүхийн дурсгал, судар устан үгүй болжээ.

Шах өөрөө монголчуудаас зугатан 1220 онд Каспийн тэнгисийн өмнөд биеийн нэгэн арал дээр плеврит хэмээх уушгины хавдраар өвчлөн үхсэн аж. Түүний хамгийн том хүү Желал ад-Дин улсаа буцаан авахаар оролдсон ч бүтээгүй ба тэрбээр Хорезмын сүүлчийн шахаар 1231 онд үхсэн юм.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Michel Biran, The Empire of the Qara Khitai in Eurasian History, (Cambridge University Press, 2005), 70.