Монголчуудын Хорезм рүү хийсэн дайралт
Монголчуудын Хорезмын эсрэг аян дайн | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Монголчуудын байлдан дагуулалт | |||||||
![]() | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Их Монгол Улс | Хорезмын эзэнт улс | ||||||
Командлагч болон удирдагчид | |||||||
Чингис хаан, Зүчи, Цагаадай, Өгэдэй, Тулуй, Зэв, Сүбээдэй Чормаган хорчи |
II Мухаммед (Хорезм), Желал ад-Дин (Хорезм), Төмөр мэлиг | ||||||
Цэргийн хүч | |||||||
1219-1224: 120,000-150,000 цэрэг 1229-1231: 30,000 морьт цэрэг |
1219-1222: 200,000 эсвэл 400,000 цэрэг 1229-1231: 10,000-40,000 цэрэг |
Монголын эзэнт гүрний Хорезм рүү хийсэн аян дайн нь 1219-1231 оны хооронд өрнөж, монголчууд хорезм улсын бүх газар нутгийг байлдан эзлэснээр, энэ бүс нутагт монголчуудын ноёрхол эхлэсэн. 12-р зууны сүүлээс 13-р зууны эхэн гэхэд Хорезмийн шахт улсыг Ала ад-Дин Мухаммед шах захирч, одоогийн өмнөд Казакстан, Киргизийн баруун өмнөд хэсэг, Ираны хагас, Узбекстан, Туркмен, Тажик, Афганы нутгийг хамарсан, өрнөөс дорно зүг дамжин өнгөрч байсан худалдааны зангилаа, эртний соёлт суурьшмал болон нүүдэлчин соёл иргэншлийг өөртөө багтаасан орон байв. Шахын эх Туракина хатан хуучин нийслэл Ургенчид, Мухаммед шах 1209 онд Хар Киданаас эзлэж авсан, шинэ нийслэл Самаркандад тусдаа засагласан, дотоод улс төрийн хагаралтай ч, шинэ тутам газар нутгийг байлдан дагуулж байсан амбиц ихтэй улс байсан.
Дайны шалтгаан
[засварлах | кодоор засварлах]1215 онд Мухаммед шахын Баха ал-Дин Ражи тэргүүтэй элчийн бүлэг Алтан улсад дайтаж асан Чингис хааны хүрээнд очиход, Чингис хаан өөрийгөө дорнын эзэн, Мухаммед шахыг өрнийн эзэн гээд эв найртайгаар худалдаа хийхийг санал болгож бэлэг хүргүүлжээ. 1218 онд Чингис хааны зарлигаар монголын талын 450 худалдаачин, 500 тэмээн ачаа бараатай Хорезм явуулсныг Отрар хотын Иналчуг гэх ноён шахт тэдгээр худалдаачдыг монголын тагнуул гэж итгүүлснээр, худалдаачдыг бараатай нь барихад, зөвхөн ганц хүн амьд үлдэн монгол руу зугтан хэл дуулгажээ. Гэвч Чингис хаан тэвчиж элч илгээж, тайван замаар шийдэхийг оролдсон ч, доромжлон буцааснаар дайн үүсэх нөхцөл бүрдсэн.
Монголчуудын байлдан дагуулал нь дараах хоёр удаагийн аянаар явагдсан.
- Чингис хааны удирдсан аян дайн (1219-1224 он)
- Чормаган хорчийн удирдсан аян дайн (1229-1231 он): Хорезмын үлдэгдэлийг сөнөөсөн
Цэргийн тоо
[засварлах | кодоор засварлах]Монгол
[засварлах | кодоор засварлах]1219 онд Хорезм рүү дайрахад монголын их цэргийн тоог дотоод, гадаадын олон эрдэмтэд янз бүрээр таамаглал дэвшүүлжээ. Дундад зууны үеийн исламын шашинт түүхчид монголын армийн тоог 600,000-700,000[1] гаруй байсан гэдэг ч, Кембрижийн Их Сургуулиас 2023 онд гаргасан "The Cambridge history of Mongol empire" номонд монголын армийн нийт тоог 150,000[2], ЗХУ-ын эрдэмтэн В.В.Бартольд гуай 150000-200000[3] цэрэг, монголын түүхч Х.Шагдар гуай 120000[4], 2003 оны Монгол Улсын Түүх номны 2-р ботьд "монгол цэрэг 80000, арын алба болон цоохор цэрэг 60000, нийт 140,000",[1] П.Дэлгэржаргал, Б.Батсүрэн нарын бичсэн "Монголын Эзэнт Гүрний түүх: Их Монгол Улс" бүтээлд "жинхэнэ монгол цэрэг 67000-68000, үлдсэн нь шинээр дагаар орсон угсааны, нийт монголын цэргийн тоо 100,000 болно"[5] гэж тус бүртээ таамаглал дэвшүүлжээ.
1220-иод оны нийт монгол цэргийн тоог Рашид ад-Дины бичсэн Судрын чуулганд Чингис хааны бүх цэргийн тоог "129 мянган хүнтэй байв"[6] гэдгээс доорх цэргүүдийг хасч тооцвол энэ дайнд Чингис хааны удирдсан армийн монгол цэргийн тоо нь ойролцоогоор 76000 болно. Хэрвээ Их Монгол Улсын армийг 150,000 хүнтэй байсан гэж үзвэл тал хувь нь монголд дагаар орсон уйгур, кидан, зүрчин, хятад, түрэг угсааны төрөл мэргэжлийн цэргээс бүрдсэн болж таарна.
- Алтан улсыг дайлахад Мухулай ванд захируулж үлдээсэн монгол цэрэг 23000[7]
- Монгол нутгийн хэргийг Алага бэхи болон Тэмүгэ отчигин ноён нарт мэдүүлж, захируулсан нийт 10000 цэрэг,
- Зэв, Сүбээдэй, Тогучар гуравт өгч урьдаар илгээсэн 20000 цэрэг
Хорезм
[засварлах | кодоор засварлах]Хорезмын эзэнт гүрний цэргийн нийт тоог ихэнх исламын түүхчид 400,000-500,000 орчим гэдэгт санал нийлдэг ч, орчин үеийн эрдэмтэд энэ тоог хэтрүүлэгтэй гэж үзээд 200,000 гаруй хүнтэй байснаар баримжаалдаг. Энэ 200,000 цэргээс Мухаммед шахын шууд удирдлаганд Самарканд хотод 60 мянган цэрэг байсан.
Дайн
[засварлах | кодоор засварлах]Чингис хааны өшөө хорсол, мөн худалдааны замыг авах гэсэн сонирхол нь давхцан дайнд 1218 оноос бэлдэж эхлээд 1219 оны эхээр бэлтгэл бүрэн хангагдсан. Ингээд 1219 оны 4-р сард монгол нутгийг Тэмүгэ отчигин ноёнд 1 түмэн цэрэг өгч захируулж үлдээгээд, Чингис гол хүчээ аван Алтайн нурууг даван Эрчист очиж зусжээ. Хорезмын эсрэг дайнд Их Монгол Улсын монгол болон шинээр дагаж орсон түрэг, уйгур, кидан, хятад, зүрчин угсаатны нийлсэн 120,000-150,000 их цэрэг хэд хэдэн замаар дайран орсон. Монгол, Хорезмын анхны тулалдаан 1219 оны хавар мэргидийн үлдэгдэлийг нэхсээр Чүй мөрөнд мөрдөж ирсэн Зэв, Сүбээдэй нарын 2 түмэн цэрэгтэй, Хорезмын шах Мухаммедын удирдсан 60000 цэрэг тулгаран байлдахад монголын зүүн жигүүрийн цэргүүд сартуулын баруун жигүүрийг бут цохин төв хэсэг рүү довтлоход Желал ад-Дины удирдсан цэргүүд монголын цэргийг ухрааж, шөнө болтол байлдсаар хоёр тал түр ухраад, өглөө болох үед монголын цэргийн хүч буурин дээрээ гал түлж хоноод ухран оджээ. Энэ тулалдаанд хоёр этгээдийн нэгнээ туршсан анхны тулгаралт болж, сартуулын тал хүндхэн хохирол үзсэн.
Монголын арми Тэнгэр уулыг давж, Отрар хотын дэргэд цуглаад, тэндээ Цагадай, Өгөөдэй хоёрт 2 түмэн цэргээр Отрарыг эзлүүлэхээр үлдээж, дараах чиглэлээр монголын жанждыг зүг бүрт үүрэг өгч илгээж, эзлүүлээд 1220 оны 3 сард Самарканд хотын дэргэд буцан ирж нийлсэн.
- Сырдарьяа мөрний адаг Женд, Сыгнак, Өзкенд буюу тус улсын хойд хил рүү Зүчийг 1 түмэн цэрэгтэй илгээв. Зүчийн удирдсан цэргүүд Женд тэргүүтэй зургаан хотыг 1220 оны 4 сард 7 хоногийн дотор эзлэв. Харин Хожендыг сахисан Төмөр Мэлиг ноён нилээн хүчтэй эсэргүүцсэн ч ухрав.
- Хоженд, Фанакат руу Алаг ноён, Сүйхэтү, Тахай нарыг 1 түмэн цэрэгтэй илгээв.
- Чингис хаан, Тулуйн хамт гол хүчээ авч Самарканд руу давшив. 1220 оны 1 сард Сырдарьяа мөрнийг гатлан Зарнук, Нур гэсэн жижиг хотуудыг эзлэн, цааш давшин Бухар хотыг тус оны хавар эзлэв. Бухарыг эзлэсний дараа Самаркандын ойр хавийн хотуудыг эзлэсээр бүслэн удтал байлдсаар 1220 оны 3 сард эзлэв.
1220 оны 2 сард Отрарыг Өгөөдэй, Цагаадай нар бүслэн байлдсаны эцэст эзлэн шатаагаад, Чингис хаан, Тулуй нарын удирдсан гол замын цэрэгт нийлэв. Самарканд эзлэгдэх үеэр Мухаммед султан зугтсан учраас Зэв, Сүбээдэй, Тогучар нарт 3 түмэн цэргийг өгч Мухаммед шахын араас мөрдөн, сэхээ авхуулахгүй дагах үүрэг өгч илгээсэн. Тэдний удирдсан цэргүүд 1220 оны 4 сард Амударьяа мөрнийг гаталж, Нишапурт довтлон айсуйг Мухаммед султан сонсоод тэндээс зугтаж, Бистам гэх жижиг хот руу зугтаж, сүүлдээ Каспийн тэнгисийн жижиг арал руу дүрвэн гарч, тэндээ 1220 оны 12 сард таалал төгссөн.
Самаркандыг эзлээд Чингис хаан монголын армийг бусад газруудыг эзлүүлэхээр бүлэглэн хуваан зүг бүрт илгээв.
- Зүчи, Цагадай хоёрт Ургенч хотыг эзлүүлэхээр 2 түмэн цэрэгтэй илгээсэн. Сүүлд нь Өгөөдэйг цэрэгтэй нь илгээн тэдний цэргийг захируулж байж энэ хотыг эзлэн гар урчууд, хүүхэд эмэгтэйчүүдийг үлдээж, бусдыг нь их хэмжээгээр хядсан.
- Зэв, Сүбээдэй, Тогучар гуравт нийт 3 түмт өгч илгээн баруун зүгийн худалдааны замын хотуудыг эзлүүлэхээр илгээсэн.
- Чингис хаан, хүү Толуйн хамтаар 70-80 мянган цэргээ дагуулан Газна, Герат, Марв гэх баян хотуудтай Хорезмын өмнөд мужууд (одоогийн Афганистан, зүүн Ираны нутаг) руу чиглэсэн.
Учир нь тэр хавьд Хорезмын шинэ султан Желал ад-Дин үлдэгдэл цэргийн хамт Газна хотод орогнож, тэр хавиас цэргийн хүч цуглуулж бэхжсэн. Тэнд бэхжсэн дайсныг даруулахаар Шихихутагт 3 түмт өгч урьдаар илгээсэн. Парванд болсон тулалдаанд Шихихутагийн цэргүүд ялагдаж, эсрэг тал нь ялсан ч ноёд нь дотроо дайны олз, эрх мэдлээ хуваахад талцан өөр зуураа байлдснаар Желал ад-Дин султан Газна хотоос зугтан гарсан. 1221 оны 11 сард Чингис хаан гол хүчээ удирдан Жалал ад-Диныг нэхэн Инд мөрөн хүртэл шахан томоохон тулалдаан болов. Инд мөрний дэргэд болсон тулалдаанд сартуулын 30000 цэргийн зүүн талд нь өндөр бартаат уул халхалж, баруун талд нь Инд мөрөн зам хааснаар хоёр талын цэргүүд нүүрэлдэн тулалдах үеэр Чингис хааны морийг харван унагаж сандаргав. Харин Бала ноёны захирсан 1 түмт уулыг давж, сартуулын ардаас нь довтолсноор дайсны цэргийг хоёр хуваан бүслэв. Бүслэлтийг Желал ад-Дин 7000 цэргээ удирдан сэтлээд, Инд мөрөн рүү морьтойгоо үсрэн мөрнийг гаталж, цөөхөн мянган цэргээр Энэтхэг рүү зугтав. 1221 оны сүүлээр Чингис хаан Толуйд үлэмж тооны цэргийг өгч Хорасан нутгийн Герат, Марв, Газна хотуудыг эзлүүлэхээр илгээж, Бала, Дөрбэй догшин хоёрт 2 түмэн цэрэг өгч Желал ад-Диныг нэхүүлэв. 1222-1223 онд Афганистан хавийн хотуудыг эзлэхээр зууралдан байлдаж эзлээд, 1223 онын зун Чингис хаан тэр нутагт даргач томилж цэрэг суулгаад, гол цэргээ авч умарш явж Хуланбаши гэх талд очиж, баруун зүгт одсон Зэв, Сүбээдэйн цэргүүд ирж нийлсний дараа нутаг буцахаар болсон. Кипчакийн талд Зүчийг, Сартуулын нутагт Цагадайг цэрэгтэй нь үлдээж захируулаад, 1225 онд Туулын Хар түнийн ордондоо ирж буув.
Энэ нь Тангудаас Алтан улстай хийсэн дайнаа зогсоож, Тангуд тэрсэлж Алтан улстай холбоотны гэрээ байгуулсан, Мухулай ван 1223 онд нас барж Алтан улстай хийх дайн зогсонги байдалд шилжсэн зэрэг шалтгаанаар уг дайныг өндөрлүүлэхэд нөлөөлсөн. Желал Аддиныг эс тооцвол Сартуул улс бүрэн мөхсөн зэрэгтэй холбоотой. Мухаммед нь лалынхны дунд нэрээ алдсан, монголчуудыг хотод байлдаж чадахгүй гэж эндүүрсэн, армиа тарааж байрлуулсан, нийслэлээ орхин зугтсан зэрэг ялагдлын шалтгаан байна. Энэ дайны үрээр монголчууд газар нутгаа тэлж, Алтан улсыг дайлахад ар талаа бэхжүүлж, худалдааны зангилааг гартаа авч чадав. Мөн 5000-6000 метр өндөр уулаар аялж 600 км өргөн цөлийг гаталсан нь хүний түүхэнд гараагүй юм.
Чормаган хорчийн хийсэн аян дайн
[засварлах | кодоор засварлах]Чормаган хорчийг Иран, Багдадын Халифыг довтлуулахаар илгээснийг Монголын Нууц Товчооны 260-р зүйлд Чингис хааны зарлигаар "Үдгэгийн Чормаганыг Багдад улсын Халиф султанд аялуулав"[8], 270-р зүйлд Өгөөдэй хааны зарлигаар "Чингис хаан эцгийн дуусгаагүй Багдад улсын Халиф султанд аялсан Чормаган хорчийн хойноос Оготор, Мөнхөт хоёрыг илгээв"[9] гэж гардаг бол Судрын чуулганд 1229 онд Чормаган жанжныг 30,000 цэрэгтэй нь илгээв гэсэн байдаг нь судлаачдын дунд эргэлзээ төрүүлдэг ч, Судрын чуулганыг эшлэх нь түгээмэл.
1224 онд Чингис хааны арми нутгийн зүг буцсаныг ашиглан Иранд байсан сартуулын цэргийг захирч үлдсэн Гият ал-Дин Пиршах гэх ахаа түшихээр очиж 1231 он хүртэл баруун Гүрж, Иран, Азербайжаны нутагт төвлөрөн хүчээ бэхжүүлж байсан. Жалал ад-Дин армиа удирдан 1225 оноос Гүрж, Армян, Азербайжаны нутгууд руу довтлон, тэдгээрийн газар нутгийг эрхшээлдээ оруулж, одоогийн Ахлат хотоор төвлөрч Гүрж, Армяны хаант улстай олон удаа байлдан дийлж вассал улсаа болгож, Бага Ази, Өвөр Кавказд дураараа дургих болсон. 1230 оны 8 сард Анатолийн хойгийн Яссичемений тулалдаанд Жалал ад-Дины удирдсан 10 мянган цэргийн хүч Селжукын Румын султант улс-Аюубийн султант улс-Киликийн Арменийн хаант улсын нэгдсэн холбоотны 70 мянган цэрэгтэй байлдаж ялагдан ухрав.
1229 онд Өгөөдэй хааны зарлигаар Чормаган хорчид Хорезмын султан Жалал ад-Диныг даран устгаж, Багдадын халиф болон Ираны хотуудыг эзлэн дайлахад туслуулахаар 3 түмэн таммачи цэрэг захируулан илгээсэн. Чормаганы удирдсан цэргүүд 1230 онд Жалал ад-Дины эзлэсэн нутаг руу довтлон орох чимээгээр Муганы хөндийн Капан уул руу ухран зугтсан. Чормаган жанжин Наймас гэх ноёноор удирдуулсан үлэмж тооны цэргийг Муганы хөндий рүү илгээсэнд, сэрэмжгүй байсан Хорезмын цэргийг шөнө гэнэдүүлэн довтлон том тулалдаан болох үед Жалал ад-Дин цөөн хүнтэй зугтаж, түүнийг мөшгөсөн монгол цэргүүд баруун болон хойд, өмнөд Иран, Гүрж, Армяныг эзлэн авснаар Хорезмын сүүлчийн хүчийг устгасан.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Шинжлэх Ухааны Академи, Түүхийн хүрээлэн (2003). Монгол Улсын Түүх. Vol. 2. Улаанбаатар. p. 123.
- ↑ Michal, Biran; Kim, Hodong (2023). The Cambridge history of The Mongol empir (англи хэлээр). Vol. 1. Cambridge: Cambridge University press. p. 41.
- ↑ Бартольд, В.В. (1963). Сочинения. Т. I. Туркестан в эпоху монгольского нашествия. М.,. p. 472.
- ↑ Ц, Энхчимэг (2006). Монголын Цагадайн Улс. Улаанбаатар: Адмон ХХК. p. 11.
- ↑ Б, Батсүрэн; П, Дэлгэржаргал; У, Эрдэнэбат (2019). Монголын эзэнт гүрний түүх: Их Монгол Улс. Vol. 1. Улаанбаатар: Степпе паблишинг. pp. 385–387.
- ↑ Рашид ад-Дин, Хамадани (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 395.
- ↑ Michal, Biran; Kim, Hodong (2023). The Cambridge History of the Mongol Empire (англи хэлээр). Vol. 1. Cambridge: Cambridge university press. p. 37.
- ↑ "Монголын нууц товчоо: 260-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2025-06-13.
- ↑ "Монголын нууц товчоо: 270-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2025-06-13.