Монголчуудын ассассинчуудтай хийсэн дайн
Ассассин гэдэг нь хашашин буюу мансуурагчид гэдэг утгатай үг. Хашиш буюу гашиш гэдэг нь Энэтхэгээс гаралтай нэгэн зүйлийн олсны ургамлаас гаргаж авдаг мансууруулах бодис билээ. Хасан ибн Сабах гэгч 1094 онд лалын шашны хамгийн хатуу чиглэлийн нэг исмайлитын урсгалыг үүсгэн байгуулж, нэр нөлөөгөө өргөсгөхийн тулд амиа золиослогч буюу ассассинуудыг бий болгожээ. Энэ үеэс эхлэн 14 исмайлитын шашны тэргүүн, ассассинуудын захирагч нууц эздийг Уулын өвгөд хэмээн европ дахинаа нэрлэжзаншсан аж. Исмайлитууд хөгжлийнхөө оргил үед 360 гаруй цайз бэхлэлтээ Каспийн тэнгисийн эрэг хөвөөний цавчим уулсын тагт, өрнөд персийн уулархаг район өнөөгийн иран, ирак, сири, ливаны нутгийг дамнуулан байгуулсан бөгөөд уулын өвгөдийн суудаг Бүргэдийн үүр хэмээн алдаршсан Аламутын цайз нь эгц гүнзгий жалга, хавцлууд, мөсөн гол, цавчим өндөр даваануудаар хаагдсан Эльбрусийн уулсын тагт байцыг эзлэн байрлаж, лалын ертөнцийг тэр чигт нь аймшигт автуулах болжээ.
Монголчуудтай дайтсан нь
[засварлах | кодоор засварлах]Уулын өвгөдийн хорлонт ажиллагааг Чингис хаан Хорезмд хийсэн аян дайныхаа үед анх дуулж мэджээ. Өгөдэй хааны үед уулын ард түмнийг байлдан номхруулахаар илеээгдсэн монголын хээрийн цэргийн ангиудаас зарим хэсэг нь явуут исмайлитуудын цайзуудыг довтлон эзлэхийг эрмэлзсэн ч амжилтгүй болж үлэмж хохирол амсан ухарчээ. Энэ явдалд урамшсан "Уулын өвгөн": "..ассассины чичлүүр хутгаас хэн ч зайлахгүй" хэмээн Өгэдэй хааныг сүрдүүлэхийг оролдож байжээ. Бусад олон газар хийж байсан аян дайн болон дотоод зөрчлөө цэгцэлсний дараа Мөнх хаан өөрийн дүү Хүлэгүг Персэд илгээхдээ 2 гол үүрэг өгсний нэг нь исмайлитуудыг ямар ч үнээр хамаагүй даран сөнөөхийг тушаажээ. Монголчууд хэдий хүч чадал ид үедээ явж байсан ч дангаараа уулын өвгөдийг дарах нь хүнд зорилт байсан тул Хүлэгү ираны захирагч нарыг эрх сүрээр далайлган хамсаатнаа болгон авчээ. Ийнхүү хүчээ бэхжүүлсэн монголын арми исмайлитын хот суурин, цайз бэхлэлтүүдийг бүтэн гурван жилийн турш шат дараалан дайран эзэлсээр "Бүргэдийн үүр" хэмээх "Уулын өвгөн"-ий байрладаг Аламутын гол цайз бэхлэлт рүү 2500 шилмэл цэргийг илгээжээ.
Дайны үр дүн
[засварлах | кодоор засварлах]Байгалийн нэвтэршгүй саад, хүчтэй хэрэм бэхлэлтээр өвч тоноглогдсон уг цайзийг 500 ассассин, 2000 цэрэг хамгаалж байсан боловч олон дайн, тулааныг үзэж хатуужсан монголын дайчид цайзын ханыг хэд хэдэн газар сэтлэн цохиж, том бамбайгаар халхлан дайран орж шийдсэн ассассин цэргүүдтэй амь өрссөн цуст тулааныг өрнүүлэв. Эзэн захирагчийнхаа төлөө үхлийг юман чинээ эс тоодог ассасин-цэргүүд амиа зөвхөн үнэтэй өгөхийг бодон ширүүн эсэргүүцсэн тул монголчууд гадагш хэнийг ч гаргахгүй нягт хүрээлэн дотогшоо хумин алалдан тулалдсаар цайз дотор нь гол хүчийг хэдэн хэсэг тасдан бүсэлж салган гарцгүй болгосон авч бууж өгөлгүй тулалдсаар байсан тул толгой дараалан устгасаар эцэст нь эсэргүүцлийг бүрэн нухчин даржээ. Монголчууд их хааны зарлиг ёсоор уулын өвгөнийг ямар ч үнээр хамаагүй амьдаар барих ёстой тул эхэндээ цайзыг дээрээс доош шалгаж нэгжсэн боловч олсонгүй, гэрчлэн заах этгээд ч таарсангүй. Гэвч нүсэр цайзийн доод давхаргаас сүүлд нь цэвэрхэн царай зүс, хувцас эдлэлтэй 100 орчим лалуудыг бөөнөөр олзолж хороохыг завдсан боловч тэдний дундаас нэгэн настайвтар хүн босч ирээд "Эднийг бүү хороогооч. Би "Уулын өвгөн" Хуршах байна. Эд нар цөмөөрөө миний хүүхдүүд юм." гэж өгүүлжээ. Ийнхүү эцсийн бүлэгт тэрбээр өөрийгөө илчилжээ.
"Уулын өвгөн"~ийг амьдаар олзолж чадсан монголчууд эмс хүүхнүүдийг ялгаад бусдыг нь хүйс тэмтрэн устгаж, уулын тагт цайзуудыг цөмийг нураан газартай тэгшилжээ. Олзлогдсон Хуршахыг Хүлэгү хааны тушаалаар 1257 оны 3 дугаар сард Мөнх хаанд хүргэхээр Хархорум руу илгээсэн боловч замдаа амь үрэгдСэн байна. Их хаанд хүргэх хэн бүхэнд гар хүрэхгүй гэсэн Их Засаг хуулийн заалтыг чанд мөрддөг байсан ч харгалзан хүргэж явсан монгол цэргийг "Уулын өвгөн" ховсдож эрхшээлдээ оруулахыг оролдсон нь амжилтгүй болж сэлмээр цавчуулж үхсэн.