Jump to content

Монголчууд Хар Киданыг байлдан дагуулсан нь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монголчуудын Хар Хятаны эсрэг аян дайн
Хамаарах дайн: Монголчуудын байлдан дагуулалт
Огноо1218-1219
Байршил
Үр дүн Их Монгол Улсын ялалт
Байлдагч талууд
Их Монгол Улс Хар Кидан
Найманы үлдэгдэл
Командлагч болон удирдагчид
Зэв жанжин
Сүбээдэй баатар
Хүчүлүг хан
Цэргийн хүч
20,000 морьт цэрэг Тодорхойгүй
Хохирол
Маш бага Маш бага

Хар Хятан Улс бол одоогийн Шинжаан-Уйгурын ихэнх нутаг, Киргиз, Казакстаны зүүн хэсэгт Или-Тарвагатайгаас Кашгар хүртэл, Хамигаас Чүй голын хоорондох нутгийг 1130-аад онд эзэгнэсэн, дорно зүгээс өрнө зүгт хүрэх торгоны зам дайран өнгөрөх чухал нутгийг эзлэсэн хүчирхэг гүрэн байсан. Шинээр байгуулагдан мандаж байсан Их Монгол Улсын эдийн засгийн гол эх үүсвэр нь татвар болон дайны олзоос олсон эд баялагийг худалдаа арилжааны шугамаар эргэлтэнд оруулах байсан бөгөөд тэрхүү худалдааны баруун зүгт гарах гарц нь энэ улс байсан. Гэвч энэ улсыг 1211 оноос найманы ханхүү Хүчүлүг тэргүүтэй монголд ялагдсан дайсагнагч бүлэглэл эзлэн, нөлөөгөө тогтоосон нь бага хэмжээний саад болж, тэдгээр найманы үлдэгдэлийг устгаж энэ бүс нутгийг заавал эрхшээх нөхцөл рүү татагдан орсон.

Дайны өмнөх байдал

[засварлах | кодоор засварлах]

1204 онд Найманы Таян ханы хүү Хүчүлүг Монголчуудаас зугтаж явсаар, 1209 оны эхээр[1] Хар Хятаныг түшихээр орогнол гуйн очсон. Чингис хааны монголчууд Алтан улстай дайтаж эхлэсэн 1211 онд Хүчүлүг өөрийн талын цэргээ ашиглан, Хар Киданы гүр хан Елюй Жилүгүгийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан нь амжилттай болж, тус улсын төрийн эрхийг булаан авснаар монголын эсрэг томоохон улс төрийн нэгдэлийг бий болгосон. Хар Киданы вассал улс асан Хорезмын султан Мухаммед 1209 оноос Хар Кидантай дайтаж баруун зүгийн Самарканд, Отрар, Ферганы хөндийг булаан эзлэн, тус улсын сан хөмрөг хоосорч, дотоод улс төрийн байдал тогтворгүй үед Хүчүлүг ханхүү өөрийн 8000 цэргээ[2] удирдан Елюй Жилүгү хааныг 1211 оны намар ан хийж явах үед нь гэнэдүүлэн дайрч олзолж, тус улсын төрийн эрхийг гартаа оруулсан.

Монголын эсрэг дайсагнах бодлого баримтлаж, монголын вассал болсон уйгур, харлуг аймгуудыг Хар Киданд дахин нэгтгэх, найман, мэргид, хорь түмэд, хиргис зэрэг Чингис хаанд ялагдсан, дагаар орсон аймгуудын ноёд, цэргийг өөртөө татаж, Чингис хааны эсрэг тэмцэх гэх мэтийн арга ашиглаж байсан нь Чингис хааныг 1216 онд эх нутагтаан ирж, Мухулай ноёнд Алтан улстай дайтах үйлийг хариуцуулсан нь, баруун зүгт болж эхлэсэн хөдөлгөөнтэй холбоотой гэж үздэг.[3]

Хар Киданыг эзэлсэн нь

[засварлах | кодоор засварлах]

1217 оны орчимд Чингис хаан хорь түмэд, хиргис аймгийн бослогыг цэргийн хүчээр яаравчлан дарж, Зэв ноёнд 1 түмэн цэрэг өгч найманы Хүчүлүг ханыг даруулахаар, Сүбээдэй баатард 1 түмэн цэрэг өгч мэргидийн үлдэгдэлийг устгах даалгавар өгч уртын аянд илгээсэн.

1217 оны намар Зэв ноёныг 1 түмэн цэрэгтэйгээр баруун зүгт илгээсэн. 1218 оны эхээр монголын цэргүүд Алтайн нурууг давж, Эрчис мөрний дагуу нутаглаж байсан мэргид, найман аймгийн үлдэгдэлийг Бухадурмагийн тулалдаанд монголын цэрэг бут цохиж, тэндээс өмнө зүг Хар Киданы нийслэл Баласагун хотыг бүслэн байлдав. Харин Хүчүлүг энэ бүслэлтээс Кашгар хот руу зугтаж орогнов. Энэ дайнд Зэв ноён Хар Киданд ороод энгийн ардыг энэрэх, иргэдийн дунд шашин шүтлэгийг чөлөөтэй шүтэж болох, Хүчүлүгийг барихаар ирсэн тухай зарлал тарааж цэргийн гарз бага гарган буулгаж авчээ. Энэ нь Хүчүлүг лалын шашинтныг хавчин айл бүрт цэргээ суулгасантай холбоотой. Зэв ноёны цэргүүд айсуйг сонссон Хүчүлүг хан байлдалгүй зугтсаар Бадахшаны хязгаар дахь Дарра-йи Дирази гэдэг газар луу зугтан очсоныг багахан тулаан хийн ялаад, түүнийг баривчлан авч алжээ.[2] Хүчүлүгийг олзолсны дараа түүний гэр бүл, холбоо харилцаатай 30,000 хүнийг олзолж авсан.

Холбоотой өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]
  1. МУИС, Монгол судлалын хүрээлэн (2019). Монголын эзэнт гүрний түүх: ИХ Монгол Улс. Vol. 1. Улаанбаатар: Степпе паблишинг. p. 360.
  2. 2.0 2.1 МУИС, Монгол судлалын хүрээлэн (2019). Монголын эзэнт гүрний түүх:Их Монгол Улс. Vol. 1. Улаанбаатар: Степпе паблишинг. pp. 362–363.
  3. Х, Шагдар (2000). Монголчуудын аян дайны цэргийн урлагийн түүх (XIII зуун). Vol. 1. Улаанбаатар. p. 312.