Jump to content

Сүбэдэй баатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Сүбээдэй баатар-с чиглүүлэгдэв)
Сүбэдэй баатар
Төрсөн1175 он
Хамаг Монголын ханлиг, Бурхан халдун уул
Нас барсан1248 он
Их Монгол Улс, Туул голын сав газар дахь өргөөндөө
ҮндэстэнМонгол, Урианхай аймгийн Жарчиуд овгийн хүн
АжилЦэргийн их жанжин, Гэзэг цэргийн захирагч

Сүбээдэй (Уйгуржин Монголоор: , Латин бичиглэл: Sübegetei ; Subutai Subetei, Subetai, Subotai, Tsubotai, Tsubodai, Tsubetei, Tsubatai ; Дундад үеийн Монгол хэлэнд: "Sube'edei"; Орчин цагийн Монгол хэлэнд: Сүбээдэй; 1175–1248) 1206 онд Их Монгол улс байгуулагдахад Сүбээдэй баатар нь төрийн 88 мянгатын ноёдын 52 дах 1000-тын ноён, 4 үнэнч нохосын нэг, Гэзэг цэргийн ангийн захирагчаар томилогджээ. Хожим Өгэдэй хаанд өргөмжлөгдсний дараагаар Их жанжин болсон. Чингис хаан болон Өгэдэй хааны цэргийн гол стратегич байсан. Сүбээдэй баатар Чингис хааны хийсэн бүх аян дайнд Зэв жанжны удирдлага дор Гэзэг цэргийн захирагчаар оролцсон. Тэрээр гучин хоёр үндэстнийг байлдан дагуулсан хорь гаруй дайныг шууд удирдаж, жаран таван тулалдаанд ялсан юм. Ингэхдээ тэрээр дэлхийн түүхэн дэх ямарч командлагчийн эзэлж байгаагүй газар нутгийг байлдан дагуулснаараа дээд амжилт тогтоосон юм. Тэр армиа хоорондоо хэдэн зуун км хол зайтай байнгын хөдөлгөөнт зохион байгуулалттайгаар байрлуулж, уран сэтгэмжтэй, хашир стратеги хэрэглэн ялалтанд хүрч байлаа. Сүбээдэй баатар Унгар, Польшийн хоорондоо 500 гаруй км зайтай цэргийн хүчийг 2 хоногийн дотор устгах төлөвлөгөөг боловсруулсан.

Сүбээдэй баатарыг агуу жанжин болоход хамгийн их нөлөөлсөн хүн бол Зэв ноён бөгөөд Иран, Кавказ, Кипчак, Крым, Булгар зэрэг улсуудаар хийсэн цэргийн аян дайны үед түүний удирдлага дор байлдаж байхдаа түүний цэрэг дайны ухааныг их суралцжээ.

Түүхчид Сүбээдэй баатарыг одоогийн Монгол нутаг дахь Онон голын эх хэсгийн баруун талд нь 1175 онд төрсөн. Тэр бол Монголын Урианхай аймгийн хүн юм. Сүбээдэйн гэр бүл, Тэмүүжиний гэр бүлийнхэнтэй олон үеэрээ хамтрагч, холбоотон байжээ. Сүбээдэйн элэнц өвөө Нэрби нь Монголын Тумбина Сэцэний холбоотон байжээ. Сүбээдэйн аав Жарчиудай төмрийн дархан зэвсгийн мэргэжилтэн, Тэмүүжинийг Балжун нуурын эрэгт хүнд хэцүү байх үед нь хоол хүнсээр хангаж, түүний хамтрагч болж байсан бөгөөд Сүбээдэйн ах Зэлмэ юм. Мөн Сүбээдэйн өөр нэг ах Чаурхан (Чахурхан ч гэдэг) Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэрээр багаасаа аавынхаа төмрийн дарханы мэдлэг боловсрол зэвсэг хийх мэдлэг ухааныг суралцан Чингис хааны бүхий л зэр зэвсэг хуяг дуулгыг хийдэг байсан бөгөөд анхны галт зэвсгүүдийг зохион бүтээсэн.

Тэрээр өөрөө агуу жанжин байснаар тогтохгүй үр хүүхдүүддээ өөрийн цэргийн эрдэм ухааныг зааж сурган Үр ач нар нь өөрөөс нь дутхааргүй агуу жанжид болжээ. Түүний хүү Урианхадай Мөнх хааны үед их жанжнаар томилогдон Тангуд Европ руу хийсэн дайнуудад эцэг Сүбээдэйгийн удирдлага дор оролцож Дали Камбож Бирм Вьетнам зэрэг улсуудыг эзлэн авсан бол Сүбээдэйн ач хүү Ажу мөн адил Хубилай хааны үед Юань гүрний их жанжнаар томилогдсон бөгөөд Өмнөд Сүн улсыг бүхэлд нь эзлэн авч өвөөгийнхөө зохион бүтээсэн галт зэвсгүүдийг улам боловсронгуй болгож Дэлхийн түүхэнд дэх хамгийн шилдэгт тооцогддог тэнгисийн цэргийн ангийг зохион байгуулж Япон руу дайрах төлөвлөгөөг боловсруулж Зүүн өмнөд азийн далайн орнуудыг хараат болгосон.

Цэргийн түүхчид Сүбээдэй Урианхадай Ажу гэдэг аав хүү ач гурвын нийт эзлэн авсан газар нутгийг судлан үзээд дэлхийн экваторыг хоёр тойрсонтой тэнцэх хэмжээний газар нутгаар явж байлдан дагуулалт хийсэн хэмээн тооцоо гаргажээ. Ийм явдал дэлхийн бүх цаг үеийн ямар түүхэнд байдаггүй ажээ.

Чингис хаанд зүтгэх болсон

[засварлах | кодоор засварлах]

1189 онд Тэмүүжин Жамухын нэгдсэн цэрэг Бөртэ хатанг Мэргидүүдээс авран Хорхунаг Жибур хэмээх газар буухад Сүбээдэй ах Чаурханы хамт Жамухын дор байж байгаад Тэмүүжинд дагаар оржээ. Ингээд тэрээр ах Зэлмэ Боорчи Тэмүүжин-Чингис хаанаас цэргийн эрдэм суралцах болжээ.

Мэргид аймгийн үлдэгдлийг даран сөнөөсөн нь

[засварлах | кодоор засварлах]

1205 оны үхэр жил Чингис хаан Сүбээдэй баатарт Тогтоагийн хөвүүн Худу, Гал, Чулууныг тэргүүтнийг нэхүүлэхээр илгээхдээ Сүбээдэйд зарлиг болгосон нь:

Уршигт Тогтоагийн урвасан хөвүүд 

Уургат хулан шиг ухаан алдаж

Шархт буга шиг шантран мохож

Буцаж харвалдсаар буруулан дутаав.

Хөөгдсөн Худу, Чулуун нар

Хөөрөх жигүүртэй болж

Хөх тэнгэрт нисвэл

Хүлэг баатар чи

Хөнөөх шонхор болж

Хөөж тэднийг бариарай!

Муу Тогтоагийн хөвүүд 

Мунхаг тарвага болж

Мухар нүхэнд шургавал

Төгс баатар Сүбээдэй

Төмөр царил болж

Төнхөж малтаж гүйцээрэй!

Өшөөт мэргидийн үрс

Өргөст загас болж

Өргөн далайд орвол

Өрлөг Сүбээдэй чи

Өөш гувчуур болж

Өлгөж гохдож бариарай!

Өрлөг баатар чамайг

Өндөр давааг давуулж

Өргөн мөрнийг гэтлүүлж

Өшөөт мэргидийг даруулахаар

Өдөр болзож илгээв.

Усны уртыг туулж

Газрын холд хүрэхдээ

Унах морьдоо гамнаж

Уулга хүнсээ хэмнэж

Урьдаас болгоомжтой яв!

Агт морьдоо муудуулбал

Амаа баривч хожимдоно

Аливаа хүнсээ барвал

Арвилан хэмнэвч оройтоно.

Алсын тэр замд авлах гөрөөс олон бий.

Ан ав хийсээр Алсын замыг бүү март

Хүнсний нэмэр болгож Хүрэлцэх хэмжээгээр авла.

Эрхэлсэн аваас ангид

Энгийн явах замд

Эр цэргийн морьдын

Эмээлийн хударгыг мулталж

Агтны хазаарыг амгайчилж

Аяар зөөлөн яв

Чанд эн журмыг

Чармайн сахиж явбал

Аяны хүн дураар

Авлан давхихаа болино.

Цээрлэх журмыг зөрчсөн

Цэргийн хүмүүсийг жанч

Таних хүн, миний таалал зарлигийг зөрчвөл

Та нар надад явуул

Танихгүй хүн, миний Таалал зарлигийг зөрчвөл

Та нар мэдэж шийтэг.

Уул нурууг алславч

Уг санаагаа нэгтгэж

Мөрөн голыг гэтлэвч

Мөн санаагаа нэгтгэж

Мөнх тэнгэрийн хүчинд

Мөрийн хүч нэмэгдэж

Гайт Тогтоагийн хөвүүдийг

Гартаа оруулж баривал

Тэднийг авчрах хэрэггүй

Тэнд нь чигийг ологтун!"

гэж зарлиг болов. Чин зоригт Сүбээдэйд Чингис хаан бас хэлэв:

"Чи одоо яваад 

Чивэлт мэргидийг сөнөө.

Балчир цагт минь тэд

Байн байн довтолж

Бурхан халдунд биднийг

Бултуулан сандаргаж байсан.

Өшөөт тэр мэргидүүд

Өнөө бас тангараглаад

Өөр зүг дутаав.

Уртын үзүүрт хүрч

Гүний ёроолд орж

Төлөөс өшөөг ав!"

"Далд оровч ил мэт санаж

Хол очивч ойр мэт бодож

Бидэнд итгэлтэй явбал

Дээд тэнгэр ивээж дэмжих болно"

гэж Баатар Сүбээдэйг мордоход Бас зарлиг болов.

Сүбээдэй баатар төмөр тэрэгтэй цэргээ авч яваад мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хөвүүдийг нэхэн довтолж, Эрчис мөрний тэнд гүйцэж бут цохьсон.

Тангуд улстай хийсэн анхдугаар дайн

[засварлах | кодоор засварлах]

1209 онд Чингис хаан Тангуд улсыг дайлах дайныг эхлүүлэхэд Сүбээдэй Зүүн жигүүрийн цэргийг удирдан Шар мөрний эрэг дагуу хэд хэдэн хотыг эзлэн авч, Киемен цайзад хүрэв. Энэ цайзыг 70.000 орчим Тангуд цэргүүд хамгаалж байсан бөгөөд эзлэн авахад байгалийн тогтоц байрлалаас нь болоод эзлэн авахад хүндрэлтэй байсан бөгөөд усны урсгал өөрчилж усгүйтүүлэх төлөвлөгөө боловсруулж цайзыг бүслэн 2сар орчим дайралгүй хүлээж зогсов. Тангуд улсын Вэй Мин Мин Линг-Кун жанждаар удирдуулсан цэргүүд усгүй болсноор аргагүй эрхэнд цаазаас гарч ухрахад Сүбээдэйн цэргүүд Чингисийн цэрэгтэй нийлэн нийслэл Инчуан руу давшив. Нийслэл Инчуаныг 150.000 орчим цэргүүд хамгаалж байсан бөгөөд Монгол цэргээс 2 дахин их цэрэгтэй байв. Ингээд нийслэл Инчуан хот руу дайрхад цайз хэрэм рүү дайрах туршлага зэр зэвсэг муу байсантай холбоотойгоор бүтэн 5 сарын турш довтолсон боловч эзлэн авч чадаагүй Гэхдээ Тангуд улсад цаг хугацаа өнгөрөх тусам улсын эдийн засаг муудаж ард иргэдийн бослого тэмцэлд автах нь ихсэх болсноор Монголчуудад бууж өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн бөгөөд 1210 оны 1 сард Тангуд улсын эзэн хаан Ли Ануан бууж өгч хараат улс болж охиноо Чингис хаанд өгч, тэмээ, шонхор шувуу, нэхмэл эдлэл зэргийг бэлэг болгон өгчээ. Гэвч Тангуд улс нь 10 жил жил бүр албан татвар төлж байгаад 1219 оны Хорезмын дайнд туслах цэрэг явуулах үүргээсээ татгалзаж Монголчуудад дайн зарлах болсон.

Хорезмтой хийсэн дайн

[засварлах | кодоор засварлах]

Хүчирхэг Хорезм улстай Монголчуудаас түрүүлж гар зөрсөн анхны хүн бол Сүбээдэй баатар байсан юм. Хорезмын султаныг олзлох шахаж байсан ч гэсэн Желал ад Дины сөрөг довтолгоон Сүбээдэй баатрын төлөвлөгөөг үгүй хийжээ. 1219 онд Монгол цэрэг Хорезмийн нутагт цөмрөлт хийх үед Сүбээдэй баатар мөн л голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Мухамед султаны цэргийг нэхэн дарж устгах үүргийг Сүбээдэй, Зэв жанжин 2 гардан авч тус бүр 1 түмэн цэрэгтэй хөдөлжээ. Зэв, Сүбээдэй баатрын аян дайн нь үндсэндээ ялгуусан аян дайн байсан юм. Сүбээдэй баатар аливаа байлдааны өмнө дайсны цэргийн хүч, байрлалыг урьдчилан судалж, дотоод нөхцөл байдлыг голчлон анхаардаг, тагнуул туршуулын мэдээ цуглуулдаг бөгөөд мэдээллийг сайтар задлан шинжилсний үндсэн дээр байлдааны ажиллагааг эхлүүлдэг жинхэнэ стратегич хүн байсан юм. Чамбай, нягт, буурь суурьтай энэхүү байдлаараа Сүбээдэй баатар бусад жанждаасаа эрс ялгардаг байлаа. Үүний тод жишээ нь Монголчуудын Европт явуулсан аян дайнаар тод харагдана. Сүбээдэй баатар толгой сэргийлэх ангийн цэргүүдийг 4 тийш илгээн дайсны хүч отолт хийж буйг тагнуулдаг, хайгуул цэргийг зохион байгуулж суугуул иргэдийг олзлон байцааж байдлыг нягталдаг байна. Сүбээдэй баатарт бас нэг байдаг давуу тал нь тулалдаад дийлэх маягтай болмогц цэргээ богино хугацаанд татаж ухраадаг.

Хан хөвгүүдийн дайн буюу Монголчуудын европ руу хийсэн дайн

[засварлах | кодоор засварлах]

Баруун зүгийн аян дайн бол дэлхийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, жинхэнэ ялгуусан дайн байсан юм. Монголын цэрэг 1238 оны 3-р сард Преяслав, Черниговыг эзэлж, 1239 онд Крымын хойгийг эзлэн, Киевийг дагуулсанаар Европ руу орох зам нь нээгджээ. 1241 онд Монголын цэрэг Европт цөмрөн оржээ. Монголчуудын эсрэг дараах дайснууд зогсож байжээ. Үүнд: Их Польшийн Болеслав вангаар удирдуулсан хүчин, Баваричууд, Францаас ирсэн хүлэг баатруудаар хүч нэмсэн Генрих ван, мөн Богемийн ван хүчээ төвлөрүүлээд байв. Монголын цэрэг дээр дурьдсан хүчнийг нэгдэхээс өмнө салангид цохих стратегийг боловсруулан хүчээ хуваарилж, эхний ээлжинд Польшийн ван Генрихийн хүч болох Герман, Франц, Польшийн цэргийг Лигницийн дэргэд хиар цохижээ. Мөн Сайо голын дэргэд Унгар, Чех, Хорват, сайн дурын Францын тевтоны хүлэг баатруудаас бүрдсэн хүчийг бутниргэв. Европууд гагцхүү бөөн бөөнөөрөө тулалдаж л мэдэх, Европын армиуд Бела, Генрих, Луй зэрэг чадвар муутай хүмүүсээр удирдуулсан байсан бөгөөд ямар ч эрэлхэг зориг гаргаад 2 тив дамнан насаараа байлдсан Сүбээдэй баатрын толгойлсон асар хурдан маневрлах чадвартай Монгол армийг дийлэх ямар ч найдвар үнэндээ байгаагүй юм гэж хэлсэн Горальд Лембийн дүгнэлттэй санал нийлж байна. Монгол цэрэг Адриатын тэнгист хүрч байх үед Өгөөдэй хаан нас барсан нь Монголчуудын буцах хамгийн гол шалтгаан нь болсон юм. Түүнээс Оросын нутагт гарсан баатарлаг эсэргүүцлийн улмаас бол биш. Өгөөдэй хаан нас барсан учраас Европууд зөвхөн тохиолдлоор л аврагдсан юм.

Түүхэнд дурсагдсан ялалтууд

[засварлах | кодоор засварлах]

Сүбээдэй баатрын ялгуусан амжилтыг жагсаавал:

1210-1234 оны хооронд Сүбээдэй баатар Монголчуудын их аян дайны 3 фронт дээр цохилтын гол чиглэл буюу хамгийн халуун цэг дээр томилогдож, 33 жилийн хугацаанд 40000 км зам туулан, Сартуул, Тангуд, Алтан улсыг эзлэх төлөвлөгөөг боловсруулалцан гардан хэрэгжүүлж, Бухараас Каспийн тэнгис хүртэл 7000 км газар тандалт хийн, явсан газар бүртээ ялалт байгуулж байв.

Түүхч Ш. Насанбат "Сүбээдэй баатар 73 насыг наслахдаа Өмнөд Хятадын тэнгисээс Адриатын тэнгис хүртэл, Сибирээс Тайланд хүртэл хөндлөн гулд туулж, 40 үндэстнийг номхотгон, их бага 60 тулалдаанд ямагт ялан гарч ирж байжээ. Энэ үзүүлэлтийг хэн ч давтаагүй юм” гэжээ. Сүбээдэй баатартай хийсэн тулалдааныхаа тоогоор гагцхүү Наполеон л дөхөж очих байх.

  • Хатан: Түмэгэн гүнж (禿滅干公主[1]): 1229 онд Өгэдэй хааны зарлигаар гэргий болгон соёрхсон.[1]

Судрын чуулганд Сүбээдэй баатрыг Хөхөчү, Урианхадай, Төмөрбуха гэдэг гурван хөвүүнтэй байсан гэдэг бол Юань улсын сударт ганц Урианхадай жанжны нэрийг тэмдэглэжээ.

  • Зүүн гарын мянганы ноён Хөхөчү[2]
  • Урианхадай (1201-1272): Ажу (1234-1287) гэдэг хүүхэдтэй. Ажу жанжны хөвүүн хэнань ван Бүрилгидэй (卜憐吉帯, bŭliánjídài), Бүрилгидэйгийн хөвүүн хэнань ван Тонтон (童童, tóngtóng).
  • Төмөр-Буха буурч[2]: Байтмыш күнжек, Хүтлүг хожа гэдэг хоёр хөвүүнтэй байсан.[2]
  1. 1.0 1.1 "元史/卷121 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-02-08.
  2. 2.0 2.1 2.2 Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. pp. 115–116, 402.