Мацүока Ёосүкэ

Мацүока Ёосүкэ (яп. 松岡 洋右, まつおかようすけ, 1880 оны 3 сарын 31946 оны 6 сарын 27) нь Дэлхийн хоёрдугаар дайны эхний жилүүдэд Японы Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан улс төрч, дипломат юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Японы Ямагүчи мужид 1880 онд төрсөн тэрээр үеэлийн хамтаар 1893-1902 онд Америкийн Орегон мужийн Портлэндэд сурч амьдарчээ. Америк айлд амьдарч, Портлэндийн Аткинсоны Дүрмийн Сургууль (бага сургууль)-ийг дүүргэсэн тэрээр христийн шашинтны ёсоор[1] өсч хүмүүжсэн бөгөөд нэрийг нь Фрэнк Мацүока гэж америк маягаар дуудагддаг байв. Сургуулиа төгсөөд цагийн ажил хийнгээ Орегоны Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийг 1900 онд дүүргээд 1902 онд Япон руугаа буцсан байна.

Нутагтаа ирээд Японы дипломат ажилтны шалгалтыг амжилттай давж ажиллаж байгаад 1904 онд Шанхай дахь Японы Консулын газар дэд консулаар томилогдон ажилласан байна. 1907 онд томилолтоо дуусгаад Токиод ирээд Гадаад яамны нарийн бичгийн бичгийн даргаар томилогдсон байна. Тун удалгүй зэрэг дэв ахисан тэрээр Бельги дахь ЭСЯ-нд дараа нь Хятад дахь ЭСЯ-нд Японы гадаад бодлогыг хэргжүүэх ажилд идэвхи зүтгэл гаргаж Эзэн хааны одон хүртэж байжээ. 1912-1913 онд Мацүока Японы гадаад бодлогын чухал чиглэл болох Оросын хаант улсын Санкт-Петербург хотод Японы дипломат төлөөлөгчийн газрын 2-р нарийн бичгийн даргаар мөн томилогдон ажилсан байна.

1919 оны 2-р сард Версалийн бага хуралд японы төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж оролцож байсан.

1933 онд Япон улс Манжуурт халдсаныг шүүмжилсэн Үндэстнүүдийн Лигийн ассемблейд Японы төлөөлөгчдийг ахлан оролцож байсан бөгөөд чухам тэр Япон улсыг Үндэстнүүдийн Лигээс гарч буйг зарласан билээ. Эргэж ирээд шинээр байгуулагдсан тоглоомын улс болох Манж-Год Өмнөд Манжуурын төмөр замын ерөнхийлөгчөөр томилогдон очив. Тэр үедээ Квантуны армийн нууц цагдаагийн газрын дарга Тоожоо Хидэкитэй ойр дотно явжээ.

Мацүока Хитлертэй уулзаж буй нь (1941 оны 3 сар)
Москвад Зөвлөлт-Японы харилцан үл довтлолцох гэрээнд гарын үсэг зурж байгаа нь. Сталин, Молотов нар түүний ард зогсч байна. 1941 оны 4 сар

1940 оны 7-р сард Мацүокаг Ерөнхий сайд Коноэ Фүмимаро өөрийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар томилсон байна. Америкт дээд боловсрол эзэмшсэн тэрээр 1940 онд байгуулагдсан Гурван улсын эвслийн (Нацист Герман, Италийн Хант Улс, Японы Эзэнт Гүрэн) АНУ-тай харьцах харилцааг чадварлагаар зохицуулж байлаа.

Герман улс 1941 оны 6-р сарын 22-нд ЗХУ-д довтолсны дараа Гитлер Японоос ЗХУ-тай дайтахыг шаардаж эхлэв. Хэдий ЗХУ-тай харилцан үл довтлолцох гэрээнд гарын үсэг зурсан гол хүн нь байсан ч Мацүока ЗХУ-тай байлдахыг дэмжиж эхлэв. Тэр Ерөнхий сайд Коноэ болон армийн удирдлагуудыг шахаж эхэлсэн ч Япон улс Номхон далай, өмнө зүг рүү дайныг өргөтгөхийг сонгосон билээ. Үүнд эгдүүцсэн тэрээр АНУ-тай харьцах дипломат харилцаанд бодлогогүй алхмууд хийж эхлэв. АНУ-тай харьцах харилцаах хурцатгах сонирхолгүй байсан Коноэ өөрийн танхимаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байж Мацүокаг албан тушаалаас нь зайлуулсан юм. Танхимаа дахин шинээр бүрдүүлэхдээ Коноэ Гадаад хэргийн сайдын албан тушаалд Тоёода Тэйжироог томилжээ.

Тэрээр 1941 оноос 1945 он хүртэл улс төрийн тавцангаас холдож нам гүм болсон байв. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Холбоотны цэргүүдэд (америкийн) олзлогдсон тэрээр Токиод болсон Алс Дорнодын Олон улсын цэргийн шүүх хуралаар яллагдагчаар татагдсан боловч шүүх хурлын явцад тэрээр өвчний улмаас нас барсан ажээ.

Өмнөх
Номүра Кичисабүроо
Японы Гадаад хэргийн сайд
1940–1941
Дараах
Тоёода Тэйжироо

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Current Biography 1941, p563-65

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

  • Lu, David, Agony of Choice: Matsuoka Yōsuke and the Rise and Fall of the Japanese Empire (Lexington Books, 2002)

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]