Jump to content

Чаби хатан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чаби хатан
Юань улсын их хатан
(1273—1281 он)
ӨмнөхХутугтай хатан
УдаахНамбуй хатан
ЭцэгАнчин ноён
ХүүхэдЧингим, Мангала, Номуган
УлсЮань Улс
Ургийн овогхонгирад

Чаби хатан[1] (? –1281) бол Юань улсын Хубилай сэцэн хааны их хатан.

Намтар

Чаби хатны төрсөн он тодорхойгүй. Хонгирад аймгийн Анчин ноёны охин, Хубилайн хоёрдугаар хатан байв.

1259 онд Мөнх хаан нас барахад Чаби хатан Хархорумд байхдаа Аригбөхийн хаан болох гэж буйг Хубилайд нууц элчээр дамжуулан дуулгаж байв. 1260 онд Хубилайг Шандуд хаан өргөмжлөгдсөний дараа 1262 онд түүнийг хатанд өргөмжилжээ.

1273 онд хааны зарлигаар Чаби хатанд Ёсонд бат, богдод таалагдсан, тэнгэрийн санаатай эелдсэн, бичигт мэргэн, гэгээн заяат төрийн их хатан[2] (贞懿昭圣顺天睿文光应皇后 - Zhēn yì zhāo shèng shùn tiān ruì wén guāng yīng huánghòu) цол хүртээж, навчит өргөмжлөл, хаш тамга соёрхож, улсын их хатанд өргөмжлөв.

Чаби хатан хаанд зөвлөдөг, төрийн нөлөөтэй нэгэн байсан бөгөөд сайд нар хатанд таалагдаж байж алба хашдаг болов.

Хатны олон гавъяа зүтгэлээс цөөнийг бичвээс: "Монголчуудын малгай урьд саравч гэж байхгүй байв. Хаан бээр нум сум харваж намнахуйд нүд нь гялбах учир түүнийгээ хатанд хэлсэнд хатан дэр даруй, малгайд нь саравч тааруулан оёж өгчээ. Үүнд хаан ихэд баясаж даруй малгайгаа өмсөх болов. Хатан бас нэг зүйлийн хувцас хийв. Тэр нь өмнөө хормойтой атал энгэргүй, ар хормой нь урд хормойгоосоо урт, хоолойвч ханцуйгүй, хоёр шилбэ хадаад нэгийг нь Бига хэмээв. Морин дээрээс харваж намнахад эвтэйхэн тул тэр цагт цөмөөрөө үлгэрлэн хийж өмсөв" [3] гэснээс үзвэл тухайн үеийн монголын дээл хувцас, малгайд өөрчлөлт шинэчлэлт хийжээ. Энд өгүүлэх саравчит малгай нь Юань улсын монгол хаадын хөрөгт зурагдсан малгай юм. 1276 онд Сүн улсын бэлэвсэн хатан Цюань овогт, Ся овогт болон бяцхан хааныг монголчууд олзлоход өрөвдөж, хүний өөрийн гэсэн сэтгэл гаргалгүй туслан тэтгэж байв. Чаби хатан 1281 оны 3-р сард тэнгэрт хальсан ба 1294 онд ач хүү Төмөр нь хаан болж "Гэгээн хурц эергүү богд хатан" (昭睿顺圣皇后-Rао Рүй Шэн Хуанху) хэмээн нэхэн өргөмжилжээ. Өвгөдийн сүмд Хубилай хааны тахилгын харшид хөргийг нь байрлуулан тахьсан.

Хатан хаанд Чингим ханхүү (1240–1285) , Мангала (1242–1280), Номгон (12...-1301), Хөхэчи (12...-1271)дөрвөн хөвүүн төрүүлж өгсөн.

Гэр бүл

Чаби хатан бол Хонгирад аймгийн Анчин ноёны охин. Юань улсын судрын 114-р дэвтэр хатадын шастирт ганц Чингим хунтайжийн нэрийг бичсэн байдаг. Бас Судрын чуулганд Чабун хатан Дорж, Жимхим, Минхлухан, Нумуган хэмээн нэр зааж бичснээр хятад судрын дутууг перс хэлээр бичигдсэн монгол сурвалж бичиг нөхөж өгсөн.

Эшлэл

  1. Ч.Содбилэг тэмдэглэхдээ: "Чаби хатныг монголын түүх бичигт Чамбай, Чамбуй, Чамуй, [Чабуй], Цэвэр хатан гэх зэрэг харилцан адилгүй тэмдэглэдэг". Хятад галиг нэр нь Чаби (察必 Chábì).
  2. Д.Идэр. Их Юань улсын хатад. УБ., 2016. т.23
  3. Д.Идэр. Их Юань Улсын Хатад. УБ., 2016. т.25-26
Өмнөх
Хутугтай хатан
Их Монгол Улсын хатан
1260-1273 он
Дараах
Намбуй хатан
Өмнөх
Байхгүй
Юань Улсын их хатан
1273-1281 он
Дараах
Намбуй хатан