Ян У улс
Ян У буюу У улс (хят:吳) нь 907-937 оны үед таван төр, арван улсын үед өмнөд хятадын нутагт оршин тогтносон хятадын хаант улс юм. Албан ёсны нэр нь У (吳) гэдэг байсан ч, хожуу үеийн түүх бичлэгт өмнөд У (南吴), Ян овогтын У улс (杨吴), таван төр, арван улсын үеийн У улс (五代十國之吳國), Хоннон (弘農) гэх зэргээр ямар нэгэн хоч өгч бичиж байсан нь газар нутаг, улс төр, цаг үе, хүний хүчин зүйлээс болж нэрнийх нь өмнө тодотгосон хоч нэмэгдэж байв. Нийслэл хот нь Гуанлин[1]. Ян У улс нь одоогийн Аньхуй мужийн өмнөд, Жяньсү мужийн төв, өмнөд, Жянши мужийн ихэнх, Хубэй мужийн зүүн хэсгийн нутгийг эзлэн оршиж байв.
Хятадын түүх |
---|
Тойм
[засварлах | кодоор засварлах]У улсыг үндэслэгч Ян Шинми нь Тан гүрний үед Лужөүгийн цэргийн жанжин байсан. IX зууны сүүлчээс эхлэн Тан улсын хүч чадал сулран, орон нутгийн ноёд жанжид мужийг хэсэглэн захирсан биеэ даасан улс үүсч эхэлсэн. Ийм хямралын үед 892 онд Хуайнань мужийн төв Янжөү цайзыг эзлэн мужийг бүхлээр нь хяналтандаа авсны дараа Тан улсын хааны зарлигаар Хуайнань мужийн захирагч болжээ. Ойр хавийн хот тосгодыг эзлэн өөрийн хүрээгээ тэлсээр 902 онд Тан улсын эзэн хааныг авлигадаж өөртөө У ван цол шагнуулав. 905 онд Ян Шинми нас барсны дараа хүү Ян Во залгамжилж, 907 онд Тан улс мөхсний дараа өөрийгөө эзэн хаанд өргөмжилж, У улсыг байгуулсан. Ян Во нь улсын эзэн болсон ч бодит эрх мэдлийг эцгийнх нь зөвлөх асан шадар сайд Шю Вэнь атгаж байв. 908 онд Ян Во өөрийн түшмэл Жан Хаотай хамтарч Шю Вэнийг зайлуулах гэж оролдоод Шю Вэний төрийн эргэлтээр баригдаж цаазлуулжээ. Шю Вэнь дараагийн хаанаар Ян Лоняныг өргөмжлөн сэнтийд залжээ. Шю Вэнь өөртөө Рунжөүгийн захирагчын тушаал олгуулж, хүү Шю Жишүньд нийслэл хот Гуанлиныг захируулан үлдээв. 918 онд Шю Жишүнь үхсний дараа Шю Жигао гэх өргөмөл хүү нь албан тушаалыг нь авав. 937 онд Шю Жигао төрийн эргэлтээр У улсын сүүлчийн хаан Ян Пү-г огцоруулж, өөрийгөө эзэн хаанд өргөмжлөн улсын цолыг Тан хэмээн халав. Үүнийг түүхэнд Өмнөд Тан улс гэдэг юм.
Холбоотой хуудас
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ одоогийн Жянсү мужийн Янжөү хот